Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00857

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2018/00903 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 204/МА2019/00004 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Б-д холбогдох,

32 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Т.Б- нь 2016-2017 онуудад шатахуун аваад түүний үлдэгдэл 21 500 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сар хүртэл 5 хувийн хүү бодож өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй хохироож байна.

Иймд Т.Б-аас шатахууны үнэ 21 500 000 төгрөг, хүү 10 750 000 төгрөг нийт 32 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 343 500 төгрөгөөр багасгажээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Б.Б- бид хоёр 2013 оноос эхлэн түлшний наймаа хийж байсан. Бид хоёр харилцан амаар тохиролцож өгч авалцаж байсан. Бэлнээр төлөх ажлын байдлаас шалтгаалан хэсэг хугацааны дараа төлбөрөө хийх зэрэг харилцан ажиллаж байсан. Бид хоёр аман хэлэлцээрээр наймаа хийж ав өгөлцөөд л явж байсан. 2017 онд Б.Б-ээс авсан 21 100 литр түлш чанарын шаардлага хангахгүй доголдолтой түлш байснаас техникийн хувьд хохирол учирч үнэ өртөгийн хувьд маргаан гарсан. Үнэ өртөг дээр тохиролцох боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүх хурал уг асуудлыг аль болох хялбар аргаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2018/00903 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Б-аас 21 156 500 төгрөг гаргуулан Б.Б-т олгож, Б.Б-ийн нэхэмжлэлээс 10.750.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 263.733 төгрөг гаргуулж Б.Б-т олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 204/МА2019/00004 дүгээр магадлалаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2018/00903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Т.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 319200 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 186950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Т.Б- нь түлшний үнийг төлөөд буцааж авахаар тохиролцож өөрийн бүрэн засвар хийсэн ачигч ковшийг түр хугацаагаар Б.Б-т барьцаалуулсан байна. Гэтэл Б.Б- нь ковшийг зарж мөнгийг нь түлшний үнэд тооцон авсан байна. Ачигч ковшийн зах зээлийн үнэ 50-90 сая төгрөг байдаг. Анхан шатны шүүх ковшийн зах зээлийн үнэлгээ, Б.Б- хэдэн төгрөгөөр зарж мөнгийг нь авсан зэрэг асуудлыг тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэспэлгүй байна.

... нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлд нийт хэдэн литр түлш Т.Б-д өгсөн, хэдэн литр түлшний үнэ нэхэмжилж байгаа, 1 литр түлшийг хэдэн төгрөгөөр худалдсан зэрэг асуудлууд нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

... хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2018/00903 дугаартай шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 204/МА2019/00004 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Т.Б-аас шатахуун зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 343 500 төгрөгөөр багасгасан байна.

Хариуцагч Т.Б- шаардлагыг эс зөвшөөрч, шатахууны чанар доголдлоос шалтгаалан анхны үнийн талаар маргаан үүссэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагч Т.Б-аас шатахууны үлдэгдэл төлбөр болох 21 156 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгохоор шийдвэрлэж, талуудын гэрээний тохиролцоо тодорхой бус, хүү тооцох боломжгүй гэж үзэн нэхэмжлэлээс 10 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2018/00903 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 204/МА2019/00004 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 319 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН