| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2022/0063/Э |
| Дугаар | ШЦТ/2022/52 |
| Огноо | 2022-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар ШЦТ/2022/52
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Б.Сарантуяа
Шүүгдэгч М.Чулуунбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Мөнхдэлгэрийн Чулуунбатад холбогдох 2221000000045 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 5-15 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатигин овогт Мөнхдэлгэрийн Чулуунбат /РД: ЖЮ00260858/.
Шүүгдэгч М.Чулуунбат нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 9-7 тоот хашаанд О.Очирыг зодож биед нь зүүн нүдний дотор булангийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын баруун талын няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Чулуунбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр О.Очирын дугаараас надруу “чамайг ална” гээд залгахаар нь би такси барьж очоод О.Очирыг нэг удаа цохиж, алгадсан. Гэтэл О.Очирын утаснаас “Тулгаа” надруу залгасан байсан...” гэв.
Хохирогч О.Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р баг Нуурын 9-07 тоотод найз Мөнгөнтулгын /жинхэнэ нэр нь Тулга/ гэрт очсон юм. Бид хоёр гэрт нь тухайн үед хоёулаа байсан. ...манай цэргийн он жав Чулуунбаттай Мөнгөнтулга фейсбүүк мессэнжэрээр харилцаад хоорондоо Ганзоргийн /цэргийн он жав/ гэрт очъё гээд тохирсон. Тэр хоёр хоорондоо миний утсаар ярьж байхдаа муудалдцах гээд байх шиг байсан. ... 00 цагийн орчимд Чулуунбат нь Мөнхтулга руу гэрийн гадаа ирчихлээ гээд залгахаар нь бид хоёр хоёулаа гэрээс гарсан. Тэгтэл хашааны үүдэнд хөх өнгийн Prius-10 маркийн машин байх шиг байсан. Тэгтэл машинаас Чулуунбат болон түүний ах гэх залуутай хамт бууж ирээд Чулуунбат над дээр ирээд шууд миний нүүрэн тус газарт нэг удаа алгадахаар нь доошоо тонгойсон юм. Тэгтэл Чулуунбат хөлөөрөө миний нүүрэн ус газар өшиглөөд яваад өгсөн. Тэгээд би явсных нь дараа цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандсан. ... гэжээ. /хх-ийн 09-10 тал/
Гэрч Ц.Тулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад манай найз Очироо 20 цагийн орчимд манай гэр болох .... тоотод ирсэн. Бид хоёр дундаа 1 шил 0.75 литрийн “Хараа” архи хувааж уугаад сууж байтал манай цэргийн он жав Чука /Чулуунбат/-тай утсаар ярьж байгаад дундуур нь пизда минь гээд хэлчихсэн чинь над руу би пизда биш шүү гээд байсан. ... 00 цагийн орчимд Чука над руу залгаад би гэрийн чинь гадаа ирчихлээ он жав Ганзоригийнх руу хамт явъя гэж хэлсэн. Чука шууд ирээд Очироогийн нүүрэн тус газарт нь нэг удаа алдсан чинь Очироо тонгойтол доороос нь өшиглөсөн. ... гэжээ. /хх-ийн 12-13 тал
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 88 тоот дүгнэлтэд:
1.О.Очирын биед зүүн нүдний дотор булангийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын баруун талын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 26-27 тал/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/
-Шүүгдэгч М.Чулуунбатын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Хатигин овогт Мөнхдэлгэрийн Чулуунбат нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 15-ны шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 9-7 тоот хашаанд хохирогч О.Очирыг зодож биед нь “зүүн нүдний дотор булангийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын баруун талын няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч О.Очир, гэрч Ц.Тулга, Г.Мөнхжаргал нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 88 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Чулуунбатад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М.Чулуунбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Чулуунбат нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч М.Чулуунбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Чулуунбат нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Чулуунбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний ЖЮ00260858 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатигин овогт Мөнхдэлгэрийн Чулуунбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чулуунбатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чулуунбат нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Чулуунбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Чулуунбатын ЖЮ00260858 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Чулуунбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ