Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

 

“Голдэн сэркл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, Ц.Энхбаяр, гуравдагч этгээд “Гэрэлт фокус” ХХК-ийн төлөөлөгч М.Бадамсүрэн нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 658 дугаар магадлалтай, “Голдэн сэркл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны А/93 дугаар захирамжаар байгуулагдсан “Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комисс”-ын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.7, 12 дугаар зүйлийн 12.4, 16 дугаар зүйлийн 16.8, 16.9, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Голдэн сэркл” ХХК-ийн гаргасан Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны А/93 тоот захирамжаар байгуулагдсан “Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комисс”-ын актад гарын үсэг зурахгүй байгаа тус комиссын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын комиссын актад гарын үсэг зурахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 658 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүй, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн, хэргийн үйл явдлыг ойлгоогүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. Нэхэмжлэгч тал өөрийн барьсан барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2015 оны 8, 11 дүгээр саруудад 2 удаа улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлт тавьснаар 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр холбогдох мэргэжлийн байгууллагуудыг байлцуулан улсын комисс ажилласан ба Улсын комисст хүлээн авах актыг гарган холбогдох байгууллагуудаар баталгаажуулах явцад барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан “Гэрэлт фокус” ХХК-иас тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хөрөнгө оруулагч болох “Голдэн сэркл” ХХК-тай ажлын хөлсний тооцоо дуусгавар болоогүй гэх шалтгаанаар гомдол гаргаснаас шалтгаалж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Бат-Ирээдүй нь Улсын комиссын актад “Гэрэлт фокус” ХХК-ийн эрх ашгийг хамгаалж, хувийн ашиг сонирхлоор төрийн албаны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Улсын комиссын даргын хувиар гарын үсэг зураагүй тухайгаа 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 433 албан тоотоор гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбараар нотолдог боловч шүүх энэ талаар шийдвэртээ огт дурдаагүй.

2. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 4.12.17-д илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа буюу 14 хоногийн дотор арилгах үүргийг өгнө гэсэн атал комиссын актын 2.4-д үүрэг даалгавар өгсөн хуудас 0 буюу зөрчил дутагдал илрээгүй тухай нэхэмжлэгч тал хурлын турш тайлбарласан боловч энэ талаар огт дурдаагүй, дүгнээгүй, мөн ямар үүрэг даалгавар өгсөн нь тодорхойгүй.

3. Комиссын дарга Г.Бат-Ирээдүй 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2 албан тоотод 2 өөр утга бүхий хариу өгсөн нь тодорхойгүй, мөн ямар хууль, дүрмийг барьж гарын үсэг зурахгүй байгаа үндэслэлээ тодорхой хэлэхийг шүүхээс удаа дараа шаардсан боловч хариуцагч тал тайлбарлаагүй байхад шүүх үндсэн гүйцэтгэгч гэсэн шинэ нэр томьёо гарган ирж шийдвэрээ үндэслэсэн нь шүүгч энэхүү хэргийн нөхцөл байдлыг болон нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо зөвхөн актад гарын үсэг зурахыг даалгах тухай байхад шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн болон туслах гүйцэтгэгч гэдэг нэр томьёог гаргаж ирсэн нь ойлгомжгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй гэж үзэхэд хүргэж байна.

4. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөд байгаа нь тогтоогдохгүй байна гэж тодорхойлсон боловч шийдвэрт энэ талаар огт дурдаагүй. Ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй байгаа талаар ч шийдвэртээ бодитоор тусгаагүй, зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасан, үндсэн болон туслан гүйцэтгэгч гэж тодорхойлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

5. Шүүхээс “үндсэн гүйцэтгэгч” гэх ойлголтыг гаргаж ирсэн ба энэ нь ямар хууль, журамд үндэслэж “үндсэн гүйцэтгэгч” гэж дүгнэж байгаа нь мөн ойлгомжгүй, энэ талаар шүүх шийдвэртээ тусгаагүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Барилгын захиалагч, ашиглагч “Голдэн сэркл” ХХК-ийн хүсэлтээр Замын-Үүд сумын “Сүлд” багийн нутаг дэвсгэрт баригдсан үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулахаар Дорноговь аймаг дахь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажиллаж, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын актыг үйлдсэн боловч комиссын дарга Г.Бат-Ирээдүй актад гарын үсэг зурахаас татгалзсан байна.

Актад улсын комиссын дарга Г.Бат-Ирээдүй нь гарын үсэг зурахгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох, гарын үсэг зурахыг даалгуулах нэхэмжлэлийг “...Г.Бат-Ирээдүй нь “Гэрэлт фокус” компанийн эрх ашгийг хамгаалж, хувийн ашиг сонирхлоор гарын үсэг зурахаас үндэслэлгүйгээр татгалзаж байна” гэх үндэслэлээр “Голден сэркл” ХХК гаргасныг “...гүйцэтгэгч байгууллагаас гаргах шаардлагатай бичиг баримтын бүрдэл дутуу, бусад шаардлагатай зүйлүүдийг хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй учир актыг баталгаажуулах боломжгүй” гэж хариуцагч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Голден сэркл” ХХК нь зоорийн давхар бүхий 1 давхартаа үйлчилгээний төвтэй 6 давхар 65 айлын орон сууцны барилгыг бариулахаар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Гэрэлт фокус” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” 01 дугаартай гэрээ, барилгын дотор заслын ажил, гаднах замын цутгалтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Их Модун” ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 29-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан, уг барилга нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баригдаж дууссан, барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах талаар захиалагч нь 2015 оны 8 дугаар сарын 28, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлт гаргасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын комисс ажиллаж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын акт үйлдсэн ба актад Комиссын дарга, нарийн бичгийн дарга нар нь гарын үсэг зураагүй, дугаар олгож баталгаажуулаагүй байна.

Барилгын тухай /2008 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах болон барилгын ашиглалтын дүрмийг баталж, мөрдүүлэх” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.5 дахь хэсэгт “захиалагч ...комисс ажиллуулах хүсэлт гаргахдаа энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “Б” гэсэн хэсэгт заасан бичиг, баримт, холбогдох материалыг бүрдүүлсэн байна...”, 4 дүгээр хавсралтын “Б” хэсгийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулахын өмнө бүрдүүлсэн байх бичиг, баримт”-ын жагсаалтын 3-т “барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг хариуцсан талаарх гүйцэтгэгчийн баталгаа”, 4.1.1-д “барилга угсралтын ил далд 48 ажлын акт” зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлсэн байхыг шаарджээ.

Гэтэл нэхэмжлэгч нь эдгээр баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй, “барилгын чанарын баталгааг” барилга угсралтын ажлын гүйцэтгэгч биш барилгын дотоод заслын ажлыг хийсэн “Их модун” компани гаргасан нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон, уг үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй байна.

Дээрх “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.5-д “...Комиссын үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага нь баримт бичгийн бүрдлийг хянаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулна”, 4.12.7-д “комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтад заасан актад гарын үсэг зурж баталгаажуулна...” гэж зааснаас үзэхэд, комиссын үйл ажиллагааг зохион байгуулах аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, тус газрын дарга, мэргэжилтэн нь албан тушаалын хувиар Комиссын бүрэлдэхүүнд орж дарга, нарийн бичгийн даргын эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ “...бичиг, баримтын бүрдлийг хангаагүй” гэж “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-д гарын үсгээ зураагүйг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын бусад гишүүд нь тус тусын хариуцсан чиглэлээр зөрчил, дутагдал илрүүлээгүй, “ашиглалтад оруулах”-аас татгалзах үндэслэлгүй гэж үзсэн хэдий ч барилгын гүйцэтгэгч нь барилгын чанарын баталгааг гаргаагүй, барилгын гүйцэтгэгчээр баталгаажсан барилга угсралтын ажлын актууд ирүүлээгүй байхад эдгээрийг шаардаж, шаардлагыг нь биелүүлээгүй тул тухайн асуудлыг хариуцсан Комиссын дарга нь уг “акт”-д гарын үсэг зурахаас татгалзсаныг хууль бус гэж үзэхгүй.

Түүнчлэн Барилгын тухай  /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “... “барилгын чанарын баталгаат хугацаа” гэж барилга байгууламжийг хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг гүйцэтгэгч хариуцах хугацааг” гэж томьёолсон, 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасны дагуу барилга байгууламжийн чанарын баталгаат хугацааны доторх чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах үүргийг барилгын гүйцэтгэгчид хүлээлгэсэн, 16.9-д зааснаар барилга байгууламжийн үндсэн ажилд “суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил” оржээ.

Эндээс үзвэл, барилгын ерөнхий гүйцэтгэгч буюу гуравдагч этгээд “Гэрэлт фокус” ХХК нь тухайн барилгын чанар, аюулгүй байдлын баталгааг гаргахаар байх тул “баримт бичгийн” бүрдэл хангагдаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх үндсэн болон туслан гүйцэтгэгч гэдэг нэр томьёо гаргаж ирсэн, хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй, энэ талаар шийдвэртээ тусгаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин хариуцагчаас уг “акт”-д 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гарын үсгээ зурж, дугаар олгон баталгаажуулсан нь хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр илэрч мэдэгдсэн, энэ баримттай холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нь “давж заалдах гомдлоосоо татгалзах, мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг батлуулах” гэж өөр үр дагавар бүхий 2 янзын хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг нь зөв тодорхойлоогүй, “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрснийг тодруулах шаардлагатай” гэж үзэн хуралдааныг хойшлуулсан нь буруу боловч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “давж заалдах гомдол болон нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахгүй” гэдгээ илэрхийлсэн учир хэргийг бүхэлд нь хянасан, энэ асуудлаар хяналтын гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 658 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ