Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат

Шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н овогт М-ын О-д холбогдох 2216000000023 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Говь-Алтай аймаг, Дэлгэр сум, Баян-Өндөр 1-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЕ0000 регистрийн дугаартай, Н овогт Мын О,

 

Шүүгдэгч М.Онь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Баян-Өндөр 1-р багийн нутаг дэвсгэр “Бор толгой” гэх нэртэй газарт өөрийн адуунд нийлсэн иргэн Г.Дийнөмчлөлийн бундан тамгатай, алаг зүсмийн, соёолон насны нэг тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.Онь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Баян-Өндөр 1-р багийн нутаг дэвсгэр “Бор толгой” гэх нэртэй газарт өөрийн адуунд нийлсэн иргэн Г.Дийн өмчлөлийн бундан тамгатай, алаг зүсмийн, соёолон насны нэг тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг

 

мэдсээр байж завшсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Огэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч М.Ошүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 08 дугаар сарын 28-нд өөрийн 3 адууг агтанд өгөх гээд нутгийн Сүхбат гэдэг хүнийг ачаад сум оруулаад өгөөч агтанд адуугаа өгөх гэсэн юм гээд адуун дээрээ очоод адуугаа бөөгнүүлээд байж байсан. Тэр адуу болохоор манай адуунд 5 сараас хойш нийлж явсан. Манай нутгийн тамгагүй гадны тамгатай байсан болохоор би отороос үлдсэн адуу юм байлгүй гэж бодоод 5 сараас хойш явахаар нь харж байгаад агтанд 3 адуугаа ачихдаа цуг ачиж сум оруулаад, Баян-Өлгийрүү 3 адуугаа ачуулсан. Тэгээд тэр зүс буруу адууг сум дээр нядлаад борлуулсан гэв./шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Б.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р/,

 

Хохирогч Г.Дийнмөрдөн байцаалтад өгсөн “...Би 2017 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Халзан сумаас хурдан удмын угшилтай гээд эр, алаг зүсмийн унагыг эхтэй, ахтай нь хамт 8 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Ингээд бүтэн 3 жил тэжээж хариулсаар байгаад 2021 оны 08 дугаар сарын 20-ны үед Дэлгэр сумын Баян-Өндөр багийн Үнээн-Усны ойролцоо байж байгаад алдагдсан бөгөөд тухайн үед манай багийн О гэдэг залуугийн 1 тооны морьтой нийлээд яваад байсан болохоор нь Оаас ахыхаа алаг адууг харсан уу? танай морьтой цуг байсан гэсэн чинь намайг морио авахад байхгүй байсан миний бас нэг адуу байхгүй байгаа хамт явсан байж магадгүй гэсэн. Үүнээс хойш Оаас хэд хэдэн удаа адуугаа сурсан боловч мэдэхгүй хараагүй гээд байсан. Үүний дараа миний бие өвдөөд Улаанбаатар хот руу 1 сар эмчилгээнд яваад өнгөрсөн оны 11 сард ирээд дахиад адуугаа сураад хайсаар байгаад сая 2021.12.29-ний өдөр баттай мэдээлэл олоод 2021.08 дугаар сарын сүүлээр О нь миний алаг адууг Баян-Өндөр багийн Бор-Толгой гэдэг газрын хаваржаанд хашаанд шахаж бариад манай сумын Сүхбатын машинд ачиж сум дээр авчраад улаан Мөнхөөгийн гадаа буулгаад Эрдэнэ-Бат, С, Сүхбат, Мөнхөө нартай хамт миний алаг адууг махлаад махыг нь сум дээр зарсан гэж дуулаад цагдаад хандах болсон” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15-р/,

 

          Гэрч Д.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай хоёр гэр хоорондоо хол байдаг болохоор тэдний адуунуудыг мэдэхгүй. Харин өнгөрсөн оны буюу 2021.08 дугаар сарын 29- ний өдөр шиг санагдаж байна өглөө 10 цагийн үед О над руу яриад “Үнээн-Ус”-ны хойд талд хэдэн адуу шахцан байна машин авах гэсэн чинь мөнгө дутаад агтанд өгөх гэсэн юм та хүрээд ир түлшийг чинь хийгээд өгье. Энэ адуунуудыг ачаад сум оруулаад өгөөч гэхээр нь би тэгье гээд намаржаанаасаа “Үнээн-Ус” руу явсан ингэж явах замдаа дахиж Отай яриад яг хаана байна гэсэн чинь “Бор-Толгой” Нэргүй ахын хаваржаан дээр хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь тэнд О арваад тооны адуу шахаж оруулсан байсан. Тэгээд миний машин дээр 4 тооны адуу ачаад шууд сумын төв рүү ороод Мөнхөө ахын гадаа буулгаад нөгөө 4 адуунаас 1 тооны алаг адууг нь Мөнхөө ах амийг нь таслаад гаргаж байхад С, Э-Бхоёр ирсэн ингээд бид нар хамжаад алаг адууг хийж байхад Рэнцэндорж эхнэртэйгээ ирээд нэлээн олуулаа тэр алаг адууг хийж дуусаад махыг нь миний машин дээр ачаад О бид хоёр сумын төвийн хойд талын дугуй дэлгүүрийн гадаа зарж дуусаад Оыг үлдсэн махтай нь Мөнхөө ахын гадаа буулгаад гэр лүүгээ явсан гэсэн мэдүүлэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р/,

 

          Гэрч Х.Сийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шиг санагдаж байна би 2021.08.27-ны шөнө Хөхморьт сумаас ирээд машин эвдрээд маргааш нь аймаг руу машины нумаа захиад тэр өдөр нумаа авч чадаагүй. Ингээд 2021.08.29-ний өдөр хашаандаа зээ дүү Эрдэнэ-Батын хамт машиныхаа нумыг задлаад байж байтал О манай дүү рүү залгаад нэг адуу хийлцээд өгөөч Мөнхөө ахын гадаа хүрээд ир гэхээр нь бид хоёр хамт явсан. Тэгээд Мөнхөө ахын гадаа очсон чинь хашааныхан баруун талд жоохон зайдуу нас гүйцсэн нэг тооны алаг адууг би манай зээ дүү Эрдэнэ-Бат, О, Сүхээ, Мөнхөө ах бид нар хамжиж хийчхээд манай дүү Э-Ббид хоёр буцаад явсан. Харин сүүлд Рэнцэндорж эхнэртэйгээ ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р/,

 

          Гэрч Б-Эмөрдөн байцаалтад өгсөн “...2021.08.29-ны өдөр шиг санагдаж байна С ах бид хоёр хашаанд нь машиныхаа нумыг янзалж байсан чинь Сүхбат ах над руу залгаад улаан Мөнхөөгийнд хүрч ирээд адуу хамжаад хийлцээдэх гэхээр нь С ах бид хоёр урагшаа Мөнхөө ахын гэрт очсон хашааных нь урд талд Мөнхөө ах, Сүхбат ах, О ах, Рэнцэндорж ах эхнэртэйгээ тэд нар нэг алаг адууг нядлаад хуулж дуусаад гэдсийг нь гаргаж байсан. Ингээд бид хоёр хамжиж эвдэлцээд нөгөө махнаас мөнгөөр нь 2кг орчим мах худалдаж аваад буцаж С ахын гэрт ирээд машиныг нь янзалсан. гэх мэдүүлэг /хх-ийн 26- 27-р/,

 

          Гэрч Л.Рийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021.08 дугаар сарын сүүлээр одоо өдрийг нь санахгүй байна манай эхнэр Д бид хоёр сумын төв орж ирж сүүгээ зарчхаад буцаад хөдөө гэр лүүгээ явах замд улаан Мөнхөөгийн хашааны урд тал хүмүүс адуу хийж байхаар нь яваад очсон чинь Мөнхөө, О, С, С, Б нар 1 тооны адуу нядлаад арьсан дээр нь махыг эвдэж байхаар нь манай эхнэр Мөнхөөгийн эхнэртэй хамт гэдсийг нь арилгаад би махнаас нь эвдэлцэж дуусаад явахдаа бэлэн 20.000 мянган төгрөгөнд ястай 2кг гаран мах худалдаж аваад хөдөө гэр лүүгээ явсан. Харин сүүлд он гарсан хойно Д багшийн хүргэн Гомботой таарсан чинь О та нар ямар адуу хийсэн юм бэ? Дж ахын адууг хийцэн байна лээ гэж хэлж байсан тэгж би мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-рт/,

 

          Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021.08 дугаар сарын сүүл байсан шиг санагдаж байна нэг өдөр манай нөхөр Р бид хоёр сумын төв орж ирж сүүгээ зарчхаад буцаад хөдөө гэр лүүгээ явах замд Мөнхөөгийн хашааны урд тал хүмүүс адуу хийж байхаар нь яваад очсон чинь Сүхбат, О, М, Б-Э, С нар 1 тооны адуу нядлаад арьсан дээр нь махыг эвдэж байхаар нь манай нөхөр хамт эвдэлцээд би Мөнхөөгийн эхнэртэй цуг гэдсийг нь арилгаж дуусаад явахдаа Оаас 20.000 мянган төгрөгөнд ястай 2кг гаран мах худалдаж аваад хөдөө гэр лүүгээ явсан. Тэгсэн сүүлд он гарсан хойно манай нөхөр бид хоёр тасархай цайны газар дээр Д багшийн хүргэн Гомботой таарсан чинь дээр О та нар ямар адуу хийсэн юм бэ? Д ахын адууг хийцэн байна лээ гээд манай нөхөртэй яриад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рт/,

 

          Г.Дийн өмчлөлийн бундан тамгатай, алаг зүсмийн, соёолон насны нэг тооны адууг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 621/2609 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 43-45-р/,

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Д.Сын эзэмшлийн 90-05 ГАА улсын дугаартай “Hundai Porter” маркийн бага оврын ачааны автомашиныг 9.000.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГАА: 1000980 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 48-49-р/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч М.Онь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх улсын яллагчийн гаргасан шүүгдэгч М.От 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Оын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч М.Оын үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулах гэмт хэрэг биш өөрөөр хэлбэл 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлаагүй  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нн овогт Мын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.От оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА