Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/0120/Э |
Дугаар | 2022/ШЦТ/135 |
Огноо | 2022-02-07 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/135
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0092 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө овгийн Л.Л, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл долоо, нөхөр, таван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян-Уул ** дугаар гудамж, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2005 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.Л нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Солонго ** байранд байрлах “***”-т хохирогч Б.Б-ийг “ нөхөртэйгөө хардаж” уурлаж I5 маркийн нотебүүк 1 ширхэг, Plips брэндийн агаар шүүгч 1 ширхэг, шаазан сувинер 1 ширхэг, 1.3 метр урт номын шкафын хаалга 1 ширхэг, 20x30 хэмжээтэй жааз 3 ширхэг, эвтэй 4 амьтантай сувинер 1 ширхэг, тасалгааны кактус цэцэг 2 ширхэг, Гоо даль цэцэг 1 ширхэг, алаг хайтан цэцэг 1 ширхэг, 50x70 хэмжээтэй мэдээллийн самбар 1 ширхэг, 110x80 хэмжээтэй мэдээллийн самбар 1 ширхэг зэргийг нь эвдэж хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 920,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Ө овгийн Л.Л нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Солонго ** дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “***клуб” дотор хохирогч Б.Б-ийг нөхөртэйгөө хардсаны улмаас түүний ажлын өрөөнд хэрүүл маргаан үүсгэж, улмаар нэг ширхэг I5 маркийн зөөврийн компьютер, нэг ширхэг Philips брэндийн агаар шүүгч, нэн ширхэг шаазан бэлэг дурсгалын зүйл, 1.3 метр урт номын шкафын хаалга, 20x30 см хэмжээтэй гурван ширхэг жааз, нэг ширхэг эвтэй 4 амьтны дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл, 2 ширхэг тасалгааны кактус цэцэг, нэг ширхэг Гоо даль цэцэг, нэг ширхэг алаг хайтан цэцэг, 50x70 см хэмжээтэй нэг ширхэг мэдээллийн самбар, 110x80 см хэмжээтэй нэг ширхэг мэдээллийн самбарыг эвдэж устган бусдад 920,000.0 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч Б.Б-ээс гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1-2 дахь тал), хохирогч Б.Б-ийн “... “***клуб”-ээ байж байтал гаднаас өөрийгөө Л гэж танилцуулсан эмэгтэй хүн орж ирээд “хөгжмөө унтраа, хүмүүсээ гарга, чи миний нөхөртэй 5 жил явалдсан байна” гэхээр нь би “та юу яриад байна вэ, та эхлээд тайвшир” гэж хэлтэл “чи битгий хуц” гээд хамаг эд хогшил эвдэж сүйтгээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), “Тэнцвэр Эстимейт” ХХК-ны газраас гаргасан “I5 маркийн нотебүүк 1 ширхэг, Plips загварын агаар шүүгч 1 ширхэг, шаазан сувинер 1 ширхэг, 1.3 метр урттай номын шкафын хаалга 1 ширхэг, 20x30 хэмжээтэй жааз 3 ширхэг, эвтэй 4 амьтантай сувинер 1 ширхэг, тасалгааны кактус цэцэг 2 ширхэг, Гоо даль цэцэг 1 ширхэг, алаг хайтан цэцэг 1 ширхэг, 50x70 хэмжээтэй мэдээллийн самбар 1 ширхэг, 110x80 хэмжээтэй мэдээллийн самбар 1 ширхэг зэргийг нийт 920,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хавтаст хэргийн 15-16 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Л.Л нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар: “...Би Б гэх эмэгтэйн ажил болох “** клуб”-т очиж түүнтэй уулзаад “чи манай нөхөртэй нууцаар уулзаад байгаа юм уу” гэж хэлтэл өөдөөс “огт тийм зүйл байхгүй” гэж худлаа хэлэхээр нь уур хүрээд тухайн клубийн сандал дээр байсан зөөврийн компьютер, ширээн дээр байсан сувинер, жааз, савтай цэцэг, агаар шүүгч, өлгөөтэй байсан самбар гэх мэт эд зүйлсийг шидэж унагаах байдлаар устгаж гэмтээсэн. Мөн номын шүүгээний шилийг юмаар цохиж хагалсан. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна...” гэж (хх-ийн 25 дахь тал) мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлгээр батлагдаж байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй юм.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Л нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас хохирогч Б.Б-ийн эвдэрч, хагарсан эд зүйлсийг нийт 920,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас 920,000.0 төгрөгийн буюу хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Л.Л-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-ийн эд зүйлсийг эвдэлж сүйтгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Л-г “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.Б нь “хохирлоо авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Л-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Л.Л нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 32-35 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 39-42 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 48-63 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Прокурор эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчтай тохиролцохдоо торгох ял оногдуулж, түүнээс нь чөлөөлөх санал гаргасан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангахын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын хяналтын эрх хэмжээнд хамаарч байгааг дурдах нь зүйтэй.
2.2. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ө овгийн Л.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Л.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Л-г түүнд оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА