Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/323

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: С.Энхням,

шүүгдэгч: М.Л /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Л-д холбогдох эрүүгийн 20000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт М-н Л /РД:0000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Өвөрхангай аймгийн Сант суманд мал малладаг, ам бүл 5, ээж болон 3 дүүгийн хамт амьдардаг, 000000000 аймгийн 0000000 сум 2-р баг, 00000000000д оршин суух, урьд:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жил 6 сараар тэнсэж хянан харгалзсан,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 Шүүгдэгч М.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 04 цаг 20 минутанд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчин хотхон 00 тоотод хохирогч Д.П-ийн гар утсыг ашиглан Хаан банкны харилцах 000000 дугаар бүхий данснаас нь 800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч М.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 04 цаг 20 минутанд Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо, Хилчин хотхон 00 тоотод хохирогч Д.П-ийн гар утсыг нь ашиглан Хаан банкны харилцах 000000 дугаар бүхий данснаас нь өөрийн данс руу 800.000 төгрөгийг нь шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Д.П-оос гаргасан:”...миний данснаас 800.000 төгрөг гарсан байна” гэх гэмт хэргийн талаархи гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, Хаан банкны харилцах 000000 дугаартай хохирогч Д.П-ийн дансны хуулга, /хавтаст хэргийн 18-21-р хуудас/,

-Хохирогч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн 000000 дугаар дансныхаа үлдэгдлийг шалгах гэтэл таны эрх хаагдсан байна гэж гарч ирээд байхаар нь би хаан банкин дээр очиж дансныхаа үлдэгдлийг шалгатал миний данснаас 2020 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө миний 000000 дугаар данснаас 000000 дугаарын дансруу 800.000 төгрөг шилжүүлсэн байхаар нь би цагдаад мэдэгдсэн юм. Би өөрөө хүн рүү мөнгө шилжүүлээгүй бөгөөд тухайн шилжүүлсэн данс болох 000000 дугаарын данс нь манай найз болох Л-ийн  Хаан банкны данс байгаа юм. Надаас өөр хүн уг нь мэддэггүй юм. Тухайн шөнө буюу 2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө миний мобайл банкны нууц үгийг Л нь мэдсэн юм шиг байна. Би найз Л-ид 800.000 төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй ба 2020 оны 10 дугаар сарын 05-ны өглөө Хаан банкны мобайл банк руу нэвтэрч орох гэхэд нууц үг блоклогдчихсон байсан. Би тухайн өдеөр найз М.Л-д мөнгө зээлнэ гэж огт яриагүй. Тэгээд маргааш орой нь найз М.Л нь надтай холбоогүй болоод одоог хүртэл холбоо барихгүй алга болсон. М.Л надтай 1 сарын хугацаанд хамт хашаа байшин түрээсэлдэг байсан ба нууц кодыг минь мэдэх боломжтой. ... гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 31-р хуудас/,

-Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 50/12264 дугаартай албан бичигт “...000000 тоот дансыг ЙЛ94052511 регистрийн дугаартай Мянгатын Л эзэмшдэг ба ...хуулгыг хавсралтаар хүргүүлэв гэх албан бичиг /хавтаст хэргийн 35-38-р хуудас/,

Шүүгдэгч М.Л-ийн  яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр найз  П  болон Номин бид гурав пиво архи ууж байхад Номин гэр лүүгээ явлаа гээд явсан. Харин  П  бид хоёр гэр лүүгээ буюу Сонгинохайрхан дүүрэг 00дугаар хороо Хилчин 00 тоотод байшинд очсон.  П  архи уугаад нэлээн согтсон байсан учир би  П ийн гар утсыг аваад өөрийнхөө 000000 тоот данс руу 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 800.000 төгрөг мобайл банк ашиглаж шилжүүлж авсан. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр  П той ажил хийж байгаад хэлэлгүй чимээгүй Булган аймаг руу эхнэр лүүгээ яваад Булган аймгаас Өвөрхангай руу гэр лүүгээ явсан. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн өөр хүн байгаагүй... П ийг унтаж байхад нь түүний данснаас мобайл банк ашиглаж өөрийнхөө данс руу 800.000 төгрөг шилжүүлж авсан. Би гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй хөнгөн ял оноож өгнө үү хохирлыг төлж барагдуулна...” гэж /хавтаст хэргийн 62-63-р хуудас/, мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 40-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 36-38/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Л нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Л-ийн  дээрх үйлдэл буюу хохирогч Д.П-ийн зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйл буюу мөнгийг нь өөрийн эзэмшилдээ авч, хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Л-ийн  үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Л-жийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.П нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Л бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч М.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаанд тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч М.Л нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн гэж заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаан) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Л Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Л-д шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Говогт М-ын Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баримтлан шүүгдэгч М.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаан) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

          3. Шүүгдэгч М.Л-д 6 сарын тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Л-д шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.УРАНГУА