Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Б.Дэлгэрмаа, иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Ц, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00334 0369 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овгийн Д.О, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны 11 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Зорчигч тээврийн нэгтгэлийн баруун талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, “Kia Frontier” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул ...тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, аюултай байдал үүсгэн, замын хажуу талын гэрэлтүүлгийн шонг мөргөж, мөн дүрмийн 3.4.б-д заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэсэн заалтыг зөрчиж, өөрөө хамгаалах бүс хэрэглээгүй, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэж, энэ гэмт хэргийн улмаас А.Б-ийн амь насыг хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Т овгийн Д.О нь найз С.Ц-ын “Kia Frontier” маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодон Төв аймгийн Батсүмбэр сумаас Улаанбаатар хотод ирж, С.Ц-ыг 10-р хороололд байх гэрт нь буулгаад, цааш С.Ц-ын автомашиныг жолоодон явж найз А.Б-ийн гэрт нь очиж түүнтэй хамт нэг лонх архи ууж хоноод, маргааш өглөө нь дахин нэг лонх архи уусан. Энэ үед С.Ц утсаар ярьж “согтуу байгаа бол битгий машин барь, би машинаа өөрөө очиж авъя” гэж хэлсэн боловч Д.О С.Ц-ын автомашиныг жолоодон найз А.Б-ийн хамт гарч яваад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Зорчигч тээврийн нэгтгэлийн баруун талын замын хажуугийн гэрэлтүүлгийн шонг мөргөсний улмаас бүхээгт зорчиж явсан А.Б-ийн амь нас хохирсон...” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-16 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...11:09:34 цагт цэнхэр өнгийн Х.Портер маркийн автомашин нь зорчих хэсгээс гарч замын гэрэлтүүлгийн шонг шууд ирээд мөргөж байгаа нь харагдаж байна...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 30-32, 34-37 дахь тал), иргэний хариуцагч Т.Б-ийн “...Би энэ машиныг 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр С.Ц-т худалдсан. Би Ц-аас урьдчилгаа гэж 5,000,000 төгрөг бэлнээр авсан ба үлдэгдэл мөнгийг нь энэ оны 10 сарын сүүлээр төлж дуусгахаар хоорондоо бичгээр гэрээ маягийн зүйл үйлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал), иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Ц-ын “...Би О-т архи уусан бол машинаа битгий асаагаарай, би одоо очоод машин асаана шүү гэж хэлсэн. Тухайн үед би талийгаач Б-той утсаар яриагүй. Тэгээд 3 цаг орчмын дараа ээж над руу осол болсон талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал), гэрч С.Д-ын “...өглөө 08 цаг 10 минутын орчимд очиход талийгаач Б гэртээ үл таних залуутай байсан ба талийгаачийн гэрийнх нь гадна цэнхэр өнгийн Х.Портер маркийн автомашин зогсож байсан. Тухайн үед талийгаач гэртээ унтаж байсан. Гэрт нь хамт байсан үл таних залуу шартсан байдалтай байж байсан. Тэгээд би талийгаачийг сэрээгээд ажил руугаа авч явах гэсэн боловч талийгаач Б өнөөдөр би гэртээ өнжье, маргааш өөрөө ажил руугаа яваад очъё гэхээр нь гэрт нь үлдээгээд дахиж нэмж битгий архи уугаарай гэж нэлээн захиж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2226 дугаартай шинжээчийн: “ талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орой суурь яс, нүүрний ясны нийлмэл цөмөрсөн хугарал, тархины хатуу бүрхүүлийн урагдал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн голомтлог няцрал, тархины ховдлууд дахь цус харвалт, дух, зулайн хуйханд цус хуралт, дух, хөмсөг, уруулд шарх, нүүрэнд зулгаралт, зүүн талын 2,3-р хавирганы шууд бус хугарал, цээжний хэнхэрцэгт цус хуралт, ховч ясны хугарал, орчны эдэд цус хуралт, дээд доод мөчдийн зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай, тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас шууд нас баржээ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 107-118 дахь тал), химийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4755 дугаартай: “...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Тодорхойгүй ***” гэж хаягласан, 001728955 дугаарын хуруу шилтэй цусанд 3.3 промилли спирт илэрсэн. Цусан дахь 3.3 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 120-122 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ны 303 дугаартай: “...“Kia Frontier” ... улсын дугаар ***автомашин, үнэлгээгээр тогтоогдсон дүн 8,818,000.0 төгрөг...” гэсэн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 130-134 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруу дээр маргах зүйлгүй, би мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирогчийн оршуулгын зардалд 2.000.000.0 төгрөг төлсөн, цаашид ч боломжоороо цувуулаад өгнө гэж амь хохирогчийн дүүд хэлсэн байгаа...” гэв.

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч С.Ц шүүх хуралдаанд: “...Би уг машиныг хүнээс зээлээр авсан байсан юм. Би машиныхаа хохирлыг өөрөө хариуцаж, харин амь хохирогчийн оршуулгын зардлыг Д.О барагдуулахаар бид хоёр тохирсон. Надад О-аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О-ын төлбөрийн чадваргүй тул улсын өмгөөлөгч томилж өгнө үү гэсэн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн Хууль зүйн туслалцааны төвөөс томилогдсон өмгөөлөгч оролцсон болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч А.Б нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас шууд нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.О нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн болох нь химийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4755 дугаартай: “...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 001728955 дугаарын хуруу шилтэй цусанд 3.3 промилли спирт илэрсэн. Согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 120-122 дахь тал)-ээр, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул ...тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг, мөн дүрмийн 3.4.б-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-16 дахь тал)-ээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн хувьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг биш, зөрчилд хамаарах боловч энэ хэргийн тухайд жолооч зорчих хэсгээс гарч, зогсоох арга хэмжээ авалгүй замын хажуугийн гэрэлтүүлгийн шонг мөргөсний улмаас хүний амь нас хохирсон үйл явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, харин энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь тус зүйлийн 4.1 дэх заалт болгон хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.  

Шүүгдэгч Д.О-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн согтуурсан үедээ хүний амь насыг хохироосоншинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.О-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн оршуулгын зардалд 7,928,981 төгрөг зарцуулсан болох нь баримтаар, иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Ц-ын өмч болох “Kia Frontier” маркийн ***улсын дугаартай автомашинд 8,818,000.0 төгрөгийн эвдрэл, гэмтэл учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.О нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-д оршуулгын зардалд тооцон 2,000,000.0 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А нь цаашид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж (хавтаст хэргийн 185 дахь тал) мэдүүлсэн байна. Харин иргэний нэхэмжлэгч/хариуцагч С.Ц “...машины хохирлыг би өөрөө барагдуулж, амь хохирогчийн оршуулгын зардлыг О барагдуулахаар бид хоёр тохирсон. Надад О-аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байна. Иймд шүүх шүүгдэгч Д.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулгын зардлын баримтаар тогтоогдсон 7,928,981.0 төгрөгийн үлдэгдэл болох 5,928,981.0 төгрөгийг цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тогтоолд заах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.О-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай. Улсын яллагчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолгүй гэх санал болон шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн баривчлагдсан 48 цагийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хавтаст хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулж, жолоодох эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх саналтай байна. Мөн 7.928.981 төгрөгийн хохирлоос шүүгдэгч 2.000.000 төгрөг төлсөн үлдэгдэл төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Харин тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг иргэний хариуцагч Ц-аар өөрөөр нь төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь өөрийн гэм буруу дээр маргаагүй. Хохирлын хувьд 2.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 5.928.981 төгрөгийг амь хохирогчийн талаас нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн. Эрүүгийн хариуцлагын хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын талаар гаргах саналгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тухайн хэргийн улмаас өөрөө гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь үлдэгдэл төлбөр болох 5.928.981 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 162 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 159 дэх тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 161 дэх тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 166 дахь тал), гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 164 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 165 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 172-173 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 174 дэх тал) зэрэг нотлох баримтыг шүүгдэгчийн хувийн байдалд үнэлэв.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, ...аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хүний амь нас хохирсон хохирлыг нөхөн төлөх, зөрчигдсөн амьд явах эрхийг сэргээх боломжгүй тул шүүх мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Тодруулбал, нөхөн төлөх боломжгүй хохиролтой буюу хүний амь нас хохирсон хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэсэн хуулийн шаардлага хангагдах боломжгүй юм.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Д.О-ын баривчлагдсан 2 (хоёр) хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохоор тогтож, түүний *** дугаартай B, С ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэв.

    1. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Т овгийн Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний баривчлагдсан 2 (хоёр) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-д 2,000,000.0 төгрөг төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А нь амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан 7,928,981.0 төгрөгийн үлдэгдэл болох 5,928,981.0 төгрөгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шүүгдэгч Д.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай B, С ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

            ДАРГАЛАГЧ                             Б.БАТАА