Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0629

 

2016 оны 9 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0629

Улаанбаатар хот

А.Э-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 551 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Э-н нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын объект хамгаалах тавдугаар хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Г-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 551 дүгээр шийдвэрээр: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 21 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Г-д холбогдуулан гаргасан Эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Г-н 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2588238 тоот торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...mnb.mn сайтын ахлах редактор Э.Б 3 дугаар сарын 03-ны өдөр А.Э миний биед халдсан болно. Тухайн өдөр энэ байдлыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн харуулын албанд биечлэн мэдэгдэж гомдол өгсөн боловч миний гаргасан гомдлыг шийдвэрлэж өгөлгүй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн цагдаагийн дэслэгч Г.Г нь харуулын албаны дарга Б.Г-н хамт Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захиргааны ажилтнуудын аманд багтаж А.Э намайг торгуул гэсээр байж 03 дугаар сарын 09-ний өдөр 5000 төгрөгийн торгуул ногдуулсан болно. Бодит байдал дээр ажлын байранд бусдыг зүй бусаар хэлж доромжилж, бүлэглэн танхайрч, бусдын биед халдсан Э.Б-н буруутай болохыг тогтоож 3 сарын 28-ны өдөр цагдаагийн ахмад С.Б нь торгосон болно. Цагдаагийн ажилтнууд хэн буруутайг эцэслэн тогтоогоогүй байхдаа бусдыг торгож, ажлаас халуулж, байгууллагын ажилчидтай нийлж нэр хүнд унагасан. Иймээс торгуулийн хуудсыг хүчингүй болгохоор анхан шатны шүүхэд хандсан боловч, нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас торгуулийн хуудсаа хүчингүй болгуулж, Г.Г-н надад учруулсан хохирлыг арилгуулахаар давж заалдах шатны шүүхэд хандаж байна... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Иргэн А.Э-н “Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Г-н 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2588238 тоот торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Э нь МҮОНРТ-ийн 2 дугаар сувгийн сайтын ажлын өрөөнд тус газрын ажилтан Э.Б-тэй хэрэлдэн маргалдаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд /Гудамж, талбай, орон сууц, нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний болон олон нийтийн бусад газар хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн бол 15000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна/ заасан танхайрах зөрчил гаргасны улмаас 5000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авагдсан байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор 1/ шүүгчийн гаргасан шийтгэврийг дээд шатны шүүхэд; 2/ албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг тухайн салбарын дээд шатны албан тушаалтанд; 3/ олон нийтийн цагдаагийн ажилтан шийтгэл ногдуулсан шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг даргад давж заалдах гомдол гаргахаар, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд давж заалдах гомдлын талаар зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн орон нутгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй”, 6 дахь хэсэгт “Шүүх гомдлыг Иргэний байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар захиргааны хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүссэн захиргааны зөрчилд /олон нийтийн газарт иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хэрүүл, маргаан, зодоон үүсгэж танхайрах/ ногдуулсан цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны шийтгэл нь /торгуулийн хуудас/ захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх акт биш байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс “...Э.Б нь намайг хэл амаар доромжилж, чамайг алмаар байна гэж заналхийлж, ажлын өрөөнөөс заамдан чирч, миний биед халдсан. Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хэн зөрчил гаргасныг дутуу шалган шийдвэрлэсэн” хэмээн танхайрсан зөрчилтэй холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан танхайрах зөрчил гаргасан эсэхэд, өөрөөр хэлбэл олон нийтийн газарт хэрүүл маргаан, зодоон цохион үүсгэсэн, олон нийтийг үл хүндэтгэсэн гэх зөрчилд холбогдсон этгээдийн зөрчлийн үйл баримтыг хэлэлцэн дүгнэж, танхайрсан зөрчил гаргасан эсэхийг хянаж, харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч танхайрах зөрчилд ногдуулсан торгуулийн хуудас /шийдвэрийг/ Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу харьяа дүүргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 551 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-н “Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Г-н 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2588238 тоот торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж болон гомдол гаргахдаа төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                   

                                     ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                      ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ