Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/288

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Х-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203000000067 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д прессийн машин баригч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Архангай аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж ... тоотод түр оршин суудаг, урьд

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй, Д овогт Х-ын Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ядарсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны 10 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Б зам “...” хүнсний дэлгүүрийн урд талын замд “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа явган зорчигч Н.Л-д зогсож зам тавьж өгөлгүй, мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан, мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэг, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах;” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Н.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Зам гарах гэж явснаа санаж байна, тэгээд эмнэлэгт сүүлд ухаан ороод осолд орсноо мэдсэн. Эмчилгээнд 2,100,000 орчим төгрөгийн зардал гарсан. Жолооч надад 1,405,600 төгрөг, 500,000 төгрөгөөр хохирол өгсөн. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...Х.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч, өмгөөлөгч нь “...гэм буруу дээр маргахгүй, хохирол төлбөрөө төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн атлаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны 10 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Б зам, “...” хүнсний дэлгүүрийн урд талын замд “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй явснаас үүдэн явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан иргэн Н.Л-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан зам тээврийн осол гаргасан, улмаар осол гаргаснаа мэдсээр байж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь:

1. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5, 6-12, 14-15 дахь тал),

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэгийг эхлүүлэхэд эсрэг урсгалтай 2 эгнээ замаар автомашинууд хөдөлгөөнд оролцож байгаа нь харагдах ба бичлэгийн 10:40:31 секундэд дэлгүүрээс хар бараан өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүн гарч бичлэгийн 10:40:43 дахь секундэд зорчих хэсэг рүү алхан орж байгаа нь харагдав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан Т.Приус маркийн автомашины ямар нэгэн зогсох, хурд хасах үйлдэл хийлгүйгээр явган зорчигчийг бичлэгийн 10:40:45 дахь секундэд мөргөж байгаа нь харагдлаа...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дэх тал),

3. Хохирогч Н.Л-гийн: “...Би тухайн өдөр өглөө хашааны цасаа шүүрдэж цэвэрлэчхээд дэлгүүр орохоор 10 цагийн үед гэрээсээ гараад гэртээ ойрхон байдаг хүнсний дэлгүүр лүү орох гээд явсан. Ингээд дэлгүүр орох гэтэл мөнгөө гэртээ үлдээсэн байсан болохоор буцаад гэр лүүгээ явахаар явган хүний гарцаар хойноосоо урагшаа зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү ортол зүүн талаас машин мөргөөд намайг газар унагаасан. Тэрнээс хойш явдлыг сайн санахгүй байна. Эмнэлэгт ухаан орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

4. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 852 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...Н.Л-гийн биед баруун талд зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны  дээрх нимгэн ялтаслаг цусан хураа,  зулайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зовхи, өвдөг, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн  үйлчлэлээр  хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар  амь насанд аюултай  тул гэмтлийн  хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

5. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.А-ын: “...Т.Приус маркийн ... улсын дугаартай автомашиныг 2 сарын өмнө манай компанийн захирал миний нэр дээр худалдан авч Б гэх ажилтанд өгсөн. Б нь төлбөр мөнгөө төлж дуусахаар нь нэрийг нь шилжүүлнэ гэж хэлсэн. Надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй боловч Б-ийн эзэмшлийн автомашин. Би удахгүй нэрээ шилжүүлж Б-т өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 24 дэх тал),

6. Гэрч О.Р-ын: “...Би тухайн өдөр ... нэртэй дэлгүүрээс захиалга авчхаад дэлгүүрээс гараад машиндаа суухаар алхаж явтал машин мөргөлдөж байгаа юм шиг чимээ гарахаар нь эргээд хартал явган зорчигч машинд мөргүүлээд шидэгдэж байгаа нь харагдсан. Нөгөө мөргөсөн машин нь бараан өнгийн жижиг суудлын автомашин байсан марк, улсын дугаарыг нь харж амжаагүй, тэр машин цааш явж байснаа хурдаа нэг хасаад буцаад чигээрээ яваад өгсөн. Осол болсон газар нөгөө автомашины ... улсын дугаар унасан байсан. Тэгээд би 102 дугаарын утас руу өөрийн ... дугаарын гар утсаар дуудлага өгсөн. Би түргэний машин болон цагдааг иртэл хүлээсэн. Тэгээд байж байхад явган зорчигчийг мөргөсөн автомашины жолооч нь гээд эрэгтэй, эхнэртэйгээ хамт ослын газар алхаад ирсэн. ...Явган зорчигчийг мөргөсөн автомашины жолооч нь шөнө ажилласан, тэгээд нойрмоглоод мөргөчихлөө гэсэн. Тэгэхээр нь би яагаад зогсоогүй юм бэ гэхэд айгаад зогсоогүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

7. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 9 дугаартай дүгнэлт: “...тоёота приус-11 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын  их гэрлийн бүрхүүл шил хагарсан, салхины шил баруун хэсэгтээ 100х70см хэмжээтэй хагарч цөмөрсөн гэмтлүүд нь зам тээврийн осол гарах үед үүссэн байна” гэж тусгагдсан. (хавтаст хэргийн 52-56 дахь тал),

8. Мөрдөгчийн 58 дугаартай магадлагаа: “...жолооч Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/ “тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн... жолоодох”, мөн дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж,  уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж  байгаа явган зорчигчид  зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс гадна мөн дүрийн 3.5а/б/г-д заасан заалтуудыг зөрчсөн” (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

9. Х.Б нь жолоочийг бүртгэлтгүй (тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй) тухай албан бичиг (хавтаст хэргийн 79 дэх тал),

10. Шүүгдэгч Х.Б-ийн: “...08 цагийн орчим Үйлдвэр кабинетад байдаг ажлаасаа буугаад А гээд хуурай ахын эзэмшлийн Т.Приус-11 маркийн автомашиныг жолоодоод Сонгинохайрхан дүүрэгт байх гэр лүүгээ харихаар явсан. Ингээд гэрийнхээ ойролцоо асфальтан замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаад зүүрмэглэсэн байна лээ, нэг мэдэхэд хүн орилох шиг чимээ гараад би сэрсэн. Тэгээд харахад машины урд салхины шил хагарсан байсан ба тэр үед би хүн мөргөчихлөө гэж мэдээд осол болсон газраас цааш явж байгаад зогсоод толиндоо харахад замын хойд талд нэг эрэгтэй хүн сууж байсан, би айсандаа цааш чигээрээ яваад гэртээ очсон. ...Автомашин нь миний эзэмшлийнх боловч зээлийн гэрээгээр худалдан авах гэхээр болохгүй байсан болохоор захирал А гээд дүүгийнхээ нэр дээр шилжүүлээд надад худалдаж авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогджээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замын ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг”, 3.1.11 дэх заалтад “явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг”, 3.1.4 дэх заалтад “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлэх ба зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “...Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгоно” гэж заасан байна.

Шүүгдэгч Х.Б нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хууль журмын дагуу аваагүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж  Б.А-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн, нөгөөтээгүүр тэрбээр зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж явган зорчигчийг зорчих хэсэг рүү саадгүй нэвтрүүлэх, гаргах арга хэмжээ авах ёстой атал өөрийгөө давуу эрхтэй мэтээр ойлгон чигээрээ шууд явснаас үүдэн гарцаар гарч явсан иргэн Н.Лг мөргөж  зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч Х.Б нь осол гаргаснаа тухайн үед мэдсэн байж осол гаргасан даруй зогсож осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, хохирогчид тусламж үзүүлэх, цагдаад мэдэгдэх ... гэх мэт үүргээ биелүүлэлгүй ослын газрыг зориуд орхиж явсан нийлмэл гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймээс шүүгдэгч Х.Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Л-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 1,405,600 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн шатанд нэмж 500,000 төгрөг, нийт 1,905,600 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Н.Л нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн шүүгдэгч Х.Б, иргэний хариуцагч Б.А нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус тусад нь эдлүүлэх, улмаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ял дээр нэмж нэгтгэх” тухай дүгнэлтийг,

-Хохирогч Н.Л: “...ямар нэгэн саналгүй” гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Х.Б нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлсөн,  хувийн байдлын хувьд 6 сар, 2 болон 6 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхэлдэггүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгэр зүйлийг хэрэглэж тэнсэж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан болгоомжгүй болон санаатай нийлмэл гэмт хэргүүдийг нэг цаг хугацаанд үйлдсэн байх бөгөөд тэрбээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар тодорхой мэдлэг, ойлголтгүй байж тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байгаа нь аливаа эрсдэлийг нэмэгдүүлснээс гадна зам тээврийн осол гарахад шууд байдлаар нөлөөлсөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан байдал, осол гаргасан даруйдаа ослын газрын санаатай орхин явж хохирогчид тусламж үзүүлэх үүргээсээ татгалзсан түүний хүнлэг бус хувийн байдал зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг аль, алиныг нь хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймээс дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хор уршгийн шинж, түүний хувийн байдал, мөн хохирогчид баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Б нь өмнө гэмт хэрэг үйлдэж, торгох ялаар шийтгүүлсэн байх боловч уг ялаа биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд дахин торгох ял оногдуулах нь зохимжгүй, биелэгдэх боломжгүй, иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцон /720:8=90/ 90 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Х.Б-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсныг биелүүлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 3/1693 дугаартай албан бичиг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 73 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2-т “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

Х.Б-ийн шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, мөн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан, тэрбээр бусдад төлөх хохиролгүй байх тул Х.Бийн биелүүлээгүй 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Х-ын Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жил, 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Х.Б нь эмчилгээний зардалд 1,905,600 (нэг сая, есөн зуун таван мянга, зургаан зуу) төгрөгийг хохирогч Н.Л-д төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.А-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Л нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Б, иргэний хариуцагч Б.А нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ