Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2019/0599

 

 

2019 оны 09 сарын 24 өдөр      Дугаар 128/ШШ2019/0599              Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Ө” ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц .

Гомдлын шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 0243045 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч Ш.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Ө” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...”Ө” ХХК нь 2018 онд гаалийн мэдүүлэг бөглөхдөө алдаа гаргаж, энэ алдаа нь Гаалийн ерөнхий газрын дотоодын хяналт шалгалтын чиг үүргийн дагуу зөрчил илэрч, уг зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, шийтгэлийн хуудас оногдуулсан бөгөөд гэрчээр Д.Ундралыг асууж түүнд шийтгэлийн хуудас гардуулсан. Энэ нөхцөл байдлаас үзвэл, шийтгэл ногдуулж байгаа этгээд нь “Ө” ХХК, Д.У нарын алинд нь зөрчил ногдуулсан болох нь ойлгомжгүй. Мөн Д.У зөрчлийн дагуу алдаагаа засаж тэр даруй шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг төлсөн байдаг.

Зөрчлийн тухай хууль Монгол Улсад хэрэгжиж эхэлснээр нийтлэг байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглээд байгаа. Өөрөөр хэлбэл, шинээр хэрэгжиж эхэлж байгаа учраас үүнийг хэрэгжүүлэгч субъектүүд алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүний цаана хувь хүн болоод иргэн, аж ахуй нэгжүүд хохирч байгаа.

            Хууль буруу хэрэглэсэн асуудлын хувьд, гаалийн мэдүүлэгчид арга хэмжээ авсан нь Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журмын 6.2-т заасан ажил үүргийн онцлогтой холбоотой. Мэдүүлэгч нь санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас алдаа гаргасан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үйлдэгдсэн хэлбэрийг тооцолгүйгээр Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн учраас гэх ерөнхий нэр томьёо хэрэглэж, нийтлэгээр шийтгэл ногдуулсан. Ямар гаалийн хууль тогтоомжийн аль хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг тодруулаагүй.

            Мэдүүлэгч зөрчил гаргасан гэж үзэж хариуцлага ногдуулахдаа дээрх журмын 6.2-т заасан 5 буюу түүнээс дээш алдаа гаргасан, эсхүл санаатайгаар давтан үйлдэгдсэн тохиолдолд зөрчил ногдуулах үндэслэл болно. Санаатайгаар хийгдсэн үйлдэл гэж үзэхээр бол уг үйлдэл нь хуулийн этгээдэд ямар нэгэн эрх ашиг сонирхлын төлөө ашиг орлого оруулж байгаа үйлдэл. Гэтэл санамсар болгоомжгүй үйлдлийн хувьд 5 удаа гаргаж болохоор журамласан нь “ийм алдаа элбэг гардаг учраас үүнийг 5-аас дээш удаа тооцъё” гэдэг санаагаар журамлаж өгсөн байна. Үүнийг нь давхар Гаалийн улсын хоёр байцаагч хянадаг. Хянасаны дараа болсон гэж үзвэл цаашаагаа илгээдэг бөгөөд үүний үндсэн дээр дотоод хяналт шалгалт ордог.

            Гаалийн ерөнхий газраас ирсэн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02-2/520 албан тоотод байцаагч нар онцгой албан татвар ногдуулалтыг шалгаагүй бүрдүүлэлт хийсэн ноцтой алдаа гаргасан гэж үзэж субъектээ тодорхой зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, мэргэжилтний алдаа биш байцаагч нар хянаагүй учраас тэдэнд арга хэмжээ ав гэдэг байдлаар бичсэн. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулахаар тодорхойлсны дагуу Д.У тэр даруй арилгасан байгаа. Гэтэл энэ тохиолдолд ямар учраас шийтгэл ногдуулаад байгаа нь ойлгомжгүй. Энэ бүхнээс үзвэл гаалийн тухай хууль тогтоомжийг буруу хэрэглээд байна.

            Мэдүүлэгч гэрээний үндсэн дээр мэдүүлгийг хүлээж авсан бөгөөд уг мэдүүлэгч өөрөө хөдөлмөрийн гэрээгээр тухайн байгууллагад ажиллаж байгаа. Түүнээс биш тухайн байгууллагыг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд биш. Хуулийн этгээд өөрийгөө төлөөлүүлэхдээ итгэмжлэлийг үндэслэхээр зохицуулсан. Иймээс бид мэргэжилтнээрээ дамжуулан үйл ажиллагаанд оролцсоноос бус хуулийн этгээдийг төлөөлүүлж оролцуулаагүй. Эдгээр ойлголтууд нь харилцан өөр өөр ойлголт байхад үүнийг нь нэг мэтээр ойлгож хүлээн аваад байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

            Энэ мэтээр хуулийг гажуудуулж хэрэглэж байгаа нь иргэдийг их хэмжээгээр хохироож байна. Мөн гаалийн мэдүүлэгчийн цалин хөлс бага байдаг. Гэтэл мэдүүлэгчийг 3 сая, аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгож байгаа нь иргэдийн амьдралд ихээхэн хохиролтой гэдгийг хэлмээр байна. Мөн улсын байцаагч уг ажиллагааг хийснээр өөрт нь хир ашигтай болох нь ойлгомжгүй. Магадгүй олон хувь хүн, хуулийн этгээдийг торгож зөрчил ногдуулсан нь албан тушаал ахих, цол нэмэх, цалин нэмүүлэх асуудал яригддаг байж болно. Гэтэл ийм байдлаар хуулийг гажуудуулж болохгүй.

            Зөрчлийн тухай хуульд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн тулд холбогдогч этгээд нь сайн дураараа зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм. Гэтэл манай асуудлын хувьд холбогдогч нь тогтоогдоогүй, эрх үүргийг нь  танилцуулсан зүйл байхгүйгээр шийтгэл ногдуулсан байна. Иймээс гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч гаалийн улсын байцаагч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Гаалийн зуучлагч байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн бол хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхээр заасны дагуу шийтгэл ногдуулсан.

Шийтгэлийн хуудсыг “Ө” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Д.У-д танилцуулж, шийтгэлийн хуудасны нэг хувийг гардуулж өгсөн бөгөөд тэрээр гарын үсэг зурахаас татгалзсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэлээр албадлагын арга хэмжээ авахаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу шийтгэлийн хуудаснаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзсэн. Гаалийн тухай хуулийн 3.1.8-д “мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлж буй бараа тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ” гэж заасан байгаа. Мөн хуулийн 57 дугаар зүйлд мэдүүлэгчийн үүргийг зааж өгсөн байдаг.

Гаалийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “гаалийн зуучлагч байгууллагаар энэхүү гаалийн бүрдүүлэлтийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 66.2-т “гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно” гэж заасны дагуу тухайн компани нь тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд уг үйл ажиллагаагаа явуулахдаа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн байгаа. Иймд зуучлагч байгууллага нь гаалийн мэдүүлгийн маягтад бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан бичилтдээ алдаа гаргаж, тухайн зөрчилд дээрх Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэлийн хуудсыг ногдуулсан.

Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн болон зуучлагч байгууллагын хоорондын ялгааны асуудлаар дурдсан байгаа. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журмын 4.1.4-т “гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь ... бие даан зуучлалын үйл ажиллагаа эрхлэхгүй байна” гэж заасан байгаа. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн бие даан сургалтад сууж бүртгэгдсэн мэргэжилтэн болдог. Өөрөөр хэлбэл, хувь хүн дангаараа аливаа нэгэн үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Иймээс гаалийн зуучлагч эрх бүхий нэг хуулийн этгээдэд харьяалагдан, гэрээ байгуулж тухайн зуучлагчийн нэрийн өмнөөс зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа учраас дээрх арга хэмжээг авсан юм.

            Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар ямар учраас шийтгэл оногдуулах үндэслэлтэй эсэх талаар хуульд зааж өгсөн. Шийтгэлийн гол зорилго нь хүн хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх байдаг. Өөрөөр хэлбэл хувь хүн, хуулийн этгээд дахин давтан буруутай үйл ажиллагаа явуулахгүй байхаас хамгаалж уг арга хэмжээг авдаг. Хэрэв зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол хуулийн дагуу холбогдох шийтгэлийг ногдуулна. Иймд бүртгэгдсэн мэргэжилтэн бус тухайн зуучлагч хуулийн этгээдийг холбогдогчоор татан оролцуулсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан түүний тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.11, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11-т: “гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 11.21 дүгээр зүйл, 11.22 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэг, 11.24 дүгээр зүйл ... заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.11, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн маргааны зүлд хамаарах хуулиудад зохицуулж өгчээ.

Гомдол гаргагч “Ө” ХХК-ийн зүгээс “Ө” ХХК, ажилтан Д.У нарын алинд нь зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй, холбогдогч этгээдийг зөв тогтоогоогүй, тайлбар аваагүй, түүнчлэн холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй зэргээр гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Хариуцагч нь гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн зуучлагч байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг “Өлзийнаран” ХХК гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох явцдаа гаалийн мэдүүлгийн маягтад бичилтийн алдаа гаргасан, энэ зөрчилд нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргагч компанид шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Тэгвэл, Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, 3.6 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг авах, 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар холбогдогчоос мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зэргийг хариуцагч гаалийн улсын байцаагчаас гүйцэтгэхдээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал, гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд зөрчил үйлдсэн үү, гаалийн зуучлалын итгэмжлэгдсэн мэргэжилтнээр бүртгэгдсэн этгээд болох хувь хүн зөрчил үйлдсэн үү гэдэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалаас харагдахгүй байна. Хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй хэмээн тухайн хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа иргэнийг холбогдогч гэж үзэж шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан, ийнхүү холбогдогч гэж үзсэн гэхээр түүнийг холбогдогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй, харин гэрчийн мэдүүлэг авсан /гэрч хөндлөнгийн этгээд байх ёстой/, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зэрэг нь дээр дурдсан хуульд нийцээгүй, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж шүүх дүгнэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.21 дүгээр зүйлийн 14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д заасныг баримтлан “Ө” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Гаалийн улсын байцаагч Н.Ц-ийн оногдуулсан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0243045 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч “Өлзийнаран” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН