Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 37

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргимйн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч У.Солонго,

Хохирогч Б.Нямсүрэн,

Шүүгдэгч Ч.Батхүрэл, түүний өмгөөлөгч С.Санжаажамц

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011073 дугаартай 1 хавтас хэргийн шүүгдэгч 

 

Монгол улсын иргэн, 1978 оны 7 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Зүүн хангай суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оюу-Толгой” ХХК-д уурхайн механик ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарам Булгийн 1-10 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ОЕ78072811 дугаарын регистртэй, Зураач овгийн Чимэдцэрэнгийн Батхүрэлд холбогдох хэргийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ч.Батхүрэл нь согтуугаар 2016 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Булгийн 1-10 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Б.Нямсүрэнг хардсаны улмаас  гараараа зодож тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, цээжний цус хуралт, зүүн 9, 10 дугаар хавирга ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл,

Мөн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Булгийн 1-10 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Б.Нямсүрэнг мөн хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь гар утас барьсан гараараа цохиж зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Батхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, болсон асуудал үнэн зөв, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Б.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 онэы 4 дүгээр сарын 06-ны шөнө нөхөр Батхүрэл согтуу орж ирсэн, тэгээд намайг хүмүүстэй нийлж архидсан байна гэж хардаад зодсон. Намайг орны дэргэд мухарт шахаж гараа атгаж байгаад зүүн хавирга руу 3 удаа цохьсон, тэгэхэд би амьсгал авч чадахгүй болсон. Дараа нь 8-ны өдөр мөн согтуу ирээд дэлгүүрт өр тавилаа, цуг архи уусан хүмүүсээ бүгдийг нь дууд гээд гар утас өгөхөөр нь авах гэхэд утсаараа зүүн нүдэнд цохьсон юм. Надад нэхэмжлэх зүйл алга, гомдол саналгүй гэв.

 

Хохирогч Б.Нямсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 4 дүгээр сарын 06-ны орой 17 цагийн үед манай нөхөр Батхүрэл нь Өмнөговь аймгийн Оюу толгойн уурхайн ажлаасаа буугаад микронд суугаад харилаа гэж утсаар ярьсан боловч ирэхгүй байсаар шөнө 02 цаг өнгөрч байхад архи уучихсан согтуу ирсэн. Тэрээр орж ирээд мэнд усны зөрөө байхгүй жаахан дуугүй сууж байснаа “намайг байхгүйд айл хэсэж баахан эрчүүдтэй архи ууж явлаа” гэсэн. Би түүнийг ирэхээс 2 хоногийн өмнө найз 2 эмэгтэйтэйгээ 2 өдөр пиво уучихсан юм. Тэрийгээ нөхөртөө хэлсэн чинь худлаа яриад, өөр эрчүүдтэй уусан гээд агсам тавьсан. Би тийм юм болоогүй учраас маргалдсан. Тэгэхэд Батхүрэл намайг орны толгойн орчим мухарт шахаж байгаад зүүн хавирганд 2-3 удаа зангидсан гараараа цохьсон. Тэгэхэд би амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд л тархи толгой руу цохьсон...Нөгөөдөр нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд гарч яваад 30 минут хэртэй болоод орж ирэхдээ “сая манайд ямар эрчүүд орж ирсэн, хашааны гадаа хэний машины мөр байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би өчигдөр орой Энэбиш эгчийн ирсэн машины мөр байна ш дээ, өөр хэн байдаг юм бэ, ямар ч залуучууд ирээгүй гэж хэлэхэд Батхүрэл гараад явчихсан...21 цагийн үед Батхүрэл согтуу орж ирсэн. Би аягатай хоолыг нь хийж өгөхөд хажууд суу гээд хажууд сөхрүүлж суулгаад “дэлгүүрүүдэд 280.000 төгрөгний чиний тавьсан өр байна, шувт архи авч уусан өр гэж байна” гэж хэлэхээр нь би дэлгүүрт тийм өр байхгүй, 70.000 төгрөгний өр байгаа, найз хүүхнүүдтэйгээ 2 хоног пиво уухдаа хувааж төлнө гэж авсан өр байгаа юмаа, одоо очиж дэлгүүрээс асууя гэхэд яваагүй. Энэ асуудлаас болж маргалдаж...тэрээр алив одоо энэ утсаар ярьж дуудаадах гээд утсаа өгөөд байсан. Би утсыг нь авах гээд гараа өгтөл тэрээр миний нүд рүү утас барьж байсан гараараа цохьсон. Тэгэхэд миний зүүн талын нүд хөхөрсөн...гэжээ. /хх-11/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5061 тоот акт. ДҮГНЭЛТ:

1. Нямсүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний доод, баруун нүдний дээд зовхи, цээжний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-16/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 518 тоот акт. ДҮГНЭЛТ:

1. Нямсүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний доод, баруун нүдний дээд зовхи, цээжний цус хуралт, зүүн 9-10 дугаар хавирга ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-20/,

 


Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Иргэн Б.Нямсүрэнгийн биеийн зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэжээ. /хх-21/,

 

Шүүгдэгч Ч.Батхүрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагт ажлаасаа бууж Улаанбаатарт ирсэн. Тэгээд 361 гарам дээр ирээд найзуудтайгаа архи уусан. Тэгээд шөнө гэртээ ирээд түүнийг архи дарс ууж явлаа гээд үүнээсээ болж маргалдаад түүнийг хэд цохьсон нь үнэн. Түүнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...Нөгөөдөр нь өглөө гэрээсээ гараад дэлгүүр явсан...20.000-30.000 төгрөгөөр архи пиво авсан байсан...Тэгээд буцаж 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд л би чи баахан өр тавьж архи авсан байна гээд бид хоёр маргалдаад би хэнтэй архи уусан юм бэ, тэр хүнээ одоо дууд гээд утсаа өгөхөд өөдөөс хэрэлдээд байхаар нь түүнийг утас барьж байсан гараараа цохьчихсон юм. Тэгэхэд зүүн нүд нь хөхөрчихсөн юм...гэжээ. /хх-27-30/,

 

Шүүгдэгч Ч.Батхүрэлийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-33/ болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ч.Батхүрэл нь согтуугаар 2016 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 1-10 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Б.Нямсүрэнг хардсаны улмаас зодож бие махбодид нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, цээжний цус хуралт, зүүн 9, 10 дугаар хавирга ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 1-10 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Б.Нямсүрэнг мөн хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь гар утас барьсан гараараа цохиж бие махбодид нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Б.Нямсүрэнгийн “…Батхүрэл намайг орны толгойн орчим мухарт шахаж байгаад зүүн хавирганд 2-3 удаа зангидсан гараараа цохьсон. Тэгэхэд би амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд л тархи толгой руу цохьсон...Нөгөөдөр нь...маргалдаж тэрээр манай хүүхнүүдийг дууд, цуг байсан эрчүүдээ дууд...гээд утсаа өгөөд байсан. Би утсыг нь авах гээд гараа өгтөл тэрээр миний нүд рүү утас барьж байсан гараараа цохьсон. Тэгэхэд миний зүүн талын нүд хөхөрсөн…” гэх /хх-11/, шүүгдэгч Ч.Батхүрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Нямсүрэнгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 5061, 518 тоот актууд, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Ч.Батхүрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Ч.Батхүрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлсэн эрүүгийн хэргийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй тул эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох талаар онолын санал гаргасан ба шүүгдэгч Ч.Батхүрэл согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлд зааснаар согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй үндэслэл болж байгаа тул гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Батхүрэл согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлд зааснаар согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй болно

 

Шүүгдэгч Ч.Батхүрэл анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

 

Хохирогч Б.Нямсүрэн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зураач овгийн Чимэдцэрэнгийн Батхүрэлийг хувийн таарамжгүй харьцааны бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, хувийн таарамжгүй харьцааны бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ч.Батхүрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ялаар, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3  сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Ч.Батхүрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сар хорих ял дээр 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялын зарим 1 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн, Ч.Батхүрэлийн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Батхүрэлд оногдуулсан 1 жил 6 сар  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Ч.Батхүрэл цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Ч.Батхүрэлд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Батхүрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНЧИМЭГ