Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0607

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 25 өдөр      Дугаар 128/ШШ2019/0607              Улаанбаатар хот

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Т Ч” ББСБ ХХК РД:,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Ц.М, Д.Х.

Гомдлын шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Шийтгэл ногдуулах тухай” 341804115 дугаар актын 1.4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагч Д.Х, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Т Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...“Т Ч” ББСБ-ын гадаадын хувьцаа эзэмшигч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмнөх хувьцаа эзэмшигч Л.Э-с уг байгууллагыг шилжүүлэн авсан. Ингэж авахдаа бид бэлэглэлийн гэрээ, компанийн хувьцаа шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан байдаг. Анх компанийн удирдлагууд хоорондоо зөвшилцөх үедээ үнэгүй авч ажиллуулах талаараа хэлэлцсэн бөгөөд Иргэний хуульд заасан талуудын гэрээний чөлөөт байдлын дагуу бэлэглэлийн гэрээг байгуулсан. Өмнөх хувьцаа эзэмшигчтэй танилууд тухайн компанийн хувьцааг авахдаа зүгээр авахад эвгүй байсан учир бид 14 сая төгрөг баярлаж, талархсаны үр дүнд шилжүүлэн өгсөн. Бид 100 сая төгрөгийн дүрмийн сантай Банк бус санхүүгийн байгууллага хэдий ч хуульд заасан бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр авсан. Анхны хувьцаа эзэмшигчээс 100 сая төгрөгөөр худалдаж авсан зүйл огт биш. Өмнөх хувьцаа эзэмшигч бидэнд 100 сая төгрөгөөр үүнийг худалдан борлуулаагүй. Гэтэл татварын улсын байцаагч нар 100 сая төгрөгийн дүрмийн сантай компанийг шилжүүлсний орлого хэмээн 100 сая төгрөгийн дүрмийн сангаас нь татвар ногдуулж 40 хувийн торгуулийг оролцуулан 40 сая төгрөгийн татвар ногдуулсан байдаг. Компанийн дүрмийн санг хэдээр тогтоосон ч хувь хүн компаниа хэдэн төгрөгөөр үнэлэх нь тэдний эрх хэмжээний асуудал гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн компанийг хэдээр ч зарж болно. Өөрөөр хэлбэл, бид ямар хэмжээний орлого олж байна түүнээсээ татвар төлөхийг хүссэн. Санхүүгийн зохицуулах хороо болон бусад газруудад хандаж энэ талаар тодруулахад тусгай зөвшөөрлүүдтэй хуулийн этгээдийг бэлэглэлийн гэрээгээр дамжуулдаг гэж тайлбарладаг. Монгол Улсын аль ч хуульд компанийн хувьцааг бэлэглэж болохгүй гэсэн заалт байхгүй. Иймээс бид хуулийн дагуу бэлэглэлийн гэрээний дагуу авсан. Тусгай зөвшөөрөлтэй  компаниудыг шилжүүлэхээр татвар төлөхөөр шилжүүлж байгаа практикийг ойлгож байгаа учраас ямар нэгэн байдлаар татвар төлөхгүй гэж маргаагүй. Гэхдээ өмнөх хувьцаа эзэмшигчид баярласан сэтгэлээ илэрхийлж өгсөн мөнгөнөөс татвар тооцуулъя гэдэг байдлаар хандаж байгаа юм. Мэдээж энэ талаараа тайланд тусгаж өгсөн. Харин дүрмийн сангийн 100 сая төгрөгөөс татвар ногдуулахыг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Практикт дүрмийн сан тэр чигтээ хадгалагдаж байдаг компани гэж байдаггүй байх. Өөрөөр хэлбэл, тэр мөнгө нь зарцуулагддаг мөнгө. Магадгүй 2 тэрбум дүрмийн сантай банк бус санхүүгийн байгууллага 100 сая төгрөгөөр худалдаалагдаж болно. Түүнтэй адил бид 100 сая төгрөгийн дүрмийн сантай компанийг иргэний хуулийн дагуу бэлэглэлийн замаар авсан. Эрх борлуулсны орлого гэж тайлбарлаж байгаа боловч тэр нь эрх борлуулсан гэж үзэх асуудал биш юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нар өөрсдийнхөө үзэж байгаа үзлээр компанид шийтгэл ногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Иймээс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 341804115 тоот актын 1.4 дэх хэсэг буюу 40 сая төгрөгийн татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ц.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Дүрмийн сангийн хэмжээ 100 сая төгрөг байгаа нь компанийн хувьцааны үнэ шингэж, дүрмийн сангаа байгуулсан байдаг. Мөн тухайн компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан байсан. Иймээс тус компани нь татвараас зугтааж, хувьцаа худалдан авах гэрээг байгуулалгүйгээр бэлэглэлийн гэрээ хийсэн байдаг. Үүнийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5-д “эрх борлуулсан” гэж үзэж мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д заасны дагуу 30 хувийн нөхөн татвар, торгууль, алданги тавьсан. Өөрөөр хэлбэл төрийн зохих байгууллагаас тусгайлсан эрх бүхий эрх олгогдсон, хувьцааны үнэ хуваагдсан компани дүрмийн сан бүхий компани учраас дээрх ногдуулсан шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн дүрмийн сангийн бланс дээрээ 100 сая төгрөгийг бэлэн мөнгөөр илэрхийлж, бэлэн мөнгө болон түүнтэй адилтган тайланд тусгасан байдаг. Нэхэмжлэгч урд нь гаргаж байсан тайлбарууддаа дурдахдаа бэлэглэлийн гэрээгээр авсан гэж тайлбарладаг. Гэхдээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ үүнийгээ зөрчиж мөнгө өгөлцөж авалцсан байгаа юм. Үүний цаана ил далд ямар наймаа, тооцоо хийсэн талаар бид мэдэх боломжгүй. Гол нь эдгээр тайлбартаа дурдаад байгаа үйлдлийг бодит байдал дээр үзвэл татварыг нуун дарагдуулах гэсэн зөрчил гэж үзэж байна. Компанийн дүрмийн сан буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани нь оруулсан хөрөнгийн хэмжээгээр бусдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалт байдаг. Тусгайлсан эрхийг борлуулж байсан гэж үзэж бид шийтгэл ногдуулсан. Иймд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын тодруулсан шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан түүний тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, хэргийн оролцогч нарын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.12, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т: “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл ... заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулж өгчээ.

Хариуцагч эрх бүхий улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Тэгвэл, Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх /хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12/, холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох /хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2/, түүнчлэн зөрчил шалгах ажиллагааг дээрх хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх /6.6 дугаар зүйлийн 1.2/ зэргээр гүйцэтгэсэн гэж үзэхээр байгаа боловч, “Компаний хувьцаа бэлэглэх гэрээ[1]”, “Компаний эрх шилжүүлэх гэрээ[2]” –ээр тус тус Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон, ББСБ-ын тусгай зөвшөөрлийн эрхтэй, нэг бүр нь 10.000 төгрөгний үнэ бүхий 10.000 ширхэг хувьцааг иргэд хоорондоо бэлэглэлийн гэрээг хийснээр шинэ эзэмшигчид шилжсэн үйл баримтад, тодруулбал, хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтнаас “2017 оны 11 сарын 30-нд 100.000.000.00 төгрөгийн дүрмийн сантай тусгай зөвшөөрөлтэй компанийг бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5: эрх борлуулсны орлого гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож байна” хэмээн дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэл оногдуулсныг шүүх үндэслэлгүй байна гэж үзлээ. Яагаад гэвэл, эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар “ ... оногдуулах шийтгэл, ... хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээнд нийцсэн байна” гэдэгт нийцүүлээгүй, мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ тохиолдолд холбогдогч “Т Ч ББСБ” ХХК нь “татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан” гэх үндэслэлүүдийн чухам аль хэсгийг зөрчсөн гэдгийг тогтоогүй байгаа нь хууль бус байна.

Нөгөө талаас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бидний бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хувьцааны үнээс шууд нөхөн татвар, төлбөр, алданги тооцож байгаа нь буруу хувьцааны үнийг хэдэн төгрөгөөр ч үнэлэх боломжтой” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй, хариуцагч нь шийтгэлийн хуудсандаа “бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн зөрчил[3]”-д хэмээн зааж, арга хэмжээ авсан нь Зөрчлийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд гомдол гаргагчийн гомдлын тодруулсан шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 341804115 дугаартай шийтгэлийн хуудасны 1.4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.3, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч “Т Ч ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 15-р хуудас

[2] Хавтаст хэргийн 16-р хуудас

[3] Хавтаст хэргийн 72-р хуудас