Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 51

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.Баяртогтох,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч А.Чулуут, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин

Шүүгдэгч Н.Мөнхтуяа, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,

Шүүгдэгч Б.Батбаяр, түүний өмгөөлөгч С.Сүхболд,

Хохирогч Н.Золзаяа,

Шинжээч эмч О.Болороо

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Чулуутад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Мөнхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010192 дугаартай хэргийн шүүгдэгч

 

1. Монгол улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 02-ны Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, тэсэлгээчин, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармаг 8 дугаар гудамж 229 тоотод суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард Аюушийн 7-199 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт  зааснаар 4 жил 9 сарын хорих ял оногдуулж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял эдэлж, 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, ЧО77040279 дугаар регистртэй, Их Монгол овгийн Алтанхуягийн Чулуут,

 

2. Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Нарантуул Олон Улсын худалдааны төвд хувиараа худалдаа эрхэлдэг, ам бүл 3, ээж ахын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард Аюушийн 7-199 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ХВ83031963 дугаар регистртэй, Харчин овгийн Нямцэрэнгийн Мөнхтуяа,

 

3. Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, МSD ХХК-ний программист ажилтай, ам бүл 3, хоёр дүүгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Нарны зам 1 дүгээр гудамжны 28 дугаар байр 37 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, УС86121310 дугаар регистртэй, Боржигон овгийн Батмандахын Батбаяр нарт холбогдох хэргийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч А.Чулуут нь согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 15-20 тоотод хамт архи уусан Н.Золбаярыг 70 хувийн групптэй, хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, ямар ч шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр зодож гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийг,

            - Мөн архи ууж согтуурсан үедээ 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит 25 дугаар байрны гадна талд иргэн Ж.Батнямыг ямар ч шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

            - танхайрах гэмт хэргийг согтуурсан үедээ давтан үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны 1 дүгээр камерт иргэн Д.Батмөнхийг “Хөл рүү өшиглөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн, нийтмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүч хэрэглэн зодож бие махбодид нь “толгойн доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт,

 

            Шүүгдэгч Н.Мөнхтуяа нь шүүгдэгч А.Чулуутыг согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 15-20 тоотод хамт архи уусан Н.Золбаярыг зодож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Б.Батбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны 5 дугаар камерт саатуулагдсан иргэн Д.Батмөнхийг үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүч хэрэглэн зодож бие махбодид нь “Толгойн доргилт, дух, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Чулуут шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 20-нд Золбаярынд Мөнхтуяа бид 3 очсон, нилээн архи уусан байсан. Талийгаач миний хацар маажиж, эрхий хуруугаа ам руу хийхээр нь нүүр , мөрөнд нь 2 удаа өшиглөсөн.

2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр найзындаа очиход Батням тааралдаж намайг өдөөд байсан, намайг дагаад манай найзынд орчихоод мөн өдөөд байсан. Тэндээс гарахад Батням араас дагаж гарч ирээд мөн л өдөөд байхаар нь би мөр рүү нь өшиглөх гээд гадаа харанхуй байсан болохоор хаана нь өшиглөснөө харалгүй өшиглөчихсөн юм.

2015 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн. Тэнд байсан Батмөнх нь унтуулахгүй өдөөд байхаар нь би түүнийг 2 цохиод, 1 өшиглөчихсөн юм. Үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна, надад сонсгосон зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9+1 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсгийг зөвшөөрөхгүй,  танхайрсан зүйл болоогүй гэв.

 

Шүүгдэгч Н.Мөнхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд байхад хохирогч Батмөнхийн байсан камер руу орсон. Би тэр өдөр төрсөн өдрөө тэмдэглэсэн, нилээн согтсон байсан болохоор цохисон асуудлыг мэдэхгүй байна, өглөө нь надад цагдаагийнхан хэлсэн. Хохирогчид эмчилгээнд нь 1.200.000 төгрөг өгсөн байгаа гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Талийгаач нь архи уухаараа агсам тавих зан байхгүй. 2012 онд цус харваад баруун талын гар, хөл нь саажилттай, хэл яриа нь муу, яриаг нь ойлгоход хэцүү хүн байсан. Чулуут, Мөнхтуяа нарт гомдолтой байна, оршуулгын зардалд гарсан 2.500.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Шинжээч эмч О.Болороо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Талийгаачид зүүн чамархай, зулайн дэлбэнгийн  хатуу хальсан дээрх цусан хураа /120 мл/, тархины эдийн няцрал, бага тархины голомтлог аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын гадна талын зулгаралт, дотор салстын цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл учирсан байсан. Талийгаачид учирсан гэмтэл нь бүгдээрээ нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, гэмтлийг нэг нэгээр нь ялгаж үзвэл зарим нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм гэв.

 

Хохирогч Н.Золзаяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр...талийгаач дүүгийн маань хамтран амьдрагч Жавзандолгор нь ээж, эгч нартайгаа манай ажил дээр ирээд Золбаяр өчигдөр гэртээ нас барчихсан...уржигдар буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны орой талийгаач 2 хүнтэй цуг гэрийн тэр хавийн дэлгүүрээс архи зээлж авлаа гээд над руу утсаар ярьж байсан, тэр 2 хүн нь л алсан байх гэж хэлж байсан...2012 онд талийгаач тал цус харваад...тал биеийн саажилттай, тархины эмгэг гэсэн оноштойгоор 70 хувийн групп тогтоолгосон...баруун гар нь саажилттай, баруун хөл, гараараа юм хийж чаддаггүй ажиллагаа муутай байдаг байсан...Бидний зүгээс өөрийн төрсөн дүүгээ бусдын гарт алдсандаа гомдолтой байна...гэжээ. /хх-12-15/

 

Хохирогч Ж.Батням мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 9 дүгээр сарын 05-ны орой 21 цаг 50 минутанд Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны гадаа би өөрийн охин Батчимэгийг хүлээгээд сууж байсан чинь миний хажууд Наранпүрэв, үл таних 40 орчим насны биеийн тамирын хувцастай эрэгтэйтэй хамт ирж сууцгаасан. Тэгсэн Бөнжөө дэлгүүрээс архи авчиран хундагалан эхлээд надад өгсөн. Тэгсэн биеийн тамирын хувцастай эрэгтэй гэнэт босож ирээд миний нүүр рүү өшиглөсөн...маргааш нь намайг цохисон биеийн тамирын хувцастай эрэгтэй манай байранд согтуу байж байхад нь Наранпүрэвийн 2 охин манай охинд хэлээд, манай охин 102-т дуудлага өгсөн. Харин цагдаагийн хэлтэс дээр ирээд миний нүүр рүү өшиглөсөн эрэгтэйг Чулуут гэдэг байсныг мэдсэн...Би Чулуутыг танихгүй, урьд нь харж байгаагүй, тийм болохоор надад Чулууттай маргалдах ямар нэгэн шалтаг байхгүй...Наранпүрэв надад архи хийж өгөөд дэргэд нь суухад нүүр лүү өшиглөчихсөн...Эмчилгээний зардлаа гаргаад авчихвал өөр гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал 560.000 орчим төгрөг гарсан. Баримт падаанууд нь байгаа...гэжээ. /1хх-148-151, 181, 215/,

 

Хохирогч Д.Батмөнх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...би цагдаатай маргалдаад...саатуулах руу манай найз Гантулга бид хоёрыг аваад явсан...саатуулах байрны камерын өрөөнд оруулахад үл таних хоёр хүн хэвтэж байсан. Би нэг залууг нь цаашаа хэвтчих гээд хөлөөрөө 2-3 удаа зөөлөн хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн миний өшиглөсөн залуу босч ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохиж, газар унагаад нүүр рүү өшиглөсөн. Тэр үед саатуулах байрны цагдаа орж ирээд намайг уг камерын өрөөнөөс гаргаад эмчийнхээ өрөө рүү оруулсан байх, миний зүүн нүдний зовхиноос гараад байсан цусыг спиртээр арчиж тогтоогоод лент наагаад тусгаарлах өрөө рүү ганцааранг оруулаад намайг сандалтай цуг гавалсан... Тусгаарлах өрөөнд гавлаастай байхад... камерын хаалгыг шууд онгойлгож орж ирээд нүүр рүү гараараа олон удаа цохьсон. Миний нүүр рүү босч ирээд цохиод газар унагаад нэг мэдсэн чинь миний нүднээс цус гарчихсан байсан. Эхний камерт байсан залуу миний зүүн нүдэнд нулимасны суваг тасарсан гэмтлийг учруулсан ба тусгаарлах камерт байхад зодсон залуу миний толгойн доргилт, дух баруун хацарт зулгаралт гэмтлийн учруулсан...Толгой тархинд учруулсан гэмтлийн эмчилгээний зардлыг тусгаарлах камерт зодсон хүнээс гаргуулж авна...нүдний суваг тасарсан гэмтэлд эмчилгээ хийлгэнэ, миний нүдний эдгэрэх хугацаа нь 3 сар гэж хэлсэн... гэжээ. /2хх-37-38/,

 

Гэрч Н.Золжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...би талийгаач ахтайгаа хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сард уулзсан бөгөөд тухайн үед талийгаач ах маань баруун хөл гар нь муу ядруухан л байсан. Түүнээс хойш би ахтайгаа уулзаж амжаагүй явсан бөгөөд 12-р сарын 22-ны өдөр манай том эгч Золзаяа над руу утсаар яриад Золбаяр ахыг нас барсан талаар хэлэхэд нь би анх мэдсэн юм. Талийгаач ах маань 2012 оны намар тал цус харваад түүнээс хойш баруун тал нь тэр чигтээ саажчихсан юм...Талийгаач ахын маань баруун хөл нь доголж явдаг бөгөөд баруун гараараа нарийн ширийн юм хийж барьж чаддаггүй, баруун гараа тохойгоороо нугалж чаддаггүй байсан... гэжээ. /1хх-24-25/,

Гэрч Т.Уранцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед талийгаач Золбаяр, сүүлд нь нэрийг нь мэдэхэд Чулуут, Мөнхтуяа гэдэг хүмүүсийн хамтаар манай дэлгүүрт орж ирээд талийгаач Золбаяр 5500 төгрөгөөр 1 шил 0.75 литрийн Шим архи аваад гарч явсан бөгөөд 17 цаг өнгөрөөгөөд талийгаач Золбаяр ганцаараа дэлгүүрт орж ирээд... миний утсаар эхнэр рүүгээ залгаад “хайраа юу хийж байна маргааш өглөө хэд гээд ирэхийн, би дэлгүүрийн худалдагч хүүхний утсаар ярьж байна, дэлгүүрээс 1 шил архи зээлчих үү” гэж хэлсэн чинь эхнэр нь надтай утсаар яръя гэж хэлсэн бөгөөд талийгаач надад утас өгөхөөр нь би эхнэртэй нь утсаар яриад “танай нөхөрт архи өгөх юм уу” гэхэд эхнэр нь “за за өгчих өгчих би маргааш очоод өгчихье” гэж хэлсэн. Тэгээд би талийгаачид 1 шил 0.75 литрийн Шим архи өгч явуулсан...23 цаг 30 минутын үед талийгаач Золбаяртай цуг анх дэлгүүрт орж ирсэн Чулуут нь манай дэлгүүрт ганцаараа 5 кг-ын заантай будаа барьж орж ирээд “чи энэ будааг авчих, ах нь зурагт руу явах гэсэн чинь таксины мөнгөгүй болчихлоо” гэхээр нь би “будаа авахгүй ш дээ” гэж хэлсэн чинь “ах нь ямар ч мөнгөгүй болчихоод байна авчих л даа” гээд байхаар нь би тэр хүнийг дэлгүүрээсээ хурдан гаргах гээд л будааг нь 10.000 төгрөгөөр худалдаж аваад явуулчихсан юм...гэжээ. /1хх-32-33/,

 

Гэрч П.Наранпүрэв мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Чулуут бид хоёр гадаа гараад юм ярьж байтал манай хөрш Батням ах гэрээсээ гарч ирээд хамт юм ярьж суусан ба тэр хоёр юм ярьж байх үедээ чи түрүүлж 150 дугаар ангид ирсэн, би сүүлд ирсэн гээд юм ярьж байсан ба ингэж байгаад Чулуут цааш явж бие засаад буцаж ирээд Батнямын нүүр рүү 1 удаа өшиглөсөн...гэжээ. /1хх-153/,

 

Гэрч Б.Дэлгэрхангай мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 12 дугаар сарын 12-ны орой би тус цагдаагийн хэлтэс дээр Тайшир-113 хөдөлгөөнд эргүүлийн чиглэлд хэв журмын офицерийн  үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 22 цагийн орчим Тайшир-10-аас станцаар Баянгол дүүргийн 17 дугаар Даймонд караокед согтуу хүн танхайраад байна гэх дуудлагыг хүлээн авч уг дуудлага дээр очиход караокений өрөөнд үйлчлүүлж байсан...Д.Батмөнх нь тухайн үед орилж чарлаад цагдаагийн алба хаагчийн  дэргэд бармен руу дайраад хэл амаар доромжлоод, цагдаагийн албан хаагч битгий орилж чарлаад бай гэж шаардлага тавихад хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй учраас саатуулах байр руу Д.Батмөнхийг хамт байсан нэг найзын хамт авчирч хүлээлгэн өгсөн...Ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй саатуулах байранд хүлээлгэн өгсөн... гэжээ. /2хх-39/,

 

Гэрч Б.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2015 оны 12-р сарын 12-ноос 13-ны өдрийн 12 цаг хүртэл саатуулах байрны эмчээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан...1-р камерт А.Чулуут, мөн нэг иргэний хамтаар унтаж байсан. Саатуулах байрны хяналтын камерт харагдсанаар А.Чулуутыг унтаж байхад Д.Батмөнх камерт ороод А.Чулуутын араас нуруу руу нь гараараа цохиод, зуураад газар унагаахаар нь саатуулах байрны цагдаа Н.Батбаяр хяналтын камерт хараад 1 дүгээр камерт орж тэр хоёрыг салгаад Д.Батмөнхийг камераас гаргаж ирээд намайг дуудсан. Би очиход Д.Батмөнхийн зүүн нүдний доод зовхины зөөлөн эд язарсан шарх үүсчихсэн цус гарчихсан байхаар нь үзээд анхны тусламж үзүүлж ариун лент наагаад 3 дугаар хяналтын камер руу ганцааранг нь оруулсан... Хяналтын камераар А.Чулуутыг унтаж байхад Д.Батмөнх нь араас өшиглөсний улмаас зодоон гарсан...2015 оны 12-р сарын 13-ны өглөө саатуулах байрны хяналтын камерыг үзэхэд Б.Батбаяр нь камер руу ордог коридорын үүдэн дээр ганцаараа зогсож байгаад нойл руу орох гээд явж байхдаа 5 дугаар камерын хаалгыг гаднаас нь цоожийг нь онгойлгоод өөрөө явж ороод Д.Батмөнхийг сандалтай хоёр гар нь ард нь гавалчихсан байхад 2-3 удаа толгой нүүр рүү нь цохиж байгаа бичлэг байсан...гэжээ. /1хх-68-71, 2хх-108/,

 

Гэрч Н.Батбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Намайг эмчийн өрөөнд хяналтын камер хараад сууж байхад 1 дүгээр камерт А.Чулуутын хажууд зэрэгцээд унтаж байсан залуу Д.Батмөнх нь эхлээд бөгс рүү нь гурван удаа өшиглөөд босоод ирэхээр нь А.Чулуутын нөмөрч байсан бүтээлгийг хуулж авах гээд татаад дээр нь дараад өвдөглөөд суухаар нь А.Чулуут сэрээд Д.Батмөнхийн нүүрэн тус газар нь шууд баруун гараараа цохиж газар унагаад, дээр нь мордоод хоёр гараараа нүүрэн тус газар нь ээлж дараалан 2-3 удаа дараалан цохиж нүүрэн дээр нь тохойгоороо дарж дээш нь харуулан нүүр рүү нь цохих үйлдэл хийхэд хажууд нь байсан залуу тэр хоёрыг болиулах гээд тэр хоёрын гарыг салгадаг. Тэр үед Д.Батмөнхийн дээрээс А.Чулуут босоод Д.Батмөнхийг өндийгөөд босох үед нь нүүр рүү нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр өшиглөснөөс болоод Д.Батмөнх нь нүүрээ дараад доошоо тонгойгоод суухад нь би болон а/а Цэндцэрэнгийн хамтаар камер руу очиход Д.Батмөнхийн зүүн нүдний зовхиноос нь их цус гарчихсан байсан, Д.Батмөнхийн зүүн нүдэнд учируулсан гэмтлийг А.Чулуут нь өшиглөж гэмтэл учруулсан. Өглөө нь Д.Батмөнх нь ярихдаа намайг гавтай камерт байхад нэг залуу орж ирээд намайг зодсон гэж ярихаар нь камерыг шүүж үзэхэд Батбаяр нь Д.Батмөнхийг гавтай байхад нь орж ирээд гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохиод, камераас гарч яваад буцаж ороод баруун гартаа цамцаа ороогоод нүүр рүү 2-3 удаа цохиод цээж, толгойн хэсэг рүү нь нэг нэг удаа өшиглөөд гараад явчихдаг, уг зодсон асуудал нь хяналтын камерт бичигдсэн байсныг өглөө нь шалгаж үзсэн...гэжээ. /2хх-42-43/

 

Шинжээч эмч О.Болороо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Талийгаач Н.Золбаярын цогцост хийсэн задлан шинжилгээгээр талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болон нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон. Мөн задлан шинжилгээгээний явцад талийгаачийн тархины зүүн зулайн хэсэгт тархины эдийн зөөлрөл тодорхойлогдсон бөгөөд энэ нь хуучин цус харвалтын улмаас үүссэн байх боломжтой юм...дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа /120мл/, тархины эдийн няцрал, бага тархины голомтлог аалзан бүрхүүл доорхи цус харвалт нь гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинжээчийн дүгнэлтэнд талийгаачийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрхи гэж андуурагдаж бичигдсэн байна. Уг гэмтэл нь хатуу хальсан доор үүссэн гэмтэл байсан. Талийгаачид үүссэн гэмтлүүд нь өшиглөх, цохих болон газар унаж ойчих үед үүснэ. Дээрх гэмтлийг авсанаас хойш цусан хураа нь тархины эдийг дарах хүртэл тодорхой үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд ойролцоогоор 2-3 цаг идэвхитэй үйлдэл хийх боломжтой...гэжээ. /1хх-65/,

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн № 49 тоот акт. Дүгнэлтэнд:

1.Талийгаачийн цогцост зүүн чамархай, зулайн дэлбэнгийн  хатуу хальсан дээрх цусан хураа /120 мл/, тархины эдийн няцрал, бага тархины голомтлог аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын гадна талын зулгаралт, дотор салстын цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хордлогын шинж илрээгүй болно.

4. Талийгаачийн цогцост үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаач нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай цустай байжээ.

7.8. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болно гэжээ. /1хх-36-38/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 13019 тоот акт. Дүгнэлт:

1. Батнямын биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун хацрын зулгаралт, баруун ухархайн гадна ханын цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /1хх-185/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 17703 тоот акт. Дүгнэлт:

1.Д.Батмөнхийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /2хх-30/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын 334 дугаартай магадлагааны дүгнэлтэнд:

1. А.Чулуут нь  гэмт хэрэгт холбогдох үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. Сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

2. А.Чулуут нь гэмт хэрэг үйлдэх үед өөрийнхөө үйлдлийг удирдах чадвартай байсан байна.

3.  Чулуут нь одоо сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна. Эрүүгийн хэрэг хариуцах чадвартай байна.

4. Чулуутад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна

5. Чулуут болсон явдлыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. /2хх-115/,

 

Шүүгдэгч А.Чулуут мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Бид нар Золоогийнд орохдоо замдаа дэлгүүрээс нэг шил Шим гэдэг 0.75 литрийн архи, Улааншонхор гэдэг тамхи зээлж авсан. Тэгээд тэднийд очоод би үнсийг нь асгаж гал түлж будаатай шөл хийж идээд, архиа гурвуулаа хувааж уусан. Тэгээд дахиад нэг шил Шим гэдэг 0.75 литрийн архи дахиж аваад хувааж уусан. Золоо сүүлд дэлгүүрээс архи авахдаа дэлгүүрийн худалдагчийн утсаар эхнэр лүүгээ ярьсан. Тэгээд худалдагч руу эхнэрээ яриулаад дахиад нэг шил архи, нэг кино авсан юм...би талийгаачийг зогсож байхад нь баруун хөлөөрөө зүүн талынх нь шанаа болон баруун талынх нь мөр рүү нь өшиглөчихсөн юм...архинаас Батнямд хийж өгөөд байж байтал Батням үгээр оролдоод дарамтлаад байсан ба тухайн үед гадаа харанхуй болсон байсан...Батнямын мөр рүү өшиглөе гэж бодоод өшиглөсөн чинь нүүр рүү нь өшиглөчихсөн байсан...Тухайн гэмтлийг би учруулсан. Намайг өшиглөх үед тухайн гэмтэл учирсан...гэжээ. /1хх-75-82, 162-165, 2хх-174-175/,

 

Шүүгдэгч Н.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Чулуут Золбаярын толгойн тус газарт нь 2-3 удаа өшиглөж байсан, би болиоч гэхэд намайг ор руу түлхээд хэвтүүлсэн, тэгээд би орон дээр хэсэг унтчихсан байсан.  Чулуут намайг сэрээгээд хурдан явья гээд бид 2 тэдний гэрээс гарсан, гэрээс нь гарахад шөнийн 24 цаг өнгөрч байсан. Чулуут би 2-г гэрээс нь гарах үед талийгаач Золбаяр гэрийнхээ хоймор хэсэгт газар хэвтэж байсан ба гэрэл нь асаалттай байсан ба Золбаярт явлаа шүү гэхэд над руу нэг том харсан, ямар нэг зүйл хэлээгүй, тэгээд гараад гэртээ харьж унтсан...Чулуут надад Золбаярыг зодсон гэж битгий хэлээрэй гээд гуйгаад байсан. Тэгээд ч би тухайн үед Чулуутад дасаад сайн байсан болохоор үгэнд нь ороод мэдүүлэг авахад нь хэлээгүй юмаа. Миний буруу, хариуцлагаа хүлээнэ гэжээ. /2хх-141/,

 

Шүүгдэгч Б.Батбаяр мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

...намайг онгорхой камер руу ор гэж байх шиг байсан. Тэгэхээр нь би ганцаараа онгорхой камер руу орох гээд явж байхад нэг камераас танихгүй залуу хөөе ална шүү, ороод ир гөлөг минь гээд байхаар нь тэр хүний байгаа камерийн хаалгыг гаднаас нь онгойлгоод ороход уг камерт нэг танихгүй залуу сандал дээр сууж байхаар нь чи одоо юу гээд байгаа пизда вэ гэж хэлээд тэр залууг шууд толгойн тус газар нь гараараа 3 удаа цохисон чинь тэр залуу гараа ардаа гавлуулчихсан байхаар нь камераас гарсан. Тэр залуу ямар овоо пизда вэ би чамайг ална, чи дахиад ороод ир гэхээр нь дахиж камер руу ороод толгой руу нь гараараа 3 удаа цохичихоод камераас гараад явчихсан...гэжээ. /2хх-50, /,

 

Шүүгдэгч А.Чулуут, Н.Мөнхтуяа, Б.Батбаяр нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2хх-23, 84, 62-64/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцас эд зүйл болон биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-9/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, бусад бичгийн болон эд мөрийн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Чулуут нь 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит 25 дугаар байрны гадна талд иргэн Ж.Батнямыг ямар ч шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн зодож бие махбодид нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун хацрын зулгаралт, баруун ухархайн гадна ханын цууралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, танхайрах гэмт хэргийг согтуурсан үедээ давтан үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны 1 дүгээр камерт иргэн Д.Батмөнхийг хөл рүү өшиглөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийтмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүч хэрэглэн зодож бие махбодид нь толгойн доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 15-20 тоотод хамт архи уусан Н.Золбаярыг 70 хувийн групптэй, хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, ямар ч шалтгаангүйгээр зодож гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийг, шүүгдэгч Н.Мөнхтуяа нь шүүгдэгч А.Чулуутыг согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 15-20 тоотод хамт архи уусан Н.Золбаярыг зодож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг, шүүгдэгч Б.Батбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны 5 дугаар камерт саатуулагдсан иргэн Д.Батмөнхийг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийтмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүч хэрэглэн зодож бие махбодид нь толгойн доргилт, дух, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Н.Золзаяагийн “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр намайг “Бөмбөгөр” худалдааны төвд өөрийн ажил дээрээ байж байхад 12 цагийн үед талийгаач дүүгийн маань хамтран амьдрагч Жавзандолгор нь ээж, эгч нартайгаа манай ажил дээр ирээд Золбаяр өчигдөр гэртээ нас барчихсан...уржигдар буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны орой талийгаач 2 хүнтэй цуг гэрийн тэр хавийн дэлгүүрээс архи зээлж авлаа гээд над руу утсаар ярьж байсан, тэр 2 хүн нь л алсан байх гэж хэлж байсан...” гэх /1хх-12-15, 2хх-102/, хохирогч Ж.Батнямын “...биеийн тамирын хувцастай эрэгтэй гэнэт босож ирээд миний нүүр рүү өшиглөсөн...Би Чулуутыг танихгүй, урьд нь харж байгаагүй, тийм болохоор надад Чулууттай маргалдах ямар нэгэн шалтаг байхгүй...Наранпүрэв надад архи хийж өгөөд дэргэд нь суухад нүүр лүү өшиглөчихсөн...” гэх /1хх-148-151, 181, 215/, хохирогч Д.Батмөнхийн “...Би нэг залууг нь цаашаа хэвтчих гээд хөлөөрөө 2-3 удаа зөөлөн хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн миний өшиглөсөн залуу босч ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохиж. газар унагаад нүүр рүү өшиглөсөн...миний зүүн нүдний зовхиноос гараад байсан...тусгаарлах өрөө рүү ганцааранг оруулаад намайг сандалтай цуг гавалсан...миний хоёр гар сандалтай хамт гавлаастай байхад тэр залуу толгой руу цохьсон...камерын хаалгыг шууд онгойлгож орж ирээд нүүр рүү гараараа олон удаа цохьсон...Эхний камерт байсан залуу миний зүүн нүдэнд нулмасны суваг тасарсан гэмтлийн учруулсан ба тусгаарлах камерт байхад зодсон залуу миний толгойн доргилт, дух баруун хацарт зулгаралт гэмтлийг учруулсан...” гэх /2хх-37-38/, гэрч Н.Золжаргалын “...Талийгаач ах маань 2012 оны намар тал цус харваад түүнээс хойш баруун тал нь тэр чигтээ саажчихсан... Талийгаач ахын маань баруун хөл нь доголж явдаг бөгөөд баруун гараараа нарийн ширийн юм хийж барьж чаддаггүй, баруун гараа тохойгоороо нугалж чаддаггүй байсан...” гэх /1хх-25/, гэрч Т.Уранцэцэгийн “…2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед талийгаач Золбаяр, сүүлд нь нэрийг нь мэдэхэд Чулуут, Мөнхтуяа гэдэг хүмүүсийн хамтаар манай дэлгүүрт орж ирээд талийгаач Золбаяр 5500 төгрөгөөр 1 шил 0.75 литрийн Шим архи аваад гарч явсан...17 цаг өнгөрөөгөөд талийгаач Золбаяр ганцаараа дэлгүүрт орж ирээд би талийгаачид 1 шил 0.75 литрийн Шим архи өгч явуулсан...23 цаг 30 минутын үед таийгаач Золбаяртай цуг анх дэлгүүрт орж ирсэн Чулуут нь манай дэлгүүрт ганцаараа 5 кг-ийн заантай будаа барьж орж ирээд... будааг нь 10.000 төгрөгөөр худалдаж аваад явуулчихсан юм...” гэх /1хх-33/, гэрч Б.Дэлгэрхангайн “…Д.Батмөнх нь тухайн үед орилж чарлаад цагдаагийн алба хаагчийг  шаардлага тавихад хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй учраас саатуулах байр руу Д.Батмөнхийг...саатуулсан. Ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй саатуулах байранд хүлээлгэн өгсөн...” гэх /2хх-39/, гэрч Б.Эрдэнэбилэгийн “…1-р камерт А.Чулуут, мөн нэг иргэний хамтаар унтаж байсан. Саатуулах байрны хяналтын камерт харагдсанаар А.Чулуутыг унтаж байхад Д.Батмөнх камерт ороод А.Чулуутын араас нуруу руу нь гараараа цохиод зуураад газар унагаахаар нь...очиход Д.Батмөнхийн зүүн нүдний доод зовхины зөөлөн эд язарсан шарх үүсчихсэн, цус гарчихсан байхаар нь үзээд анхны тусламж үзүүлсэн...саатуулах байрны хяналтын камерыг үзэхэд Б.Батбаяр нь камер руу ордог коридорын үүдэн дээр ганцаараа зогсож байгаад нойл руу орох гээд явж байхдаа 5 дугаар камерын хаалгыг гаднаас нь цоожийг нь онгойлгоод өөрөө явж ороод Д.Батмөнхийг сандалтай хоёр гар нь ард нь гавалчихсан байхад гараараа 2-3 удаа толгой, нүүр рүү нь цохиж байгаа бичлэг байсан...” гэх /2хх-41/, гэрч Н.Батбаярын “…Намайг эмчийн өрөөнд хяналтын камер хараад сууж байхад 1 дүгээр камерт А.Чулуутын хажууд зэргэцээд унтаж байсан залуу Д.Батмөнх нь эхлээд бөгс рүү нь гурван удаа өшиглөөд босоод ирэхээр нь А.Чулуутын нөмөрч байсан бүтээлгийг хуулж авах гээд татаад дээр нь дараад өвдөглөөд суухаар нь А.Чулуут сэрээд Д.Батмөнхийн нүүрэн тус газар нь шууд баруун гараараа цохиж газар унагаад дээр нь мордоод хоёр гараараа нүүрэн тус газар нь ээлж дараалан 2-3 удаа цохиж, нүүрэн дээр нь тохойгоороо дарж дээш нь харуулан нүүр рүү нь цохих үйлдэл хийхэд хажууд нь байсан залуу тэр хоёрыг болиулах гээд тэр хоёрын гарыг салгадаг. Тэр үед Д.Батмөнхийн дээрээс А.Чулуут босоод Д.Батмөнхийг өндийгөөд босох үед нь нүүр рүү нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Д.Батмөнхийн зүүн нүдэнд учирсан гэмтлийг А.Чулуут нь өшиглөж гэмтэл учруулсан. Өглөө нь Д.Батмөнх нь ярихдаа намайг гавтай камерт байхад нэг залуу орж ирээд намайг зодсон гэж ярихаар нь камерыг шүүж үзэхэд Батбаяр нь Д.Батмөнхийг гавтай байхаар нь орж ирээд гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохиод камераас гарч яваад буцаж ороод баруун гартаа цамцаа ороогоод нүүр рүү 2-3 удаа цохиод цээж, толгойн хэсэг рүү нь нэг нэг удаа өшиглөөд гараад явчихдаг, уг зодсон асуудал нь хяналтын камерт бичигдсэн байсныг өглөө нь шалгаж үзсэн...” гэх /2хх-43/, шинжээч эмч О.Болороо “...гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэмтлийг авсанаас хойш цусан хураа нь тархины эдийг дарах хүртэл тодорхой үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд ойролцоогоор 2-3 цаг идэвхитэй үйлдэл хийх боломжтой..” гэх /1хх-65/, шүүгдэгч нарын сэжигтнээр болон яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 49 тоот акт, шүүх эмнэлгийн  шинжээчийн үзлэг хийсэн 13019, 17703 тоот дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцас эд зүйл болон биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-9/, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч А.Чулуутыг давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ж.Батням, Д.Батмөнх нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, танхайн сэдэлтээр, бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Батбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Д.Батнямыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Мөнхтуяаг хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй боловч Н.Мөнхтуяагийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Мөнхтуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Чулуутын өмгөөлөгч хүнийг санаатай алсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн, хохирогч Ж.Батням, Д.Батмөнх нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан тул А.Чулуутад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх, 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсгээр зүйлчилсэнийг хэрэгсэхгүй болгох талаар, шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч танхайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй, хавтас хэрэгт нотлох баримт авагдаагүй, саатуулах байр өөрөө олон нийтийн газар биш тул тэнд хүмүүс байнга л зүй бус үйлдэл хийдэг тул Б.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах талаар, шүүгдэгч Н.Мөнхтуяагийн өмгөөлөгч хүнийг санаатай алсан гэмт хэрэг гарсаныг мэдээгүй, талийгаачийн гэрээс гарахдаа явлаа гэдгээ хэлэхэд нь талийгаач толгой дохиод үлдсэн, лавтай сайн мэдэх гэдэг нь шүүгдэгч А.Чулуут 2 удаа өшиглөснөөс болж хохирогч Н.Золбаяр амь насаа алджээ гэдгийг мэдсэн байхыг хэлэх тул Н.Мөнхтуяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах талаар тус тус онолын тайлбар гаргалаа.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Чулуутын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтанд А.Чулуутын өгсөн “...би талийгаачийг зогсож байхад нь баруун хөлөөрөө зүүн талынх нь шанаа болон баруун талынх нь мөр рүү нь өшиглөчихсөн юм...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Н.Мөнхтуяагийн “…Чулуут Золбаярын толгойн тус газарт нь 2-3 удаа өшиглөж байсан, би болиоч гэхэд намайг ор руу түлхээд хэвтүүлсэн, тэгээд би орон дээр хэсэг унтчихсан байсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч А.Чулуутын  “...архинаас Батнямд хийж өгөөд байж байтал Батням үгээр оролдоод дарамтлаад байсан ба тухайн үед гадаа харанхуй болсон байсан...Батнямын мөр рүү өшиглөе гэж бодоод өшиглөсөн чинь нүүр рүү нь өшиглөчихсөн байсан...Тухайн гэмтлийг би учруулсан. Намайг өшиглөх үед тухайн гэмтэл учирсан...гэх мэдүүлэг,

            хохирогч Ж.Батнямын “...Би Чулуутыг танихгүй, урьд нь харж байгаагүй, тийм болохоор надад Чулууттай маргалдах ямар нэгэн шалтаг байхгүй...Наранпүрэв надад архи хийж өгөөд дэргэд нь суухад нүүр лүү өшиглөчихсөн...” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлэг,

            гэрч П.Наранпүрэвийн “...Чулуут цааш явж бие засаад буцаж ирээд Батнямын нүүр рүү 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлэг,

 хохирогч Д.Батмөнхийн “...Би нэг залууг нь цаашаа хэвтчих гээд хөлөөрөө 2-3 удаа зөөлөн хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн миний өшиглөсөн залуу босч ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохиж, газар унагаад нүүр рүү өшиглөсөн...Эхний камерт байсан залуу миний зүүн нүдэнд нулимасны суваг тасарсан гэмтлийг учруулсан” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч Б.Эрдэнэбилэгийн “...А.Чулуутыг унтаж байхад Д.Батмөнх камерт ороод А.Чулуутын араас нуруу руу нь гараараа цохиод зуураад газар унагаахаар нь...очиход Д.Батмөнхийн зүүн нүдний доод зовхины зөөлөн эд язарсан шарх үүсчихсэн, цус гарчихсан байхаар нь үзээд анхны тусламж үзүүлсэн...Хяналтын камераар А.Чулуутыг унтаж байхад Д.Батмөнх нь араас өшиглөсний улмаас зодоон гарсан...” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч Н.Батбаярын “...А.Чулуут сэрээд Д.Батмөнхийн нүүрэн тус газар нь шууд баруун гараараа цохиж газар унагаад дээр нь мордоод хоёр гараараа нүүрэн тус газар нь ээлж дараалан 2-3 удаа цохиж, нүүрэн дээр нь тохойгоороо дарж дээш нь харуулан нүүр рүү нь цохиж...Д.Батмөнхийн дээрээс А.Чулуут босоод Д.Батмөнхийг өндийгөөд босох үед нь нүүр рүү нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлгээр,

хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Мөнхтуяагийн үйлдсэн гэмт хэрэг нь өөрийнх нь мэдүүлсэн “...Чулуут надад Золбаярыг зодсон гэж битгий хэлээрэй гээд гуйгаад байсан. Тэгээд ч би тухайн үед Чулуутад дасаад сайн байсан болохоор үгэнд нь ороод мэдүүлэг авахад нь хэлээгүй юмаа. Миний буруу, хариуцлагаа хүлээнэ гэх өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, 

хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Батбаярын үйлдсэн гэмт хэрэг нь  шүүгдэгч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “...тэр хүний байгаа камерийн хаалгыг гаднаас нь онгойлгоод ороход уг камерт нэг танихгүй залуу сандал дээр сууж байхаар нь...тэр залууг шууд толгойн тус газар нь гараараа 3 удаа цохисон...тэр залуу гараа ардаа гавлуулчихсан байхаар нь камераас гарсан...дахиж камер руу ороод толгой руу нь гараараа 3 удаа цохичихоод камераас гараад явчихсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Батмөнхийн “...Тусгаарлах өрөөнд гавлаастай байхад...камерын хаалгыг шууд онгойлгож орж ирээд нүүр рүү гараараа олон удаа цохьсон...тусгаарлах камерт байхад зодсон залуу миний толгойн доргилт, дух баруун хацарт зулгаралт гэмтлийн учруулсан...” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч Б.Эрдэнэбилэгийн “...саатуулах байрны хяналтын камерыг үзэхэд Б.Батбаяр нь камер руу ордог коридорын үүдэн дээр ганцаараа зогсож байгаад нойл руу орох гээд явж байхдаа 5 дугаар камерын хаалгыг гаднаас нь цоожийг нь онгойлгоод өөрөө явж ороод Д.Батмөнхийг сандалтай хоёр гар нь ард нь гавалчихсан байхад гараараа 2-3 удаа толгой, нүүр рүү нь цохиж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч Н.Батбаярын “...камерыг шүүж үзэхэд Батбаяр нь Д.Батмөнхийг гавтай байхаар нь орж ирээд гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохиод камераас гарч яваад буцаж ороод баруун гартаа цамцаа ороогоод нүүр рүү 2-3 удаа цохиод цээж, толгойн хэсэг рүү нь нэг нэг удаа өшиглөөд гараад явчихдаг, уг зодсон асуудал нь хяналтын камерт бичигдсэн байсныг өглөө нь шалгаж үзсэн...” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Чулуут нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ж.Батнямыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлан танхайрсан гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч А.Чулуут, Б.Батбаяр нар нь архидан согтуурч эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн байхдаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Батмөнхийг 1 дүгээр камерт байхад нь шүүгдэгч А.Чулуут, тусгаарлах камерт гавлуулсан байхад нь шүүгдэгч Б.Батбаяр нар хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, саатуулах байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлан танхайрсан гэмт хэргийн шинжтэй байх ба хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчилсэн зүйл анги тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Золзаяад оршуулгын зардалд 2.208.080 төгрөг нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан баримтаар 968.080 төгрөгийг шүүгдэгч А.Чулуутаас нөхөн гаргуулан Н.Золзаяад олгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Д.Батмөнх өөрт учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй хэдий ч хохирлоо шүүгдэгч Б.Батбаяраас нөхөн гаргуулж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гаргах гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэнийг дурдаж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Золзаяа бусад хохирлоо, хохирогч Ж.Батням өөрт учирсан хохирлоо шүүгдэгч А.Чулуутаас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байна.

 

Шүүгдэгч А.Чулуут Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт  зааснаар 4 жил 9 сарын хорих ял оногдуулж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял эдэлж, 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан байх ба түүний ялтай байдал нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад хамаарч байх тул түүнийг ялгүйд тооцох нь үндэслэлтэй бөгөөд Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь  хэсэгт зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй байна.

 

Шүүгдэгч Б.Батбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Шүүгдэгч А.Чулуутад ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг  үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1ширхэг сиди, флаш 1 ширхэг зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Их Монгол овгийн Алтанхуягийн Чулуутыг давтан үйлдлээр догшин авирлан танхайрсан, танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Харчин овгийн Нямцэрэнгийн Мөнхтуяаг хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овгийн Батмандахын Батбаярыг догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Мөнхтуяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. А.Чулуутыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д зааснаар 20 жил хорих ялаар, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 5 сар хорих ялаар, Б.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан А.Чулуутад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 хорих ялыг багтааж, А.Чулуутын биечлэн эдлэх ялыг 20 жил хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар А.Чулуутад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Батбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар    А.Чулуутын цагдан хоригдсон 154 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Н.Мөнхтуяа, Б.Батбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар А.Чулуутаас 968.080 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Золзаяад олгож, хохирогч Н.Золзаяа, Ж.Батням нарт өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болон Н.Мөнхтуяа, Б.Батбаяр нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн флаш 1 ширхэг, 1 ширхэг CD зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан Б.Батбаярт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. А.Чулуутад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

 11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Чулуутыг цагдан хорьсныг, Н.Мөнхтуяа, Б.Батбаяр нарыг бусдын батлан даалтанд өгснийг тус тус хэвээр байлгасугай.

 

 

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ДАШДОНДОВ

 

           ШҮҮГЧИД                                             Г.ГАНБААТАР

 

                                                                     Ц.ОЮУНЧИМЭГ