Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0632

 

 

 

 

 

 

 

2016 оны 9 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0632

Улаанбаатар хот

Д.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Н.Х нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Г-н нэхэмжлэлтэй, Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.11, 11 дүгээр зүйлийн 11.4, 17.3, 17.6, Монгол улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 20.1.4, 20.3, 22.1.4, 22.1.6-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь Салбар зөвлөлийн 27 дугаар тогтоолоор Д.Г-г Могод сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн материалыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхгүй байгаа Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Х-н үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Г-г томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Х-д даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Хариуцагч Н.Х миний эрхийг хангаагүй, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуоалдаанд оролцох бололцоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч намайг шүүх хуралдаанд оролцох эсэх болон шүүх хуралдаан хойшлуулах талаар ямар нэгэн санал ирүүлээгүй гэжээ. Эмчийн эрүүл мэндийн лавлагааг нарийн бичгийн даргын цахим хаягаар явуулсан. Хүлээн авсан талаар мэдэгдсэн.

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгосон тогтоол албан ёсоор гараагүй байхад шүүх хуралдааныг явуулсан. Нэхэмжлэгч нь Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргах маргаан үүсгэх хугацаа байсан нь анхан шатны шүүх нь нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргаж байна...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Шүүх хуралдааны товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ”, 70.3-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ.”, 59 дүгээр зүйлийн 59.2-т “Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ.”, 59.6-д “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан этгээдэд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан, холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.” гэж тус тус зааснаар шүүх хуралдааны товыг урьдчилан хэлэлцүүлэг хийж, 7 хоногийн өмнө хэргийн оролцогчдод мэдэгдэх бөгөөд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хэргийн оролцогчдод хүргүүлж, тухайн этгээдээр гарын үсэг зуруулан баримтжуулах ёстой байна.

Гэтэл Булган аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 02-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийхэд хариуцагч өвчтэй байгаа тухай магадалгааг шүүхэд ирүүлсэн байх ба урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14.00 цагт хийхээр товлож, товыг хариуцагчид 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн  боловч уг мэдэгдэх хуудсыг хариуцагчид өөрт нь гардуулаагүй байна.

Хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн утсаар ярьсан тухай тэмдэглэлд шүүгчийн туслах хариуцагчтай утсаар холбогдох гэсэн боловч хариуцагчийн утас холбогдоогүй, хариуцагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 08 дугаар сарын 07-ны өдөр эмнэлгээс гарсан талаар эмнэлгийн ажилтан мэдэгдсэн байх бөгөөд хариуцагчийн тайлбар, шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадалгаагаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 16-ны өдөр хүртэлх ажлаасаа өвчний учир чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байх ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх боломжгүй байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд  шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид танилцуулж, шаардлагатай ажиллагааг хийсний дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг заасан бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-т “нотлох баримт гаргаж өгөх ... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхтэй байхад шүүх хариуцагчийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, тайлбар мэдүүлэг гаргах эрхийг хангахгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл болж байна.

Иймд хариуцагч Н.Х-н “...эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд оролцох бололцоогүй байхад миний шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн...” гэсэн гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ