Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0273/Э |
Дугаар | 2022/ШЦТ/280 |
Огноо | 2022-03-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/280
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Э-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000212 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ... ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Ц овогт Э-ы С (РД:...);
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.С нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоот хашаан дотор иргэн Б.Д-тэй “хувийн таарамжгүй” харилцааны маргалдаж, нүүр хэвлий тус газар нь гараараа цохиж улмаар биед нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал), гэрч А.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал), шинжээч С.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1366 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал), шүүгдэгч Э.С-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 31-55 дахь тал) шүүгдэгч Э.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.С нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоот хашаан дотор иргэн Б.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр хэвлий тус газар нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Б.Д-гийн: “...Би Төв аймгийн ... сумын ... дүгээр баг ... дүгээр зөрлөг гэх газар эхнэр, хүүхдийн хамт одоо амьдарч байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн үед эхнэрийн хамаатан болох Б нь эхнэр Н-ийн гар утас руу залгаад манайд хүрээд ирээч, хамт тоглож хоноё гэж гар утсаар ярьсан болохоор би эхнэр хүүхдээ аваад 22 цагийн үед Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо тахилтад байх гэрт нь очсон. Тэгтэл арын гудамж болох ... тоотод С ахын гэрт байна, шууд та нар ороод ир, бид нар тоглож байна гэхээр нь С-ын гэрт орсон. Тэгээд бид хоол унд идэж уусны дараа Б болон түүний нөхөр Т, Түмэн-Эрдэнийн хамаатан С болон түүний эхнэр, би эхнэрийн хамт муушиг тоглосон. Хөзөр тоглож байх хооронд С-ын гэрт байсан 0,75 литрийн Эдэн нэртэй архи нэг шилийг тойруулан ууж эхлэх үед гаднаас С-ын найз гэх залуу халамцуу орж ирээд бид нартай хамт тоглосон. Бид ээлжлэн сууж тоглож байсан бөгөөд шөнө 02 цагийн үед С, найзынхаа хамт хожигдоод эхэлсэн тул намайг хоорондоо элдвээр хэлээд энэ нөхрийг гудамжинд гаргаад дүрчихмээр гар уу үгүй юу гээд байхаар нь би тоохгүй сууж байгаад дахин дахин намайг өдөөд байхаар нь “та хоёр бол амжихгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд С-ын найз гараад явчихсан бөгөөд буцаад ороод ирэхээр нь би согтуу хүнтэй юу ярих вэ гээд байж байхад С надад хандан би чамайг манай найзтай муудалцах юм бол би найзыгаа өмөөрнө шүү гээд байсан. Тэгээд бид гадаа гарч тамхи татаад зогсож байхад намайг С элдвээр хэлээд байхаар нь би маргалдаж байхад С миний цээж рүү цохихоор нь би түүнтэй барьцалдаж авах үед хамт байсан найз нь болон Т нар намайг холдуулсан. Тэгээд би салаад зогсож байхад С хүрч ирээд намайг майктай байхад газар унагаад нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би эхнэр, хүүхдээ аваад харих гэхэд манай эхнэрийг Б болон С нар явуулахгүй, машины түлхүүр гаргаж өгөхгүй байсаар өглөө болгохоор би найз Занабазарыг дуудаж ирүүлээд гэрээс нь машины түлхүүрээ аваад эхнэр хүүхдийн хамт гэр лүүгээ явж байсан чинь цагдаагийн газраас дуудаад байсан.Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг С учруулсан. Шууд нүүр лүү цохиж унагаагаад газарт унагаагаад дээрээс хэд хэд цохисон. Тухайн үед би дээгүүр хувцасгүй нүцгэн байсан бөгөөд цемент дээр цохиулсны улмаас унахдаа авсан гэмтэл байна....Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид аль аль нь хамт тоглож архи уусан болохоор ойлголцоогүй зүйл болсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11, 69 дэх тал),
2. Гэрч А.Н-ийн: “...С-ын гэрт ороход Т Б, С нар архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан бөгөөд бүгдээрээ нийлээд муушиг тоглоод хажуугаар нь пиво архи ууцгаасан. Гэтэл С-ын найз гэх өөрийгөө Ө гэж танилцуулсан залуу орж ирсэн бөгөөд манай нөхөртэй бүгдээрээ хөзөр тоглож байсан. Гэтэл Ө нь хожигдоод манай нөхрийг “чи манай гудамжинд байгаа шүү, бид нар чамайг гадаа гаргаад хүлчхэж чадна шүү” гэж, мөн С нь найз Өгөө өмөөрөөд манай нөхөртэй маргалдаад байсан. Тэгээд С манай нөхөр Д нар байшингаас гараад гадаа маргалдаад байсан, би 9 сартай бага насны хүүхдээ хараад байшинд байсан болохоор гадаа юу болоод байгааг харж чадаагүй. Удалгүй манай нөхөр дээгүүрээ нүцгэн гар нь хавдчихсан, чих, нуруу улайчихсан орж ирсэн бөгөөд С-тай зодолдсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1366 дугаартай:
“Б.Д-гийн биед дух, зүүн зовхи, баруун мөр, бугалга, хоёр дал, зүүн бөөр орчим зулгаралт, хамар, хоёр чихний дэлбэн, зүүн тохой, хэвлийд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
4. Шинжээч С.Э-ийн: “...Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал),
5. Шүүгдэгч Э.С-ын: “...Би уг гэмтлийг учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Д-г гараараа цохиж унагаагаад дээрээс нь нэг удаа цохисон. Д дээгүүрээ нүцгэн байсан бөгөөд шороон дээр өнхрөөд зарим гэмтлүүдийг авсан гэж бодож байна. Гэхдээ би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.С, хохирогч Б.Д нар нь согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, муушиг тоглож байх явцдаа тоглоомоосоо үүдэн маргалдаж улмаар шүүгдэгч Э.С нь хохирогч Б.Дг нүүр болон хэвлий рүү нь цохих зэргээр зодсон үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Э.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь Э.С-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Э.С-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Э.С-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Э-ы С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ