Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/258

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н овогт М-н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208001640156 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн ... сумын ... дугаар багийн худалдааны гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Н овогт М-н Г (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын ... тоот өрөөнд иргэн Д.Э-тэй тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүр болон толгойн тус газар нь гараараа 3-4 удаа цохиж, зодон, эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, дээд, доод уруул, баруун чихний арын төвгөр, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Д.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), гэрч А.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), гэрч Д.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), гэрч С.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дэх тал), шүүгдэгч М.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 40, 43-51 дэх тал) шүүгдэгч М.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын ... тоот өрөөнд иргэн Д.Э-тэй тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдаж, улмаар түүний нүүр болон толгойн тус газар нь гараараа 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Д.Э-ийн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... гэж бааранд найзууд болох Н, Н нарын хамт орж, тухайн бааранд харалдаа ширээнд сууж байсан хоёр залуутай танилцсан. Тухайн үед нэг залуу нь манай найз хөдөө малчин хийдэг юм гээд Г гэх залууг надтай танилцуулсан. Тухайн газраас 01 цагийн үед ...гаас гараад Улаанбаатар плас руу Н, Н, Г болон машинтай найз нь гээд бид тав орсон. Тухайн үед Н найзуудтайгаа уулзана гэж хэлээд салаад явсан. Харин Н, Г жолооч залуу бид дөрөв Улаанбаатар пласын хажууд бааранд орж архи ууж байгаад тэндээсээ 02 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна ууж дуусгаагүй шилтэй пивоо цүнхэндээ хийгээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С зочид буудалд 3 давхарт нэг өрөө авч орсон. Буудалд орохын өмнө Н тухайн жолоочтой хамт архи авч ирэхээр гараад явчихсан гэж Г надад хэлсэн. Тэгээд буудлын өрөөнд нь ороод байж байтал Г одоо манай найз ороод ирнэ гэж хэлэхээр нь би энд хонохгүй гэж хэлэхэд Г гэх залуу гэнэт уурлаад баруун гараараа нэг удаа миний үүдэн шүд рүү цохисон. Тухайн үед миний амнаас цус гарсан бөгөөд үүдэн дээд талын нэг шүд хугарч унасан. Мөн миний эрүү рүү баруун гараараа 2-3 удаа хүчтэй цохиод байхаар нь би шууд Г гэх залууг хүчтэй түлхээд унагасан. Би тэгээд буудлын өрөөнөөс гарч гүйсэн бөгөөд буцаж тойрч гүйж байгаад Г-ад баригдчихсан. Тэгэхээр нь би туслаарай гэж орилтол буудлын ажилтан нэг залуу ирж намайг Г гэх залуугаас салгасан. ...Г нь архи уугаад нэлээн согтсон байсан бөгөөд намайг явлаа гэж хэлэхэд уурлаад согтуудаа янхан минь би чамайг худалдаад авчихсан шүү, Улаанбаатар пласт би 200,000 төгрөгөөр архи дарс авчихсан гэж хэлж байсан. Би одоо 2,000,000 төгрөг авсан,  одоо надад гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

2. Гэрч А.Б-гийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт байрлах С зочид буудалд хамгаалагчаар ажилладаг юм. Би тухайн өдөр И-ийн хамт үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-ний шилжих шөнө 01 цаг 40 минутад М овогтой Г гэх согтуу эрэгтэй, 40 орчим насны согтуу эмэгтэйн хамт ... тоот өрөөнд орсон. Тухайн хоёр хүнийг найз нь гээд 50 орчим настай эрэгтэй хүн оруулж өгөөд гараад явсан. Би доор үүдэнд байж байтал ... тоот өрөө авсан эрэгтэй нь хамт орсон эмэгтэйг үснээс нь зуурчихсан зогсож байхаар нь салгаад буудлын өрөө рүү нь хартал ширээний хөл хугарчихсан, орны даавуу цус болсон, тухайн эмэгтэйн үүдэн шүд нь хугарчихсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

3. Гэрч Д.Б-ийн: “...Сүхбаатар аймгийн харьяат нутгийн найз М-н Г-тай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орой 21 цагийн орчим уулзаж ... гэх бааранд орж улмаар тухайн бааранд хоёр эмэгтэйтэй танилцсан. Тухайн хоёр эмэгтэйг дагуулаад UB плас орж шөнийн 02 цаг хүртэл сууж архи пиво уусан. Би тухайн үед өөрийн ... улсын дугаартай Санни маркийн машинтай явж байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан. Харин Г тухайн хоёр хүүхэнтэй архи уучихсан согтуу байсан. Тэгээд тухайн баарнаас гараад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С зочид буудалд Г-ыг нэг эмэгтэйн хамт оруулж өгөөд гараад явсан бөгөөд нэг эмэгтэйг нь С хороололд хүргэж өгөөд гэртээ харьсан. Өглөө нь би Г-ыг авах гээд 09 цагт очиход Г буудалд байхгүй гараад явчихсан байсан бөгөөд буудлын үйлчлэгч нь танай найз хамт явсан эмэгтэйгээ зодсон гэж хэлсэн. Тэгтэл над руу Г-тай хамт буудалд руу орсон эмэгтэй залгаад танай найз чинь миний шүдийг хугалсан, би гомдолтой байгаа талаар хэлэхээр нь би Г-ад энэ талаар хэлэхэд хохирлын мөнгийг нь өгөөд гомдол саналгүй болгоно гэсэн. Тэгээд би тухайн хүүхнээс хэдэн төгрөгийн хохиролтой болох талаар асуухад 2,500,000 төгрөг өгчих тэгвэл гомдолгүй гэхээр нь Г надад хохирлын мөнгө болох 2,000,000 төгрөгийг АТМ-ээс авч надад өгсөн бөгөөд би мөнгийг нь авч Содон хорооллын цайны газарт уулзаж тухайн эмэгтэйд 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

4. Гэрч С.Н-ийн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр найз Э-тэй хамт 19 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... гэх бааранд орж архи пиво ууж байгаад хоёр эрэгтэй хүнтэй танилцсан. Тухайн хүмүүстэй танилцаад ...гаас гараад Улаанбаатар пласын хажууд байрлах ... пабад орсон. Тэндээсээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагийн орчим байх гараад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С зочид буудалд хүргүүлсэн. Тухайн үед Э нэг залуутай нь буудал руу хамт орсон бөгөөд би машин барьж байсан тухайн залуугийн найз гэх залуугаар гэртээ хүргүүлсэн. Маргааш өглөө нь Э эгч над руу залгаад тухайн буудал руу орсон залуу намайг зодоод цагдаа сэргийлэх болсон гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 09-ний орой шиг санагдаж байна Э эмчилгээний мөнгө авна гэхээр нь би хамт С хорооллын цайны газарт очиж 2,000,000 төгрөгийг Б гэх залуугаас авсан. Харин зодсон гэх залуу нь тухайн үед харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаартай:

“Д.Э-ийн биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, дээд, доод уруул, баруун чихний арын төвгөр, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

6. Шүүгдэгч М.Г-ын: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хотод ирсэн байхдаа Б найзтайгаа уулзаад ганц пиво уугаад байж байхад баар оръё гэж ярилцаад ... баар орсон. Тэндээ сууж байхдаа хоёр эмэгтэйтэй танилцаад цаашаа С буудал орохоор болоод явсан. Тэгээд буудал очоод Б, нэг эмэгтэйтэйгээ гарчхаад ирье гэхэд Э гэх эмэгтэйтэй намайг өрөөнд оруулчхаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр пиво хувааж уугаад нэлээн согтсон байсан ба тэр эмэгтэй над руу согтуу яриад байгаа юм нь ойлгогдохгүй, дайраад байхаар нь би ам руу нь нэг удаа, эрүү рүү нь нэг удаа цохиод, баруун талын чих рүү нь алгадчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.Г, хохирогч Д.Э нар нь С гэх зочид буудалд согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байх явцдаа маргалдаж улмаар шүүгдэгч М.Г нь хохирогч Д.Э-ийн нүүр лүү, эрүү, чих рүү нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд халдсан үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч М.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч М.Г нь хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэл нь М.Г-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) М.Г-ад танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч М.Г-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч М.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт М-н Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ад 700 (долоо зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ