Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/0286/Э |
Дугаар | 2022/ШЦТ/321 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: О.Жавхлан,
улсын яллагч: Ж.Отгончимэг,
шүүгдэгч: Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.М-д холбогдох эрүүгийн 22080000000000 тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
И овогт Б-гийн М /РД:00000000000/,
Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын **-ний өдөр ******* аймгийн ****** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хархорин захын 00000000000000 зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар байрны 000 тоотод оршин суух хаягтай, Урьд:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 12 хоногийг өршөөн хэлтрүүлсэн.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр суллагдсан.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Ял бүрэн биелсэн.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар байрны 0 тоот болох гэртээ 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр Ц.С-тэй марган улмаар гараараа нүүр хэсэгт цохиж биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар байрны 0 тоот болох гэртээ 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр Ц.С-тэй маргалдан улмаар гараараа нүүр хэсэгт цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Хохирогч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 06 цагийн үед нөхөр Б.М ажлаас согтуу ирээд унтсан. Би зөрөөд ажилдаа яваад 11 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байхад нөхөр Б.М 13 цагийн үед сэрэхээр нь би жаахан архи уусан гээд үглэсэн чинь хувцсаа өмсөөд гарах гэхээр нь би араас нь сандал аваад шидсэн чинь эргэж хараад миний толгойн зүүн тал руу гараараа 1 удаа алгадсан чинь би ухаан алдаж газар унасан. Нэг сэрсэн чинь миний нүүрний зүүн тал хавдсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний биед учирсан гэмтлийг нөхөр Б.М надад учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,
-Аюулын зэргийн үнэлгээ /Бага 1-3/ /хавтаст хэргийн 4-5-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000дугаартай:
1. Ц.С-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
-Шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 06 цагийн үед ажлаа тараад гэртээ архи уусан согтуу ирээд унтсан. Тэгээд 13 цагийн үед сэрээд боссон чинь эхнэр Ц.С намайг архи уусан гээд хэрүүл маргаан болоод зайл гээд хөөсөн. Би тэгээд хувцсаа өмсөөд гарах гэтэл эхнэр араас сандал шидсэн тэрхэн хооронд миний уур хүрээд эхнэрийнхээ толгойн зүүн тал руу 1 удаа гараараа алгадсан...” гэж /хавтаст хэргийн 110/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 36-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 37-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 38-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 39-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 40-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 41-81-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1623 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.М нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Ц.С-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-тыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.М-д бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна....” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.М нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон (хохирогч түүн рүү сандал авч шидсэн), харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, үйлдлийн арга барил, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзсэн тул уг ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч Б.М нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Б-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА