Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар ШЦТ/2022/32

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг  

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Баатарсүхийн Ө-д холбогдох 2221000000023 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 37-02 тоотод оршин суух,  гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бүргэд овогт Баатарсүхийн Өлзийбат /РД: ЖБ90122472/.

 Шүүгдэгч Б.Өлзийбат нь 2021 оны 12 сарын  24-ний өдрөөс 2021 оны 12 сарын 25-нд шилжих шөнө үүрийн 05 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “Шар бүрд” гэх газарт буюу гэртээ найз Г.Булгантамиртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Б.Өлзийбат нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

  Хохирогч Г.Булгантамир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай найз Өлзийбатын төрсөн өдөр учир 80120519 дугаар утсаар 10 цагийн орчимд залгаж холбогдох үед хүүхэд нь авсан тул танай аавын төрсөн өдөр үү?  гэж асуухад тиймээ манай аавын төрсөн өдөр аав гэртээ байхгүй байна, машинаа янзлуулахаар гарсан гэж хэлээд тасалсан. ... Өлзийбат 15 цагийн үед ...дугаарын утсаар залгаж хөдөө гэртээ ирсэн одоо удахгүй манай эхнэр болон найзууд маань ирэх гэж байгаа чи суугаад хүрээд ирээ гэж хэлсэн. ... 21 цагийн орчимд аймгийн төвөөс хойш Батзаяа, Санчирмаа, Энхтуяа  нартай хөдөлж Баянтүмэн сумын 4 дүгээр баг “Шар бүрд” гэх газарт Өлзийбатын гэрт ирээд орох үед гэрт нь Өлзийбат өөрийн хүү болох Билгүүдэйтэй хамт байж байсан. Төрсөн өдрийг тэмдэглэж пиво ууж, даалуу тоглоцгоож байгаад үүрийн 05 цагийн орчим болж байх үед манай найз Өлзийбат гэнэт л миний толгой руу маш олон цохиод байсан би цохиулж дуусаад яаж байгаа талаар асуух үед “чи надад бэлэг авч ирсэнгүй чи ууж идэх гэж ирсэн биздээ” гэж хэлсэн. ... түүнээс өмнө бол бид хэд хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байхгүй ... би цагдаагийн байгууллагаар шалгуулах болно гэж хэлсэн чинь бэлнээр 30.000 төгрөг дансаар 70.000 төгрөг, 2 ширхэг парацетемол өгөөд маргааш холбогдьё гэж хэлээд яваад өгсөн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/

            Гэрч Б.Батзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... бид хэд Өлзийбатын төрсөн өдрийг тэмдэглэж тоглоом тоглож, пиво ууцгааж байгаад шөнийн 01 цагийн орчимд манай эхнэр Өлзийбатын эхнэр, хүүхэд нь бид хэд түрүүлээд унтацгаасан. Харин Өлзийбат, Булгантамар хоёр нэг шил архи гаргаж ирээд уугаад үлдэцгээсэн. Ингээд үүрийн 05 цагийн орчимд гэнэт л юм түжигнэх чимээ гарсан бөгөөд сэрээд харахад Булгантамир гэрийн баруун хэсэгт шалан дээр зассан орон дээр дөрвөн хөлөлсөн, хамраас нь цус гарсан байдалтай байж байсан би нойлын цаас дөхүүлж өгөөд Өлзийбатад хандаж “чи яаж байгаа юм бэ” хамт ууж идчихээд нэгнийгээ ийм болголоо гэсэн чинь “би наадахыг чинь цохиогүй Булгантамир өөрөө “аккумулятор мөргөчихлөө” гээд байсан. ...Өлзийбат надад хандаж “Заяа хөгшөөн Булгантамирыг аваад яваа гэрт нь хүргэж өг наадах чинь хэрүүл өдөөд болохгүй байна” гэж хэлэхээр нь Булгантамарыг аваад өглөөний 06 цаг өнгөрч байх үед Өлзийбатын гэрээс аймгийн төвд 07 цагийн орчимд орж ирээд гэрт нь хүргэж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/

           

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн ..........тоот дүгнэлтэд:

1.Г.Булгантамирын биед хуйханд дагз хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, урд болон ар гадаргын тархмал цус хуралт, хүзүүний зүүн хажуу талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

 3. Дээрхи гэмтэл нь эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/          

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38/

-депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13 тал/

-гэрч Э.Санчирмаагийн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

- хохирогч Г.Булгантамирт  1.000.000 /нэг сая/  төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 83 тал/ шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 тал/

 

-Шүүгдэгч Б.Өлзийбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Өлзийбат нь согтуугаар 2021 оны 12 сарын  24-ний өдрөөс 2021 оны 12 сарын 25-нд шилжих шөнө үүрийн 05 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “Шар бүрд” гэх газарт буюу гэртээ найз Г.Булгантамиртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Өлзийбатын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Булгантамир, гэрч Б.Батзаяа, Э.Санчирмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б.Өлзийбатад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Өлзийбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Өлзийбат нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч Б.Өлзийбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Булгантамирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Өлзийбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Баатарсүхийн Өлзийбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Баатарсүхийн Өлзийбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбат нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Өлзийбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Өлзийбатын .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Өлзийбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.БАТЖАРГАЛ