Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 01931

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01931

 

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01418 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Ад холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 17 313 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчооны замд өөрийн эзэмшлийн Волво маркийн 95-77 УНЕ улсын дугаартай ачааны автомашинаа жолоодон явж байхад Э.А жолоочтой Ниссан маркийн 76-12 УНП улсын дугаартай ачааны автомашин буруугаас осол гарч, “Монгол транс” ХХКомпанийн хашаа мөргөн зогссон. Уг осолд хариуцагч Э.Аийг сэжигтнээр татаж, хэрэг үүсгэн шалгасан.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гарсан 5 шинжээчийн дүгнэлтүүдэд Ниссан таркийн 76-12 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Тээврийн прокурорын газрын прокурорын 36 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч нь зам тээврийн ослын улмаас учирсан хохиролоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Ц.Б миний эзэмшлийн автомашины эвдрэлийн үнэлгээ нь шууд зардлын дүнгээр 17 313 000 төгрөг юм. Иймд хариуцагч Э.Аээс 17 313 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Э.А миний бие 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 22-н товчооны замд өөрийнхөө эзэмшилийн Ниссан маркийн 76-12 УНП улсын дугаартай автомашинтайгаа “Монгол транс” ХХК-ын хашаа руу орох гээд дохиогоо өгсөн. Замаа чөлөөлөөд зогсож байтал миний танил хамт гарсан Ц.Б нь гэнэт буруу талаар хүчтэй дайрч зогсож байсан миний тээврийн хэрэгслэлийн буруу талаас нь мөргөн хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан этгээд болно.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгаас хэрэг үүсгэн шалгахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д зааснаар намайг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн мэтээр дүгнэлт гаргасан байдаг ба миний бие уг дүгнэлтийг эсэргүүцэн дахин дүгнэлт гаргуулахаар хандсан боловч тус гэмт хэрэг нь үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг.

Иймд Э.А миний бие тус шүүхэд гаргасан Ц.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Аээс 14 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 813 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 515 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 230 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Алтангэрэлийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн шүүгчийн 2017 оны 09-р сарын 23-ны өдрийн 184/ШЗ2017/04005 дугаартай захирамжийг хэвээр үлдээж,

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Аээс шинжээчийн зардалд 100 000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчоос гаргасан тайлбарт хууль зүйн хувьд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн хэрэг болох үед Ц.Б болон Э.А нар нь нэг хашаанд очих гэж явж байсан байдаг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, Ц.Б нь Э.Аийг 3 дугаар эгнээнээс эргэхийг мэдсээр байж Э.Аээс урьдаж очихын тулд хэт хурдан явсан байдаг. Тиймээс шүүхээс томилсон бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 420 тоот дүгнэлт ч буруу гарсан. Нэхэмжлэгч тухайн үед ямар зорилготой явсан гэдгийг бүрэн тогтоогоогүй. Нэхэмжлэл дээр тодорхой дурьдаагүй. Түүнтэй хамт явсан хүнийг нь байцаагаагүй. Ийнхүү хашаа руу орох зорилготай байсан жолооч зогсоох, хурдыг сааруулах арга хэмжээ авалгүйгээр, хурдтай явснаар авто осол болсон байдаг.

Өөрөөр хэлбэл Ц.Бийн явж байсан маршрутыг зөв тогтоохгүйгээр шинжээчийн дүгнэлт зөв гарахгүй. Ц.Б хашаа руу орох зорилготой байсан тохиолдолд хурд сааруулах, зогсоох арга хэмжээ авах ёстой байсан болох учраас Замын хөдөлгөөний дүрмийн өөр заалт хэрэглэгдэж дүгнэлт гарах ёстой юм. Тиймээс шаардлагатай гэрчүүдийг асуух ёстой байсан.

Мөн тухайн уулзвараар чигээрээ гарах гэж байсан мэтээр худал тайлбар өгсний улмаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтүүд буруу гарсан. Шүүх шинжээчийн дүгнэлтийг хэргийн бусад нотлох баримттай хамааралтай талаас нь үнэлээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохиролыг Хөрөнгийн үнэлгээний төвөөс тухайн үеийн үнэ ханшаар гаргасан үнэ 14 500 000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан гэмтлийг бодитоор тодорхойлоогүй хэт хийсвэрээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Э.Ад холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 17 313 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Замын цагдаагийн газрын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн акт, шинжээчийн 410, 494, 14/99494, 15/63300, 643 тоот дүгнэлтүүд, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Тээврийн прокурорын 36 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол болон зохигчдын тайлбарыг харьцуулан үзвэл хариуцагч Э.А нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө эзэмшилийн Ниссан маркийн 76-12 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.10 дахь заалтыг зөрчиж, нэхэмжлэгч Ц.Бийн жолоодож явсан Волво маркийн 95-77 УНЕ улсын дугаартай ачааны автомашиныг мөргөж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан нь тогтоогдож байна.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо барагдуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй, хариуцагч нь хохирлыг барагдуулах үүрэгтэй юм.

 

            Нэхэмжлэгч Ц.Б нь эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг “Бэст эстимэйт” ХХК-иар хийлгэхэд 17 313 000 төгрөгийн эд анги солих болон засвар хийх зардал гарсан нь тус компанийн  2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Автомашины эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогджээ. Уг үнэлгээг хариуцагч эс зөвшөөрч маргасан тул шүүхээс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилоход 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар автомашинд учирсан хохирлыг 14 500 000 төгрөг болохыг тодорхойлж 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр автомашины хохирол үнэлсэн тайлан ирүүлсэн байна. 

 

            Анхан шатны шүүх 14 500 000 төгрөгийг бодит хохирол гэж үзэн уг хохирлыг  хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

            Хариуцагч нь гэм буруугийн асуудалд маргаж байгаа ч зам тээврийн осолд өөрийн гэм буруугүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01418 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 230 500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА