Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/37

 

В.О, Л.Э, С.Э, Б.И, Х.Д

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга              Н.Энхнаран                 

Прокурор                                   Ч.Мөнхзул

Яллагдагч                                  В.О, Л.Э, С.Э,                 

                                                    Б.И, Х.Д нар оролцов.                            

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЗ/499 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Мөнхзулын бичсэн эсэргүүцлээр, яллагдагч В.О, Л.Э, С.Э, Б.И, Х.Д нарт холбогдох эрүүгийн 201711000121 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Яллагдагч Л.Э нь В.Отэй 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Быг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн С.Э, В.О нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Аыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн В.Отэй 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.Сыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

2. Яллагдагч В.О нь Х.Дтай 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 сарын 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Б-ийн 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан,

-Мөн Л.Этай 2017 оны 02 сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Быг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

-Мөн С.Э, Л.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Аыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн Л.Этай 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.Сыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн В.Онь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 03-04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод оршин суух, Д.Мын байшингийн цонхийг хагалан хууль бусаар нэвтэрч, нууцаар ТСЛ маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн Б.Итой 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух С.Цийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” маркийн зурагт, “Жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн,

3. Яллагдагч С.Э нь өсвөр насны Л.Э, В.Онартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.А-ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890000 төгрөг, нийт 978000 төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

4. Яллагдагч Х.Д нь В.Отэй 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 сарын 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Б-ийн 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан,

5. Яллагдагч Б.И нь В.Отэй 2017 оны 10 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух С.Цийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” маркийн зурагт, “жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЗ/499 дугаар шүүгчийн захирамжаар: Яллагдагч В.О, С.Э, Л.Э, Х.Д, Б.И нарт холбогдох эрүүгийн 201711000121 дугаартай хэргийг харьяалал тогтоолгохоор Прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Нокиа” маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн 26000 төгрөг, баримт бичгээр ирүүлсэн яллагдагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар 4 ширхэгийг тус тус хэргийн хамт хүргүүлж, хэргийг Прокурын газарт очтол яллагдагч В.О, С.Э, Л.Э, Х.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Б.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Мөнхзул эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай танилцахад эрүүгийн 201711000121 дугаартай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнээр өөрчлөн тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт ... мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно” гэх заалт нь энэ хэрэгт огт хамааралгүй бөгөөд өөрөөр хэлбэл прокурор энэ хэрэгт шүүхийн харьяалал тогтоолгох талаар санал гаргаагүй түүнчлэн яллагдагч В.Оийн үйлдсэн 2 хулгайн гэмт хэрэг болон бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэргүүд нь Дорнод аймагт үйлдэгдсэн, хэргийн оролцогч нар тус аймагт оршин суудаг байнгын харьяалалтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр дээрх хэрэгт эрүүгийн 1706026270146 дугаартай Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг нэгтгэсэн болно.

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхээс нэг яллагдагчид холбогдох хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шалгуулж, нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлж гэм буруутай эсэхийг тогтоолгох нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж, дээд шатны шүүхээс ирүүлсэн чиглэлийн дагуу нилээдгүй эрүүгийн хэргүүдийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасанд энэ хэрэг мөн адил хамаарч байгаа.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар яллагдагч нарын гэм буруутай үйлдлүүд нь тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогддог төдийгүй цаашид хэрэгт хийгдэх ажиллагаа байхгүй, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй бөгөөд хэргийн нийт оролцогчдын хүсэлтийг үндэслэж, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх ажиллагаа нь аливаа хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Хэрэв шүүх хэргийг харьяаллын бус гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж тодорхой хуульчилсан байгаа болно.

Иймд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн анхан шатны шүүхийн 2018/ШЗ/499 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаар:

            “1.Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.

            4.Хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ.

            6.Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.

            9.Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно” гэж тус тус заажээ.

В.О, Л.Э, С.Э, Б.И, Х.Д нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг харъяалах шүүхийн үндсэн харьяалалтай байна. Гэтэл прокуророос хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээр шүүхийн харьяалал зөрчигдсөн байна.

Гэвч энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт...” хэмээх харьяаллыг өөрчлөн тогтоож болох үндэслэл байгаа тул шүүгч мөн зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэлгүй, харин мөн зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоолгох асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, харьяаллыг өөрчлөн тогтоох эрх нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнд хадгалагдах тул уг асуудлаар анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргах эрхгүй юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дэх хэсэг нь энэхүү хэргийг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэхийг шаардсан агуулгатай гэж ойлгогдохооргүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгч энэхүү хэргийг “шүүхийн харьяалал зөрчин ирсэн бөгөөд мөн зүйлийн 9 дэх хэсэгт заасан нөхцөлгүй” тохиолдлоос ялгаатай авч үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЗ/499 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Мөнхзулын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч В.О, С.Э, Л.Э, Х.Д нарт авсан цагдан хорих, Б.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                       ШҮҮГЧИД                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                       Л.НАРАНБАЯР