Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 168/2022/0083/Э |
Дугаар | ШЦТ/2022/81 |
Огноо | 2022-03-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар ШЦТ/2022/81
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогч Б /онлайнаар/
Шүүгдэгч П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-д холбогдох 222*******00190062 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг ******* ............ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, П- /РД: .........../.
Шүүгдэгч П нь согтуугаар 2021 оны 12 сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 сарын 27-нд шилжих шөнө гэртээ буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын........... дугаар баг ******* .............. тоотод хохирогч Б гэрт нь шээсэн гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн орой гэртээ хэдэн пиво уугаад найзыгаа дуудаад, тэр найз маань ирэхдээ энэ Б гэх залууг дагуулж ирсэн. Бид нар жоохон юм ууж байгаад найз маань Б орхиод явсан. Би унтуулах гээд ор засаж хэвтүүлээд өөрөө орондоо орж гэрлээ унтраагаад хэвтэж байхад гэнэт ус асгах чимээ гарахаар нь гэрлээ асаагаад хартал энэ залуу пийшингийн хажууд шээж байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэхэд өөдөөс мангасдаад, гэдэс рүү өшиглөхөөр нь би уурлаад сандлаар баахан цохисон ...” гэв.
Хохирогч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр ангийнхаа хэдэн залуучуудтай пиво ууж байсан. Найз маань манай найзынд очъё гээд миний унаж явсан машиныг унаад энэ П-н очсон. Найздаа явъя гэхэд манай найзынхруу очъё гээд П-д очоод ууж байсан пивыг нь хамт уугаад, нэмж 3 том пиво уусан. Тэгээд ойр зуурын юм ярьж, хийсэн хутгаа танилцуулж ярьж байснаа үг өдөж эхлээд миний хамар руу ширээний хажууд сууж байхдаа цохисон. Хамар руу цохихоор нь би савж унахдаа надад аягалж өгсөн хар аягатай пивыг нь унагаасан. П нь “надад ор засаж өгсөн, гэрт нь шээсэн” гэж ярьж байна. Би тухайн өдөр өөрийн ухаантай байсан. Би өөрт нь гэрт чинь шээгээгүй гэдгээ хэлсэн. Өөрөө намайг цохиж байх үедээ бичлэг хийж байсан, тэр бичлэг нь өөрийнх нь утсан дээр байгаа байх. Намайг цохиж байхдаа хүүхэд рүүгээ ярьж байхад нь би хүүхдэд нь “ах нь гэрт чинь шээгээгүй, ах нь тийм хүн биш, аавдаа ойлгуулаад өгөөч, аав чинь намайг алах нь байна” гэж хэлсэн. П нь хүүхдийхээ үгийг ч сонсохгүй намайг цохисоор байсан. Би арга ядаад бие засъя гэж хэлээд зугтааж гарсан. Би П-г сайн танихгүй, найзууд биш. Би гомдолтой байна. Би тухайн үед эмчилгээ хийлгэе гэхээр мөнгөгүй байсан болохоор эмчилгээ хийлгээгүй, зөвхөн шинжилгээ хийлгэсэн баримт 379,000 төгрөг байна. Би галын хайчаар цохиулж, баруун гаран дээрээ хутгаар хоёр утаа зүсүүлж, хоолойнд хутга тулгаж байгаад цохиулсан. Хамар маань муруйж ЭМЖЖ-д үзүүлэхэд хамар тэгшлүүлэхэд 3,600,000 төгрөг гэсэн байна. Одоо хамар битүүрч хэцүү байдалтай байна. Хохирлоо нэхэмжилнэ... гэв.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн ..... тоот дүгнэлтэд:
1.Б-н биед тархи доргилт, хуйханд зүүн зулайн няцарсан шарх, зүүн шанаа, хацар, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний булангийн цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын зүүн угалзны зулгаралт, дээд урууны зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, цээжний ар талын цус хуралт, зулгаралт, баруун бугалганы зүсэгдсэн шарх, баруун шууны зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн тохойн зулгаралт, зүүн шууны цус хуралт, зүүн сарвууны ар гадаргын зулгаралт, баруун гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зүүн талын зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 2 талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо болон хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 30-31 тал/
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/
-БОЭТ-н толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33 тал/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/
-Шүүгдэгч П-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч П нь согтуугаар 2021 оны 12 сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 сарын 27-нд шилжих шөнө гэртээ буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг ******* ........ тоотод хохирогч Б-г гэрт нь шээсэн гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БОЭТ-н толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн .... тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч П-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь 379,000 /гурван зуун далан есөн мянга/ төгрөгийн хохирол нэхэмжилж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулаагүй, шүүх хуралдаанд хохирогч Б “ ...Хамар маань муруйж, хамар тэгшлүүлэхэд 3,600,000 төгрөг болно гэсэн. Одоо хамар битүүрч хэцүү байдалтай байна. Хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 379,000 /гурван зуун далан есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүний ЖИ9*******62019 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-с гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 379,000 /гурван зуун далан есөн мянга/ төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26-р хороо .............. хотхоны .... тоотод оршин суух хохирогч Б-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П-н ..... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ