| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00240/И |
| Дугаар | 103/ШШ2017/00311 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2017/00311
| 2017 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2017/00311 | Улаанбаатар хот |
2017 07 28 103/ШШ2017/00311
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Аз Өсөх Билэг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1984 онд төрсөн, эрэгтэй, халх, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 9 дүгээр байрны 20 тоотод оршин суух Тайж овогт Даваажавын Баттөрд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11.658.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Аз Өсөх Билэг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өсөхбаяр, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Баттөр нь 2016.06.11-ний өдөр барьцааны гэрээ байгуулж 6.700.000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлдэж авсан. Барьцаанд БРА 63-13 улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн Honda civic маркын автомашиныг манай компаний нэр дээр шилжүүлэн барьцаалсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд зөндөө харж хүлээсэн боловч хүүний төлөлт хийхгүй байна. Зээлийн хэмжээ 6.700.000 төгрөг, хүү сард 268.000 төгрөг. 2016.06.11 ний өдрийн барьцааны гэрээ 2016.10.11 ний өдөр дуусгавар болсон бөгөөд 2017.05.11 хүртэл нийт 213 хоног хугацаа хэтэрсэн. 4 сарын хугацаанд төлөх хүү 1.072.000 төгрөг, үндсэн зээл 6.700.000 төгрөг, алданги 3.886.000 төгрөг нийт 11.958.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өсөхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч Баттөр нь анх 2015.01.06 ны өдөр барьцаат зээлийн гэрээ хийж 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй авсан. Барьцаанд нь 2 автомашин тавьсан. Зээл авснаасаа хойш 2015.02.13 нд 1.000.000 төгрөг , 2015.04.06 нд 500.000 төгрөг нэмж авсан. Зээлийн хүүний төлбөрийг сар бүр төлж байсан боловч зарим саруудад дутуу төлж байсан. Барьцааны гэрээг 2016.03.06 хүртэл сунгасан. 2016.06.11 ний өдөр үндсэн зээлээс 6.000.000 төгрөгийг төлж нийт төлвөл зохих зээл, хүүгээ тооцож үзэхэд 6.785.850 төгрөг дутуу төлөгдсөн байсан. Зээлдэгчийн хүсэлтээр үлдэгдэл төлбөр дээр нь шинээр гэрээ хийсэн. Тэгэхдээ энэ мөнгийг бэлнээр Баттөрт өгөөгүй, үлдсэн төлбөр 6.700.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэсэн гэрээ хийсэн. Зээлдэгч амаар хүсэлт гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.
Хариуцагч Д.Баттөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аз өсөх билэг ХХК-ийн барьцаат зээлийн газраас анх 2015 оны хавар 6.000.000 төгрөг авч өөрийн эзэмшлийн Polo 68-33 БРА, Civic 63-13 БРА маркийн 2 авто машиныг барьцаалан нэр дээр нь шилжүүлэн 6 сараар гэрээ хийсэн. Ингээд сар бүр хүүг төлж явсан. 2-3 сарын дараа 1.000.000 төгрөг, мөн 2-3 сарын дараа 500.000 төгрөг тус тус нэмж авсан. Хэсэг хугацаанд хүүг нь төлж чадахгүй байж байгаад хамгийн сүүлд 2016 оны 02 сард шүүхэд өглөө гэж дуудаад байхаар нь өөрийн ах Эрдэнэбаатарт 6.000.000 төгрөгийг өгч явуулсан. Polo маркын 68-33 БРА машиныг буцаан авч Civic 63-13 БРА машиныг үлдээсэн. Энэ хугацаанд гэрээний сунгалт огт хийгдээгүй бөгөөд шинээр нэмж гэрээ хийгдээгүй болно. Нэхэмжлэлд дурьдсан 2016 оны 06 сарын 11 ний өдрийн 6.700.000 төгрөгийн зээлсэн гэрээг би огт мэдэхгүй. Би 6.700.000 төгрөг зээлдэж аваагүй, надад 6.700.000 төгрөг өгөөгүй. Иймээс би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд 2016 оны 06 сарын 16-ны үед 6.000.000 төгрөг төлснөөр миний төлөх ёстой үлдэгдэл мөнгө үндсэн зээлийн 1.500.000 төгрөг л төлөгдөөгүй үлдсэн. Гэрээний хугацаанд би 6 сар хүүгээ тогтмол төлж байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК нь хариуцагч Д.Баттөрд холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 6.700.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.072.000 төгрөг, алданги 3.886.000 төгрөг, нийт 11.658.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь 2016 оны 06 сарын 11 ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулаагүй, 6.700.000 төгрөг зээлдэж аваагүй, 2015 оны 01 сарын 06 ны өдрийн гэрээгээр авсан 6.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн, нэмж 1.500.000 төгрөг авсан, гэрээний сунгалтууд огт хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК , хариуцагч Д.Баттөр нарын хооронд 2015 оны 01 сарын 06 ны өдөр 21 дугаартай 2 барьцааны гэрээ байгуулагдаж 6.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, графикт заасан үндсэн зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон, гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдэгч нь 2015.02.13 ны өдөр 1.000.000 төгрөг, 2015.04.06 ны өдөр 500.000 төгрөг нэмж зээлдэж авсан байх ба барьцаанд өөрийн эзэмшлийн Polo 68-33 БРА, Civic 63-13 БРА маркийн 2 авто машиныг барьцаалжээ.
Талууд зээлийн гэрээг 2015.04.06 наас 07.06 хүртэл 3 сараар, 2015.07.06 наас 10.06 хүртэл 3 сараар, 2015.10.06 наас 2016.03.06 хүртэл 5 сараар тус тус 3 удаа сунгасан байна. Зээлдэгч Баттөр нь гэрээний хугацааг огт сунгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний сунгалт хийж гарын үсгээ зурсан, түүний гарын үсэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.06.30 ны өдрийн 3549 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гарын үсгээ зураагүй, гэрээний сунгалт хийгээгүй гэх тайлбар татгалзлаа хариуцагч өөрөө баримтаар нотолж чадаагүй болно.
Зээлдэгч Баттөр нь барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2015.01.06 ны өдрөөс 2016.06.11 ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүд 6.065.000 төгрөг, үндсэн зээлд 6.000.000 төгрөг нийт 12.065.000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй байна.
Барьцаат зээлийн гэрээний үүргийг шүүх тооцож үзэхэд:
1. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь 6.000.000 төгрөгийн 1 сарын хүүд 420.000 төгрөг, нэг хоногт 14.000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй. 2015.01.06 наас 02.13 хүртэл 37 хоногийн хүүд 518.000 төгрөг,
2. 02.13 нд нэмж 1.000.000 төгрөг авч үндсэн зээл 7.000.000 төгрөг болсон. 1 сарын хүүд 490.000 төгрөг, нэг хоногт 16.333 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй. 2015.02.13 наас 04.16 хүртэл 52 хоногийн хүүд 849.333 төгрөг,
3. 2015.04.06 нд нэмж 500.000 төгрөг авч үндсэн зээл 7.500.000 төгрөг болсон. 1 сарын хүүд 525.000 төгрөг төлөх үүрэгтэй. 2015.04.06 наас 2016.03.06 хүртэл 11 сарын хүүд 5.775.000 төгрөг нийт 7.142.333 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байсан байна.
4. Зээлдэгч нь 2016.03.06 ны өдрийн байдлаар хүүгийн төлбөрт 6.065.000 төгрөг төлсөн байх ба төлвөл зохих 7.142.333 төгрөгийн хүүгийн төлбөрөөс хасаж нийт гүйцэтгээгүй үүргийг тооцвол үндсэн зээлд 7.500.000 төгрөг, хүүд 1.077.333 төгрөг нийт 8.577.333 төгрөгийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй үлджээ.
5. 2016.03.06 наас 06.11 хүртэл үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учраас гэрээний 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу зээлдэгч 0.5 хувийн алданги төлөх үүрэгтэй. 8.577.333 х 0.5 = 42.886. Хугацаа хэтрүүлсэн хоногийг тооцвол 97 хоног байх ба 97 х 42.886 = 4.159.942 төгрөг болжээ.
6. Зээлдэгч нь 2016.06.11 ний өдөр үндсэн зээлээс 6.000.000 төгрөг төлснийг хасаж үзвэл 2016.06.11 ний өдрийн байдлаар зээлдэгч Баттөр нь үндсэн зээлд 1.500.000 төгрөг, хүүд 1.077.335 төгрөг, алдангид 4.159.942 төгрөг төлөх үүрэгтэй үлдсэн байна.
2016.06.11 ний өдөр талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр 6.700.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэхгүй, өөрөөр хэлвэл зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 6.700.000 төгрөгийг бодитойгоор шилжүүлээгүй, 2015.01.06 ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ тооцож, зээлийн үлдэгдэл төлбөр дээрээ дахин шинээр зээл нэмж олгосон мэтээр гэрээ хийсэн нь хуулийн зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх гэснийг зөрчсөн байх тул талуудын хооронд 2016.06.11 ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Зээлдэгч Баттөр, зээлдүүлэгч Аз Өсөх Билэг ХХК-ийн хооронд 2015.01.06 ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнүүд нь 2016.06.11 ний өдөр дуусгавар болсон байна гэж үзэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус зааснаар зээлдэгч Баттөрөөс үндсэн зээлд 1.500.000 төгрөг, хүүд 1.077.335 төгрөг, алдангид 4.159.942 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 4.920.723 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.6-д Зээл буцаан төлөх хуваарийг 5 болон түүнээс дээш хоногоор зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг авалгүйгээр тухайн автомашиныг хаана байгаа газраас нь зээлийн ажилтан жолоодон авч ирж зогсоолд тавина. Хэрэв 10 хоногийн дотор зээл хүүгээ төлөөгүй тохиолдолд барьцаанд байгаа хөрөнгийг худалдан борлуулах эрхийг эдэлнэ, автомашиныг авчрахад гарсан зардлыг зээлдэгч хариуцана, 2 дугаар зүйлийн 2.1.5-д Зээлдэгч зээл, зээлийн хүүг төлөх хугацаанаас 5 болон түүнээс дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд зээлдүүлэгч барьцааны машиныг шууд хураан авах эрхтэй, 3 дугаар зүйлийн 3.5-д Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар үл маргах журмаар хураан авч албадан борлуулан хохирлоо гаргуулан авна, 3.5.2-д Энэхүү гэрээний 3.5 заалтын дагуу гэрээний үүргийг хангуулахаар болсон тохиолдолд зээлдэгч түргэн зарах үнэ буюу 6.000.000 төгрөгөөр бусдад зарж хохирлоо гарган авахыг Баттөр би зөвшөөрч байна. Зээлдэгч зээл болон барьцаа хөрөнгөтэй холбоотой нөхцлийг хүлээн зөвшөөрсөн болно гэх зэргээр зээлдүүлэгч өөрт илтэд ашигтай заалтуудыг гэрээндээ тусгасан боловч зээлдүүлэгч нь дээрх өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлдэггүй, автомашин барьцаалсан атлаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулахгүй байгаа нь ойлгомжгүй байгааг зээлдүүлэгч анхаарвал зохино.
Нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт барьцаалан зээлдэх газраас барьцаа хөрөнгөтэй зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрхийг зохицуулсан заалттай нийцээгүй, барьцааны гэрээгээр хөдлөх хөрөнгө болох машиныг барьцаалсан боловч барьцааны зүйлийг зээлдүүлэгчийн эзэмшилд бодитойгоор шилжүүлээгүй, гэрээгээр зээлдэгчийн өөрийнх нь эзэмшил, ашиглалтад байлгасан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6.737.277 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 122.746 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тайж овогт Даваажавын Баттөрөөс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6.737.277 /зургаан сая долоон зуун гучин долоон мянга, хоёр зуун далан долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.920.723 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 201.478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баттөрөөс 122.746 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ