Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0282

 

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0283

Улаанбаатар хот

 

Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, гуравдагч этгээд Г.М нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжийн Б.Э холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Засаг даргад Боловсрол, соёлын газраас маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авч захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэдгийг хэлсэн гэжээ.

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Анх 2007 оны зун байсан байх. М ах манайд очсон юм. Тэгээд намайг газартай болгож өгье гэж манай ээжтэй ярилцсан тухайгаа хэлээд миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Тэгээд ямар нэгэн хариу хэлэхгүй таг болсон. Иргэний үнэмлэхийг маань 1 жилийн дараа буцааж явуулсан байх. Газар авсан талаараа надад хэлээгүй. Би тэр газрыг нь бүтсэн гэдгийг нь ч мэдээгүй. Би 2014 онд н.Б-Э гэдэг хүнээс газартай гэдгээ дуулсан. Миний хувьд Хэнтий аймгийг ч сайн мэдэхгүй. Би нэг удаа сумандаа газар авах гээд хөөцөлдөхөд надад Хэнтий аймагт газартай юм байна гээд газар өгөөгүй. Тухайн үедээ би андуурсан байх гэж бодоод өнгөрч байсан. Өөр надад хэлэх зүйл байхгүй гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: 2003 оноос Монгол улсад Газрын тухай хууль хэрэгжиж, иргэнд газар өмчлүүлж эхэлсэн юм. Түүнтэй холбоотойгоор Б.Эын ээж буюу манай эгч дүүг чинь газартай болгомоор байна гэж байсан. Ингээд 2007 онд тухайн газарт Б-ийн байшин баригдаагүй цулгуй газар байсан бөгөөд тухайн үед Баяраа гэж хүн газраа сунгуулъя гэсэн хүсэлт гаргаж байсныг нь хангаж өгч байсан. Тэр нь одоогийн Б-ийн байшин баригдсан байгаа газар юм. Түүний цаад талд жижиг газар үлдсэн. Тэр газар дээр сүүлд Хэнтий аймгийн Татварын хэлтэс баригдсан. Ард нь үлдсэн газрыг би эгчдээ тэнд газар байна гэж хэлээд бичиг баримтыг нь хөөцөлдөөд аваарай гэж хэлсэн. Би өөрөө мэргэжлийн хүн учраас тэр газраас Боловсролын газрын гарцын 7-8 метр газрыг нь үлдээсэн.

Тэгээд манай эгч материал бүрдүүлээд Б.Эын өмнөөс хуулийн дагуу өргөдөл бичээд авчирч өгсөн. Тухайн үедээ материалыг нь үзээд хуулийн дагуу байсан учраас хүлээж авч, хүсэлтийг нь хангаж уг газрыг Б.Эын нэр дээр өмчлөх захирамж гарсан. Би Боловсрол төвийн өмнөх дарга н.Дд энэ талаар хэлж байсан. Манай дүү энэ газрыг авсан. Энэ газрыг харж байгаараа гэж хэлэхэд за за гэж хэлж байсан. Дараа нь хашаагаа сунгахад нь энэ газар чинь хүний өмчлөлийн газар ингэж болохгүй гэж хэлэхэд хавар хашаагаа авна зүгээр гэж хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагад орох гарах гарцыг хаасан гэж байгаа. Энд ямар нэгэн гарцыг хаасан зүйл байхгүй. 7-8 метр гарцын газрыг үлдээсэн. Ер нь газрын бичиг баримт бүрдүүлж байхад тухайн хүн нь хөгжлийн бэрхшээлтэй, бичиг үсэг мэдэхгүй, бүрдүүлсэн бичиг баримтаа буруу, дутуу бүрдүүлсэн гэх зэрэг тохиолдолд бид нар тусалдаг байсан. Түүний дагуу би эгчийнхээ хүсэлтээр бүрдүүлсэн бичиг баримтыг нь авч байгаад дараа нь болохгүй гэдгийг нь хэлж буцааж өгөхөд эгч чи гарын үсгийг нь өөрөө зуруул гэсэн. Ингээд би хөдөө явахдаа гарын үсгийг нь Б.Эаар зуруулсан гэжээ.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжийн Б.Э холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрын дарга З.Б-Э давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Хэрлэн суманд Боловсролын салбарын нэгдсэн төв Боловсрол цогцолбор барилга барих асуудал Засгийн газраас томилон ажиллуулсан 4 яамны ажлын хэсгийн эрэмбэлсэн жагсаалтад 2-т бичигдсэний дагуу эзэмшил газар сунгах хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2013 оны 08 дугаар сарын 09-нд хүсэлт гаргасны дагуу хариу ирүүлэхдээ тус байгууллагын арын гарц, хашаа орсон хэсгийг иргэн Батгүн овогтой Энхбаатарт аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжаар өмчлүүлсэн тул манай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн.

-   Энэ нь 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон;

-   Манай байгууллагын гарах гарцыг хаасан, галын аюулгүй байдалд шууд нөлөөлхүйц байршил үүсгэсэн зэрэг зөрчлүүд байгаа.

... Гуравдагч этгээдээр татагдаж шалгагдсан Хэрлэн сумын газрын даамлаар ажиллаж байсан Г.М нь 2006-2007 оны орчим Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн харьяат /Аймгийн төвөөс 92 км-т байнга оршин суудаг/ Батгүнийн Энхбаатар гэх /өргөмөл талын хамаатан гэх/ хүний иргэний үнэмлэхийг Чамайг газартай болгож өгье гэж авч яваад, Монгол Улсын иргэн газар эзэмшихийг хүссэн өргөдөл, газар эзэмших гэрээ, газар өмчилж авахыг хүссэн өргөдөл зэрэг анхан шатны баримтуудад Б.Э, газрын мэргэжилтэн Баярхүү нарын гарын үсгийг төлөөлөн зурж, Хэрлэн сумын Засаг даргын, улмаар аймгийн Засаг даргын захирамжийг тус тус гаргуулсан байдаг.

Цаашлаад аймгийн Засаг даргын захирамж гарснаас хойш 5 жил гаруй дээрх газрыг дарж байгаад 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нотариатч Д.Оээр Б.Эын гарын үсгийг хуурамчаар зурсан итгэмжлэл хийлгэж ашиглаж 3 дугаар багийн иргэн С.М 20.0 сая төгрөгөөр худалдах гэрээ байгуулан 18.4 сая төгрөгийг түүнээс авсан байдаг.

2013 оны 09 дүгээр сард Боловсрол, соёлын газрын складад Боловсрол, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын бараа буух үеэр С.М манай байгууллагын хашаанд ирж газар худалдаж авсан тухайгаа хэлснээр бид анхны мэдээллээ авсан билээ. Улмаар аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд албан бичгээр хандаж, Б.Э гэх хүний нэр дээр өмчлөл гарсныг олж мэдсэн боловч тухайн хүнийг хаана байдгийг ололгүй байсаар Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газарт албан бичгээр хандсаны үр дүнд тус сумын Гичгэнэ багт 2014 оны 04 дүгээр сарын 02-нд очиж уулзаж ярилцсан. Б.Э хэлэхдээ аймагт газар хөөцөлдөж очиж байгаагүй 2 морио алдаад нэг удаа орсон цэрэгт явах гэж ганц хоёр очсон. Танай Боловсрол, соёлын газрыг хаана байдгийг ч мэдэхгүй. Аймагт газартай гэдгээ та нараас л сонслоо гэж тайлбарлан ярьсан зүйлээ бичиж гарын үсэг зурж өгснөөр манай байгууллага 2016 оны 04 дүгээр сарын 06-нд Захиргааны хэргийн шүүх дэх, 2016 оны 04 дүгээр сарын 23-нд Авлигатай тэмцэх газар, аймгийн Цагдаагийн газарт тус тус хандсан болно.

Ийнхүү хандсаны 3 хоногийн дараа Г.М нь өмнө үйлдсэн хуурамч итгэмжлэл ашиглаж бэлэглэлийн гэрээг хийж /Б.Эын гарын үсгийг мөн урьдын адил төлөөлөн зурж/ өөрийн нэр дээр шилжүүлсэн. Үүнийг 2015 оны 07 дугаар сарын 06-нд шүүхээс эвлэрэх уулзалтыг хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга Г.Л, нэхэмжлэгч Боловсрол, соёлын газрын дарга З.Б-Э, гуравдагч этгээд Б.Э нарыг байлцуулан зохион байгуулахад талууд болон аймгийн захиргааны хэргийн шүүх ч Г.М нэр дээрээ өмчлөл шилжүүлснийг мэдээгүй.

Үүнийг батлах баталгаа нь тэр өдөртөө Б.Э Захиргааны хэргийн шүүхэд тайлбар гаргаж бичгээр өгсөн бөгөөд тэр бичгийг Г.М бичиж өгснийг шүүх анзаарахыг хүсээгүй бөгөөд үүнээс хойш Г.Мыг хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэдэг үндэслэлээр гуравдагч этгээдээр татсан билээ. Үүгээрээ манай байгууллага Захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрөө шүүхэд хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн байх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хаацайлсан, эсвэл анзаарахыг хүсээгүй гэж үзэж гомдолтой байна.

Мөн аймгийн Прокурорын газарт хадгалагдаж байгаа хэргийн материалд цагдаагийн дэслэгч н.Оргилболдын асууж авсан тайлбарт /Б.Э хавтаст хэргийн 2-т/, /Д.Б хавтаст хэргийн 5-д/ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ц.Бгийн эрүүгийн хэрэг үүсгэхээр Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн албан бичиг, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 10-ны шинжээчийн дүгнэлтээр дээрх асуудлууд тодорхой хэмжээнд тогтоогдсон гэж үзэж байна.

Хэдийгээр анхан шатны баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байж болох ч шүүхийн шатанд гаргасан хуурамч байж болзошгүй баримт бичгүүдэд шинжээчийн дүгнэлт гаргахаас шүүх татгалзсан, мөн манай хүсэлтэд дурдсан 2013 онд Улсын бүртгэлийн хэлтэст цахим болон цаасан хэлбэрээр хадгалагдсан өмчлөх эрхтэй холбоотой баримт бичгүүдийг татан авч шинжээчийн дүгнэлт гаргуулах манай хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна.

Учир нь өмчлөх эрхтэй холбоотой Засаг даргын захирамжид холбогдох заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй манай асуудлыг шийдвэрлэхдээ Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөхтэй холбоотой иргэний бүрдүүлж гараар бичиж өгсөн материалыг татан авах нь зүйтэй байсан гэж үзэж байгаа юм. Үүгээрээ захиргааны хэргийн шүүх шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах, хуульд заагдсан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэн гомдол гаргаж байна.

... Гэвч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 2007 онд иргэнд өмчлүүлж газрыг заахдаа нийт аймгийн хэмжээнд 1063 иргэнд газар өмчлүүлэх тухай ерөнхий дүнгээр баталсан байгаа. Нийтийн эзэмшил гэр хорооллын бүсэд олгохоос бусад инженерийн шугам сүлжээ бүхий хотын А зэрэглэлийн бүсэд олгох газрын дуудлага худалдаа, төсөл сонгож шалгаруулах зарчмаар эзэмшүүлж өмчлүүлдэг бөгөөд аймгийн Засаг даргын өмчлөлийн захирамж гарах үндэслэл нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд тухай газрын байршил хэмжээг тодорхой дурьдсан байх хууль журамтайг шүүх дутуу судалсан гэж үзэж гомдол гаргаж байна.

... Хэдийгээр манай кадастрын зурагт давхцаагүй боловч энэ газрыг чөлөөлж чадахгүй бол манай байгууллагын хувьд 10 гаруй сая төгрөгийн эдийн засгийн хохирол амсах болохыг шүүх хянаж нягтлаагүйд гомдолтой байна.

Учир нь кадастрын зурагт авагдсанаар тэрхүү нарийн коридороор машин, ачаа орох гарц гаргахын тулд ахмад багш нарын Фитнесс танхим, /6x11 метрийн харьцаатай дүнзэн байшин/ 4x6 метрийн склад, эдгээр 2 байшинг буулгаж зөөж байж орж гарах боломжтой болно.

Иймд, манай байгууллага гарах гарцгүй болохын дээр галын аюулгүй байдалд нөлөөлөх тодруулбал, галын ослын дуудлагын үед дээрх 2 байшин саад учруулах тул гарах орох гарц байхгүй байгаа техникийн нөхцөл байдал байгаа юм. Урд талаас буюу төв гудамжнаас гарцыг шийдвэрлэх боломжгүй. Зүүн талын блокон хашааг буулгаж болох ч зурагт тэмдэглэгдсэн бохирын цооног авто машины даац авах боломжгүй /50 тоннын багтаамж бүхий цементэн цооног модон хучилттай/ хойд талаасаа сорогч машин оруулж соруулдаг болно. Мөн төв замын талын цэцэрлэгийн моднуудыг огтлох, Боловсролын 90 жилийн ойд зориулан босгосон дурсгалын хөшөөг буулгах ажил хийгдэх шаардлагатай болно.

... Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Е.С хариу өгөхдөө манай гомдлыг хүлээн авахаас татгалзсан боловч хэргийн материалд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тухай дурьдсан. Мөн анхан шатны баримт бичгүүдэд шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай бүх шатны прокуроруудад хандаж байсан.

Анхан шатны 3 баримт бичигт эзэмшигч өмчлөгч болох Б.Эын, газрын даамал Д.Бгийн гарын үсэг хуурамч гэдэг нь шүүхийн хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул захирамжийн Б.Эт холбогдох харилцаа эрх зүйн чадамжгүй гэдэг нь нотлогдсон гэж манайх үзэж байна.

Захиргааны хэргийн шүүхэд хандсанаас хойш шалгагдаж байх хугацаанд дахин хуурамч итгэмжлэл ашиглан нэр дээрээ шилжүүлсэн зэрэг гэмт хэргийн болон бусад үйлдлүүд давтагдаж байгаа нь хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хуулийн үндэслэлээр эрүүгийн ялаас мултарч болох ч аймгийн Засаг даргын захирамжийн Б.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгох хангалттай үндэслэл гэж манай байгууллага үзэж байна.

Иймд, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах журмаар тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр захирамжаар иргэн Б.Эт /тус сумын 3 дугаар баг, Б.Бгийн баруун талд, Боловсролын төвийн ард, засварын газрын зүүн талд/ 450 м.кв газрыг эзэмшүүлэхээр, Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжаар уг газрыг түүнд өмчлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газраас зөвхөн Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны Газар өмчлүүлэх тухай 104 дүгээр захирамжийн Б.Э холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эзэмшил газраа сунгах тухай манай хүсэлтээс татгалзах үндэслэл болсон Б.Эт газар өмчлүүлсэн шийдвэр нь хууль тогтоомж зөрчиж гарсан, байгууллагын гарцыг хаасан гэж тодорхойлсон бөгөөд шүүх холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүйгээс үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Тухайлбал, анхан шатны шүүх зөвхөн Б.Эт өмчлүүлсэн болон нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн газрын талаар тус тусдаа үйлдэгдсэн зургууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэгт тулгуурлан нэхэмжлэгч байгууллагын гарцыг хаагаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Шүүхийн шийдвэрт дурдагдсан тухайн баримтууд нэхэмжлэгч байгууллагын гарцыг хаасан буюу газраа зориулалтын дагуу эзэмших эрх нь маргаан бүхий актын улмаас хөндөгдсөн эсэхийг бүрэн тодорхой харуулж чадахгүй байгаагаас гадна хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл Б.Эт эзэмшүүлж, өмчлүүлсэн гэх газрыг нэхэмжлэгч байгууллага хашаа барьж, өнөөг хүртэл хашсаар ирснээс энэ талаар ямар нэг маргаан гарч байгаагүй, түүнчлэн энэ нь Б.Э /Г.М/ тухайн газрыг бодит байдалд эзэмшиж байгаагүйг харуулж байна.

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч байгууллагын эзэмшиж байгаа болон гуравдагч этгээд Г.Мын өмчлөлд байгаа гэх хөрш газруудын хэмжээ, хил заагуудыг тодорхой харуулсан зургийг тэдгээрийн газар эзэмших болон эрхийн өмнөх гэрчилгээ, кадастрын зураглалын мэдээллийн сан зэрэгт тусгагдсан байдлаар зохих мэргэжлийн байгууллагаар гаргуулж, Г.М газраа хашсан тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.

Тодруулбал, дээрх ажиллагааг гүйцэтгэснээр нэхэмжлэгчийн гарцыг хаасан, манай байгууллагын хашаанд машин орох, эргэх боломжгүй болсон, гуравдагч этгээдийн Б.Эт газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ нэхэмжлэгч байгууллагад гарцын 7-8 метр хэсгийг үлдээсэн гэх нөхцөл байдлыг тодруулах ач холбогдолтой.

Хэдийгээр хэргийн 73 дахь талд дээрхтэй холбоотой зураг авагдсан боловч тэр нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс шүүх үнэлэх боломжгүй. Тухайн зурагт авагдсанаар нэхэмжлэгч байгууллагын Ахмад багш нарын фитнесс танхимын байрны харалдаа гарцын хэсэг тусгагдсан байж болзошгүйг шүүх тодруулах шаардлагатай.

Үүнээс гадна иргэнд газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэхэд анх тухайн газрыг эзэмшүүлсэн Хэрлэн сумын Засаг даргын шийдвэр хууль ёсны байсан эсэх асуудал хөндөгдөх бөгөөд үүнтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн боловч шүүхээс шүүх хуралдааныг дахин хийхэд хүндрэлтэй шалтгаан дурдсаны улмаас нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан талаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс тайлбар гаргасныг анхаарах нь зүйтэй.

Дээр дурдсан асуудлуудыг тодруулсны дараа хэрвээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, ялангуяа газраа зориулалтын дагуу ашиглах газар эзэмшигчийн эрх хөндөгдсөн байна гэж үзвэл маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарах эсэхийг тодруулах нь ач холбогдолтой байж болохоор байна.

Иймд, шаардлагатай нотлох баримтууд дутуу тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР