Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

    2022         03          16                                          2022/ШЦТ/33

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                     *******

Улсын яллагч                                    *******

Шүүгдэгч                                ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2204000000008 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ны өдөр Хэнтий аймгийн *******аргалтхаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, эгч, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн *******аргалтхаан сум Баян-Эрдэнэ багийн ...... ам гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хуцаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, ******* ******* ******* /РД: /

Үйлдсэн хэргийн талаар:

******* нь ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гар хазлаа” гэх шалтгаанаар түүний толгойн хэсэгт гараараа 3 удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд нь язарсан шарх, дух, зүүн хөмсөг, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв,

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2021 оны 12 дугаар сарын *-ны өдөр эхнэрийн дүү ирээд манай 2 хүүхдэд бэлэг өгсөн ба тэгээд манай эхнэр хоол энд хийж өгсөн. Бид нар уулзалдаагүй удсан болохоор караоке оръё гээд Багануур дүүргийн * дугаар хороо “А” нэртэй караокед очоод “Экс” нэртэй 0.75 литрийн нэг шил архи уучихаад дуулж байгаад гарсан, тэгээд гэртээ ирээд *******-д “хөдөө явья” гэж хэлтэл “эрүүл болчихоод маргааш явья, ээж дээр согтуу очихгүй” гэж хэлэхээр нь би *******-ын гарыг хазсан ба хариуд нь миний толгой руу хэд цохисон. Би тухайн үед архиндаа нилээд согтсон байсан учраас болсон үйл явдлыг санахгүй байна. Удалгүй цагдаа гаднаас орж ирээд *******-ыг аваад явсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч *******.Х-ын мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн дүү ******* Улаанбаатар хотоос ирээд манай 2 хүүхдэд бэлэг сэлт өгсөн. Тэгээд би хоол хийж өгчихөөд байж байтал ******* “хэдүүлээ ойрд уулзаагүй юм чинь караоке оръё” гэж хэлээд Н-тыг машинтай нь дуудаад Багануур дүүргийн * дугаар хороо “А” гэх караоке ороод Экс нэртэй 0.75 литрийн нэг шил архи мөн хүний 1, 1 пиво уусан. Тэгээд караокенаас гараад таксинд суусан. ******* тухайн такситай “за хэдүүлээ хөдөө явья” гэж хэлэхэд ******* “архи уучихсан үедээ юу гэж ээж рүү явж байдаг юм” гэх мэтээр “явна, явахгүй” гээд ярилцаад байсан. Тэгээд би хөдөө явахгүй гээд таксигаа явуулаад гэр лүүгээ орсон. *******, ******* хоёр гаднаас орж ирэхгүй байхаар нь гараад хартал ******* *******-ын араас нимгэн банзаар цохьсон ба хоорондоо ноцолдож байгаад өөрсдөө салчихсан. Тэгээд удаагүй байтал цагдаа нар ирээд *******-ыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09/шэ042 дугаартай: “*******-ийн биед баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, дух, зүүн, хөмсөг, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй  зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх зовхинд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,

              Хэргийн газар үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн * дугаар хороо, Нарийны * дугаар гудамжны * тоот байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4-р хуудас/,

              *******-ын согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...******* нь 2.07 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-р хуудас/,

              Яаралтай тусламжийн хуудсаар “...******* нь хөмсөгний ил шархтай ариутгал хийж оёдол хийв...” гэжээ. /хх-ийн 39-40-р хуудас/,

              Хохирогч *******-ийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэнд “Миний бие нь *******-тэй эвлэрсэн, ямар нэгэн  нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэжээ. /хх-н 84-р хуудас/,

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...РД регистрийн дугаартай ******* ******* *******-ын Э...” гэжээ.  /хх-н 51-р хуудас/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 2014.05.09-ний өдрийн ДЭХАШШЗ, тогтоол-49, эрүүгийн 201401070025 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1; 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялыг тэнсэв” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 44-р хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гар хазлаа” гэх шалтгаанаар хохирогч *******-гийн толгойн хэсэгт гараараа 3 удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд нь язарсан шарх, дух, зүүн хөмсөг, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч *******-ийн “...*******-д “хөдөө явья” гэж хэлтэл “эрүүл болчихоод маргааш явья, ээж дээр согтуу очихгүй” гэж хэлэхээр нь би *******-ын гарыг хазсан ба хариуд нь миний толгой руу хэд цохисон. Би тухайн үед архиндаа нилээд согтсон байсан учраас болсон үйл явдлыг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

- гэрч *******.Х “...******* тухайн такситай За хэдүүлээ хөдөө явъя гэж хэлэхэд ******* Архи уучихсан үедээ юу гэж ээж лүү явж байдаг юм гэх мэтээр явна, явахгүй гээд ярилцаад байсан. Тэгэхээр нь би тухайн таксины жолочид бид нар явахгүй гэж хэлээд таксигаа явуулчихаад гэр лүүгээ орчихсон. Такси нь явчихсан юм чинь *******, ******* нар араас ороод ирэх байлгүй гэж бодсон. Тэгээд орж ирэхгүй болохоор нь гадаа гараад харсан чинь *******  *******-ын араас нимгэн банзаар цохисон ба тэгээд тэр 2 барилдаад ноцолдож байгаад өөрсдөө салчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

-  Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09/шэ042 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэж илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасан хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* *******-ийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******-ийн 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  *******-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч ******* нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй *******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН