Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/MA2016/0425

 

“МИАТ” ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, Б.Даваадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “МИАТ” ХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, Tатварын ерөнхий газар, Буянт Ухаа дахь Гаалийн газрын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Ч.Пүрэвсүрэнд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...МИАТ” ХК нь Улс хоорондын тээврийн үйлчилгээнд ажиллаж буй өөрийн компанийн нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцсыг ХБНГУ-ын агаарын хөлгийн нисгэгч болон бүхээгийн үйлчлэгч нарын дүрэмт хувцас үйлдвэрлэгч Neofashion Europa Gmbh компаниас гэрээний дагуу импортлон оруулж ирдэг. Нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцас нь Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2-т заасны дагуу Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршуулах бараанд тооцогдож, тус хуулийн 217 дугаар зүйлд заасны дагуу татвараас чөлөөлөгдөх учиртай. “МИАТ” ХК болон Гаалийн ерөнхий газар хоорондын уулзалт хэлэлцүүлгээр “МИАТ” ХК-ийн зүгээс нисэх бүрэлдэхүүний хувцасны тухайд Гаалийн тухай хууль шинэчлэн батлагдсан 2008 оноос өнөөдрийг хүртэл Гаалийн байгууллагын шаардлагаар татвартай горимд байршуулан импортолж ирсэн, цаашид татваргүй горимоор мэдүүлэх тухай хүсэлт тавьж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхийн 268 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар талд “Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зорчигч багийн гишүүдийн аяллын хугацаанд хэрэглэх бараа нь улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршихаар тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч “МИАТ” ХК нь нисэх бүрэлдэхүүний хувцсыг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд улс хоорондын тээврийн үйлчилгээний горимоор гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй байжээ” хэмээн тодорхойлсон билээ. Тус тогтоолын дагуу 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ХБНГУ-аас импортолсон нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцсыг “МИАТ” ХК нь гаальд мэдүүлэхдээ Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2 дугаар зүйлийг удирдлага болгон 700 горимоор буюу татваргүй горимоор гаалийн бүрдүүлэлт хийсэн боловч горим буруу сонгосон гэдэг шалтгаанаар 100.000 төгрөгөөр торгосон бөгөөд Гаалийн байгууллагын шаардлагаар 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400 горимоор буюу татвартай горимоор мэдүүлж 18.189.865,22 төгрөгийн татвар төлсөн. Энэхүү татвар ногдуулсныг эс зөвшөөрч Гаалийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02-7/4372 дугаар албан бичигт дурдсанаар нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцас нь аяллын хугацаанд хэрэглэгдэх бараанд хамаарахгүй гэсэн хариуг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Иймд “МИАТ” ХК-ийн нисэх бүрэлдэхүүний хувцсыг Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2, 217 дугаар зүйлд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхэд татваргүй барааны горимоор мэдүүлсэн материалыг хүлээн авахыг гаалийн байгууллагад даалгуулах, тус компанийн гаальд мэдүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 05-2101006-15-I31193 дугаар мэдүүлгээр төлсөн 18.189.865,26 төгрөгийн татвар, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 05 2101006-14-I31189 дүгээр мэдүүлгээр төлсөн 15.621.235,79 төгрөгийн татварыг гаргуулах, 2015 онд 700 горимоор буюу татваргүй горимоор гаалийн бүрдүүлэлт хийсэн боловч горим буруу сонгосон гэдэг шалтгаанаар 100.000 төгрөгөөр торгосон торгуулийн арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам”-ын 1.3-д “горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна” /хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат агуулахад 700 горимоор гаалийн бүрдүүлэлт хийж оруулна/ мөн журмын 3.4-д “Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч Гаалийн хяналтад байгаа хяналтын тэмдэг дарна” гэж заасан байдаг. Энэ горимд байршиж байгаа барааг “Монголын бараа” гэж үзэхгүй. Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Киото конвенцийн тусгай хавсралт ‘J’, 4 дүгээр бүлгийн татваргүй бараа гэсэн тодорхойлолтын “Ирж байгаа усан онгоц, нисэх онгоц, эсхүл галт тэргэн дэх татваргүй бараа” гэсэн ойлголтын 4 дүгээр бүлгийн татваргүй бараагаар хангах гэсэн хэсэгт

15. Стандарт, Гадагшаа явах усан онгоц болон нисэх онгоцонд татвараас чөлөөлсөн дараах барааг авч явахыг зөвшөөрнө,

а. Гаалийн байгууллагын зорчигч болон багийн гишүүд, мөн аялал эсхүл нислэгийн хугацаа болон түүн дээр өмнө нь байгаа татваргүй барааны тоо хэмжээг харгалзан шаардлагатай гэж үзсэн тоо хэмжээ бүхий татваргүй барааг,

б. Онгоцон дээр байгаа татваргүй барааны тоо хэмжээг харгалзан аяллын эсхүл нислэгийн хугацаанд онгоцны ажиллагаа болон үйлчилгээнд зохистой гэж үзсэн тоо хэмжээний хэрэглээний зохицуулалттай татваргүй барааг онгоцны ажиллагааны болон үйлчилгээний зориулалтаар,

16. Стандарт, Гаалийн нутаг дэвсгэрт ирсэн бөгөөд гаалийн нутаг дэвсгэр доторх сүүлчийн зогсоол явах үеийн аялалд зориулан усан онгоц болон нисэх онгоцонд татваргүй бараагаа нөхөн сэлбэхийг зөвшөөрнө гэж заасан байдаг бөгөөд үндэсний хууль тогтоомжид дараах байдлаар зохицуулсан байдаг. Гаалийн тухай хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн тухайн аяллын үед зорчигч болон багийн гишүүдийн хэрэгцээнд, түүнчлэн тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан барааг гаалийн хилээр нэвтрүүлдэг тусгай горим юм. Нисэх бүрэлдэхүүний хувцас нь аяллын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулсан бараа биш тул Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2, 217 дугаар заалтын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим хэрэгжүүлэх журам”-ын 4 дүгээр зүйл “Олон Улсын аяллын үйлчилгээнд хэрэглэх бараа материал нь гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой баглаа боодолтой байна”, мөн тус журмын 5 дугаар зүйлд “Улс хоорондын тээврийн аялал үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим барааг зориулалтаар нь зарцуулснаар дуусгавар болно” гэж тус тус заасан байдаг. Дүрэмт хувцсыг аяллын хугацаанд зарцуулж дуусгавар болдоггүй бараа тул 05-2101006-15-I31193, 05-2101006-14-I31189 дүгээр мэдүүлгээр бүрдүүлэлт хийж төлсөн гаалийн татварыг буцаан олгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараах журмаар давж заалдаж болно” гэсэн хуулийн хугацааг өнгөрөөсөн байна. Иймд нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.1.2, 217 дугаар зүйлийн 217.1, 290 дүгээр зүйлийн 290.2.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “МИАТ” ХК-ийн гаальд мэдүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 05-2101006-15-I31193 дугаар мэдүүлгээр төлсөн 18.189.865,26 төгрөгийн татвар, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 05-2101006-14-I31189 дүгээр мэдүүлгээр төлсөн 15.621.235,79 төгрөгийн татварыг Гааль, Татварын ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгон, Буянт ухаа дахь гаалийн газрын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Ч.Пүрэвсүрэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “МИАТ” ХК-д 100.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан 0009345 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг “МИАТ” ХК-ийн нисэх бүрэлдэхүүний хувцсыг Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2, 217 дугаар зүйлд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхэд татваргүй барааны горимоор мэдүүлсэн материалыг хүлээн авахыг гаалийн байгууллагад даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөвийг тогтоох, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны үйл ажиллагаа, шийдвэр түүний үндэслэл нь холбогдох хууль журамд нийцэж байгаа эсэх, Монгол Улсын нэгдэн орсон Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц /Киото/ болон Гааль, татварын ерөнхий газрын даргын баталсан журамтай зөрчилдөж байгааг хянан шалгах, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь заалтад заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Монгол Улсын нэгдэн орсон Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц /Киото/-ийн тусгай хавсралт “J”, 4 дүгээр бүлгийн “Татваргүй бараа” гэсэн тодорхойлолтын “Ирж байгаа усан онгоц, нисэх онгоц эсвэл галт тэргэн дэх татваргүй бараа” гэсэн ойлголтын 4 дүгээр бүлгийн “Татваргүй бараагаар хангах” гэсэн хэсэгт:

15. Стандарт Гадагшаа явах усан онгоц болон нисэх онгоцонд татвараас чөлөөлөн дараах барааг авч явахыг зөвшөөрнө.

а. гаалийн байгууллага зорчигч болон багийн гишүүд, мөн аялал эсхүл нислэгийн хугацаа болон түүн дээр өмнө нь байгаа татваргүй барааны тоо хэмжээг харгалзан шаардлагатай гэж үзсэн тоо хэмжээ бүхий татваргүй барааг;

б. онгоцон дээр байгаа татварүй барааны тоо хэмжээг харгалзан аяллын, эсхүл нислэгийн хугацаанд онгоцны ажиллагаа болон үйлчилгээнд зохистой гэж үзсэн тоо хэмжээний хэрэглээний зориулалттай татваргүй барааг онгоцны ажиллагааны болон үйлчилгээний зориулалтаар.

16. Стандарт “Гаалийн нутаг дэвсгэрт ирсэн бөгөөд гаалийн нутаг дэвсгэр доторх сүүлчийн зогсоол руу явах үеийн аялалд зориулан усан онгоц болон нисэх онгоцонд татваргүй бараагаа нөхөн сэлбэхийг зөвшөөрнө” гэж заасан байдаг бөгөөд үндэсний хууль тогтоомжид доорх байдлаар зохицуулсан байдаг.

Гаалийн тухай хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн тухайн аяллын үед зорчигч болон багийн гишүүдийн хэрэгцээнд, түүнчлэн тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан барааг гаалийн хилээр нэвтрүүлдэг тусгай горим юм. Нисэх бүрэлдэхүүний хувцас нь аяллын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулсан бараа биш тул Гаалийн тухай хуулийн 216.1.2 дахь заалт, 217 дугаар заалтын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим хэрэгжүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлд зааснаар “Олон улсын аялалын үйлчилгээнд хэрэглэх бараа, материал нь гаалийн зорилгоор тэмдэглээ хийх боломжтой баглаа боодолтой /сав, чингэлэгт хийгдсэн/ байна” мөн тус журмын 5 дугаар зүйлд “Улс хоорондын тээврийн аялал үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим барааг зориулалтаар нь зарцуулснаар дуусгавар болно” гэж тус тус заасан байдаг. Дүрэмт хувцсыг аялалын хугацаанд зарцуулж дуусгавар болдоггүй бараа тул 05-2101006-15-131193, 05-2101006-14-131189 тоот мэдүүлгээр бүрдүүлэлт хийж төлсөн гаалийн татварыг буцаан олгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Гаалийн улсын байцаагчийн ногдуулсан захиргааны арга хэмжээ авсан шийдвэр болох “Шийтгэврийн хуудас”-аар ногдуулсан торгуулийг шүүхээс хүчингүй болгосон нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19.2-т “Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараах журмаар давж заалдаж болно” гэж заасантай зөрчилдсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын нэгдэн орсон Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц /Киото/, Гаалийн тухай хууль, түүнд нийцүүлэн баталсан журмыг илт зөрчсөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

          Нэхэмжлэгч нь “МИАТ ХК-ийн нисэх бүрэлдэхүүний хувцсыг Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2, 217 дугаар зүйлд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхэд татваргүй барааны горимоор мэдүүлсэн материалыг хүлээн авахыг гаалийн байгууллагад даалгуулах, тус компанийн гаальд мэдүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 05-2101006-15-I31193 дугаар мэдүүлгээр төлсөн 18.189.865,26 төгрөгийн татвар, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 05-2101006-14-I31189 дүгээр мэдүүлгээр төлсөн 15.621.235,79 төгрөгийн татварыг буцааж гаргуулах, 2015 онд 700 горимоор буюу татваргүй горимоор гаалийн бүрдүүлэлт хийсэн боловч горим буруу сонгосон гэдэг шалтгаанаар 100.000 төгрөгөөр торгосон торгуулийн арга хэмжээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцас нь Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2-т заасан Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршуулах бараа тул мөн хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасан гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн татвар үл ногдуулах бараанд хамаарна” гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцас нь Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2-т заасан Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршуулах бараанд хамаарахгүй, Монгол Улсын нэгдэн орсон Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Олон улсын конвенц болон Гаалийн ерөнхий газрын /хуучнаар/ даргын 2008 оны 678 дугаар тушаалаар батлагдсан Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим хэрэгжүүлэх журмыг зөрчсөн” гэж маргажээ.

Гаалийн тухай хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д “Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн тухайн аяллын үед зорчигч болон багийн гишүүдийн хэрэгцээнд, түүнчлэн тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан барааг гаалийн хилээр нэвтрүүлнэ”, 216 дугаар зүйлийн 216.1-д “Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд дараахь барааг байршуулна”, 216.1.2-т “зорчигч, багийн гишүүдийн аяллын хугацаанд хэрэглэх бараа” гэж зааснаас үзвэл нисэх бүрэлдэхүүний хувцас нь багийн гишүүдийн аяллын хугацаанд хэрэглэх бараанд хамаарч байх тул Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимоор гаалийн байгууллагад мэдүүлэх зохицуулалттай байна.

Дээрх хуулийн зохицуулалтыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 268 дугаар тогтоолоор тайлбарлаж “МИАТ” ХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх ба энэхүү хэргийн оролцогч нэгтэй, ижил төрлийн маргааны тухайд Улсын дээд шүүхийн тогтоол эх  сурвалжийн хэмжээнд үйлчлэх учиртай.

Гэтэл хариуцагч байгууллага дахин хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч “МИАТ” ХК-ийн нисэх бүрэлдэхүүний хувцсыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ 400 буюу татвартай барааны горимд байршуулахыг шаардан татвар ногдуулж байгаа нь хууль бус бөгөөд Гаалийн тухай хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар үл ногдуулах” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 05-2101006-14-I31189R мэдүүлэг, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 06-2101006-15-I31193R мэдүүлэг тус тус хуульд нийцээгүй гэж үзэх тул дээрх мэдүүлгээр төлсөн татварыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч “МИАТ” ХК-ийг Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.4-т заасан “гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн” гэж үзэх боломжгүй тул  Гааль, татварын ерөнхий газрын Буянт Ухаа дахь гаалийн газрын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Ч.Пүрэвсүрэнгийн 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0009345 тоот шийтгэврийг хүчингүй болгосон нь зөв байна.

Түүнчлэн, Монгол Улсын нэгдэн орсон Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц /Киото/-д Монгол Улсын Гаалийн тухай хуулиас өөрөөр заасан гэх үндэслэл байхгүй тул олон улсын гэрээг хэрэглэх шаардлагагүй бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим хэрэгжүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлд “Олон улсын аяллын үйлчилгээнд хэрэглэх бараа, материал нь гаалийн зорилгоор тэмдэглээ хийх боломжтой баглаа боодолтой /сав, чингэлэгт хийгдсэн/ байна”, 5 дугаар зүйлд “Улс хоорондын тээврийн аялал үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим барааг зориулалтаар нь зарцуулснаар дуусгавар болно” гэж тус тус заасан нь хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх нисэх бүрэлдэхүүний хувцсыг аяллын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулсан бараа биш болохыг тодорхойлсон эрх зүйн акт гэж үзэхгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Монгол Улсын нэгдэн орсон Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц /Киото/ болон Гааль, татварын ерөнхий газрын даргын баталсан журамтай зөрчилдөж байгааг хянан шалгах, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН  

ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН