Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* холбогдох 2236000000038 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, *******, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, Ахынхан ургийн овгийн Баатархүүгийн Чүлтэмсүрэн, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******* толгой, цээж, нүүр хэсэгт гар, хөлөөрөө цохиж, өшиглөн зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, баруун чихний дээд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 17 цагийн орчимд манай найзууд болох *******, Г.Чүлтэмсүрэн бид нар сумын төвийн зүүн урд талд байрлах гүүрний цаад талын дэнж дээр хөдөө гарах гэж байтал *******гийн машин асаагүй. Би машинаа асаахаар доор нь гал түлж байсан. Гэтэл замаар нэг цагаан машин ирж байна, холбогч асууна гэж хэлээд ******* явсан. Тухайн цагаан машины жолооч болон ******* нар бууж ирэхдээ муудалцсан байдалтай байна гэж ******* хэлэхээр нь би машин доороос гараад очиход ******* танихгүй залууг нэг удаа өшиглөж, 3 удаа толгой, цээж хэсэг рүү нь цохиж байх шиг харагдсан. ******* бид хоёр наанаас нь гүйж очоод салгасан. Удалгүй цагдаа ирээд тэр залууг эмнэлэгт үзүүлээд бид нарыг ар гэрт маань хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дэх тал), 2.Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны өдрийн 17 цагийн орчимд манай найзууд болох *******, ******* бид 3 сумын төвийн зүүн урд байрлах гүүрний цаад талын дэнж дээр хөдөө гарах гэтэл *******гийн машин асаагүй. Тэр үед замаар нэг цагаан өнгийн машин ирж байсан. ******* багаж болох холбогч асууна гэж хэлээд очоод гараа өргөөд зогсоогоод юм ярьж байснаа цагаан өнгийн машины жолооч бууж ирэх үед ******* хоёулаа муудалцаад байгаа бололтой байснаа ******* танихгүй залууг 1 удаа өшиглөж, 3 удаа толгой, цээж хэсэгт нь цохиж байх шиг харагдсан. ******* бид хоёр наанаас нь гүйж очоод салгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал), 3.Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Дарви сумын төвийн гүүрний зүүн дэнж дээр элс ачаад машинтайгаа явж байтал нэг нударган дээлтэй үл таних залуу гар өргөсөн бөгөөд би хурдаа хасаад зогсох гэтэл машины шил рүү тоншихоор нь “та яагаад байна” гэж хэлээд машинаас буухад “хүн дайрлаа ш дээ” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү 2 удаа, цээж рүү 1 удаа цохиод, 1 удаа өшиглөхөд би газар унасан. Цаанаас нь танихгүй 2 залуу ирээд намайг зодсон залууг салгасан. Миний бие тус сумын цагдаагийн дугаарыг 7043102 утаснаас аваад дуудлага өгөхөд намайг 8 минутын дараа ирж аваад эмнэлэгт хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), 4.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 124 дугаартай “1. ******* биед гэмтэл учирсан байна. 2. ******* биед зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, баруун чихний дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд доод хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.******* биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. ******* биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5. ******* биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал), 5.Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гудманд гарч ирээд архи уусан хүнтэй тааралдаад нэг хундага архи уусан. ******* “машин эвдэрчихлээ, Жамбалдоржийн хамт ирээд засаад өг” гэж хэлэхээр нь түүний машинтай сумын зүүн урд талд яваад очиход консны торос нь тасарчихсан байсан бөгөөд зассан. Тэгээд байж байтал сумын төвөөс цагаан өнгийн “Портер” машин гарч ирсэн. Би тухайн машинаас түлхүүр асуухаар хажууд нь очоод зогсоохоор гараа өгсөн боловч зогсохгүй явах гэхээр нь дээлний нударгаар машиных нь цонхыг цохисон. Тухайн машинаас танихгүй залуу бууж ирээд миний цээж рүү түлхэхээр нь би түүнийг тонгорч унагаагаад толгой руу нь гараагаа 1 удаа, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Энэ үед *******, ******* нар ирээд салгаад аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), 6.Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Намайг цохисон хүнээс архи үнэртэж байсан. Бага зэрэг гуйвсан байдалтай байсан. Хэл яриа нь жаахан орооцолдсон байдалтай байсан. ...Нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), 7.Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад миний эзэмшлийн автомашин байхгүй. Тухайн үед би Шараа гэх хүний цэнхэр өнгийн “Портер” маркийн автомашиныг гуйгаад унаад явж байтал Дарви сумын төвөөс зүүн урд тал руу гарах гарам дээр консны торос тасарчихсан. Тэгээд янзлах гээд *******, ******* хоёрыг дуудсан. Тэгээд машинаа янзалж байхад хажуугаар цагаан өнгийн “Бонго” маркийн автомашин ирэх үеэр Чүлтэмсүрэн босож явсан. Тэгээд жолоочийг бариад зодох үед Жамбалдоржийн хамт очиж салгаж авсан. Тухайн үед нутгийн мотоциклтой 2 залуу ирээд мэнд мэдээд зогсоод явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал), 8.Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 19- ний өдрийн “Тухайн автомашин улсын дугааргүй байсан ба асуух гэсэн боловч асахгүй, 4 дугуй байхгүй байсныг 2 кадар зургаар бэхжүүлэв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал), 9.Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Бид нар архи уугаагүй. *******г машиндаа суулгаад машин руу аваад явж байхад архи үнэртэж байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал), 10.Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт (хавтаст хэргийн 54-56 дахь тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтын шинжлэн судлав. 1.Гэрч Б.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.Чүлтэмсүрэн нь нутгийн ах байгаа юм. Бид нар хамт морьдоо уядаг бөгөөд тусч, үг дуу цөөтэй хүн. Мөн аймгийн алдарт уяач бөгөөд ажилсаг хүн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг малчин ах юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал), 2.Гэрч Б.Өлзийдүүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хоёр 2012 онд гэр бүл болсон бөгөөд 3 хүүхдийн хамт амьдардаг. ******* нь төлөв даруу зантай. Бүрэн дунд боловсролтой. Мөн аймгийн алдарт уяач бөгөөд найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, үг дуу цөөтэй, тусархуу хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал), 3.Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаартай “Тус багийн иргэн Баатархүү овогтой Чүлтэмсүрэн нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Багийн үндсэн иргэн мөн болно.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), 4.Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37, 38, 42 дахь тал), 5.2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), 6.Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ХААН банкны 5849081686 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 50-51 дэх тал), 7.Мал, Тэжээвэр амьтад, Хашаа, Худгийн 2021 оны тооллогын баримт (хавтаст хэргийн 52 дахь тал), Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч ******* нь зогсоох үед зогссонгүй гэх шалтгаанаар машин жолоодож явсан хохирогч ******* маргалдаж улмаар түүний нүүр, цээж хэсэг рүү нь цохиж, өшиглөж байхад нь *******, ******* нар ирж тэд нарыг салгасан байна. Бусдад зодуулсны улмаас хохирогчийн биед гэмтэл үүсэж, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан байна. Хохирогч ******* биед үүссэн зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, баруун чихний дээд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт маргалдах явцад хохирогч ******* толгой, цээж, нүүр хэсэгт гар, хөлөөрөө цохиж, өшиглөж зодон, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, баруун чихний дээд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч А.Соднамдаржаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* танихгүй залууг 1 удаа өшиглөж, 3 удаа толгой, цээж хэсэг рүү нь цохиж байх шиг харагдсан. ******* бид хоёр наанаас нь гүйж очоод салгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дэх тал) гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* танихгүй залууг 1 удаа өшиглөж, 3 удаа толгой, цээж хэсэгт нь цохиж байх шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал), хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...машинаас буухад “хүн дайрлаа ш дээ” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү 2 удаа, цээж рүү 1 удаа цохиод, 1 удаа өшиглөхөд би газар унасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал) шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 124 дугаартай “1. ******* биед гэмтэл учирсан байна. 2. ******* биед зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, баруун чихний дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд доод хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.******* биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал), яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн машинаас танихгүй залуу бууж ирээд миний цээж рүү түлхэхээр нь би түүнийг тонгорч унагаагаад толгой руу нь гараагаа 1 удаа, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч *******гийн хохирогч ******* маргалдах явцад хохирогчийн биеийн толгой, цээж хэсэгт цохиж, өшиглөн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******г хохирогч ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэг учрал болох үед шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд түүний энэхүү байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Мөн энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Хохирогч нь шүүгдэгчээс хор уршиг буюу эмчилгээний зардал нэхэмжлээгүй, “Хохирол гээд байх зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн учир (хавтаст хэргийн 33 дахь тал) шүүгдэгчийг бусдад төлөх хохиролгүй гэж үзлээ. Иймээс шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Ахынхан ургийн овогт Баатархүүгийн Чүлтэмсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баатархүүгийн Чүлтэмсүрэнг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарласугай. 5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, 2236000000038 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК