Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ө

Улсын яллагч Б.Д

Өмгөөлөгч Д.Б

Шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт О.Ц холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-нд Х аймгийн М суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4-р хороонд оршин суух, Г овогт О.Ц,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ц нь “Дүлий 2.0 автомашины сэлбэг зарна” гэсэн фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан зар тавьж, иргэн Д.Д-г хуурч, улмаар өөрийн эзэмшлийн Х банкны ... дугаарын дансанд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 сарын 25-ны өдөр Д гэх хүнд автомашины сэлбэг зарна гэж хэлээд эхлээд 50,000 төгрөгийг өөрийн Х банкны ... дугаарын дансаар, дараа нь 2021 оны 01 сарын 02-ны өдөр машин больж зөрүү мөнгө авах зорилгоор урьдчилгаа 100,000 төгрөгийн өөрийн Х банкны ... дугаарын дансаар авсан. Ингээд Д гэх хүнээс нийт 150,000 төгрөг  аваад өөрийн хэрэгцээндээ хэрэглэж дуусгасан. Д.Д гэх хүнтэй өмнө нь уулзаж байгаагүй, тэр хүн нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байдаг гэж надад гар утсаар ярихдаа хэлж байсан. Д.Д гэх хүнтэй гар утсаар холбогдоод эхлээд 50,000 төгрөгт Тоёота креста 100 маркийн тээврийн хэрэгслийн урд талын гэрлэн дохио зарахаар тохирсон боловч явуулаагүй. Дараа нь өөрийн тээврийн хэрэгслийг зөрүү 300,000 төгрөг авч солихоор болоод урьдчигаа болох 100,000 төгрөгийг авсан ч машинаа солилгүй тухайн хүнтэй холбоо тасалсан. Д.Д гэх хүнд учирсан нийт 150,000 төгрөгний хохирлыг удахгүй төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 102-103/

Шүүгдэгч О.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэг хүнтэй чатаар холбогдоод машины сэлбэг зарахаар болсон. Тэгээд сэлбэгээ явуулж чадаагүй. Дараа нь машин солилцох болсон юм. Тэгээд явж амжаагүй байсаар байгаад машин зарагдсан. Нийт 150,000 төгрөгийг тухайн хүнээс авсан юм. Алга болж хайхрамжгүй хандсан нь миний буруу. Хохирол 150,000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 сарын 25-ны өдөр Дүлий 2,0 автомашины сэлбэг зарна гэсэн фейсбүүк зарын дагуу ... дугаарын утсанд холбогдож 100 чейзер автомашины гэрэл дохио, лапны резен худалдан авахаар болоод ... дугаарын Х банкны дансанд 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний захисан сэлбэг ирэхгүй болохоор нь залгатал “одоо удахгүй явуулна би хөдөө Багануурт явж байна” гэсэн. Удалгүй би ахиж залган авсан сэлбэгээ шаардахад “ах таны машины сэлбэг надад бүгд байгаа та миний 90 чейзер автомашиныг авчих” гэхээр нь би өөрийнхөө машиныг өгөөд зөрүүнд нь 300,000 төгрөг өгч машиныг нь авахаар болж тохиролцсон. 2021 оны 01 сарын 02-ны өдөр нөгөө залуу залгаад “ах би машиныг чинь аваачиж өгөх гэж байна, та над руу нөгөө зөрүү мөнгөө явуулчих, би замын бензин хийх гэсэн юм” гэхээр нь “би одоо чамд 100,000 төгрөг явуулна, харин ирэхээр чинь үлдсэн 200,000 төгрөг өгнө” гэж хэлээд 5012680825 дугаарын Цэнгүүн гэдэг дансанд 100,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь залгахад утсаа аваагүй таг болохоор нь би залилуулсан юм байна гэж бодсон гэжээ. /хх-ийн 43-44/    

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

О.Ц-ний Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 23-29, 34-35/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39, 58/

Хохирогч Д.Д-н гомдол саналгүй, хохирол 150,000 төгрөг авсан тухай хүсэлт /хх-ийн 107/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 111-112/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь О.Ц-ний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгуулах байр суурийг илэрхийлсэн. Энэ нь дараах үндэслэлээр няцаагдаж байна.

Шүүгдэгч О.Ц нь “Дүлий 2.0 автомашины сэлбэг зарна” гэсэн фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан зар тавьж, иргэн Д.Д-г хуурч, улмаар өөрийн эзэмшлийн Х банкны ... дугаарын дансанд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, залилан мэхэлсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Д-н /хх-ийн 43-44/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, О.Ц-ний Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 23-29, 34-35/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч О.Ц-ний үйлдлийг дан ганц шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээр тогтоогоогүй. Д.Д-н хохирогчоор, гэрчээр өгсөн мэдүүлэг, О.Ц-ний Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг давхар нотлогдож байгаа юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Ц-ний үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч, хохирогч нарын хооронд иргэний эрх зүйн ямар нэгэн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор “...Тэгээд миний захисан сэлбэг ирэхгүй болохоор нь залгатал “одоо удахгүй явуулна би хөдөө Багануурт явж байна” гэсэн. Удалгүй би ахиж залган авсан сэлбэгээ шаардахад “ах таны машины сэлбэг надад бүгд байгаа та миний 90 чейзер автомашиныг авчих” гэхээр нь би өөрийнхөө машиныг өгөөд зөрүүнд нь 300,000 төгрөг өгч машиныг нь авахаар болж тохиролцсон.” гэх мэдүүлэгээр шүүгдэгч нь өөрийн эзэмшилд байхгүй сэлбэг, тээврийн хэрэгсэлийг зарж, солихоор тохиролцож байгаа үйлдэл нь хохирогчийн төөрөгөлд оруулсан гэж үзэв. Шүүгдэгч О.Ц нь тээврийн хэрэгсэлийн сэлбэг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэггүй, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлгүй болох нь түүний шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг болон Автотээвэрийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газар Замын-Үүд салбарын 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 1/112 дугаартай албан тоот  /хх-55/ зэргээр нотлогдсон.     

Шүүгдэгч О.Ц нь фэйсбүүк  буюу цахим хэрэгсэл ашиглаж, автомашины сэлбэг зарна, автомашин солино гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, автомашины сэлбэг зарах үйл ажиллагаа эрхэлдэггүй, түүнчлэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Д.Д-н эд хөрөнгө болох 150,000 төгрөгийг өөрийн буюу Х банкны ... дугаарын дансандаа шилжүүлэн авч, залилан мэхэлсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд  сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо бүрэн барагдуулж авсан, санал гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч О.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хор уршгийг арилгасан, хийсэн хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзээд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохиролгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч О.Ц-ний үйлдэл нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болно. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөлд хамрагдах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4,  37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгдэгч О.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч О.Ц нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.Б