Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/36

 

 Ц.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга              Н.Энхнаран   

            Прокурор                                   С.Ариунаа нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулын бичсэн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 5/04 дүгээр дүгнэлтээр  Ц.Ж-д холбогдох эрүүгийн 1721000530018 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Ц-ын Ж, 1989 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, тусгай дунд боловсролтой, танкийн механикч мэргэжилтэй, ам бүл 2, аавын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын  дүгээр багт оршин суух, ял шийтгэл: 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 20 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 10 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1077 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 141 тоот шүүгчийн захирамжаар суллагдсан, одоо Хэнтий аймаг дахь хорих ангид ял эдэлж байгаа.   

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаа “Ц.Ж нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хохирогч Н.Э-ыг өөрийн эзэмшлийн Приус маркийн 29-43 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад нь Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны урд талын такси зогсоолоос Хэрлэн сумын 7 дугаар баг Мянгат хороолол руу хүргүүлэхдээ 31 дүгээр байрны хойд талд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж 51000 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснийг

 Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 01 дүгээр 11-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор:

1/ Ц-ын Ж-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жыг 2 жилийн хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жын цагдан хоригдсон 77 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

5/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

6/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул бичсэн дүгнэлтдээ:

“Ц.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хорих ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хэрлэн номин бизнес төвийн зүүн талд хохирогч Э.Х-ын эзэмшлийн “Тоёота карина” маркийн 18-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалганы самбар, хойд хаалганы шил, арааны гадна талын хүрээ, хөгжим, нүүрний шил, голын толь зэргийг хууль бусаар устгаж бусдад 315000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хэрлэн номин бизнес төвийн зүүн талд “Тоёота карина” маркийн 18-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Э.Х-д хүч хэрэглэн шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ хийж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн хэрэгт холбогдсон.

Ц.Ж нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож, Прокурорын газраас яллагдагч Ц.Жыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1721001470206 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” заалтыг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох, мөн хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож, хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй нөхцөл үүссэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн заалт байгаа боловч энэ нь сэжигтэн, яллагдагчийг орхигдуулсан, зөвхөн ялтанд хамаарах эрх зүйн зохицуулалт болсон тул шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд Ц.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг эрүүгийн 1721001470206 дугаартай хэрэгтэй нэгтгүүлж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр, Ц.Жд холбогдох эрүүгийн 1721000530018 дугаартай хэргийг прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

Прокурор С.Ариунаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаах, хэргийг прокурорт очтол Ц.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ц.Ж нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хохирогч Н.Э-г өөрийн эзэмшлийн Приус маркийн 29-43 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад нь Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны урд талын такси зогсоолоос Хэрлэн сумын 7 дугаар баг Мянгат хороолол руу хүргүүлэхдээ 31 дүгээр байрны хойд талд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж 51000 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хэрлэн номин бизнес төвийн зүүн талд хохирогч Э.Х-н эзэмшлийн “Тоёота карина” маркийн 18-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалганы самбар, хойд хаалганы шил, арааны гадна талын хүрээ, хөгжим, нүүрний шил, голын толь зэргийг хууль бусаар устгаж бусдад 315000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хэрлэн номин бизнес төвийн зүүн талд “Тоёота карина” маркийн 18-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Э.Х-д хүч хэрэглэн шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ хийж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэхээр заасан, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасныг тус тус үндэслэн Ц.Жын холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд прокурор Ч.Мөнхзулын бичсэн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 5/04 дүгээр дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Ж-д холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Дорнод аймгийн  Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ц.Ж-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэн авсугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                          Л.НАРАНБАЯР

                                       ШҮҮГЧИД                              З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                      Ж.ДОЛГОРМАА