Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0539/З |
Дугаар | 221/МА2016/0276 |
Огноо | 2016-05-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2016/0276
Иргэн А.Э-А, А.Х, Д.Ц,
Г.М, А.О, А.Б, А.Я нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч А.Я, нэхэмжлэгч А.Э-Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дэлгэрмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Цагаан, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээд С.Ж, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Д.Ундрахтамир нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн А.Э-А, А.Х, Д.Ц, Г.М, А.О, А.Б, А.Я нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 276 дугаар захирамжийн Н.Я, Ж.Т, С.Ж нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт кадастрын бүртгэлтэй, гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдэд газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.
Энэхүү захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн Пишек 27, 28, 29 дүгээр хаягт байрлах тус бүр 500 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмших эрх иргэн Н.Я, Ж.Т, С.Ж нарт үүсчээ. Улмаар 2009 онд тус эзэмшиж буй газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 686 дугаар захирамжаар өмчлүүлсэн бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байх тул Нийслэлийн Засаг дарга тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр өмчлүүлсэн. Ийнхүү эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд бусад газар эзэмшигч, ашиглагч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй бөгөөд ялангуяа нэхэмжлэгч иргэдийн эрх ашгийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар иргэн Н.Я, Ж.Т, С.Ж нарт тус бүрт нь 500 м.кв газар эзэмшүүлсэн байна. Нэр бүхий эдгээр иргэд өргөдөл хүсэлт, тухайн байршлын кадастрын зураг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг хуульд заасан холбогдох материалуудыг бүрдүүлж дүүргийн Газрын албанд хандсанаар иргэн Ж.Тд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Пишек 29 дүгээр хаягт байршилтай 18656311177921 нэгж талбарын дугаар бүхий 0211995 дугаартай гэрчилгээ олгож 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, иргэн Н.Яд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Пишек 28 дугаар хаягт байршилтай 18656311130922 нэгж талбарын дугаар бүхий 0184506 дугаартай гэрчилгээ 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, иргэн С.Жд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Пишек 27 дугаар хаягт байршилтай 18656311155921 нэгж талбарын дугаар бүхий 0184504 дугаартай гэрчилгээ олгож 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлсэн байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргад эзэмшиж байгаа газраа өөрсдийн өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасан бөгөөд уг хүсэлтийг хуулийн дагуу байна гэж Нийслэлийн Засаг дарга үзээд 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжаар эдгээр иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж гэрчилгээжүүлсэн байна. Уг иргэдийн газар эзэмших эрх нь хуульд заасны дагуу холбогдох материалуудыг бүрдүүлж газар эзэмших өргөдөл хүсэлтээ өгч тухайн газруудыг эзэмшсэн байх тул дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн иргэн Н.Я, Ж.Т, С.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцдог тул нэгэнт хүчингүй болсон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Т би 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. 2006 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж 2 жил гаруй явж 2008 онд тус дүүргийн 23 дугаар хороо Хужирбуланд Пишек 29 тоот газрыг эзэмшин авч 2009 онд өмчилж авсан миний өмчийн газар. Тухайн үед би уг газар дээрээ хашаа хатгасан бөгөөд тог цахилгаан очоогүй байсан учраас амьдарч чадаагүй 2010 онд очиход хашаагаа хулгайд ихэнх хэсгийг нь алдсан байсан ба тухайн газар дээр өөр иргэн буусан байсан. Уг иргэнд Энэ газар миний өмчилж авсан газар. Та нар газар чөлөөлж өг гэсэн шаардлага тавьсан боловч намайг элдэв өнгөөр хэлж газар чөлөөлж өгөөгүй.
Би байнгын ажилтай 2 хүүхдээ тэжээх гэж бие муу ч ажлаа таслахгүй цаг наргүй ажилладаг хүн дахин дахин очоод байж чадахгүй байсан. Гэтэл 2013 оноос А.Э-А гэдэг хүн байнга утсаар ярьж мессэж бичиж Газар эзэмших эрхээ шилжүүлж надад өг, хохь чинь шүү, чамайг би яаж л бол яаж чадна гэж байнга доромжилж байна. Энэ А.Э-А нь өөрийгөө Шүүхэд ажилладаг гэж танилцуулж, манай гэрт ирж уулзсан. Тэгэхдээ миний иргэний үнэмлэхний хаягаар манай ахынд очиж өөрийгөө Манай ангийн хүүхэд нь байна гэрийг нь зааж өг гэж худал хэлэн манайд ирж уулзахдаа 500 мянган төгрөгөөр газраа зарчих гэж дайрч доромжлон Чамайг судалсан, чи хил гаалиар гараагүй, 2 хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг зэргээр намайг хаана ажил хийдэг, бүгдийг судалсан байсан. Хуулийн байгууллагын хүн ингэж дур мэдэн, хүнийг тагнаж болдог юм уу.
Би маш их гомдолтой байна. Надруу дайрч, хэл амаар их доромжилж байгаа бичсэн мессэж нь одоо ч миний утсанд байгаа, намайг ядарсан эцэг, эхгүй өрх толгойлсон муу эмэгтэй дээрэлхэж болно гэж бодсон байх. Би энэ хүнээс болж өдий хүртэл өөрийн өмчилж авсан газар дээрээ амьдарч чадахгүй хөлсний байшинд түрээсийн мөнгө төлөн амьдарч байна.
Гэтэл намайг буруутан мэтээр шүүхэд гомдол гаргасан байна. Би энэ бүх жилүүдэд түрээс төлсөн 10 гаруй сая төгрөгийн хохирлынхоо мөнгийг тухайн иргэнээс гаргуулж авах хүсэлтэй байна. Нэг айлын газар дээр яахаараа 7 иргэн гомдол гаргаж байгааг би ойлгохгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд С.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Ж би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд айлын хашаанд гэр барин амьдарч байгаад бага хүүхэд нас бага тул энэ өвөл айлын байр хөлслөн амьдарч байна. Том хүү оюутан, бага хүү гэртээ байдаг, эхнэр хүүхдээ хараад ажилгүй байгаа. Би өөрөө сургуульд жижүүрээр ажилладаг.
Би өөрийн гэсэн газаргүй тул 2005, 2006 онуудад Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж газар хүсэж явсаар 2007 онд одоогийн өмчилж авсан Пишекийн 27 тоот газрыг эзэмшин авсан бөгөөд энэ үед тухайн орчинд ямар ч айлгүй, зөвхөн ард талдаа нэлээд дээр үеийн 2 давхар байшин байсан. Ингээд энэ газраа өмчилж авах хүсэлтээ гаргах гэтэл дүүргийн Газрын албанаас хашаагаа барьсан байх ёстой гэдэг шаардлага тавьсны дагуу 4 тал хашаа барьсан. Газрын албаны хүмүүст хашаагаа үзүүлж, газар өмчлөх хүсэлтээ гаргасны дагуу өмчилж авсан. Энэ үед мөн 2 талын айлууд хашаагаа барьж эхэлсэн. Тэдгээр хүмүүс мөн газар эзэмших гэрчилгээтэй, хашаагаа бариад өмчлөх гэж байгаа гэж ярьж байсан.
Гэвч тухайн үед эхнэр жирэмсэн байсан тул очиж бууж чадаагүй, хашаагаа эргэж очдог байсан. Гэтэл хавар дулаарахаар очтол хашааг маань буулгаад авчихсан. Өөр 2 айл буучихсан байсан. Би Та нар хүний өмчилсөн газар дээр буусан байна. Нүү гээд эхний удаа очиход бид 500 мянган төгрөгөөр танай хашааг худалдаж авъя гэж нэг залуу хэлж байсан. Гэвч би дахиж газар олж авч чадахгүй тул зарахгүй гэж хэлсэн.
Дараа нь 2, 3 удаа очиход эрүүл, согтуу олон хүмүүс гарч ирээд янз бүрээр хашгираад байсан. Эдгээр хүмүүс нь бүгд садан төрлийн ямар нэг холбоо сүлбээтэй хүмүүс гэдэг нь ойлгомжтой байсан. Одоо ч ийнхүү иргэн хүний өмчилж авсан газрыг авахаар ийм олуулаа нийлж, шүүхэд хандаж байгаагаар ойлгомжтой харагдаж байна. Би Газрын албанд газраа чөлөөлүүлэхээр хандаж байсан. Гэтэл чөлөөлж өгөөгүй нэг удаа авах ёстой газраа өмчлөн авсан тул дахин газар өмчлөх эрхгүй гэсэн. Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Н.Я шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Я би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Сүүний үйлдвэрийн 16 айлын 16 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт оршин суудаг. Гэвч манай байр олон жил болсон, дээвэр нурсан зэрэг шалтгаанаар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас Хүн амьдрах боломжгүй гэдэг дүгнэлт гараад 3 жил болж байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай захирамж гарсны дагуу байрандаа амьдарч чадахгүй, гэр барьж айл, айлын хашаа дамжин амьдарч байна. Манай нөхөр хөдөө ажилладаг, 2 хүүхэд бага тул би хүүхдээ хараад ажилгүй байгаа. Манайх өөрийн гэсэн газаргүй байсан тул нөхөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж олон удаа газар хүсэж явсаар, 2007 онд одоогийн өмчилж авсан газрыг авч, 3 тал хашаа барьсан. Ингээд нэг удаа үнэгүй газар газраа өмчилж авсан. Гэвч тухайн үед нөхөр хөдөө ажилтай, би нялх хүүхэдтэй хашаандаа бууж чадаагүй, нөхөр хөдөөнөөс ирээд хашаагаа эргэж очиход айл буучихсан байсан гэсэн.
Манай нөхөр олон удаа очиж энэ бол манай өмчилсөн газар гэж хэлээд газрын гэрчилгээний хуулбараа хүртэл аваачиж өгсөн. Энэ хашаанд нэлээд олон хүмүүс амьдардаг. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй хүмүүс байсан гэсэн. Тэр хавьд манайхаас гадна газар дээрээ бууж чадахгүй байгаа өөр хүмүүс гээд Газрын албан дээр явж байгаад манай нөхөртэй таарсан гэсэн.
Би гэртээ хүүхдээ хардаг тул манай нөхөр хөөцөлддөг, бусад нарийн учрыг би сайн мэдэхгүй байна. Эдгээр хүмүүс бидний бүл чадал муутай, хөөцөлдөж явж чадахгүй байгааг ашиглан хүний өмчилсөн газар дээр буучихаад олон жил хохироож байна гэж бодож байна. Манай байр актлагдсан, өөрийн газраа авч чадахгүй байгаагаас айл, айлын хашаа дамжин маш хэцүү амьдарч байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжийн Н.Я, Ж.Т, С.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Н.Я, Ж.Т, С.Ж нар давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэн С.Ж, Н.Я, Ж.Т бид Баянзүрх дүүрэгт амьдардаг бөгөөд дүүргийнхээ Газрын албанд хандаж газар авах хүсэлт гаргаж явсаар Хужирбулангийн нэлээд хойд хэсэгт байрлах, 2 давхар саарал байшингийн урд хэсэгт, айл байхгүй хоосон хэсэгт газар авч, эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан.
Бид нарыг хашааны газар хайж, хашаа барьж, эзэмших, өмчлөх гэрчилгээгээ авснаас хойш тухайн газраа эргэж очиход хашаа маань нэлээд хэсэг нь алга болсон, 2 айл буусан байсан. Тухайн айлуудтай уулзахаар хэд хэдэн удаа очсон боловч дандаа эзэнгүй, эсвэл согтуу хүмүүс байдаг байсан.
Бид өмчлөлийн гэрчилгээний хуулбараа үлдээгээд явдаг байсан. Гэтэл нэг удаа нэг эрэгтэй ярьж /С.Жтай/ та нар газраа 500.000 төгрөгөөр зарчих гэсэн. Бид дахиж газар авч чадахгүй тул зарахгүй, бид нэгэнт өмчилж авсан тул та нар нүүгээрэй гэж хэлсэн. Бид бүл чадал, машин тэрэг муутайгаас байнга очиж чадахгүй, дээр нь шууд очоод байшин барих мөнгө төгрөггүй, мөн дахиад хашаа барихад алдах эрсдэлтэй зэргээс шалтгаалан тухайн хүмүүст учир байдлаа хэлж, хүлээцтэй хандаж өдийг хүрсэн билээ. Бидний амьдралын бодит байдлыг үзэж, бүхий л бичиг баримт бүрэн байхад, мөн нийслэл, дүүргийн Засаг дарга, газрын албанаас биднийг хууль ёсны дагуу энэ газрыг авсан гэдэг тайлбарыг ирүүлсээр байтал хүний газар дээр хууль бусаар зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа хүмүүсийн талд ийм шийдвэрийг гаргасанд бид үнэхээр гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч нарын Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 276 дугаар захирамжийн Н.Я, Ж.Т, С.Ж нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газарт анх нэхэмжлэгч нэр бүхий иргэд суурьшиж, харьяалах хороонд бүртгэгдэн амьдарсаар ирсэн нь тогтоогдсон бол гуравдагч этгээдүүдийн тухайд газрыг ямар нэг байдлаар эзэмшиж, ашиглаагүйн зэрэгцээ эзэмшихийг хүссэн газартаа хашаа барьсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, өөрсдийн эзэмшиж, өмчилсөн гэх газраа бусдын хууль бус эзэмшилд байгааг мэдсэн атлаа чөлөөлүүлэх талаар эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй байна.
Үүнээс гадна Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаа иргэнд одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор, дүүргийн нутаг дэвсгэрт кадастрын бүртгэлтэй, гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгох зорилгоор гаргасан бөгөөд тухайн үед маргаан бүхий газруудыг ямар нэг байдлаар эзэмшээгүй гуравдагч этгээдүүд хууль тогтоомжид заасны дагуу зохих судалгаа хийж, холбогдох ажиллагааг хийлгүйгээр шууд хамруулсан нь Газрын тухай хуульд нийцээгүй бөгөөд иргэд хооронд үл ойлголцол, маргаан үүсэх нөхцөл болжээ.
Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан байх тул бичиг баримт бүрэн байхад, мөн Нийслэл, дүүргийн Засаг дарга, газрын албанаас биднийг хууль ёсны дагуу энэ газрыг авсан гэх гуравдагч этгээдүүдийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга иргэн Н.Я, Ж.Т, С.Ж нарт тухайн газрыг өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийг зөрчиж газар өмчлөх өргөдлийг хүлээн авч хянах, газар өмчлөх эрх бүхий этгээд зохих журмын дагуу эзэмшиж байгаа эсэхийг бүрэн тодруулаагүй, мөн газрын хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг нь буруу байна.
Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд Ж.Тд мэдэгдсэн[1] тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1 удаа үнэгүй газар өмчлөх гуравдагч этгээд нарын эрхийг тэдгээрт газар эзэмшүүлж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий актуудыг хүчингүй болгосон нь хязгаарлахгүй талаар хийсэн анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР