Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00976

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03829 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаар магадлалтай

"Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.Год холбогдох,

2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч, хариуцагч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Л.Г 2012 оны 4 сард манай компанийн Төв аймгийн Баян суманд байрлах Баян-Шанд шохойн чулууны уурхайд жолоочоор, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерээр, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс уурхайн даргын үүрэгт ажилд тус тус томилсон. Гэтэл уурхайн дарга Л.Г тухайн ажлыг хийж байх үедээ компанийн хөрөнгөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Манай компани 2015 онд “Стройка” ХХК-д шохой нийлүүлсэн үнийн дүнгийн авлагатай байсан. “Стройка” ХХК нь “И Эн Пи” ХХК-иас авлагатай байсан бөгөөд уг авлагадаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 байрны 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон. Ингээд “Стройка” ХХК нь “И Эн Пи” ХХК-иас авах 2 өрөө орон сууцыг манай компанид өрөндөө өгөхөөр болж, ажиллагааг хөнгөвчлөх үүднээс “Стройка” ХХК нь “И Эн Пи” ХХК-нд орон сууцыг шаардах эрхээ манай компанид шилжүүлсэн. Гэтэл уурхайн дарга Л.Г үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан боловч өнөөдрийг хүртэл “Т” ХХК-д шилжүүлэхээс тодорхой шалтгаангүй татгалзаж байна. Иймд хариуцагч Л.Гоос үндэслэлгүй хөрөнгөжсөн 2 өрөө орон сууцыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Т” ХХК болон Л.Г нарын хооронд амаар байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр буюу хуульд заасан хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзэж орон сууцыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр буцаан гаргуулах шаардлага гаргасан. Компанийн зүгээс бусдаас 62 049 800 төгрөгийн авлагадаа авах орон сууцыг Л.Г худалдаж авах санал гаргасныг хүлээн авч, амаар харилцан тохиролцсон. Ингээд хариуцагчид уг орон сууцыг шилжүүлж өгөх үүргээ биелүүлсэн ба харин хариуцагчаас үнэ төлөх үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаанд хариуцагчаас 22 250 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлснийг хүлээн зөвшөөч байна. Мөн “И Эн Пи” ХХК-нд 9 278 200 төгрөг төлснийг зөвшөөрч байгаа. Манай зүгээс авсан 22 250 000 төгрөг болон “И Эн Пи” ХХК-нд төлсөн 9 278 200 төгрөгийн хамт буцаан төлөх болно. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар батлуулна гэсэн хуульд заасан хэлбэрийг зөрчиж талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээг амаар хийсэн тул энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл байх бөгөөд анхнаасаа хэлцлийг хийгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар авсан зүйлээ харилцан буцааж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж орон сууцыг буцаан гаргуулах шаардлага гаргаж байгаа болно гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би энэ байгууллагад найзынхаа хүсэлтээр ажилд орсон. Чамайг 2 өрөө байртай болгож өгнө гэсэн. Бараг амь насаараа дэнчин тавьж, 2 өрөө байрны төлөө ажилласан. Одоо эрүүл мэндийн хувьд хавдартай болж хохироод үлдэж байна. “Т” ХХК-ийн захирал н.Нямсүрэн гуай байрны үнийг 100 хувь чөлөөлж чадахгүй байна. Байрны үнийн 50 хувийг намайг төл 50 хувийг байгууллагаас төлнө гээд бид нар амаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би 32 024 900 төгрөг төлөх байснаас өөрийн боломжийн хэмжээгээр нийт 22 250 000 төгрөгийг нэхэмжлэгчид орон сууцны үнэд төлсөн. Мөн нэхэмжлэгчтэй тохиролцсон орон сууц 62 049 800 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд би “И Эн Пи” ХХК-тай ярилцаад арай илүү м.кв-тай орон сууцыг авахаар болж илүү м.кв-ын үнэд “И Эн Пи” ХХК-нд 9 278 000 төгрөг төлсөн. Ингээд н.Нямсүрэн захиралтай бичгээр тооцоо нийлэхэд 10 000 000 орчим төгрөг дутуу байсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болж ажлаасаа гарсан. Ингээд надаас 71 000 000 төгрөг нэхэмжилж байснаа одоо орон сууц нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03829 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Гоос Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 дүгээр байрны 75 тоот 2 өрөө орон сууц буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 514590 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03829 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 84 дүгээр 84.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө шаардах эрх нь мөн хуулийн 84.4 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгөд хамаарах ...” гэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх “шаардах эрх”-ийг хөдлөх эд хөрөнгө гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу аливаа этгээдийн хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүй аргаар олж авсан эдийн болон эдийн бус баялгийг “хөрөнгө” гэж ойлгох бөгөөд мөн хуулийн 84 дүгээр зүйлд дээр тодорхойлсон “хөрөнгө”-ийг хэрхэн ангилах талаар зохицуулсан. Хөрөнгийг “эд хөрөнгө” болон “эдийн бус хөрөнгө” гэж ангилах бөгөөд аливаа этгээдийн эзэмшилд байгаа “эд юмс”-ыг “эд хөрөнгө” гэнэ.

Харин Иргэний хуулийн 84.5-д заасны дагуу эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь “эдийн бус хөрөнгө”-д хамаарахаас биш эд хөрөнгийн тусгай төрөл болох хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй юм.

2. Хэрэглэх ёстой хууль хэрэглээгүй тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуулиас үүдэх үүрэг буюу үндэслэлгүй хөрөнгөжсний улмаас үүсэх шаардах эрх хэмээн тодорхойлсон.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд Хэлцлийн үндсэн дээр бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байна гэсэн итгэл үнэмшилтэйгээр хөрөнгөө бусдад шилжүүлсэн бөгөөд хөрөнгө шилжүүлэх болсон суурь хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө “талуудын хооронд анхнаасаа үүрэг үүсээгүй” гэсэн үндэслэлээр буцаан шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас ийнхүү шаардах эрхтэй эсэхийг тогтоохын тулд хөрөнгө олж авсан этгээд болох Л.Г болон хөрөнгө шилжүүлсэн этгээд болох “Т” ХХК нарын хоорондын хөрөнгө шилжүүлэх хэлцэл нь хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай байхад давж заалдах шатны шүүхээс энэ үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах-худалдан авах гэрээний шаардах эрхийг худалдсан харилцаа үүссэн гэж дүгнэсэн.

Хэрэв шүүхээс талуудын хооронд шаардах эрх шилжүүлэх буюу бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол шаардах эрх шилжүүлэх хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон хэм хэмжээ болох Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсгийг хэрэглэх замаар тус хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх ёстой байсан.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэхээр байна. Хэрэв шаардах эрхийг шилжүүлэхдээ дээрх шаардлагыг хангаагүй бол тус хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Хэрэв талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний шаардах эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол тус хэлцэлд орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлага нэгэн адил тавигдах бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх” хэлбэрийн шаардлагыг шаардах эрх шилжүүлсэн хэлцэл нь хангаагүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус байна.

Иймд хөрөнгө шилжүүлэх үүргийн суурь хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан гаргуулах нь зүйтэй.

3. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагын тухайд:

“Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх хэлцэл” буюу эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд чиглэсэн хэлцэл (худалдах-худалдан авах гэрээ, арилжааны гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээ) хийгдсэний дараа Иргэний хуулийн 109-111-т заасны дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсний үндсэн дээр үүрэг гүйцэтгүүлэгчид өмчлөх эрх үүсч, үүрэг гүйцэтгэгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Худалдах-худалдан авах гэрээ нь “бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх” буюу худалдагчийн эд хөрөнгө өмчлөх эрхийг дуусгавар болгож, худалдан авагчид өмчлөх эрх үүсгэхэд чиглэсэн үүргийн хэлцэл бөгөөд тус үүргийн хэлцлийн үндсэн дээр Иргэний хуулийн 109-111-т заасан журмаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр хуульд зохицуулсан байна.

Энд хууль тогтоогч бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх хэлцэл бүрийн хойно тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг хэрхэн шилжүүлэх талаар зохицуулахаас зайлсхийж, ерөнхий ангид энэ талаар зохицуулснаар бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх хэлцэл бүрт өмчлөх эрх шилжүүлэх тухай зохицуулалт нийтлэг байдлаар нэгэн адил үйлчлэхээр хуульчилсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь “Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх хэлцэл”-д хамаарах бөгөөд энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд чиглэсэн суурь хэлцэл юм. Өөрөөр хэлбэл бусдын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийн зорилго нь агуулгын хувьд худалдан авагчид эд хөрөнгийн өмчлөх эрх үүсгэж, худалдагчийн өмчлөх эрхийг дуусгавар болгох юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд энд “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн гарчигаас харахад “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх” гэсэн байгаа учир 110 дугаар зүйлтэй зайлшгүй хамт хэрэглэгдэхээр байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд чиглэсэн үүргийн суурь хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд л өмчлөх эрх өмнөх өмчлөгчөөс шинэ өмчлөгчид шилждэг.

Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх хэлцэл болох орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь гагцхүү тус орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэхэд чиглэх тул үүнийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх нь зайлшгүй тавигдах хэлбэрийн шаардлага мөн болно.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан ч хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага нь өмчийн хэлцэл бус үүргийн хэлцэлд тавигдах шаардлага юм. Хэрэв энэ нь өмчийн хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлага байсан бол хууль тогтоогч “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл” гэх бус “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл” гэж зохицуулах байсан.

Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

“Т” ХХК нь Л.Год холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

“Т” ХХК уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, хариуцагч Л.Г 2012 оноос тус уурхайд жолооч, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж, 2014 оны 04 дүгээр сарын 30-наас уурхайн даргын үүрэгт ажилд томилогдсон байна.

“Т” ХХК нь 2015 онд “Стройка” ХХК-д шохой нийлүүлсэн 62 049 800 төгрөгийн авлагадаа “Стройка” ХХК-ийн “И Эн Пи” ХХК-иас авлагад авахаар тохиролцсон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 дүгээр байрны 2 өрөө орон сууцыг авахаар болж, “И Эн Пи” ХХК-иас орон сууцыг шаардах эрхийг шилжүүлэн авсан байна.  Улмаар 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Т” ХХК, “И Эн Пи” ХХК-иудын хооронд “Орон сууц захиалгаар барьж худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, орон сууц ашиглалтад ороход “Т” ХХК-ийн захирал Д.Нямсүрэнгээс тус орон сууцны гэрчилгээг Л.Гын нэр дээр гаргуулах хүсэлтийг “И Эн Пи” ХХК-д хүргүүлснээр Л.Г орон сууцны өмчлөгч болсон үйл баримт тогтоогджээ.

“Т” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...тус орон сууцыг Л.Год худалдахаар амаар тохиролцсон хэлцэл нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлнэ гэсэн хуульд заасан хэлбэрийг зөрчиж хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул орон сууцыг буцаан гаргуулна...” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч орон сууц худалдах-худалдан авах хэлцэл Л.Г, “И Эн Пи” ХХК-ийн хооронд хийгдсэн гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг засч, үйл баримт, зохигчдын хооронд үүссэн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, нэхэмжлэгч нь шаардах эрхээ хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Тухайлбал, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Т” ХХК-иас “И Эн Пи” ХХК-д гаргасан орон сууцны гэрчилгээг Л.Гын нэр дээр гаргуулах тухай хүсэлтээр “Т” ХХК нь “И Эн Пи” ХХК-иас орон сууцыг шаардах эрхийг Л.Год шилжүүлсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 123.8. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн маргаж буй хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд байгаагүй тул хариуцагчийг нэхэмжлэгчийн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэж үзэх боломжгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

“Т” ХХК, “И Эн Пи” ХХК-иудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл бичгээр байгуулагдаж, тус хэлцлийг үндэслэн захиалагчийн хүсэлтээр орон сууц Л.Гын өмчлөлд шилжсэн тул хууль зөрчиж хийсэн хэлцлийн үндсэн дээр Л.Г нь өмчлөх эрхийг олж авсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03289 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 514 590 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД