| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0015/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/014 |
| Огноо | 2022-01-25 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Н.Нямдорж,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* /Онлайнаар/,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогтой *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн сумын “ гэх газарт иргэн *******тэй тарвагачилж явж байхдаа Мустанг-5 маркийн мотоцикл дээр суух оролдлого хийх үедээ сумаар цэнэглэсэн байсан Тоз-8 загварын бага калибрын винтов буунаас сум алдан иргэн *******гийн цээжин тус газар нь буудаж түүний эрүүл мэндэд цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, дэлүүний задрал, ходоодны цоорол, өрцний цоорол, цээж хэвлийн хөндийд шингэн, цус хуралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн сумын “ гэх газарт иргэн *******тэй тарвагачилж явж байхдаа Мустанг-5 маркийн мотоцикл дээр суух оролдлого хийх үедээ сумаар цэнэглэсэн байсан Тоз-8 загварын бага калибрын винтов буунаас сум алдан иргэн *******гийн цээжин тус газар нь буудаж түүний эрүүл мэндэд цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, дэлүүний задрал, ходоодны цоорол, өрцний цоорол, цээж хэвлийн хөндийд шингэн, цус хуралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь ...
Хохирогч *******гийн... 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагаас 16 цаг цагийн хооронд сумын төвөөс хөдөө гэр лүүгээ төрлийн ах *******ын хамт явж байсан. Бид хоёр Мустанг-5 маркийн мотоциклоор ******* ах хойно суусан явж байсан. Замдаа манай ах ******* нэг тарвага буудсан. Тэр тарвагаа авчхаад цааш өндөр гүвээ рүү өгсөж явтал мотоцикл хүч алдаад зогсоод, ******* ах мотоциклоос буучихсан Тэгээд би мотоциклоо тэгшлээд ахыг суулгасан. Тэгтэл ах мотоцикл дээр суух гээд хөлөө давуулж байтал буу дуугарсан. Тэгтэл миний цээж хэсэгт халуун оргиод явчихсан. ах “юу болов, яав, ийв” гээд буугаа газар шидчихээд сандраад байхаар нь “эмнэлэг явъя” гэсэн. Тэгээд би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь гэх айлын гадаа ирсэн байсан. Тэгээд ахын машинаар сумын төв явсан. Замдаа нэг айлын гадаа хальт зогсож “түрэн дуудчихаарай” гэж хэлчхээд явсаар байгаад эмнэлэг дээр ирсэн. Бид 2 хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй ... Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй учир Баянхонгор аймагт очиж хэргийн материал болон шинжээчийн дүгнэлттэй танилцах шаардлага байхгүй. Мөн шүүх хуралд өөрийн биеэр оролцох шаардлагагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 34 /,
Иргэний нэхэмжлэгч *******гийн ... ******* хотоос хүрч ирчхээд “буугаа өгчих, хөдөө авч явчхаад эргээд авч ирээд өгье” гэхээр нь өгөөд явуулсан. Уг буу нь миний өөрийн эзэмшлийн буу. Би гэх хүнээс 2021 оны 06 дугаар сард худалдаж авсан. Худалдаж авахдаа нотариатаар батлуулсан бичиг байгаа ...Би буугаа төрсөн дүүгийн хүүхэд болох ******* гээд залууд өгсөн. Хотоос ирчхээд “буугаа өгчих хэд хоног хөдөө явчхаад ирье” гэж гуйгаад авсан Би уг буугаа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр билүү 02-ны үед л өгсөн. Миний буу Тоз-8 маркийн буу байгаа юм. Хөдөө тарвага агнах зорилгоор авч явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39, 56/,
Гэрч Ж.ын ... 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байсан чинь аа гэж хочилдог *******, хоёр мотоциклтойгоо гэрийн үүдэнд уйлчихсан ирсэн. Бямбасүрэн араар нь суучихсан хагас ухаантай ирсэн. ирэнгүүтээ “түргэн дуудаад өгөөч” гэхээр нь түргэн дуудаж өгөөд тэр хоёрыг сумын төв рүү өөрийн машинд суулгаад явсан. Түргэний тэрэг урдаас ирээд тэр хоёрыг авсан. Тэгээд би сумын төв рүү ороод 2 цагдаагийн хамт хэргийн газрын хамгаалалтад хоносон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,
Гэрч ...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим “сум алдаж цээжин тус газар нь онож цус алдаад байна” гэхээр нь би хэсгийн төлөөлөгчийн хамт эмнэлгийн машинаар явсан. Тэгээд явсаар байгаад гүүр гараад 10 км орчим явж байхад хар өнгийн суудлын машинтай хүн ирж зогссон. Тэгээд буудуулсан өвчтөнийг машинд суулгаад сум руу ирж анхан шатны тусламж үзүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/,
Шүүгдэгч *******ын ...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг өгсөн. Тарвага тааралдвал цаг алдалгүй буудах зорилгоор буунд сум хийсэн байсан юм. Тухайн үед энэ бууг цэнэглэсэн эсэхээ санахгүй байна. Тус өдөр буунд хүрсэн зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн ...Иргэн *******гийн биед цээж хэвлийн хөндийд нэвт шарх, дэлүүний задрал, ходоодны цоорол, цээж хэвлийн хөндийд шингэн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь буудалтын 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн *******гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 61-62/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн ...Шинжилгээнд ирүүлсэн *******ын биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Цусанд хийсэн химийн шинжилгээгээр 0.6 промилли илэрлээ. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 68-69/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 4271 дугаартай шинжээчийн ... шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 11525, замгийн 9207 дугаартай Тоз-8 маркийн галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн *******гийн өмсөж явсан гэх дээлийн ар талд үүссэн цооролтод дарь тортгийн үлдэж элемент илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн *******гийн өмсөж явсан гэх дээлийн ар талд үүссэн цооролтоос илэрсэн дарь тортгийн үлдэц элемент нь шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 11525, замгийн 9207 дугаартай тоз-8 маркийн галт зэвсгээр буудагдах үед үүссэн байж болно. Шинжилгээнд ирүүлсэн *******гийн гарын арчдас, Иргэн *******ын 4 ширхэг гарын арчдас тус бүрээр ямар нэг дарь тортгийн үлдэц элемент илрэхгүй байна... гэсэн дүгнэлт / хх-ийн 72-73/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2665 дугаартай шинжээчийн ...Шинжилгээнд замаг 9207 дугаартай, сангийн анги 11525 дугаартай 1955 онд ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Тоз-8 загварын бага калибрын винтов буу ирүүлсэн байна. Уг бууны эд ангийг засварлаж өөрчлөөгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг гох дарагдаагүй үед буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн сумны хонгионы малгайн хэсэгт үүссэн цохигчийн мөр нь сангийн анги 11525 дугаартай, замаг 9207 дугаартай галт зэвсгээс загвар болгон авсан хонгионы малгайн хэсэгт үүссэн цохигчийн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн сумны хонгио нь сангийн анги 11525 дугаартай, замаг 9204 дугаартай галт зэвсгээр буудлага үйлдсэн байна... гэсэн дүгнэлт / хх-ийн 80-81/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2666 дугаартай шинжээчийн ...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн шаргал өнгийн дээлд эдэлгээний явцад үүссэн хуучин урагдалт байна. Хүрэн, , Цагаан, Ногоон өнгийн хөндлөн судалтай цамц, саарал өнгийн футболконд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. /Хохирогчийн хувцсыг тайлах зорилгоор хайчаар үүссэн байж болно/. Хүрэн, улаан, цагаан, ногоон өнгийн хөндлөн судалтай цамцанд татах чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шин ханзралт байна. Хүрэн шаргал өнгийн дээл, ногоон цоохор өнгийн хүрэм, задгай энгэртэй бор өнгийн ноосон цамц, хүрэн, улаан, цагаан, ногоон өнгийн хөндлөн судалтай цамц, цагаан саарал өнгийн Футболконд дулааны үйлчлэлийн улмаас үүссэн шинэ түлэгдсэн цооролтууд байна... гэсэн дүгнэлт / хх-ийн 88-89/,
“Энх нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ...Тоз-8 маркийн калибрын винтов бууны үнэлгээ 650.000 төгрөг болохыг тодорхойлов... гэсэн дүгнэлт / хх-ийн 97/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/,
Худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 41/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-ийн 101-107/,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 155/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч *******ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн баримт хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн Тоз-8 маркийн бага калибрын винтов маркийн галт зэвсгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул эд мөрийн баримтаар хураагдсан Тоз-8 маркийн бага калибрын винтов бууг хураан авч хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлж, уг галт зэвсгийн үнэ 650.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д олгов.
Мөн эд мөрийн баримтаар хураагдсан сумны хонгио 1 ширхэг, дээл 1 ширхэг, улаан өнгийн малгай 1 ширхэг, улаан, цагаан саарал алаг цамц 1 ширхэг, бор хүрэн цамц 1 ширхэг, цагаан подволк 1 ширхэг, эрээн өнгийн дессантан г*******р хувцас 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхэг, *******гийн 4 ширхэг гарын арчдас, *******ын 4 ширхэг гарын арчдас, Завхан аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тарвага 1 ширхэг зэргийг тус тус устгаж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иргэний нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн 9207 замгийн дугаартай, 11525 гол төмрийн дугаартай, Тоз-8 маркийн бага калибрын винтов маркийн галт зэвсгийг хураан авч хадгалуулахаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иргэний нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн 9207 замгийн дугаартай, 11525 гол төмрийн дугаартай, Тоз-8 маркийн бага калибрын винтов маркийн галт зэвсгийн үнэ 650.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан сумны хонгио 1 ширхэг, дээл 1 ширхэг, улаан өнгийн малгай 1 ширхэг, улаан, цагаан саарал алаг цамц 1 ширхэг, бор хүрэн цамц 1 ширхэг, цагаан подволк 1 ширхэг, эрээн өнгийн дессантан г*******р хувцас 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхэг, *******гийн 4 ширхэг гарын арчдас, *******ын 4 ширхэг гарын арчдас, Завхан аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тарвага 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА