Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/ШШ2020/0007

 

 

2020 оны 05 сарын 15 өдөр                Дугаар 221/ШШ2020/0007                 Улаанбаатар хот

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г,  иргэдийн төлөөлөгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ТББ

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2 (Бэлгийн гэмт хэргийн үзлэг), 4 (Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг) гэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, иргэдийн төлөөлөгч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Шүүхийн шинжилгээний байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг. Уг байгууллагын үндсэн чиг үүрэг нь гэмтлийн зэрэг тогтоох болон бэлгийн гэмт хэргийн үзлэг хийх бөгөөд үүнийхээ төлөө алба хаагчид нь улсын төсвөөс цалинждаг.

Гэтэл үндсэн чиг үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө үзлэгийн төлбөр авахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/115, А/176, 142 тоот тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлэгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтад журамласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийг засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлнэ гэж заасантай зөрчилдөж байна.

Шүүх эмнэлэгийн үзлэгийн төлбөрийг хохирсон иргэнээр төлүүлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан “ард түмэнд үйлчлэх” зарчим, мөн Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасан “хүний эрхийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах” талаарх яамны нийтлэг чиг үүрэгтэй ч мөн зөрчилдөж байгаа юм.

"Х" ТББ нь 1995 оноос хойш гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод төрөөс үзүүлэх үйлчилгээг чанартай, цогц, хүртээмжтэй болгох, даван туулагчийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалах эрх зүйн цогц орчныг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдсанаасаа хойш 24 жилийн хугацаанд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн 23000 хохирогчдод шууд үйлчилгээ үзүүлсэн.

Бид гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн хохирогч нарт үйлчилгээ үзүүлэх явцдаа төрийн үйлчилгээ хохирогчдод ээлтэй, чирэгдэлгүй, хүртээмжтэй байгаа эсэхэд байнга үнэлгээ хийж ирсэн.

Манай үйлчлүүлэгч нарын 80 хувь нь шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээний төлбөр, хураамжийг төлөх чадваргүй иргэд байдаг.

2008-2012 оны хооронд шүүх эмнэлгийн төлбөр 5000 төгрөгийг төлж чадаагүйгээсээ болоод үзлэг, шинжилгээ хийлгэлгүй хугацаа алдаж, нотлох баримтгүй үлдэж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, хэрэг нь хэрэгсэхгүй болгогдох зэргээр хохирсон 36 хохирогч манай төвд хандсан. 2019 оны байдлаар ийм 8 тохиолдол бүртгэгдсэн байна.

Манай төвөөс Шүүхийн шинжилгээний төлбөр төлөх журамд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж Хууль зүйн яаманд удаа дараа хандаж байна.

Хууль зүйн яам уг асуудлыг судалж байгаа гэсэн боловч 2017 оны А/115, А/176, 142 тоот тушаалаар /Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан/ Шүүх эмнэлэгийн үйлчилгээний журмыг шинэчлэн батлахдаа бэлгийн гэмт хэргийн үзлэг хийх төлбөрийг 10000, гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийх төлбөрийг 8000 төгрөг байхаар нэмэгдүүлэн тогтоосон байна.

Энэ нь бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь томоохон бэрхшээл учруулж байна.

Хүчирхийлэлд өртсөн хохирогч эмзэг байдалд орсон байдаг, тухайлбал халдлагад өртсөн, мөнгө, утас гэх мэт зайлшгүй хэрэгцээтэй зүйлээ алдсан, орхиж зугатсан, эдийн засгийн хувьд хүчирхийлэл үйлдэгчээс шууд хараат, мөнгөгүй байдагтай холбоотойгоор ихэнх нь шууд төлбөр төлөх боломжгүй нөхцөлд байдаг.

Хүчирхийлэл, бэлгийн гэмт хэргийн онцлог нь гэрчгүй үйлдэгддэг, хэргийн ул мөр богино хугацаанд арилдаг учир нэн даруй үзлэг хийхгүй бол нотлох боломжгүй болдог. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “шүүхийн шинжилгээний байгууллага, шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа үйлчилгээний хөлс авч болох бөгөөд үйлчилгээний хөлснөөс олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан. Гэтэл 2017 оны А/115, А/176, 142 тоот тушаалаар батлагдсан Шүүх эмнэлэгийн үйлчилгээний журамд бэлгийн гэмт хэргийн үзлэг, гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийх зэргийг үйлчилгээний төрөл болгон төлбөр авахаар тусгахдаа тус журмын 4.3-т төлбөрт үйлчилгээний орлогоор Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ, оношилгоооны зардлыг санхүүжүүлэхээр зохицуулсан нь хууль зөрчсөн журам болохыг харуулж байна.

Иймд “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2 (Бэлгийн гэмт хэргийн үзлэг), 4 (Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг) гэснийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Х" ТББ-аас Захиргааны давж заалдах шатны шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Үндсэн хуулиар олгогдсон иргэний бүрэн эрхийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиадаар хамгаалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэйгээр зохицуулагдсан.

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтад “шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа үйлчилгээний хөлс авч болох бөгөөд үйлчилгээний хөлснөөс олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ”, 39.3 дахь заалт “энэ хуулийн 39.2-т заасан шинжилгээ хийх журам, үйлчилгээний хөлсний хэмжээг хууль зүй, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтран “Журам батлах тухай” 2017 оны А/115, А176, 142 дугаар тушаалыг батлан гаргасан.

Уг тушаалыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан “захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн сайтад 1 сар байршуулж саналыг авч, тус яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтэс хянан Улсын нэгдсэн бүртгэлийн 3721 дугаарт бүртгэсэн.

Энэхүү журмын 3.4 дэх заалтад “амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг, цогцост хийх шинжилгээний төлбөрөөс чөлөөлж болно” гэж заасан нь журмын хэрэгжилтийн явцад хэт ерөнхий тусгагдсан байсан.

Мөн сүүлийн үед насанд хүрээгүй иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, бэлгийн дарамтад орох, зам тээврийн осолд ихээр өртөх болсон тул тус журамд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263, А/406, 321 дугаар “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хамтарсан тушаалаар 3.5 дахь заалт нэмж “Насанд хүрээгүй иргэний үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна” мөн 3.6 дахь заалтаар амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг “Яаралтай үзлэг шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд энэ журмын 3.4-д заасан баримтыг шаардахгүй” гэсэн нэмэлтийг оруулж оршин суугаа нутаг дэвсгэрийн нэгжийн эрх бүхий албан тушаалтнаас тодорхойлолт авах боломжгүй тохиолдолд мөрдөгчийн саналыг хавсарган төлбөрөөс чөлөөлж байгаа ба шинжилгээний байгууллагад үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэхээр ирсэн хохирогчоос төлбөр нэхэж буцаасан тохиолдол гараагүй болно.

Шинжилгээний байгууллагаас амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу иргэнийг 2015 онд 568 иргэнд холбогдуулан хийсэн үзлэг шинжилгээний төлбөр болох 17,319,000 төгрөг, 2016 онд 694 иргэнд холбогдуулан хийсэн үзлэг шинжилгээний төлбөр болох 20,936,000 төгрөг, 2017 онд байдлаар 733 иргэнийг 24,149,000 төгрөг, 2018 онды 04 дүгээр сарын 30-ны байдлаар 541 иргэнд холбогдуулан 16,107,000 төгрөгийн шинжилгээний төлбөрөөс тус тус чөлөөлжээ.

Шүүхийн шинжилгээний байгууллагад 2019 онд насанд хүрээгүй 4209, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу 907 нийт 5116 иргэнд холбогдуулан 42,426,000 төгрөгийг төлбөрөөс чөлөөлсөн байна.

Төлбөрт үйлчилгээний орлогыг төрийн сангийн 100900012005 тоот дансанд төвлөрдөг бөгөөд шүүхийн шинжилгээний байгууллага үйл ажиллагаандаа захиран зарцуулдаггүй болно.

Мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг” хэлнэ гэж заасан байх ба “шүүхийн шинжилгээ” гэдэг нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ийг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг ойлгохоор заасан ба шинжилгээний байгууллага нь эрүүл мэндийн цогц үйл ажиллагаа үзүүлэх эрх хууль тогтоомжоор олгогдоогүй тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр” төлүүлнэ гэсэн заалт нь дээрхи журмын зохицуулалтад хамаарахгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төсөвт ямар нэгэн санхүүжилт огт хийгддэггүй болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дүгнэлт байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ТББ-аас “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2 (Бэлгийн гэмт хэргийн үзлэг), 4 (Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг) гэснийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалаар Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмыг баталж, 2 дахь хавсралтаар Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2-д бэлгийн гэмт хэргийн үзлэгт 10000 төгрөг, 4-д гэмтлийн зэрэг тогтоох үзлэгт 8000 төгрөг төлүүлэхээр тогтоожээ.

Нэхэмжлэгчээс “...хүчирхийлэлд өртсөн хохирогч эмзэг байдалд орсон байдаг, тухайлбал халдлагад өртсөн, мөнгө, утас гэх мэт зайлшгүй хэрэгцээтэй зүйлээ алдсан, орхиж зугатсан, эдийн засгийн хувьд хүчирхийлэл үйлдэгчээс шууд хараат, мөнгөгүй байдагтай холбоотойгоор ихэнх нь төлбөр төлөх боломжгүй нөхцөлд байдаг. Хүчирхийлэл, бэлгийн гэмт хэргийн онцлог нь гэрчгүй үйлдэгддэг, хэргийн ул мөр нь богино хугацаанд арилдаг учир нэн даруй үзлэг хийхгүй бол нотлох боломжгүй болдог...” гэсэн үндэслэлээр маргажээ.

Дээрх 3 сайдын хамтран баталсан Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь шүүх эмнэлгээс үзүүлж буй төлбөрт үйлчилгээний хэмжээг тогтоох, чөлөөлөх, төлбөр төлөх, хураах ” гэж зааснаас үзвэл уг журам нь шүүх эмнэлэгээр үйлчлүүлж, анхан шатны үзлэг хийлгэхийн тулд  заавал төлбөр төлөх шаардлагыг зохицуулсан Монгол Улсын хэмжээнд үйлчлэх тухайн харилцаа үүссэн нөхцөл бүрд үйлчлэл нь давтагдах шинжтэй хэм хэмжээний акт байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эмнэлэгийн тусламж, үйлчилгээ гэж” өвчин эмгэг, бэртэл гэмтэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагаа”-г хэлнэ гэж заасан байх ба “Шүүхийн шинжилгээ” гэдэг нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагаа”-г ойлгох тул шинжилгээний байгуулага нь эрүүл мэндийн цогц үйл ажиллагаа үзүүлэх эрх хууль тогтоомжоор олгогдоогүй, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлнэ” гэсэн заалт нь дээрх журмын зохицуулалтад хамаарахгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төсөвт ямар нэгэн санхүүжилт огт хийгддэггүй болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээлэл нотлох баримт болох учраас мөрдөгч нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авах үүрэгтэй байхад улсын төсвөөс санхүүждэг Шүүхийн шинжилгээний байгууллагыг хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө маргаан бүхий журамд зааснаар үзлэгийн төлбөр авч байхаар зохицуулсан нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д “Шүүхийн шинжилгээний байгуулага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа үйлчилгээний хөлс авч болох бөгөөд үйлчилгээний хөлснөөс олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх”-ээр, 39.3-д “Энэ хуулийн 39.2-т заасан шинжилгээ хийх журам, үйлчилгээний хөлсний хэмжээг хууль зүйн, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах”-аар зохицуулснаас үзэхэд шүүхийн шинжилгээ хийхэд үйлчилгээний хөлс авч болохоор байна.

Гэтэл “шүүхийн шинжилгээ” гэж эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг ойлгохоор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан байхад бэлгийн гэмт хэргийн үзлэг, гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг шүүхийн шинжилгээтэй адилтган төлбөр тогтоож байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж, бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах ёстой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийхээр заажээ.

Эндээс үзэхэд үзлэг хийх, шинжилгээ хийх нь өөр өөр ажиллагаа бөгөөд энэ ч утгаар нэхэмжлэгчээс шинжилгээ хийхэд төлбөр төлөхтэй маргаагүй, Шүүх эмнэлгийн болон тусгай шинжилгээний төлбөрт үйлчилгээний журмын төслийн танилцуулга, төслийн нөлөөллийн шинжилгээ зэрэгт зарим төрлийн шинжилгээ хийхэд лабораторид хэрэглэгддэг урвалж бодис, багаж хэрэгсэл, нэг удаагийн шил, сав зэрэг хэрэглэгдэхүүний үнэ өндөр байдаг, хортой болон хүнд нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг ажлын үр дүнгээр урамшуулах, тэдний нийгмийн баталгааг сайтар хангах зайлшгүй шаардлагатай байдаг гэдгийг хариуцагч үгүйсгээгүй байна.

Иймд Шүүхийн шинжилгээний байгууллагын үндсэн чиг үүрэг нь гэмтлийн зэрэг тогтоох үзлэг болон бэлгийн гэмт хэргийн үзлэг байх бөгөөд үүнийхээ төлөө шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтнууд нь улсын төсвөөс цалинждаг, төрийн тусгай албан хаагчид байх бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Шүүхийн шинжилгээний байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг байхад үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө үзлэгийн төлбөр авахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоож журамласан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасан “ард түмэнд үйлчлэх”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасан “хүний эрхийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах” талаарх яамны эрхлэх асуудлын хүрээнд эрхлэх нийтлэг чиг үүрэгтэй зөрчилдөж байна гэж үзэхээр байна.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванесдүгээр зүйлийн 1-д заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах”-аар хуульчилсан учир гэмт хэрэгт өртсөн иргэнээс үзлэгийн төлбөр гаргуулахаар дээрх журмын заалтаар зохицуулсан байгаа нь хууль бус, өөрөөр хэлбэл уг хуулийн заалттай зөрчилдсөн агуулгатайгаас гадна бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй байгаагийн улмаас хүчирхийлэлд өртсөн иргэдийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүх хуралдааныг завсарлахын өмнө оролцогчдын нэмэлт тайлбарыг сонсох ажиллагааны үе шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн судалгааны тайланг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хэлэлцээгүйн гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн судалгааны тайланг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.3-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2-д бэлгийн гэмт хэргийн үзлэг 10000 төгрөг, 4-д гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 8000 төгрөг гэснийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нараас 70200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН