Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0287

 

2016 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0287

Улаанбаатар хот

 

Иргэн Ч.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ч.Бгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтын Ихэр нева ХХК-д, мөн тушаалын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтын "Д-О" ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааБайгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулиудаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан. Газар ашиглах шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын албан ёсны хүсэлт, холбогдох материалуудыг үндэслэн гаргадаг. Тэдгээр баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн эсэхийг шалган тогтоох боломжгүй бөгөөд хуулиар эрх олгогдоогүй. Нөгөө талаар хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй, хэн төлөөлөх төлөөлөхгүй талаарх иргэний маргаантай асуудлыг бид шалган тогтоох боломжгүй. Иймд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-138 дугаар тушаал нь хууль ёсны бөгөөд хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: "Д-О" ХХК нь бодит байдал дээр газар ашиглах эрхийг шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд газар ашиглах эрх бүхий Ихэр нева ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах хүсэлт гарган хууль тогтоомжийн дагуу хүсэлт гаргасан учир Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд /хуучнаар/ 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалаар "Д-О" ХХК-д газар ашиглах эрх олгосон. ... Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-138 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтын Ихэр нева ХХК-д, мөн тушаалын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтын "Д-О" ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: 1. Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар:

... Ч.Бгийн өмгөөлөгч нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/132 дугаар албан бичгээр сайдын А-138 дугаар тушаалын талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад хандаж, түүний дагуу яамнаас 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7/2716 дугаар албан бичгээр хариу өгсөн ба түүнээс хойш дахин уг асуудлаар гомдол гаргалгүйгээр, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр "И н" ХХК-ийн нэрээр Ч.Б нь захиргааны хэргийн шүүхэд сайдын А-138 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 251 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрхээс үзвэл Ч.Б нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-138 дугаар тушаалыг мэдсэн гэж үзэж үүнээс хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох байсан. Өөрөөр хэлбэл, Ч.Б нь өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байтал анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 251 дүгээр тогтоолын хугацаагаар тоолж байгаа нь буруу гэж үзэж байна.

Ч.Б нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа "У г" ХХК-ийн захирал Б.Лг "И н" ХХК-ийн тамга тэмдэг, албан бланк, гэрчилгээг хууль бусаар ашигласныг шалгаж, "И н" ХХК тамга, гэрчилгээг ерөнхий захирал надад гаргуулан өгнө үү гэсэн гомдол гаргасан болохоос Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-138 дугаар тушаалын талаар хандаагүй байтал цагдаад газрын асуудлаар гомдол гаргаж байгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан учир үргэлжлүүлээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан мэтээр шүүхэд худал тайлбар гаргаж байна.

2. Шүүх газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 40.1.1-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээрГазрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс нарийвчилсан хуульд ийм зохицуулалт байхгүй байна гээд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-138 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүд гаргасан тухайд:

Гуравдагч этгээдийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр "И н" ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лг гуравдагч этгээдээр татан оролцуулах, мөн бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, маргаан бүхий асуудалд шинжээч томилуулах гэсэн хүсэлтүүдийг гаргахад тус хүсэлтүүдийг хангаагүй бөгөөд энэ талаар шүүх бүрэлдэхүүн тусдаа тогтоол гаргаагүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

Мөн дээрх хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан, гуравдагч этгээдэд гомдол гаргах эрх олгоогүй, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзахад тухайн шүүх бүрэлдэхүүн өөрсдөө шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж процессын хуулийг зөрчсөн, ингээд гуравдагч этгээдийн зүгээс хуулийг ноцтой зөрчиж байгаа шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлэхэд, хуралдааны дэг зөрчсөн гэж шүүх хуралдааны танхимаас албадан гаргасан.

Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.1.3 заасны дагуу анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Байгаль орчны сайдын 2005 оны 244 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалтай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 3.3 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг Ихэр нева ХХК-д таван жилийн хугацаагаар олгосныг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалаар цуцалж, тухайн газрыг ашиглах эрхийг "Д-О" ХХК-д олгожээ.

Уг захиргааны акт буюу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 8 дахь, 2 дугаар хавсралтын 8 дахь заалтуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Ихэр нева ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Ч.Б компанийг төлөөлж шүүхэд гаргасан, шүүх нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх явцад тус компанийн гүйцэтгэх захирал солигдож, улмаар гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал нэхэмжлэлээсээ татгалзсанаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 251 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ихэр нева ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч иргэн Ч.Бгийн хувьд Ихэр нева ХХК-ийг үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр тус компанийн 10 хувийн хувьцааг иргэн Ж.Цэрэндагваас худалдан авч, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-г хийснээр Ихэр нева ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшсэн, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ихэр нева ХХК-ийн дүрмийн санд эзлэх хувийг Ч.Б 40, Б.Л 60 хувийн хувьцаа эзэмшигч байхаар тогтоож, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулан, шинэчилсэн дүрмийг баталж, компанийн 40 хувийн хувьцааны эзэмшигч болсон байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Компанийн тухай хуульд компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийн талаарх заалтад, ялангуяа 3 дугаар зүйлийн 3.2-д Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй, 3.3-д Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ, 9 дүгээр зүйлийн 9.2 Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй9.3 Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 86 дугаар зүйлийн 86.1 Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй86.2 Компани болон түүний энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учирсан хохирлыг энэ хуулийн 84.10-т заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх заалтуудаас үзвэл компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд өөрийн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр оролцдог байх, хувьцаа эзэмшигчийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл тухайн компанийн холбогдох буруутай этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх эрхийг тусгайлан зохицуулж өгснөөс бус хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, тухайлбал, компанийн газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг бие даан эрх бүхий этгээдэд хандан шийдвэрлүүлэх эрх олгогдоогүй байна.

Эндээс дүгнэвэл Ихэр нева ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, бусдад шилжүүлсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалд иргэн Ч.Б хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй.

Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, иргэн Ч.Бгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх бүрэлдэхүүн санал нэгтэйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 /Зөвлөлдөх тасалгаанд хэргийг хянан шийдвэрлэх талаар шүүх бүрэлдэхүүний гаргасан санал нууц байна/-т заасантай нийцэхгүй байгааг анхаарвал зохино.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар иргэн Ч.Бгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, иргэн Ч.Бгийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтын Ихэр нева ХХК-д, мөн тушаалын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтын "Д-О" ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР