Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/38

 

Б.П, Х.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран

  Прокурор                                                   С.Ариунаа

  Шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч                       М.Энхтуяа

  Шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч                       Д.Урансувд, Ц.Амар, Г.Учрал    

нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Эын давж заалдах гомдлоор Б.П, Х.Э нарт холбогдох эрүүгийн 1721001780176 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Угтаалцайдам суманд 1992 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Х овогт Б П.

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1967 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, “Х ш” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 хороо Зайсан тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Д овогт Х-ийн Э.

Шүүгдэгч Б.П нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутагт “Гэдгэр” гэх газарт хадлангийн бригадад тракторын жолоочоор ажиллаж байхдаа 56-86 ТӨ дугаартай трактор жолоодон өвс преслэгч чирж явахдаа Н.М-ыг мөргөж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон,

Шүүгдэгч Х.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг биелүүлж ажиллаагүйн улмаас 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Гэдгэр” гэх газарт Н.М нь тракторын преслэгчид мөргүүлж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаа шүүгдэгч Б.П, Х.Э нарыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний, акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Х овогт Б-ны П, шүүгдэгч Д овогт Х-ийн Э нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний, акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, шүүгдэгч Х.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

3/ Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.П, Х.Э нар нь тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

4/ Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Пд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Х.Эд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

5/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

6/ Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 15000000 төгрөгийг өгсөн/ болохыг тус тус дурдаж,

7/ Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тракторын аккумляторын таг 1 /нэг/ ширхэгийг шүүгдэгч Б.Пд, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Пын НТ92112616 регистрийн дугаартай, шүүгдэгч Х.Эын НЮ67120272 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шүүгдэгч нарт тус тус буцаан олгож,

8/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.П, Х.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. ... Миний бие болон Б, П, Ц, Б, талийгаач М, Э, О, А, Г нар нь хадлан бэлдэхээр тухайн газарт 2017 оны 08 сарын 20-ноос эхэлж ажиллаж байсан ба холбодох тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал хэвийн, тухайн үед ажиллаж байсан хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч ажиллаж байсан. Тухайн үед шүүгдэгч Пын унаж байсан 56-86 ТО улсын дугаартай трактор хэвийн ажиллаж байсан. Шүүхээс тракторын таг унах үйл баримтыг тоног төхөөрөмжийн аюулгүй  байдалд хяналт тавиагүйн улмаас үүссэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн трактор нь Монгол улсад мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байсан. Мөн хадлан бэлдэж байгаа газар нь хээр тал буюу засмал замгүй, донсолгоотой өгсүүр газар байсан. Тракторын аккумляторын таг гэж байгаа тухайн хайрцаг нь дотор аккумлятор болон өөр бусад эд зүйл байгаагүй. Уг таг унах нь тээврийн хэрэгслийн буюу тракторын үйл ажиллагаанд ямар нэг сөрөг нөлөөгүй, преслэгч машинд орсон ч сөрөг нөлөөгүй буюу техникийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй болох нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүхээс намайг тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Монгол улсын эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн шинжийн хувьд шууд шалтгаант холбооны онолыг баримталдаг гэж ойлгож байна. Эдгээр байдлаас үзэхэд талийгаач Мөнхбаяр нь тракторын үйл ажиллагаа явагдаж байхад аккумляторын таг авах үйлдэл хийсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт заасныг зөрчиж, явж байгаа тээврийн хэрэгсэл болох трактор, преслэгч машины дундуур орж мөргүүлсний улмаас нас барсан байхад энэ үйл баримтыг шууд бус байдлаар надтай холбон тайлбарлаж гэм буруутай гэж үзэж байгаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Учрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Э нь эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ явахаар  виз мэдүүлэх, хүү нь АНУ-ын виз мэдүүлэх шаардлагатай. Эдгээрт Х.Эын хувийн байдлыг харгалзан үздэг тул давж заалдах гомдол гаргахаас аргагүй байдалд хүрсэн юм ” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Х.Эыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн гэсэн  шинжээч нарын анхны дүгнэлтийг үндэслэсэн боловч нэмэлт дүгнэлтийг яагаад үнэлээгүй гэдэг үндэслэлээ тодорхойлоогүй. Сүүлийн нэмэлт дүгнэлт нь үйл баримт илүү тодорхой болсны дараа, тодруулбал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга Х.Э өгч байсан гэдэг нь нотлогдсоны дараа гарсан тул өмнөх дүгнэлтээс илүү үндэслэлтэй болсон. Тракторын номер тогтоосон таг унаснаас болж хүн нас барсан уу эсхүл  тагийг авах гэж прэслэгч дундуур орсноос нас барсан уу? Ингэж үзвэл хохирогчийн хэт болгоомгүй үйлдлээс болж осол болсон гэж үзэхээр байна. Хэрвээ Б.П хохирогчийг ухасхийхийг харсан атлаа трактороо зогсоогоогүй бол энэ болгоомжгүй үйлдлээс болж нас барсан юм биш үү. Ингээд үзвэл Х.Эын үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх сүүлийн шинжээчийн дүгнэлтийг баримтлах ёстой байсан. Хадланд гарч ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ хөдөлмөр, эд хөрөнгөөрөө нэгдэж үйл ажиллагаа явуулж байсан тул Х.Э хэн нэгний өмнө илүү хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Тээврийн хэрэгслийн урдуур орсон нь хохирогчийн өөрийнх нь буруу. Иймд Х.Эод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Пыг тусламж үзүүлээгүй гэж буруутгасан байдаг. Тусламж үзүүлэх нь Б.Паас бусад хүмүүст хамаатай юу гэдэг асуулт тавиад үзвэл Х.Э бас холбогдоод ирдэг. Зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүлсэн бол амьд үлдэх байсан  эсэхийг тогтоогоогүй.  Б.Пын ямар хууль бус үйлдэл хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой гэдгийг нарийн тодорхойлоогүй” гэв.

Прокурор С.Ариунаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрвээ тухайн таг унаагүй бол хохирогч тэрийг авах гэж тонгойхгүй байх байсан. Х.Э нь хадлангийн бригадыг ахлаж байгаагийн хувьд аюулгүй байдалд хяналт тавих ёстой. Х.Э, Б.П нарын болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Нотлох баримтуудыг судлан үзвэл “шүүгдэгч Б.П, хохирогч Н.М нар нь хамт ажиллаж байх явцад буюу Б.П нь трактор жолоодон өвс прeслэгчийг чирж явах, Н.М нь прeслэгчийн тохиргоог хийж байх явцад осол болж Н.М нь преслэгч машинд өртөн нас баржээ” гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Гэрч Н.Б “...талийгаач преслэгчийн хэвийн ажиллагааг хангах үүрэгтэйгээр хадлангийн бригадад ажиллаж байсан. Шаардлагатай үед преслэгч дээр зогсож өвсөө боож байгаа эсэхийг нь харж тохируулдаг. Хэрэг болохоос өмнө нь преслэгчээр нойтон өвс боогоод аппаратны зүүг чихсэн учир салгаж засварлаад 2017.09.14-нд зөв горимоор ажиллаж байгаа эсэхийг шалгах гээд Пүрэвбаттай хамт явж байсан” /хх-ийн 81-р тал/, шүүгдэгч Х.Э “Талийгаач өвс преслэгч эвдэрвэл тохиргоог нь хийх гэж дугуйны хойд талын хөндлөн раман дээр, хоёр талаас нь хаяадаа гарч зогсож хардаг байсан. 09 сарын 13-ны өдөр преслэгчийн боох аппаратны 2 зүү чихэгдэж эвдэрсэн учир 09 сарын 14-ний өглөө талийгаач преслэгчээ засварлаад өвс преслэхээр явахад нь хамт очиж тохируулахаар явсан байсан” /хх-ийн 54-55-р тал/ гэж тус тус мэдүүлсэн байна.

            Шүүгдэгч Б.П нь өөрийнхөө чирж явсан преслэгч машинд хохирогч Н.М хэрхэн өртсөн болохыг хараагүй гэж мэдүүлж байгаа нь түүнийг тухайн үед зохих ёсоор анхаарал болгоомжтой ажиллаж байгаагүйг нотолж байна.

            Харин шүүгдэгч Х.Эыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Хадлангийн ажил нь “Хэрлэн Шанд” ХХК-иас Баяндэлгэр сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн даргатай байгуулсан гэрээний /хх-ийн 146-р тал/ дагуу явагдаж байсан учраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг тус компанийн захирлын хувьд Х.Э хариуцах бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нь  хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтнаас гадна иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид, хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажиллаж буй иргэн, хөдөлмөр эрхлэгчид нэгэн адил хамаарна.  

            Гэвч Х.Эын болгоомжгүй гэмт санаа, түүнчлэн үйлдэл /эс үйлдэл/ ба хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

            Х.Э нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүргийнхээ дагуу тракторын дугаар тогтоосон төмөр мултран унахыг мэдэх боломжтой байсан гэж үзэж болох ч уг төмөр унах явцдаа хохирогчийг гэмтээгээгүй. Харин Х.Эыг “уг төмөр мултран унах ба түүнийг хэн нэг нь авах гэж байгаад преслэгчид өртөхийг урьдчилан мэдэх, ухамсарлах боломжтой байсан” гэж үзэх үндэслэлгүй байна.

            Түүнчлэн тракторын дугаар тогтоосон төмрийг унахаас урьдчилан сэргийлж чадаагүй Х.Эын эс үйлдэл нь хохирогч Н.Мын үхлийн шалтгаан болсон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Зөвхөн “Х.Э уг төмрийг унахаас урьдчилан сэргийлсэн бол хохирогч нас барахгүй байх байсан” гэж үзэх төдийгөөр шалтгаант холбоо бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд төмөр унасан ч гэсэн хохирогч Н.М болон шүүгдэгч Б.П нар нь зүй ёсны зан үйлээрээ ослоос зайлсхийх боломжтой байсан эсэхийг харгалзан үзэх шаардлагатай. Бодит байдалд тийм боломж байхгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь Х.Эын үйлдэл, хохирогчийн үхэл хоорондын шалтгаант холбоог үгүйсгэж байна.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Х.Эын давж заалдах гомдлыг хүлээн авч, Х.Эод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоос “шүүгдэгч Х.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан” хэсгийг хүчингүй болгон, шүүгдэгч Х.Эод холбогдох “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэх хэргийг хэрэгсэхгүй болгон, тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгч Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор  Улсын  дээд  шүүхэд  шүүгдэгч,  хохирогч,  иргэний  нэхэмжлэгч,  иргэний  хариуцагч,

тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР