Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/272

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч П.Ганбаатар,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000001561 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эх, хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... гудамж ... тоотод түр оршин суудаг, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаартай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн, Б овогт Э-ын А (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.А нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамж ... тоотод оршин суух иргэн Т.Н-гийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Самсунг фирмийн 55 инчийн телевизор хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо барагдуулна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Э.А нь манайд 2 хоногийн өмнө ирж хоносон, нүүр ам нь аймаар хавдсан байдалтай ирсэн, түүнээс өмнө манайд ирж байгаагүй. Тэгэхээр нь би гэртээ байлгаж ус цасанд ор, хувцас хунараа соль гэж өөрт байгаа хувцаснаасаа хүртэл өмсүүлж байсан. Хэрэг гардаг өдөр Э.А манай хүү бид 3 гэрээс гараад явж байгаад би таньдаг хүнтэй таарч улмаар тэдний гэрт очицгоосон. Тэгээд тэнд бид бүгдээрээ нийлж архи ууцгаасан бөгөөд Э.А хажууд уугаад сууж байснаа гэнэт алга болчихсон байсан. Тэгэхээр нь би хүүдээ А- алга болчхож, цаадах чинь гэрт очоод зурагт авчихгүй байгаа даа гээд хэлж байсан юм. Тэгсэн Э.А гаднаас архи барьчихсан, бас бэлэн мөнгөтэй болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь чи хаанаас ийм их мөнгө төгрөгтэй болчхов гэхэд эмээ өгсөн юм гэж хэлэхээр нь би хүүгийн хамтаар гэртээ ирээд үзтэл манайд хулгай орсон, 55 инчийн Самсунг зурагт алга болсон байсан. Улмаар Э.А рүү залгаад миний дүү зурагтаа авчраад өгчих, цагдаа энэ тэр гээд яах вэ гэсэн боловч өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Одоо хохирлоо барагдуулж авмаар байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хохирогч Т.Н-гийн орон байранд нэвтэрч Самсунг фирмийн 55 инчийн телевизор хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1, 2-4, 5-7 дахь тал),

Хохирогч Т.Н-гийн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө А гэх зүс таних хүний гэрт хоносон ба өглөө үүрээр 06 цагийн үед манай хүү Мөнх-Эрдэнэ, зүс таних А-ийн хамт гаднаас орж ирээд юм яриад сууцгааж байсан. Миний хажууд А жаахан халамцуу  сууж байсан ба нэг мэдсэн чинь А гэнэт гараад явчихсан байна. Би А хаашаа явчхав, арай манай гэр лүү яваад зурагт аваад явчих бий дээ гэтэл А наадах чинь магадлал өндөр шүү Н эгчээ гэхээр нь би “за арай ч үгүй байлгүй дээ” гэж хэлээд орхисон. Үдээс хойш оройхондоо А гаднаас хувцсаа сольчихсон нэг шил архи барьчихсан, гартаа 10,000, 20,000 төгрөг барьсан мөнгөтэй байхаар нь би А-ээс чи юун мөнгөтэй болсон юм гэж асуухад эмээ надад мөнгө өгсөн гэсэн. Тэгээд би хүү М-д хандан хоёулаа харьяа наад А чинь зурагт авчихсан байж магадгүй гэж хэлээд гэртээ иртэл манай байшинд хулгай орж 56 инчийн хар өнгийн Самсунг маркийн зурагт алга болсон байсан тул цагдаад дуудлага өгсөн. Самсунг маркийн 55 инчийн хар өнгийн зурагт байсан, уг зурагтыг манай охин М, хүргэн Б хоёр 2019 онд лизингээр авч өгч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэрч Г.М-гийн: “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ээж над руу утсаар яриад хүргэн та хоёрын авч өгсөн зурагтыг хулгайд алдчихлаа. А- авсан байна гэж хэлсэн. Би Сайн электрониксоос 1,800,000 төгрөгөөр 2019 оны 10 дугаар сард лизингээр авч байсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр лизинг нь төлж дууссан. Самсунг загварын эл си ди маркийн хар өнгийн зурагт байсан. Хулгайч зурагтыг нь аваад удирдлага 3 залгуурыг нь үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21/074 дугаартай хөрөнгийн үнийн: “...Зурагт-1,200,000 төгрөг” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.А-ийн хохирогчийн орон байрыг эзэнгүй, хүнгүй сул байдлыг далимдуулан хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд Э.А нь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.А-ийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Э.А-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Т.Н-д 1,200,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул 1,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Т.Н-д олгохоор шийдвэрлэв   

Хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.А-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Шүүгдэгч Э.А нь 2 дахь удаагаа гэмт хэрэгт холбогдон ирсэн байх бөгөөд тэрбээр бага насны хүүхэдтэй, хүүхдээ ээжийн хамт өсгөн хүмүүжүүлдэг нөхцөл байдал тогтоогдсоноос гадна эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан прокурорын санал болгосон 2 жил 6 сарын хорих ялыг багасгаж доод хэмжээгээр нь тогтоож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Э.А-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирогчид хохирол төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан ч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, засарч хүмүүжээгүй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ат 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.А нь төрсөн эх Ж.О- болон бага насны хүүхэд А.А /РД.../ нарын хамт амьдардаг болох нь оршин суугаа газрын тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба А.А нь одоо эмээ Ж.О-ийн асрамжид байгаа, цаашид зээ хүүгээ асран хамгаалах талаар гэрч Ж.О- нь мэдүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Харин хүүхдийг асран хамгаалах харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудал цаашид үүсвэл Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Э.А-ийн бага насны хүүхэд болох 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн А.А-ыг асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээ авч ажиллахыг оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын А-ийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.А-т 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийн цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ээс 1,200,000 (нэг сая, хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Н-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АЛТАНЦЭЦЭГ