Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2017/01501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.У-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б Төрийн өмчит ААТҮГазарт холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У- шүүхэд болон төлөөлөгч Б.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 12 сарын 01-ний өдрөөс Б ТӨҮГ-ын жижүүрээр ажиллаж байсан. Тус төв жижүүр, үйлчлэгч нартайгаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаг бөгөөд ээлжийн амралтын олговор, шагнал урамшуулал, бусад нэмэгдэл цалин гээд бүгдийг Хөдөлмөрийн хууль зааснаар олгодог. Жижүүр үндсэн үүргийнхээ зэрэгцээ хариуцсан дарга нараас өгсөн үүрэг даалгаврын дагуу жижиг засвар үйлчилгээг гүйцэтгэдэг. Мөн 2016 оны 12 сараас тус төвийн зогсоол зохицуулдаг байсан. 2017 оны 05 сарын 04-ний өдөр намайг ажлаас халсан тухай Б/105 тоот тушаал өгсөн байсан. Тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4 дэх заалтыг дурьдсан нь төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын нийтлэг чиг үүргийн нэг бөгөөд албан тушаалтныг томилох, чөлөөлөх, цалингийн сан тогтоох тухай заалт байсан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэг нь ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэсэн заалт байсан. Ажилтантай хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг зөрчсөн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан Бийн дүрмийн 6.7.5 дах заалтыг ямар үндэслэлээр баримталсан нь тодорхойгүй байна. Бийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.11 дэх заалт нь ажилтанд буцалтгүй тусламж үзүүлж болох тухай заалт байна. Бийн үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журам нь хуульд нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй, танилцуулж байгаагүй. Ажил гүйцэтгэх гэрээг 3 сарын хугацаагаар байгуулсан зэрэг нь анхнаасаа ажилтныг халж солих зорилго агуулж байсныг харуулж байна. Байгууллагын жижүүр ийнхүү олон давхар ажил гүйцэтгэж байхад дан нэг төрлийн мэргэжлийн үнэмлэх шаардаж ажлаас халах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны /2017 оны 04 сарын 06-ны өдрөөс 2017 оны 07 сарын 06-ны  өдөр/ цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б ТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б ТӨҮГ нь Засгийн газрын 2012 оны 54 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 54 дүгээр тогтоолоор Б ТӨҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтцийн схем, захиргааны албан тушаалын жагсаалтыг тус тус шинэчлэн баталсан.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 54 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 11 сард нийт ажилтнуудад гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1,  27.4.3 дах заалтын дагуу 2017 оны 11 сарын 03-ны өдөр сонсох үйл ажиллагааг хэлтэс тус бүрээр нь зохион байгуулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан тушаалын жагсаалтаар гэрээгээр ажил гүйцэтгэх үйлчилгээний ажилтнуудын гэсэн орон тоотойгоор батлагдаж ирсэн. Үйлчилгээний ажилтнуудтай ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулсан. Б нь иргэн У-тай 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс 2017 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар жижүүрийн үүрэг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Энэхүү хугацаатай гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан бөгөөд хэрэв ажил гүйцэтгэх гэрээгээ хөдөлмөрийн хуулийг зөрчиж байна энэ хүү ажил гүйцэтгэх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн бол тухайн үед шүүхэд болон тус төвийн захиргаанд гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл ямар ч гомдол санал тухайн үед гаргаагүйгээр үл барам ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож улирлаар байгуулж гарын үсэг зурсан. Бийн захирлын 2017 оны А/02 тоот тушаалаар батлагдсан Үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журам-д тус төвийн жижүүр нь ажил гүйцэтгэгч нь цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, барилгын засвар, мужааны мэргэжлийн үнэмлэхтэй ажлын байранд бие даан ажиллах чадвартай байна гэж заасан. Учир тус төвийн байр нь 5 давхар 749.36 м.кв байр, дээрээс нь ус дулааны узел, цахилгааныг хариуцан ажилладаг тул цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмжийн анхан шатны мэдлэгтэй байх ёстой байдаг. Энэ талаар өмнө нь ажлын байрны тодорхойлолтод зааж өгсөн болохоос нарийвчлан зохицуулсан журам байхгүй байсан тул байгууллагын аюулгүй ажиллагааг хангах үүднээс журмыг шинэчлэн баталсан. Энэхүү журмыг хэрэгжүүлэх зорилгоор нийт үйлчилгээний ажилтнуудад журмыг танилцуулах мэргэжлийн үнэмлэхгүй гэрээт ажилтнуудыг нь 3 сарын гэрээний хугацаанд холбогдох дамжаа, курс, сургалтанд хамрагдаж мэргэжлийн үнэмлэхээ авахыг анхааруулж, сануулсан. Гэтэл энэ хугацаанд иргэн У- нь мэргэжлийн үнэмлэх, сертификат аваагүй. 2017 оны 03 сарын 30-ны өдөр Захиргаан, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Алтангэрэл, мэргэжилтэн С.Ганцэцэг, ах ахуйн үйлчилгээний менежер Б.Мөнхбаяр нар төвийн нийт үйлчлэгч, жижүүр, жолооч нартай уулзаж 2017 оны А/02 тоот тушаалаар батлагдсан Б-ийн үйлчилгээний ажилтнуудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссантай холбогдуулан цаашид авах арга хэмжээ, анхаарч ажиллах, үйлчлэх жижүүрүүдийн ажлын сахилга, хариуцлагын талаар мэдээлэл хийж нэг бүрчлэн ярилцлага хэлбэрээр зохион байгуулсан.Тус төвийн жижүүрийн ажлын байр албан тушаалын тодорхойлолтод сантехникийн засварчин, цахилгаанчны аль нэг мэргэжлийг эзэмшсэн байх гэсэн бөгөөд ажлын байрны дараах үндсэн зорилгын хүрээнд ажиллана гэж тус тус заасан. Байгууллагын хэвийн ажиллагааг хангахад харуул хамгаалалтын үүргийг 24 цагийн турш гүйцэтгэх, Байрны дулаан хангамж, сантехник, цэвэр, бохир усны системийн ашиглалтын найдвартай хэвийн ажиллагааг хангах, Байрны сантехникийн системийн урсгал болон их засвар, үйлчилгээг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн байгууллагын дотоод журмыг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгон ажиллана гэж заасан. Иймд У- нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагуудыг хангахгүй байсан тул гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхээр 2017 оны 04 сарын 06-ны өдрөөс дуусгавар болгосон бөгөөд байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан 2017 оны 05 сарын 02-ны өдрөөр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан шийдвэр гарсан нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг Г.У-ын хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гарган өгсөн бөгөөд ажилгүйдлийн тэтгэмжээ тогтоолгон авч байсан. Иймээс харилцан тохиролцож гэрээ байгуулсан байсан бөгөөд гэрээний хугацаа дууссан, ажлын байрны тодорхойлолт болон гэрээгээр авч ажиллуулах үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журамд заасан мэргэжлийн үнэмлэхгүй байсан зэргийг харгалзан хуулийн хүрээнд гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                ҮНДЭСЛЭХ нь:   

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.У- хариуцагч Б ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журамд заасан цахилгаанчин, сантехникийн мэргэжлийн үнэмлэхгүй байсан. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал үндэстэй гэж маргажээ.

Ажил олгогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан Бийн дүрмийн 6.7.5 дах заалт, Бийн захирлын 2012 оны 80 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.11 дах заалт, мөн төвийн захирлын 2017 оны А/02 дугаар тушаалаар батлагдсан Бийн үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журмыг тус тус үндэслэн Гомбын У-тай байгуулсан 2017/61 тоот Ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаа дууссан, Үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журмын шаардлага хангаагүй тул 2017 оны 05 сарын 02-ны тасалбар болгон цуцалсан болох нь Б/105 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож /хх-ийн 4 талд/ байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлээгүй, тушаалыг сонсгосон гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б ТӨҮГазар нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан шийдвэр гаргаагүй, ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаа дууссан, цахилгаанчин, сантехникийн мэргэжлийн үнэмлэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах хэсэгт заасан зохицуулалттай нийцээгүй байна.

 

Тус төвийн жижүүр нь ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын  өдөр, ээлжийн давтамжтайгаар ажил үүрэг гүйцэтгэдэг байх тул  “байнгын ажлын байр” гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, мөн  хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Ажил олгогч Г.У-тай байгуулсан 2017/61 тоот Ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаа дууссан, Үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журмын шаардлага хангаагүй тул 2017 оны 05 сарын 02-ны тасалбар болгон цуцалсан Б/105 тоот тушаал үндэслэлгүй байна.

 

Иймд Г.У-ыг урьд эрхэлж байсан Б ТӨҮГ-ын жижүүрийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 05 сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 933 012 төгрөг : 21,5=өдөрт 43 395 төгрөг х 46 хоног/ 1 996 170 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.

 

Нэхэмжлэгч Г.У-ын Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дундаж цалин хөлсийг /хх-ийн 21 талд/ тооцож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2017 оны 06 сарын 29-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2017 оны 4 сарын 06-ны өдрөөс 2017 оны 05 сарын 02-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин олгоогүй гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Г.У-ыг Б ТӨҮГ-ын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 996 170 төгрөгийг Б ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Г.У-т олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.дэх хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Б ТӨҮГ-т даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2. дах хэсэгт зааснаар хариуцагч Б ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 46,889 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ