Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар ШЦТ/2022/50

 

 

 

 

 

 

 

 

 

2022        01        31                                                2022/ШЦТ/50

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Г.Дугардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суваргачин овогт Ганхуягийн Дугардоржид холбогдох эрүүгийн  2221000000032 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24ий өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 2-21 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Суваргачин овогт Ганхуягийн Дугардорж /РД: ЖМ 93111217/.

 

Шүүгдэгч Г.Дугардорж нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар Пионерын 2-21 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Л.Бат-Эрдэнийн нүүр хэсэгт гараараа цохиж биед нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.Дугардорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Хохирогч Л.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...засварын газраас 20 цагийн орчимд гараад замаараа дэлгүүрээс 1 шил архи аваад найз Дугардоржийн гэр болох Хэрлэн сумын 2 дугаар баг “Пионер” хорооллын 2-21 тоотод очсон юм. Тухайн үед түүний гэрт эхнэр хүүхдүүд нь байсан бөгөөд бид хоёрын хувьд авсан архиа тэдний гэрт юм ярьж суунгаа ууцгаасан юм. Мөн өмнө нь би найз Дугардоржийн ажил дээр очихоосоо өмнө нь гадуур бага зэрэг архи уучихсан мөн түүний ажил дээр 2.5 литрийн савтай пивоноос талыг авч очоод хамт уусан болохоор миний хувьд тухайн архийг ууж байхдаа согтчихсон юм. Тэгээд би архи ууж байхдаа найз Баасанжавын талаар ярьж байхдаа сайн муу гэх зэргээр хэлж байгаад маргалдсан бөгөөд миний хувьд Баасанжав найзтайгаа багын найз учраас жоохон магтсан. ...энэ байдлаас болж маргалдаад миний хувьд эхлээд найз Дугардоржийн нүүр орчимд нь нэг удаа цохиход Дугардорж зөрүүлээд миний нүүрэн тус газарт цохихоор нь би хажууд байсан жижиг сандлыг авч далайхад түүний эхнэр нь голоор орж салгах үед Дугардорж ахин миний нүүрэн тус газарт цохисон юм. Энэ үед миний хоёр нүд хөхөрч хавдсан. Тухайн үед Дугардоржийн эхнэр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч миний хувьд найз Дугардоржтой эвлэрээд тэндээсээ шууд гэрлүүгээ явсан...” гэжээ. /хх-ийн 09-10/

 

             Гэрч Т.Мөнхсаран мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед миний бага насны хоёр хүүхэд айгаад уйлаад байсан бөгөөд миний нөхрийн хувьд Л.Бат-Эрдэнэд хандан “Чи манай гэрт агсам согтуу тавих гэж орж ирсэн юм уу, эхнэр хүүхдүүдийг маань айлгаад” гэж хэлээд түүний нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. ...би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд ирсэн цагдаа нь аваад явах гэхэд миний нөхөр “хэрэггүй ээ, мөнгө төгрөг нь болохгүй” гэж хэлээд дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчаар гэр рүү  нь хүргүүлсэн...” гэжээ. /хх-ийн 13-15/

             

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 67 тоот дүгнэлтэд:

1.Л.Бат-Эрдэнийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18-19/

Г.Дугардорж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...хоорондоо юм яриад сууж байхад найз Баасанжавын талаар ярьж байхдаа сайн, муу гэх зэргээр хэлж хоорондоо маргалдсан бөгөөд тэр үед эхлээд найз Л.Бат-Эрдэнэ миний нүүрэн тус газарт гараараа цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа түүний нүүрэн тус газарт цохиж зодсон юм. ...надтай хэрэлдэж байхдаа сандал хүртэл барьж намайг цохих гээд далайгаад байхаар  нь би түүнийг цохиж зодсон юм...” гэжээ. /хх-ийн 29-30/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05/

Г.Дугардоржийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/

Л.Бат-Эрдэнийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 43/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Суваргачин овогт Ганхуягийн Дугардорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 2-21 тоотод байрлах гэртээ хохирогч Л.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр тус газарт гараараа цохиж биед нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Г.Дугардоржийн  “...найз Л.Бат-Эрдэнэ миний нүүрэн тус газарт гараараа цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа түүний нүүрэн тус газарт цохиж зодсон...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Л.Бат-Эрдэнийн “...Дугардоржийг эхлээд нүүр орчимд нь нэг удаа цохиход Дугардорж зөрүүлээд миний нүүрэн тус газарт цохихоор нь би хажууд байсан жижиг сандлыг авч далайхад түүний эхнэр голоор орж салгах үед Дугардорж ахин миний нүүрэн тус газарт цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Т.Мөнхсарангийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 67 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Дугардорж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Г.Дугардоржийн үйлдлийн улмаас хохирогч Л.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 67 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Ганхуягийн Дугардоржид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ганхуягийн Дугардоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Г.Дугардорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Дугардоржийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Г.Дугардорж нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч Г.Дугардоржийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Дугардорж нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Суваргачин овогт Ганхуягийн Дугардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дугардоржид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.Дугардорж  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Дугардорж нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Дугардоржийн ЖМ 93111217 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Дугардоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА