Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар ШЦТ/2022/63

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ  

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч Э.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуун овогт Энхтуяагийн Энхбатад холбогдох 2221000000055 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 5-08 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зуун овогт Энхтуяагийн Энхбат /РД: ЖЭ82111718/.

  

Шүүгдэгч Э.Энхбат нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Танк”-ийн 8-11 тоотод хамтран амьдрагч Л.Бурмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож,  эрүүл мэндэд нь “баруун нүдний зөөлөн эдийн няцрал” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э.Энхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Л.Бурмаатай хүүхдээсээ болж маргаж ийм асуудал үүссэн. Л.Бурмаа нь “хүүхдээ аваад гэрээс зайл” гэж хэлэхээр нь би уурандаа алгадсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

           

            Хохирогч Л.Бурмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн орчимд би ажлаасаа буугаад нөхөр болох Энхбатын хуучин гэр Хэрлэн сумын 10 дугаар баг ,,,,,,,,,,,,,,, тоотын гадаа нь очоод Энхбатыг дуудаж,  хүүхэдтэй нь хамт би өөрийн гэр болох Хэрлэн сумын 3 дугаар баг “Танк”-ийн 8-11 тоот руу явах замдаа дэлгүүрээс 2.5 граммын “Нийслэл” нэртэй пиво авч гэртээ очсон. Тэгээд Энхбатын хамт хөрш айлын дүү Тамираагийнд орж ... хоол цай, идэнгээ авсан пивоо ууж дуусгаад шөнийн 01 цагийн орчимд Энхбатын хамт өөрийн гэрлүү амрахаар ороод орондоо хэвтэцгээсэн. Тэгэхэд би өөрийн хүүхэдтэй тоглоод чанга, чанга дуугаар инээхэд Энхбат нь над руу хандаж” “чи болилдоо шөнө орой болчихсон байна, унтаж амармаар байна” гэж уурлангүй хэлэхээр нь би уурандаа “чи хүүхдээ аваад манайхаас зайл” гэж  хэлэхэд Э.Энхбат уурлан босч ирээд “миний хүүхдийг хөөдөг хэн бэ” гэж хэлээд намайг баруун гараараа миний нүд хэсэгт нэг удаа цохисон ... гэжээ. /хх-ийн 09-10 тал/

           

            Гэрч Л.Долгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Тухайн үед Энхбат, Бурмаа нарын хамт цуг байсан. ... 01 цагийн орчимд гаднаас Бурмаа, Энхбат нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд орон дээрээ хэвтэцгээсэн. Тэгээд Бурмаа нь өөрийн хүү болох Эрхэстэй тоглоод, инээж ханиагаад чанга, чанга дуугараад байхаар нь Энхбат “чи амрах гэж байхад жаахан чимээгүй байгаад өг дөө” гэж уурласан маягтай хэлэхэд Бурмаа уурлаад чи хүүхдээ аваад, манайхаас зайл гээд хэлэхээр нь Энхбат уурлаад босч ирээд Бурмааг гараараа нэг удаа нүүрэн хэсэгт нь цохисон ...гэжээ. /хх-ийн 17-18 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 96 тоот дүгнэлтэд:

1.Л.Бурмаагийн биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрхи тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

   3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэжээ. /хх-ийн 24-25 тал/

 

     -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/      

     -Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 тал/

     -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/

-Шүүгдэгч Э.Энхбатын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

          Шүүгдэгч Зуун овогт Энхтуяагийн Энхбат нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Танкийн 8-11 тоотод хамтран амьдрагч, хохирогч Л.Бурмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Л.Бурмаа, гэрч Л.Долгор нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 96 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Э.Энхбатад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Энхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Энхбат нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Э.Энхбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бурмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Бурмаа нь “гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй” /хх-ийн 11/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Энхбат нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний ЖЭ82111718 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зуун овогт Энхтуяагийн Энхбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Энхбатын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Энхбатын ЖЭ82111718 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Энхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.БАТЖАРГАЛ