Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 58

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Е.Ханатхан,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай,

Хохирогч С.Ганхуяг,

Шүүгдэгч С.Гантамир түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг  

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526011574 дугаартай хэргийн шүүгдэгч 

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын 13 дугаар гудамжны 52 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, ЧТ81042379 дугаарын регистртэй, Намжил овгийн Сэнгээгийн Гантамирт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.Гантамир нь согтуурсан үедээ 2015 оны 08 дугаар сарын 09-ний орой Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун-баян-Уулын 13-52 тоотод төрсөн ах С.Ганхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан 2 удаа хутгалж “Цээжний зүүн талд далны орчимд 7-8-р хавирганы түвшин дэх нэвтрээгүй шарх, баруун  шууны шарх гэмтлүүд, Зүүн суганы арын шугамаар 11-12 дугаар хавирганы түвшинд хэвлийд нэвтэрч өрц гэмтээсэн” шарх үүсгэн  амь биед нь аюултай  хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Гантамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед танилтайгаа тааралдаад нэг шил архи хувааж уучихаад гэртээ ирээд унтаж байтал 19 цагийн үед ах Ганхуяг орж ирээд намайг яагаад архи уугаад байгаа юм бэ, эмчилгээ хийлгэчихээд гэхээр нь би миний өмд яасан бэ гэсэн, тэгсэн ах юун сүртэй юм гээд миний уруулд цохьсон, тэгээд ах хутга бариад ирэхээр нь би гарных нь бугуйнаас бариад хутгыг булааж авах гээд ноцолдож байгаад бид хоёр давхарлалдаад унасан. Тэгтэл ах Ганхуяг хутгалагдчихлаа гэж хэлсэн. Цаашид ажил хийж ээжийгээ асран амьдрах болно, надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Хохирогч С.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 8 дугаар сарын 09-ний орой гэртээ ирэхэд дүү Гантамир архи уучихсан байдалтай харагдахаар нь би биеэ бодсонгүй, архи уулаа гэж дүүдээ хэлтэл Гантамир надаас миний өмд яасан гэхэд нь би хүнд өгчихсөн гэхэд тэр өмд чинь үнэтэй авсан өмд, би хайрлаад өмсдөггүй гэсэн. Би өмдөө эрүүл мэндээсээ илүү үзлээ гэж хэлээд баруун гараараа уруулд нь цохьсон, тэгээд айлгах санаатай хутга аваад иртэл Гантамир хутга барьсан байсан зүүн гарнаас мушгиад бид хоёр давхарлаж унахад би доор нь орсон. Тэр үед жирс гээд надад мэдрэгдэхээр нь би Гантамирт хутга орчихлоо гэж хэлсэн. Энэ асуудал надаас болсон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч С.Ганхуяг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

  ...найз Ганхуяг, Гантулга нар тааралдсан...пабад орж нэг нэг шил пиво, 200 гр архи уусан...гэртээ ирээд ортол манай дүү Гантамир архи уучихсан хэвтэж байсан. Чи яагаад архи ууж байгаа юм бэ, архи ууж болохгүй ш дээ, чи эмчилгээ хийлгэсэн биз дээ, миний дүү болохгүй ш дээ гэж хэлтэл Гантамир өндийж босч ирээд “та миний өмдийг яасан бэ” гэж надаас асуухаар нь би “чи юун сүртэй юм бэ, тэр өмдийг чинь хүнд өгчихсөн байгаа” гэж хэлтэл Гантамир “тэр өмд чинь үнэтэй авсан өмд, би хайрлаад өмсдөггүй юм” гэж хэлээд босоод ирэхээр нь би баруун гараараа  эрүү хавьцаа нь нэг удаа цохьсон. Тэгтэл Гантамир ухарч, тэр үед би гал зуухны өрөө рүү ороод ширээн дээр байсан төмс арилгадаг хар иштэй хутгыг аваад дүүгээ айлгах санаатай том өрөө рүү ортол Гантамир миний хутгатай  гарыг хойш нь мушгиад газар давхралдаж унах үед би барьж байсан хутган дээрээ дарж унасан юм. Тэгэхлээр нь Гантамирт “хутга нуруу руу орчихлоо ш дээ” гэж хэлтэл Гантамир “өө яанаа би түргэн дуудъя” гээд гэрээсээ гарсан, миний дотор давчдаад байхаар нь дүүгийнхээ араас би гэрээсээ гарсан. Түргэн ирээд эмнэлэгт очсон даруйд хагалгаа хийсэн. Эмнэлэгт 10 гаруй хоног хэвтээд гарсан. Биед ямар нэгэн зовиур байхгүй, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-19, 205/,

 

Гэрч Д.Манлайсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Гантамир манайхаар 2015 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 17-18 цагийн үед халамцуу орж ирсэн...маргааш нь над руу утсаар залгаад би эрүүлжүүлэхэд байна, надад нэг ундаа аваад ирээч гэж хэлсэн...гэжээ. /хх-24/,

 

Гэрч С.Нарангэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...орой гэртээ байж байтал хажуу айлын 2 эрэгтэй хүн шуугиад байхаар нь гараад хартал...хоорондоо зодолдоод нэг нэгнээ цохиод байсан...Тэгтэл нөгөө 2 залуу байшингаасаа цуварч гарч ирээд нэг нь нөгөөгөө “ална” гэж орилоод байсан. ....арай настай гэмээр эрэгтэй хүний нуруунаас цус гарч байсан...Тэр хоёр хүн хоорондоо маргалдаад байсанаа болиод нэг нь байшингийнхаа үүдэнд сууж байсан. Тэр сууж байсан залуугийн зүүн гарт нь хутга гэхээр зүйл байсан. Тэр хутга гэмээр зүйлийг барьчихсан байсан залуу байшингийнхаа урд сууж байхад нуруунаас нь цус гараад байсан арай настайвтар гэмээр хүн хашааны хаалганы дэргэд хашаан дотор босоод зогсож харагдсан. Тэр хоёр хүн тухайн үед хоорондоо маргалдсан байдалтай байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирчихсэн харагдсан... гэжээ. /хх-28/,

 

Шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

... хэвлийн хөндийд нэвтэрч өрц гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралт /100мл/, баруун шуунд шарх гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй ...гэжээ. /хх-61/,

                                              

Шинжээч эмч М.Энхтайван мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Дээрх шарх гэмтлүүд нь нэг дор нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй ба тус тусдаа үүсгэгдэнэ, мөн хутгаар үүсгэгдэнэ...хурц ир үзүүртэй зүйл гэдэгт хутга, хайч, цаасны хутга гэх мэт зүйлүүд орно...гэжээ. /хх-136/,

 

Шинжээч эмч Б.Ундармаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...С.Ганхуягийн биед цээжний зүүн талд 2 хэсэг газар хатгагдаж үүссэн шарх байгаа бөгөөд энэ гэмтлүүд нь давхаралдаж унах үед үүсгэгдэх боломжгүй...гэжээ. /хх-137/,

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй, тус тусдаа үүсгэгдэх шарх гэмтэл байна...гэжээ. /хх-138/,

 

Шүүгдэгч С.Гантамир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Мөөгий гэх зүс таних залуутай нийлж 05 мл Хараа нэртэй архи хувааж уусан...19 цагийн үед манай ах Ганхуяг согтуу гэрт орж ирсэн...Ганхуягаас миний өмд яасан бэ гэхэд чи яасан сүртэй юм бэ гэж хэлээд миний уруул руу шууд цохисон...нэг хартал манай ах над руу ногоо арилгадаг хар иштэй хутга барьчихсан дайрч байсан. Би хутгыг нь булааж зууралдсан...ахын гарт барьсан хутгыг нь булаах гэж байгаад газар өнхөрөөд уначихсан юм...би хутгатай гарны бугуйнаас нь бариад хутгатай гарыг нь нуруун тийш мушгиад зууралдсан...Ганхуяг ах орилоод Тамираа хутга орчихлоо ш дээ гэж хэлсэн ...гэжээ. /хх-64, 68/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 11676 тоот акт. ДҮГНЭЛТ:

1. С.Ганхуягийн биед хэвлийн хөндийд нэвтэрч өрц гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралт /100мл/, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эчмилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-31/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 1329 тоот акт. ДҮГНЭЛТ:

1.Шүүх эмнэлэгийн үзлэгийн 11676 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3.Цээжний зүүн талд далны орчимд 7-8-р хавирганы түвшинд шарх, зүүн суганы арын шугамаар 11-12-р хавирганы түвшинд шарх гэмтлүүд нь тус тусдаа ир үзүүр бүхий хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4.Зүүн суганы арын шугамаар 11-12-р хавирганы түвшинд хэвлийд нэвтэрч өрц гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

5. Дээрх шархууд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. /хх-135/,

 

Шүүгдэгч С.Гантамирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-32-46/, Биологийн шинжээчийн 7157, 7161, 7160, 7156 дугаар дүгнэлтүүд /хх-32-46/, хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтууд болно.

 

Шүүгдэгч С.Гантамир нь согтуурсан үедээ 2015 оны 08 дугаар сарын 09-ний орой Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян Уулын 13-52 тоотод төрсөн ах С.Ганхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг 2 удаа хутгалж бие махбодид нь цээжний зүүн талд далны орчимд 7-8-р хавирганы түвшин дэх нэвтрээгүй шарх, баруун  шууны шарх гэмтлүүд, зүүн суганы арын шугамаар 11-12 дугаар хавирганы түвшинд хэвлийд нэвтэрч өрц гэмтээсэн шарх үүсгэн амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гантамир, хохирогч С.Ганхуяг нараас мэдүүлсэн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч С.Ганхуягийн “...би гал зуухны өрөө рүү ороод ширээн дээр байсан төмс арилгадаг хар иштэй хутгыг аваад дүүгээ айлгах санаатай том өрөө рүү ортол Гантамир миний хутгатай  гарыг хойш нь мушгиад газар давхралдаж унах үед би барьж байсан хутган дээрээ дарж унасан юм...” гэх /хх-19, 205/, гэрч С.Нарангэрэлийн “...арай настай гэмээр эрэгтэй хүний нуруунаас цус гарч байсан...Тэр хоёр хүн хоорондоо маргалдаад байсанаа болиод нэг нь байшингийнхаа үүдэнд сууж байсан. Тэр сууж байсан залуугийн зүүн гарт нь хутга гэхээр зүйл байсан. Тэр хутга гэмээр зүйлийг барьчихсан байсан залуу байшингийнхаа урд сууж байхад нуруунаас нь цус гараад байсан арай настайвтар гэмээр хүн хашааны хаалганы дэргэд хашаан дотор босоод зогсож харагдсан. Тэр хоёр хүн тухайн үед хоорондоо маргалдсан байдалтай байсан...” гэх /хх-63/, шинжээч эмч Г.Ханхүүгийн “...дээрх гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй...” гэх /хх-63/, шинжээч эмч М.Энхтайваны “...Дээрх шарх гэмтлүүд нь нэг дор нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй ба тус тусдаа үүсгэгдэнэ...гэх /хх-136/,  шинжээч эмч Б.Ундармаагийн “...С.Ганхуягийн биед цээжний зүүн талд 2 хэсэг газар хатгагдаж үүссэн шарх байгаа бөгөөд энэ гэмтлүүд нь давхаралдаж унах үед үүсгэгдэх боломжгүй...” гэх /хх-137/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй, тус тусдаа үүсгэгдэх шарх гэмтэл байна...” гэх /хх-138/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч С.Ганхуягийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 11676, 1329 тоот акт, биологийн шинжээчийн 7157, 7161, 7160, 7156 тоот актууд /хх-32-36, 31, 135/, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд С.Гантамирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч С.Ганхуягт учирсан гэх хүнд гэмтлийг шүүгдэгч санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй, хохирогч өөрөө хутга барьсан, хутгыг авах гэж ноцолдож байх үед С.Ганхуяг хутганд өртсөн тул С.Гантамирт сонсгож яллагдагчаар татаж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх талаар онолын тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Гантамир, хохирогч С.Ганхуяг нар архи уусан, согтуу байх үедээ өмдний асуудлаас болж хоорондоо маргалдсан асуудлыг хувийн таарамжгүй харьцаа гэж үзсэнийг шүүх буруу гэж үзээгүй боловч шүүгдэгч С.Гантамир нь хохирогч С.Ганхуягтай маргалдаад түүнийг 2 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсаныг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шинжээч нарын тодорхойлсоноор хохирогч С.Ганхуягт учирсан гэмтлүүд нь нэг дор нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй ба тус тусдаа үүсгэгдэнэ, гэмтлүүд нь давхаралдаж унах үед үүсгэгдэх боломжгүй талаар мэргэжлийн үүднээс тайлбар гаргасан, шүүгдэгч С.Гантамирт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн зүйл анги тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Гантамир Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, түүнд шүүхээс оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Намжил овгийн Сэнгээгийн Гантамирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. С.Гантамирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5-д зааснаар С.Гантамирт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. С.Гантамир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Ганхуяг нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар өнгийн хувинцар иштэй 19 см урттай 1 ширхэг хутгыг устгасугай.

 

 5. С.Гантамирт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гантамирыг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНЧИМЭГ

                             

           ШҮҮГЧИД                                                   Б.БАТАА

                       

                                                                                      Г.ГАНБААТАР