Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар ШЦТ/2022/53

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Д.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбү овогт Далхаагийн Энхбатад холбогдох 2221000000042 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар  сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг 219/1 байрны 04 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Еншөөбү овогт Далхаагийн Энхбат /РД: ЖГ64062772/.

 

Шүүгдэгч Д.Энхбат нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Цагааннуур” гэх газарт хохирогч Б.Хүрэлбаттай архи ууж агсан тавьсан гэх шалтгааны улмаас үхрийн шийрээр нүүр рүү нь цохиж “...зүүн хөмсөг орчмын няцарсан шарх, баруун хацрын цус хуралт...” гэмтэл буюу  хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Д.Энхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

    Хохирогч М.Хүрэлбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...тухайн үед би Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи задалсан бөгөөд тэнд байсан бой хийж байсан хүмүүст 1-2 хундагыг хийж өгч амсуулаад өөрөө дийлэнхийг нь уусан. Тэгээд би нэлээн согтчихсон ба Энхбат ахтай маргалдсан юм шиг байгаа юмаа, гэхдээ ямар шалтгаанаар маргалдсан эсэхээ би сайн санахгүй байна, ямар ч байсан маргааш нь эрүүл, саруул болоод Энхбатаас асуухад “чи намайг хөгшин банди гэж хэл амаар доромжилсон” гэж байсан. ... Энхбат нь тухайн газарт байсан үхрийн шийрийг гартаа бариад миний толгойн тус газарт 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Тухайн асуудлын улмаас миний зүүн хөмсөгний дээд хэсэгт язарч гэмтсэн.  ...” гэжээ /хх-ийн 09-10 тал/

           

            Гэрч Э.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай хамаатны ах Энхбат нь аймгийн төвөөс бой хийдэг хүмүүсийн хамтаар манай гэрт ирсэн.Тухайн үед манай найз Хүрэлбат нь малын эрэлд явж байгаад манай гэрт ирсэн байсан юм. ... харин Хүрэлбат нь ганцаараа архи уугаад яваад байсан. Улмаар согтоод манай ах Энхбаттай маргалдаж эхэлсэн бөгөөд үхрийн шийрээр Энхбат нь Хүрэлбатын толгойн тус газарт нь нэг удаа цохьсон...гэжээ. /хх-ийн 16-17 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 87 тоот дүгнэлтэд:

1.М.Хүрэлбатын биед зүүн хөмсөг орчмын няцарсан шарх, баруун хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

       3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 26-27 тал/

 

            -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/      

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/

-Шүүгдэгч Д.Энхбатын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Еншөөбү овогт Далхаагийн Энхбат нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Цагааннуур” гэх газарт хохирогч Б.Хүрэлбатыг архи ууж агсан тавьсан гэх шалтгааны улмаас үхрийн шийрээр нүүр рүү нь цохиж “...зүүн хөмсөг орчмын няцарсан шарх, баруун хацрын цус хуралт...” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч М.Хүрэлбат, гэрч Э.Мөнхтөр нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 87 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Д.Энхбатад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Энхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Энхбат нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Д.Энхбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Хүрэлбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “Д.Энхбат намайг гомдолгүй болгосон, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 50/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Энхбат нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний ЖГ64062772 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Еншөөбү овогт Далхаагийн Энхбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Далхаагийн Энхбатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Энхбатын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Энхбатын ЖГ64062772 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Энхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ