Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/248

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: П.Ганбаатар,

шүүгдэгч: М.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М.Д-д холбогдох эрүүгийн 2100000000 тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт М-гийн Д /РД:000000/,

Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Монелийн 0000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Ромен Парк хотхон 00 дугаар байрны 000 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаанд хохирогч Б.Т-т “чиний хүүхдийг төрүүлсэн, цусны хорт хавдартай эмчилгээний зардал хэрэгтэй байна гэж” хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 0000000 тоот дансаар 8,227,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.            

                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

М.Д нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Ромен Парк хотхон 110 дугаар байрны 01-03 тоотод амьдарч байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаанд хохирогч Б.Т-той цахим зурвасаар харилцан, “чиний хүүхдийг төрүүлсэн, цусны хорт хавдартай эмчилгээний зардал хэрэгтэй байна гэж хуурч, өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 0000000 тоот дансаар хохирогчоос 8,227,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар шилжүүлэн авч залилсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

хохирогч Б.Т-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хх-ийн 4 хуудас/,

-Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би анх 2011 онд “Тэнгэр” дээд сургууль оюутанаар орж суралцаж байхдаа М.Д гэх эмэгтэйтээ танилцаж байсан юм. Бид хоёр нэг ангид сурдаг байсан юм. Тэгээд тухайн үед М.Д бид хоёр 2011 оны намар 9-10 сарын хооронд сар орчим хугацаанд үерхсэн юм. Тэгээд би 2011 оны 10 дугаар сараас цэргийн алба хаахаар яваад холбоо тасарсан юм. Тэгээд тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад би цэргээс халагдаад М.Д-тай хааяа утсаар нь ярьдаг байсан юм. Намайг цэргээс халагдаад ирэхэд М.Д нь хүнтэй суучихсан байсан. Тэгээд тэр үеэс хойш огт холбоогүй байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын үер Д надруу залгаад “Би чиний хүүхдийг гаргасан бас нөхрөөсөө салсан одоо хамт амьдаръя бас чиний хүүхдийн бие муу байгаа эмчлүүлэх шаардлагатай цусны хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа" гэх мэтээр надруу байнга залгаж эмчилгээний мөнгө явуул гэж хэлдэг болсон юм. Тухайн үед би Фэйсбүүкээр дүрстэй видео хийе хүүхдийнхээ зургийг харъя гэхээр харуулахгүй байнга гар утсаар ярьдаг, ярихдаа уйлаад байсан болохоор нь би итгээд эмчилгээний мөнгө гэж явуулж эхэлсэн юм. Тэгээд бас хүүхдэд цус сэлбэж хийх хэрэгтэй болохоор нь би өөрийнхөө цусыг өгчихсөн гэж хэлдэг байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сар хүртэл надаас сар болгон мөнгө авдаг байж байснаа 2021 оны 02 дугаар сарын сүүлээс хойш надтай холбогдохгүй таг алга болчихсон юм. Тэгээд би Д-г таниж мэдэх хамаатан садан, найз хүмүүсээс асуухад Д-гийн найз Хандаа гэх эмэгтэй надад ерөөсөө хүүхэд өвдөж зовсон М.Д нөхрөөсөө салсан зүйл байхгүй чамд худлаа хэлсэн байна гэж хэлсэн юм. Тэгээд би Фэйсбүүкээр Д-гийн найзуудыг хайж байгаад Д-гийн гар утасны дугаарыг олж аваад ярьсан чинь М.Д надад би чиний хүүхдийг гаргаагүй худлаа хэлсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.Д-д хандаж би чамд мөнгө өгөх албагүй чи миний хүүхдийг гаргасан өвчтэй байгаа гээд байсан болохоор чинь би тэр үгэнд чинь итгэж өөрийнхөө хүүхдэд зориулаад мөнгө явуулж байсан юм. Одоо миний мөнгийг буцааж өг гэж хэлэхэд М.Д надад мөнгө байхгүй чаддаг юм бол аваарай гэж хэлсэн юм. М.Д нь надад миний хүүхдийг гаргасан өвчтэй байгаа гэх мэтээр ярьж намайг хуурч мэхлэн залилан мөнгө авсан асуудлыг хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлэхээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт нүүрс тээврийн авто зам дагуу машин засах ажлаа хийж байхдаа өөрийн эзэмшлийн хаан банкны 0000000 дугаарын данснаас Д-гийн Хаан банкны 0000000 дугаарын дансруу 2020 оны 11 дүгээр сараас хойш 2021 оны 02 дугаар сар хүртлэх хугацаанд нийт 8,227,000 төгрөг шилжүүлж залилуулсан байна. Уг мөнгийг М.Д нь надруу байнга залгаж уйлж би мөнгөгүй байна гэж хэлэхээр уурлаад би өөртөө хэрэглэх гэж байгаа юм уу? хүүхдийг чинь л эмчлүүлэх гэж байна гэж хэлж намайг хуурч авдаг байсан. Би хаана оршин суудаг талаар мэдэхгүй Д-гийн найз Хандаа гэх эмэгтэйтэй би холбогдож байсан. М.Д надтай холбоо барьж эхлэхдээ 000000 гэсэн юнителийн дугаар барьж байсан одоо энэ дугаар нь холбогдохгүй байгаа. Би гомдолтой байна, түүнийг олж хохирлыг барагдуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

-гэрч П.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай том охин Л.У 2013 онд, бага охин Л.Учрал 2017 онд төрсөн. М.Д нь надтай гэрлэхдээ дагавар хүүхэд байгаагүй. Манайд цусны өвчтэй хүүхэд байхгүй, эмнэлгээр хэвтэж байгаагүй, манай эхнэр 2021 оны 09 дүгээр сараас хүнээс мөнгө авсан асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91 хуудас/,

-хохирогч Б.Т-ийн “Хаан банк”-ны 0000000 тоот данснаас Д-гийн “Хаан банк”-ны 0000000 тоот данс руу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл 8,227,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 23-28 хуудас/,

-хохирогч Б.Т сэжигтэн М.Д нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 87-89 хуудас/,

-хохирогч Б.Т-оос хэрэгт хавсаргуулахаар гаргаж ирүүлсэн тэдгээрийн хооронд харилцсан зурвас /хх-ийн 46-56 хуудас/

-хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.Т-оос гаргаж ирүүлсэн СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 107-109/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч М.Д яллагдагчаар өгсөн: ...“эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй. Урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан учраас дахин мэдүүлэг өгөхгүй...” гэж /хх-ийн 192/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Д нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.Д нь урьдын танил найз гэх хохирогч Б.Т-т “чиний хүүхдийг төрүүлсэн, цусны хорт хавдартай эмчилгээний зардал хэрэгтэй байна” гэж итгэл төрүүлэн, хуурч мэхлэн нийт 8,227,000 төгрөгийг Б.Т-оос дансаараа авсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Д-гийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогч Б.Т-ын эд хөрөнгө буюу мөнгийг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор утас, фэйсбүүк чатаар харилцан, зохиомол байдал болох хүүхдийг нь төрүүлсэн, эмчилгээний зардал шаардлагатай гэсэн урьдын харилцаагаа ашиглан итгэл төрүүлэх аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр нийт 8,227,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан байгаа нь үргэлжилсэн гэмт хэрэгт тооцогдно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.Д нь хууль зүйн хувьд шууд санаатайгаар дээрх арга үйлдлийн шинжээр Б.Т-рт 8,227,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д-г үргэлжилсэн үйлдлээр Хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Т нь хохирлоо авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч Д-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гаргах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч М.Д нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэн авч үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн байдал бага насны хүүхдүүдтэйг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн авч үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг үүрэг хүлээлгэж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч А овогт М-гийн Д-г үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт М-гийн Д-д 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

          6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА

 

17.3