Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/289

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208005440292 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгүүлж, уг торгох ялыг биелүүлсэн тул 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20/604 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, Б овогт Б-ын У (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт автомашин дотор явж байхдаа болон Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гудамжинд хохирогч Ц.Х-ыг хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, цээж баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), гэрч Н.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1363 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), шүүгдэгч Б.У-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 45, 48-52, 54, 60, 62, 64, 77, 78 дахь тал), шүүгдэгч Б.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинд сууж явах үедээ болон гудамжинд хохирогч Ц.Х-тай маргалдан толгойгоороо мөргөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь халдаж  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Ц.Х-ын: “...миний бие 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  найзууд болох У, Б нартай  манай хашаанд байх  ахын гэрт болон  ... эцэс  орж архи уусан.Тухайн үед Б өөрийнхөө машинтай явж байсан. Тэгээд буцаад манай  гэр лүү машинтай  явж байх замд би Б-тэй  бага зэрэг маргаан үүсгэхэд У хажуугаас Б-г өмөөрч  надтай маргаан хийж, надтай цохилцож ноцолдсон. Тэгээд   манай гэрийн ойролцоох гудамж руу  өгсөх үед би машинаас буух зоригоор тийчгэнэж  Утай ноцолдож байгаад Б-гийн машины арааг мулталчихсан, тэгээд намайг буулгачхаад яваад өгсөн. У нь машин дотор байхад намайг мөргөж,  машинаас буусан хойноо  замын хажууд  намайг цохиж заамдаж авсан зэргээс үүдэн  миний биед гэмтэл учирсан. Уг гэмтлийг Б.У учруулсан. Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн баримт байгаа, 400,000 орчим мянган төгрөгийн зардал гарсан байгаа.  Уг зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

2. Гэрч Н.Б-гийн: “...машин дотор явж байхад Х нь миний хажууд сууж байснаа  өмнө болсон хардалтын асуудлаар  над руу агсрах  гээд байсан бөгөөд руль булааж авах гээд байхаар нь  автобусны  буудлын хажуу руу орж зогссон. Тэгтэл ард сууж явсан У нь  Х-т хандаж  “чи хаашаа янзын юм ярьдаг п... вэ, будагны мөнгөөр архи ууна,  уухаараа өмнө болсон юмаа сөхөж  яриад” гэж хэлэхэд  Х эргэж хараад “битгий хуц, би будагны  мөнгөөр ганцаар уугаагүй” гэж хэлээд 1 удаа  цохиж заамдсан. Ер нь хойно суусан цагаасаа эхлээд Х  У нар нь  маргалдаад  явсан бөгөөд  бие биеэ мөргөөд байсан.Тэр хоёр  их хэмжээгээр согтсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1363 дугаартай:

“Ц.Х-ын биед хоёр нүдний  зовхи, цээж, баруун сарвуунд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзүүлэхээс өмнө 3 хоногийн  дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

4. Шүүгдэгч Б.У-ын: “...миний бие Ц.Х-тай машин болон  гудамжинд  маргалдаж улмаар нүдний хэсэгт  мөргөж  гэмтэл учруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.У, хохирогч Ц.Х нар нь нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  маргалдаж улмаар харилцан бие бие мөргөж, цохилцсон, уг үйлдлээс улбаатайгаар  Ц.Х-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч Б.У нь хохирогч Ц.Х-т гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.У-ын  ийнхүү бусдын эрүүл мэндэд халдсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.У-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь 400.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн ч эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.У-аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь Б.У-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Б.У-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.У-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ц.Х нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлаа нотлох баримтдаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.У-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ