Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/267

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Т-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108021131759 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, охины хамт амьдардаг гэх, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, уг ялаас 584 цагийн ялыг биелүүлээгүй, Д овогт Т-ийн Н (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны ... тоотод оршин суух иргэн Ц.О-ын Vivo V-70 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би О-ын гэрт О, А нарын хамт архи уучхаад унтаад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр А, О нар нь шартаад байна, мөнгө байна уу гэхээр нь харих л мөнгө байна гэхэд тэр 2 наадхаа өгчих, өдөр буцаагаад өгчихнө гэхээр нь 30,000 төгрөг өгсөн. Тэгээд архи авч ууж дуусгаад ахин архи авч ууцгаасан. Сүүлийн архийг талд орох үед О нь унтъя, хэвтье гээд байхаар нь үгүй, мөнгөө авъя, гэртээ харимаар байна гэхэд шууд зан нь өөрчлөгдөж чамд өгөх мөнгө байхгүй, бүдүүн, янхан, пизда гэх мэтээр элдэв үгээр хараагаад байсан. Тэгэхээр нь би хохь чинь шүү, энэ утсыг чинь ломбардад тавилаа шүү гээд шүүрч аваад гараад явсан. Тэгээд замаасаа такси бариад уг таксины жолоочид мөнгө өгөхийн тулд түүний бичиг баримтаар утсыг нь ломбардад тавьсан. Намайг гарахад тэр хоёр өөд өөдөөсөө харсан байдалтай сууж байсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны ... тоотод оршин суух иргэн Ц.О-ын согтуурсан байдлыг далимдуулан түүний эзэмшлийн Vivo V-70 маркийн гар утсыг түүнд мэдэгдэлгүйгээр сэм нууц байдлаар авч яван өөртөө захиран зарцуулсны улмаас түүнд 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Ц.О-ын: “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Х дэлгүүртэй нийтийн байрны 2 тоотод найз А-ын эхнэрийн найз Н гэх эмэгтэйтэй хамт архи ууж хоносон ба маргааш өглөө нь шар тайлахаар дахиад 0,75 литрийн Соёрхол нэртэй архи авч А бид хоёр хувааж уугаад нэлээд согтсон учир унтсан. 19 цагийн үед сэрээд би гар утсаа хайгаад олоогүй, өөрийнхөө дугаар луу залгахад Н гэх эмэгтэй авч яриад эргээд яръя гэж хэлээд утсаа салгасан, дахиж аваагүй. Миний утас Виво V-70 маркийн цэнхэр өнгөтэй, дэлгэцийн дээд хэсэгт шил нь цуурсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

2. Гэрч У.А-ийн: “...би өөрийн найз О-тай хамт эхнэрээ авахаар байгаа газар нь очоод залгахад эхнэр гарч ирээгүй, харин эхнэрийн найз болох Н гэх эмэгтэй миний утсаар О-тай ярьсаар байгаад гараад ирсэн. Тухайн үед О бид хоёр жаахан юм уучихсан эхнэрийн найз ч бас жаахан юм уучихсан байсан болохоор амархан ойлголцсон юм шиг байгаа юм. Тэгээд эхнэрийн найзыг аваад О-ын амьдарч байсан газарт шөнийн 00-01 цагийн орчим ирээд замаасаа авсан нэг шил архиа уучхаад гурвуулаа унтаад өгсөн. Тэгээд өглөө уусан юм сайн гараагүй байхдаа нэмж архи уусан санагдаж байна, би тасарсан байсан. Ингээд үдээс хойш болж нөгөө Н гэх эмэгтэй тэндээс явж байсныг бүүр түүр санаад байна. Явсных нь дараа О-ын гар утас олдохгүй байхаар нь залгатал хамт байсан Н гэх эмэгтэй “харьж байна” гэсэн бөгөөд гар утсыг нь аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

3. Мастер Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт: “Vivo фирм, V-70 загварын 2020 онд худалдан авсан гар утас-1,000,000 төгрөг” (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

4. Шүүгдэгч Т.Н-ийн: “...О надаас авсан мөнгөө өгөхгүй намайг хэл амаар доромжлоод байхаар нь аваад гарчихсан юм. Надад гар утсаа өөрөө өгөөгүй, гар утас газар байхад нь аваад гарсан. Тухайн үед О нь сууж байсан бөгөөд өөрийн ухаантай байсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Т.Н-г бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан түүнд мэдэгдэлгүйгээр хууль бус аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулах бодит бололцоо олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс Т.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Т.Н-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О-т 1,000,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгч Т.Н-иас 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-т олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 584 цагийн 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Н нь “...Би бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг тул энэ нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч тэрбээр өмнө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн, уг ялаа бүрэн биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, мөн ар гэрийн байдал, мөн хохирогчид хохирол төлөөгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн, уг ялаас 584 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2632-3/6693 дугаартай албан бичгээр тогтоогдсон байна. (хавтаст хэргийн 88 дахь тал)

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 584 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 584:8=73 хоног буюу 2 сар 13 хоногийн хорих ялыг нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 8 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Н нь 9 (ес) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Мөн шүүгдэгч нь “...Н.А, Н.А гэсэн хүүхдүүдийн хамт амьдардаг” талаар мэдүүлсэн нь бусад баримтаар тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Т.Н-ийн бага насны хүүхэд 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн Н.А, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Н.А нарыг асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээ авч ажиллахыг оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Хан-уул дүүргийн засаг дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Т-ийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр, өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 584 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 73 хоног буюу 2 сар 13 хоногийн хорих ялыг нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 (найм) сар 13 (арван гурав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ийн цагдан хоригдсон 9 (ес) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-иас 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.О-т олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Т.Н-ийн бага насны хүүхэд Н.А, Н.А нарыг асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээ авч ажиллахыг оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Хан-Уул дүүргийн засаг дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ