Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар ШЦТ/2022/69

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ  

Улсын яллагч С.Ариунаа  

Хохирогч Г

Шүүгдэгч У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У-д холбогдох эрүүгийн 2221000000051 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн ..... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ...................оршин суух, урьд нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, У /РД: ...................../.

     Шүүгдэгч У нь 2021 оны 06 сарын 26-ны өдөр хохирогч Б.Г нарт 7 тооны тугалтай үнээ зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн ХААН банкны .......... тоот дансаар 9,100,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогч Г-д 9,100,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би машин авах гээд 7 тооны тугалтай үнээ зарна гэж мөнгө авсан нь үнэн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

 

Хохирогч Г шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...У нь манай эхнэртэй арван жилийн нэг анги байсан юм билээ. Би тухайн үед тугалтай үнээ 1,300,000 төгрөгөөр авч байсан. Манай эхнэр У манай ангийн залуу, олон жил хөдөө мал маллаж байгаа, морь уядаг болохоор гайгүй өгчих байх гэсэн итгэлээр малын “А” дансыг нь шалгахгүйгээр 7 тооны тугалтай үнээний мөнгө болох 9,100,000 төгрөгийг Д.Ууганбаярын данс руу шилжүүлсэн. У нь тэр мөнгөөр машин авна гэж байсан, бид хоёр тугалтай үнээгээ 8 сард авахаар тохиролцсон байсан. Гэвч тэрнээс  хойш малын шүлхий өвчин гараад  9 дүгээр сарын 1, 2-нд тугалтай үнээгээ авъя гэсэн боловч тухайн үедээ бүрдүүлж өгөөгүй. Тэгээд хааяа утсаар яриад, сүүлдээ утас нь холбогдохгүй ямар ч холбоогүй болсон. Би У-тай биечлэн уулзах гээд ..... сум руу хэд хэдэн удаа очсон боловч гэрт нь хүн байгаагүй.Тэр үед нь У-н эхнэртэй холбогдоход “миний мэдэх юм байхгүй У өөрөө мэдэж байгаа” гэсэн. ... У нь надад 5 үнээ 4 бяруу өгсөн. Одоо 2 үнээ, 3 бяруу өгөх дутуу байна. У нь ачааны бонго маркийн машинтай, үлдэгдэл төлбөрөө төлж дуустал тэр машинаа барьцаанд өгсөн. Би тэр машиныг нь суманд айлын хашаанд тавьсан байгаа... одоо бяруу, үнээгээ 1800.000 төгрөгөөр үнэлж байна. Шүүгдэгч У-н надад өгөх 2 үнээ, 3 бярууг 4,100,000 төгрөгөөр үнэлж байна ...” гэв.

      -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/      

            -Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 07 тал/

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09 тал/

            -Дорнод аймгийн ............. сумын .....дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44 тал/

            -Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого /хх-ийн 44-45 тал/

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 55-64 тал/

            -Шүүгдэгч У яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч У нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б,Г нарт 7 тооны тугалтай үнээ зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн ХААН банкны ... тоот дансаар 9100.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогч Г 9100.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г, гэрч Б нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн....... сумын .... дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч У-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс У залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Дорнод аймгийн ............... сумын Засаг даргын тамгын газрын гадна, дотор талын цэвэрлэгээний ажил хийлгэх ялын санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч  У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч У үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г-д 9100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөөгүй үлдсэн 2 үнээ, 3 бярууны үнэ болох 4,100,000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирлыг /Дорнод аймгийн Хэрлэн сумын... дугаар баг ........... тоотод оршин суух Г-д/-т олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч У нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г-д 4100.000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийн төлөх төлбөртэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч У........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-г 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-д оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дорнод аймгийн ................. сумын Засаг даргын тамгын газрын гадна, дотор цэвэрлэгээ хийх ажил хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г-д 9.100.000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 2 үнээ, 3 бярууны үнэ болох 4,100,000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирлыг /Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг ..... тоотод оршин суух Г/-т олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч У-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Л.БАТЖАРГАЛ