Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2017/01389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.С- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н газарт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 13,419,870 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ариунболд, хариуцагчийн  төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.С- шүүхэд болон төлөөлөгч Д.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Боловсролын газрын дарга 2015 оны 4 сарын 03-ны өдөр Б/45 тоот тушаал гаргаж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Т.Мичигсүрэнгийн 2015 оны 4 сарын 03-ны өдрийн тогтоолыг үндэслэн Ш.С-г ажил албан тушаалыг сургалтын менежер С.Намжилмаад хавсран гүйцэтгүүлэхээр болж Эрүүгийн 201525020089 тоот хэргийг дүүргийн прокурорт шилжүүлсэн ба Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 390 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Боловсролын газрын дарга 2016 оны 4 сарын 04-ний өдөр Б/45 тоот тушаалаар Ш.С-г ** дугаар сургуулийн захирлаар буцаан томилсон байна.

А.Батжаргал нь нэр төрд халдаж, нэр төр гутаасныг сэргээх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гарган намайг хариуцагчаар татан, хэрэг хянан хэлэлцэгдэж шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан. Энэ бүхний үр дүнд сургуулийн хамт олон намайг буруугаар ойлгон миний эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг болон ажилгүй гэртээ сууж, сэтгэл санааны дарамтанд байсан. Мөн ажил албан тушаалыг түр түдгэлзүүлж, миний ажил хэргийн нэр хүнд болон эд хөрөнгөд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан нь прокурорын тогтоолоор тогтоогдсон. Иймд миний ажил хэргийн нэр хүндийг сэргээж, цалинд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсаны төлбөр болох ажилгүй байсан хугацааны олговорт 13,419,870 төгрөг гаргуулахаар шаардсан боловч ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Н газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,419,870 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н газар шүүхэд болон төлөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Т.Мичигсүрэн нь Ш.С-д холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Ш.С-г сэжигтнээр татсан ба 2015 оны 04 сарын 03-ны өдрийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн ** дугаар сургуулийн захирлын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 44.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс олгохыг зогсоосон ба Ш.С- нь 2015 оны 04 сарын 03-ны өдрөөс 2016 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй байдал нь Нийслэлийн Боловсролын газрын холбогдох албан тушаалтнаас шалтгаалсан бус эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбогдолтой байна. Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсанд Н газартай шалтгаант холбоо тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:  

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Ш.С- нь хариуцагч  Н газартхолбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,419,870 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н газар “Эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу ажил үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэнд буруугүй” гэж маргажээ.  

Нэхэмжлэгч Ш.С- нь хариуцагч Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,419,870 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч  НН  газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,419,870 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Н дарга нь Ш.С-г Ерөнхий боловсролын **-р сургуулийн захирлын ажлаас 2014 оны 3 сарын 17-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар үндэслэлгүй халж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 сарын 27-ны өдрийн 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 сарын 15-ны өдрийн 892 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 сарын 04-ний өдрийн 705 дугаар тогтоолоор тогтоогдсон байна.

Нийслэлийн Боловсролын газар нь 2015 оны 2 сарын 26-ны өдөр Ш.С-г Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 9 сарын 16-ны өдрийн 346 дугаар захирамжийг хуурамчаар үйлдэж, иргэний хэрэгт хуурамч нотлох баримт гаргасан гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан ба Цагдаагийн байгууллага уг гомдолд эрүүгийн 201525020089 тоот хэрэг үүсгэж, мөрдөн байцаагчийн 2015 оны 4 сарын 03-ны өдрийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоолоор Ш.С-г захирлын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ш.С-д холбогдох эрүүгийн 201525020089 дугаартай хэргийг 2016 оны 3 сарын 09-ний өдрийн 309 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноор Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 4 сарын 04-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар С.Намжилмааг захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээс чөлөөлж, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Ш.С- үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болжээ.

Нийслэлийн Боловсролын газрын 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 1/225 тоот албан бичигт үндэслэн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Ш.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмтхэрэгт 201525020089 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэлээр 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс Ш.С-г Сонгинохайрхан дүүргийн ** дугаар сургуулийн захирлын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь ажилдаа эгүүлэн тогтоолгосны дараа эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар  нэг жилийн хугацаанд үүрэгт ажлаа хэвийн явуулах боломжгүй болсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг  НН  газарт холбогдуулан шаардсан нь үндэслэлгүй байна.

Цагдаагийн байгууллага нь Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166 дугаар зүйлийн 166.1.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан боловч холбогдох хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тул Ш.С- 2015 оны 4 сарын 03-ны өдрөөс  2016 оны 4сарын 05-ны өдрийг хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 390 дүгээр зүйлийн 390.1-д  зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч,  прокурор, шүүгчийн  хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага нь хариуцагч Н газартай  шалтгаант холбоогүй гэж үзнэ.

Иймд Н газартхолбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,419,870 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийгудирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.5., 69 дүгээр зүйлийн 69.1  дэх хэсэгт заасныг баримтлан Н газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,419,870 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Ш.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ