Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01809

 

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/01809

 

 

Ж.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01674 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Пийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ОТ” ХХК-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.П

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Д

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “ОТ” ХХК-д хүнд машин механизмын дугуй засварчны ажилд томилогдож 4 жил тасралтгүй ажиллаж байна. Миний бие 14 хоног ажиллаад 7 хоног амардаг.

2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний ажлын өдрүүд эхэлсэн ба би ажилдаа очихоосоо өмнө амралтын өдрүүдэд ханиад хүрч ханиад маань сайн эдгээгүй байхдаа ажилдаа орсон юм. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бие өвдөөд байхад нь би халуун тариа хийлгээд тухайн өдөр ажилласан ба огт намдахгүй болохоор нь тухайн үед засварын ахлах н.Түвшинхүүд эмнэлэг хүргэж өгөөч гэж хэлж унаа гаргуулан эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд би буцаж ирээд ажлаа хийж байсан боловч бие улам өвдөөд байхаар нь хамт ажилладаг хоёр хүнд бие өвдөөд байна, эмээ уугаад машиндаа жаахан суугадахая гэж хэлээд эмээ уугаад машинд суусан.

Эм уугаад эмийнхээ үйлчлэлдээ халуун минь бууж би унтчихсан байсан. Гэтэл намайг унтаж байх хойгуур гадаад мэргэжилтэн Марк Мепам /Mark Mepham/ ирж намайг сэрээлгүйгээр зургийг минь аваад явсан байсан. Цаг гарангийн дараа хэсэг хүмүүс ирж намайг ажлын байран дээр унтсан гээд намайг сэрээсэн ба би тухайн үед бие өвдөөд гээд учир байдлаа хэлсэн боловч огт тоогоогүй.

Гэтэл захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0154/16 тоот тушаал гарч, намайг ажлын байран дээрээ унтсан учир ажлаас чөлөөлсөн байна. Би тухайн үед үнэхээр бие өвдөөд эмэндээ дарагдаж унтсан байсан ба хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Гэтэл намайг ажлаа хийлгүй 85 минут орчим унтсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байна. Хүний өвчнийг тоолгүй сахилгын зөрчил гаргасан мэтээр үзэж, намайг ажлаас халсанд би гомдолтой байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.П нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул түүнд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байсан.

Ж.П нь ээлжийн ажилдаа гарсан байсан үедээ буюу 2016 оны 01 сарын 15-ны өдөр ажлын байранд унтаж үүрэгт ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, цалгардуулсан зөрчил гаргасан. Ийнхүү Ж.П нь өмнөх сахилгын шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан.

Тиймээс нэхэмжлэгч Ж.Птой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцласан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ж.Пийг “ОТ” ХХК-ийн Хүнд машин механизмын засварын хэлтэст дугуй засварчнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 63 000 000 төгрөгийг хариуцагч “ОТ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ж.Пид олгож, үлдэх 12 833 723 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ОТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 472 950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтаар ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй болохыг тогтоож өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэлийг шат дараатайгаар ногдуулахыг шаарддаггүй болохыг дурьдах нь зүйтэй. Гэтэл шүүгч "сахилгын зөрчил гаргасан ажилтанд ямар шийтгэлийг ямар шат дараатайгаар ногдуулах талаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй байна" гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд ажилтны хүлээх үүргүүдийг тодорхойлж өгсөн ба маргаж буй 8 дугаар зүйлийн "а" заалтад "Ажилтан үүрэгт ажлаа мэргэжлийн өндөр түвшинд, ажлын шаардлагыг хангаж, цаг хугацаанд нь мэдлэг чадвараа дайчлан, идэвх зүтгэлтэй, үр дүнтэй, аюул осолгүй гүйцэтгэх" гэж заасан. Энэхүү заалт нь ажилтны хуулиар хүлээсэн үүргийн заалт болох Хөдөлмөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалттай утга агуулгаараа уялдсан заалт болно. Гэтэл шүүх энэхүү заалтыг "ажилтны бүхий л үйлдлийг сахилгын зөрчилд хамааруулан тайлбарлах боломжтой заалт байна" хэмээн хууль үндэслэлгүй дүтнэлт хийсэн байна.

Сахилгын зөрчил бол ажилтан хөдөлмөрлөх үүргээ эсвэл гэрээ, дүрэм, журмаа биелүүлээгүй буюу зөрчсөнөөс үүсдэг. Ж.П нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8а-д заасны дагуу үүрэгт ажлаа цаг хугацаанд нь идэвх зүтгэлтэй, үр дүнтэй, аюул осолгүй гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Тэгвэл хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тайлбар зэргээр Ж.П ажлын цагаар ажлын байранд унтсан нь тогтоогддог. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... унтсан үйл баримт тогтоогдож байна", түүнчлэн "Ж.Пийн ажлын цагаар байранд унтсан үйл баримтыг зөвтгөхгүй" гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна. Гэсэн атлаа "ажлын байранд ажлын цагаар унтсан" гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн бусад дүгнэлт болох ажилтан ажлын байрандаа унтсан нь тогтоогдож байна, ажилтан Ж.П нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах хүсэлтээ ажил олгогчид гаргаагүй байх ба "ОТ" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын "Өвчний чөлөө" хэсэг, "ОТ" ХХК-ийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны журмын 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна, мөн ажил олгогчийн зүгээс ажилтан эрүүл мэндийн шалтгаантай эсэхийг мэдэх боломжгүй тул чөлөө олгоогүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна зэрэг дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй болсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл, дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг харуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий болж чадаагүй байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ж.П нь хариуцагч “ОТ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ж.П нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “ОТ” ХХК-нд хүнд машин механизмын засварын хэлтэст засварчнаар ажиллаж байсан ба хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0154/16 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Хариуцагч байгууллагаас тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн “а”, 10 дугаар зүйлийн 10.4.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож, үндэслэлээ Ж.Пийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 01:30 цагаас 02:55 цагийн орчим ойролцоогоор 85 минут ажлын байран дээрээ унтсан, Ж.П нь бичгээр өгөх эцсийн сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тодорхойлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 02 сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Пийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зөрчил гаргаж, “ОТ” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0139/15 тоот тушаалаар сануулах шийтгэл ногдуулсан авсан бөгөөд уг тушаал хүчинтэй байгаа талаар зохигчид маргаангүй байна.

 

Сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө ажилтан ажлын байран дээр ойролцоогоор 85 минут унтсан гэх зөрчил гаргасан нь тогтоогдсон. Харин уг зөрчлийн үйл баримтын талаар нэхэмжлэгч маргадаггүй.

 

Нэхэмжлэгч Ж.П уг зөрчил нь түүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан, хүндэтгэн үзэх шалтгаантай тул ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж маргасан.

 

Хариуцагч “ОТ” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны удирдлагын тогтолцооны журам, аюулгүй ажиллагааны журмыг гаргаж ажилчдадаа сургалтад хамруулж танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь журамтай танилцаж гарын үсэг зурсан, түүнийг аюулгүй ажиллагааны журмыг ойлгосон гэж үзнэ.

 

            Журмын дагуу өвчтэй байсан бол зохих зөвшөөрөл авах бөгөөд холбогдох зөвшөөрөл авах боломжгүй байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй. Ажлын байранд унтсан нь ажил, үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүргийг буюу хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн “а” дахь заалтад заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Тус заалтын агуулга ажилтан ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэх, ийнхүү гүйцэтгэхдээ чармайлт гаргах үүргийг хүлээсэн бөгөөд ажлын цагаар ажилтан унтсан нь ажил үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэхээр байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийг хөдөлмөрийн гэрээ болон журмаар шат дараалан зохицуулна гэж буруу тайлбарлажээ. Зөрчлийн шинж байдлаас хамаарч шийтгэл ногдуулах нь хуулийн шударга ёсны зарчимд нийцэх боловч ноцтой зөрчлийн улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах эсхүл сахилгын зөрчил давтан гаргах үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хэм хэмжээний ялгаатай урьдчилсан нөхцлийг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үйлдэлд зөрчлийн хүнд, хөнгөн гэж ялгах шаардлагагүй гэж үзлээ. Иймд ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан гэх тушаалын үндэслэлийг буруутгах боломжгүй юм.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлд хамаарна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “ОТ” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай Ж.Пийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ОТ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

 

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА