Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Батцэрэн |
Хэргийн индекс | 186/2016/0119/Э |
Дугаар | 27 |
Огноо | 2017-02-01 |
Зүйл хэсэг | 099.2., |
Улсын яллагч | Х.Батчимэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 27
Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Х.Батчимэг,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 764 дүгээр магадлалтай, 201625030874 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 2000 онд Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 130.000 төгрөгийн торгох ял, 2001 онд Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ял шийтгүүлсэн, Боржигон овгийн Должинсүрэнгийн Мэндсайхан нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 2002 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овгийн Должинсүрэнгийн Цэрэннадмид Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарт тус бүр 251 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Д.Цэрэннадмид нь шүүгдэгч Д.Мэндсайхан, хохирогч Ч.Энхмэнд нарыг зодолдоход оролцоогүй, харин уг зодооныг салгасан болох нь тогтоогддог. Хэрвээ Д.Цэрэннадмид өөрийн ахтайгаа бүлэглэж хохирогчийг зодох санаа зорилго агуулсан бол түүнийг цохих, өшиглөх зэрэг үйлдэл хийх байсан болов уу. Харин хойш нь татаж гэдийлгэсэн гэх үйлдэлд нь гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Д.Цэрэннадмид нь Ч.Энхмэндийг Д.Мэндсайханаас холдуулах гэсэн үйлдэл хийсэн болохоос хохирогчийг бүлэглэн зодох санаа, зорилго огт агуулаагүй байдаг. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал хохирогч Ч.Энхмэндийн эхнэр Б.Бадамцацралд Ч.Энхмэнд, Д.Цэрэннадмид, Д.Мэндсайхан нарыг салгах боломж байгаагүй нь илэрхий юм. Иймд Д.Цэрэннадмидыг гэм буруугүйд тооцож, цагаатган, шүүгдэгч Д.Мэндсайханд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Прокуророос Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарыг “Бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Д.Мэндсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Найман шарга төвийн гадаа иргэн Ч.Энхмэндтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар харилцан зууралдаж ноцолдох үедээ Ч.Энхмэндийн биед хүзүүний цус хуралт, зулгаралт, цэгчилсэн цус харвалт, баруун гарын 1 дүгээр хурууны зулгаралт, 4 дүгээр хурууны шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Ч.Энхмэнд /хх-6, 12/, гэрч Б.Бадамцацрал /хх-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4992 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-9/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин шүүгдэгч Д.Цэрэннадмид нь шүүгдэгч Д.Мэндсайхан, хохирогч Ч.Энхмэнд нарыг харилцан зууралдаж ноцолдох үед тэднийг салгах зорилгоор хохирогч Ч.Энхмэндийг хойш нь татаж гэдийлгэсэн талаар хохирогч Ч.Энхмэнд, шүүгдэгч Д.Мэндсайхан, гэрч Д.Чулуунсүх /хх-25/ нарын өгсөн мэдүүлгийг үндэслэлтэйгээр үгүйсгэх баримт хэрэгт байхгүй, мөн шүүгдэгч Д.Цэрэннадмидын дээрх үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад шүүх түүнийг “Бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар Д.Цэрэннадмидад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатган, Д.Мэндсайханд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хууулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Д.Мэндсайханд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 764 дүгээр магадлалд
-“Прокуророос Д.Цэрэннадмидад Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, Д.Мэндсайханд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, шүүгдэгч Д.Мэндсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар Д.Мэндсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарт ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН