Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч Н.Бүрэндүүрэн /онлайн/,

Хохирогч Г.Гэгээнцэцэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Иргэний хариуцагч С.Гантогтох /онлайн/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Шүүгдэгч Р.О нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.О-д холбогдох эрүүгийн 2015001300071 дугаартай, 163/2020/0153/Э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............ овогт ...............-ийн ................, Булган аймгийн Баяннуур суманд 1982 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, ............... хот, ............. дүүрэг, ....... дугаар хороо, ...... дүгээр байрны ....... тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл 3, аав, ээж нарын хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, эмэгтэй, 40 настай, РД: ................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.О нь Булган аймгийн Баяннуур сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Б.Өлзийсайханаас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, Л.Цэрэнчимэдээс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, Г.Оюунчимэгээс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, Г.Гэгээнцэцэгээс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөг, Н.Бүрэндүүрэнгээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зээл гаргуулан авч залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2015001300071 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Р.О нь Булган аймгийн Баяннуур сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Б.Өлзийсайханаас 10.000.000 төгрөг, Л.Цэрэнчимэдээс 4.500.000 төгрөг, Г.Оюунчимэгээс 10.000.000 төгрөг, Г.Гэгээнцэцэгээс 6.000.000 төгрөг, Н.Бүрэндүүрэнгээс 10.000.000 төгрөгийг тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зээл гаргуулан авч хохирол учруулсан байна.

1. Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Огийн өгсөн: Би 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Булган аймгийн Баяннуур сумын Хаан банкны эдийн засагчаар ажилласан. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажилчдын орон сууцны зээл авсан. Тэр үед хашаа байшин барих гээд зээл авахад миний зээлээс Хаан банкны Булган аймаг дахь салбарын эдийн засагч 6.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд миний мөнгө дутаад хүнээс мөнгө зээлсэн. 2014 оны 11 дүгээр сард “жи тайм” гараад хүмүүс мөнгө аваад байхаар нь хүнээс 7.000.000 төгрөг зээлсэн. Хүнээс авсан мөнгөө өгөх гээд дараагийн хүнээс хүүтэй мөнгө зээлээд ийм асуудалд орсон. Ажиллаж байхдаа мөнгийг нь өгч байсан ч ажилгүй болоод төлөөгүй. Одоо шүүхийн шийдвэрт 53.000.000 төгрөгийн төлбөр байгаа. Хашаа байшингаа 30.000.000 төгрөгөөр зарсан. Одоо тухайн төлбөрт миний цалин болон аавын тэтгэвэр ордог ба шийдвэр гүйцэтгэлд 13.000.000 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Өмнөх шийдвэр гүйцэтгэлийн дагуу төлж байгаа мөнгийг төлж дуусаад дараагийн мөнгийг төлнө гэх мэдүүлэг,

2. Хохирогч Н.Бүрэндүүрэнгийн өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11.500.000 төгрөгийн зээл авсан ба уг зээлээс 10.000.000 төгрөгийг Одсүрэн авхуулсан. Намайг зээл авах материалаа бүрдүүлж байхад Одсүрэн надад 10.000.000 төгрөг зээл дээрээ нэмээд аваад өг гэж манай нөхөр рүү утсаар яриад зээл дээрээ 10.000.000 төгрөг нэмж авч өгсөн. Тэр үед 10.000.000 төгрөгийн хүүд нь 1.000.000 төгрөг өгнө гэсэн ч өгөөгүй. Зээл авснаас хойш 11-12, 01 дүгээр саруудад 299.000 төгрөгөөр төлөлтөө хийсэн. Мөн 3 дугаар сард надад мөнгөний хэрэг гараад 300.000 төгрөг авсан. Одсүрэнгээс нийт 1.200.000 төгрөг авсан. 5 дугаар сард надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд 1 сарын дотор 5.000.000 төгрөг өгөх юм бол гомдолгүй гэсэн ч мөнгө өгөөгүй. Надад нийт 1.200.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 9.000.000 төгрөгийг авмаар байна. Би одоо жирэмсний амралттай цалингүй байгаа болохоор мөнгөний эх үүсвэр байхгүй хэцүү байна. Иймд 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

3. Хохирогч Г.Гэгээнцэцэгийн өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөгийн цалингийн зээл авч өгсөн. Би 1.000.000 төгрөгийн цалингийн зээл авах гэсэн юм, надад зээл гарах болов уу гэхэд Одсүрэн чамд зээл гарна, чи зээл дээрээ нэмээд надад 6.000.000 төгрөг аваад өгөөч, надад мөнгө хэрэгтэй байна гээд нийт 7.000.000 төгрөгийн зээл гаргуулж авсан. Тэр үед хүү өгнө гэж яриагүй тул 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээл авснаасаа хойш амралттай байж байгаад 12 дугаар сард ажилдаа орсон. Ковидын үеэр зээлийнхээ хүүг төлөөд үндсэн мөнгөө төлөлгүй өдий хүрсэн. Одоо 6.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хавар 3 дугаар сард 200.0000 төгрөг надад өгсөн. Үүнийг авах мөнгөнөөсөө хасна гэх мэдүүлэг,

4. Иргэний хариуцагч С.Гантогтохын өгсөн: Миний бие Хаан банкны төлөөлөгчөөр оролцож байна. Манайхыг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Одсүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар манай байгууллага хариуцах ёсгүй байна. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад Хаан банкнаас зээл авахаар банканд хүсэлт гаргасан. Ингэхэд хэн нэгэн зээл ав гэж ятгаагүй, өөрсдийн сайн дураар зээл авах хүсэлтээ гаргаж материалаа бүрдүүлэхэд Одсүрэн зээл нэмж авхуулсан. Ингээд харилцагч нар зөвшөөрөөд зээлсэн мөнгийг нь зээлсэн. Зээл авахад өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр зээл нэмж авсан. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийг албан тушаалын дагуу үүргээ гүйцэтгэхдээ үйлдсэн гэж үзэхгүй байна. Харин албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн байна. Иргэдээс мөнгө зээлэх нь түүний албан тушаалын байдалд хамаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтоор иргэдтэй харилцаа тогтоохыг хязгаарласан. Хохирогч нар өөрсдөө зөвшөөрч зээл олгосон байна. Одсүрэнгийн гуйлтаар түүнд туслах, хүүтэй мөнгө зээлж байгаа үйлдлээрээ банкны хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлыг хариуцах үүрэггүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно”, 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан. Банк бусдад учруулсан хохирлыг арилгуулах үндэслэлгүй байна. Хохирогч нарын хувьд хохирлыг Одсүрэнгээс нэхэмжилж байгааг анхаарч үзнэ үү гэх мэдүүлэг,  

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Оюунчимэгийн өгсөн: Би 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны Булган аймгийн Баяннуур сумын салбараас 20.000.000 төгрөгийн бизнесийн зээл авсан юм. Зээл авсан өдрийн орой Одсүрэн над руу утсаар залгаад бас мессеж бичээд би хүнээс 10.000.000 төгрөг авсан чинь нэхээд аймгийн хаан банк руу хэлнэ гээд байна. Тэгэхээр би ажилгүй болох гээд байна, надад тус болооч би 2-3 хоноод өгье гэхээр нь би барааныхаа мөнгийг шилжүүлэх гэж байгаа гэсэн чинь чи 2 хоноод өгье гэхээр нь би зөвшөөрөөд тэг тэг гээд өгсөн. Тэгээд надаас 9.000.000 төгрөгийг Алтанцэцэг гэх хүний данс руу хийлгээд үлдсэн 1.000.000 төгрөгийг маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр авсан юм. Тэгээд надаас авсан 10.000.000 төгрөгөөс 7 саяыг нь өгөөд үлдсэн 3.000.000 төгрөгийг нь өгөөгүй байгаа юм. Тухайн үед намайг мөнгөө нэхэхэд надад хүүгээр нь бодож өгнө гэж хэлэхээр нь би хүлээгээд өдийг хүрсэн. Одсүрэн нь намайг хуурч мөнгө авсан. Намайг хохироосон учир гомдолтой байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Өлзийсайханы өгсөн: ...Би Булган аймгийн Баяннуур сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан Р.О гэх танил эмэгтэй намайг банкнаас цалингийн зээл аваад 1 сарын хугацаатай надад зээлээч би авсан зээлийг чинь төлөөд 500.000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын салбараас 10.000.000 төгрөгийн цалигийн зээл авахаар материал бүрдүүлэхэд Одсүрэн нь мөнгө шилжүүлсэн баримт дээр миний гарын үсгийг зуруулаад аваад үлдсэн. Энэ өдрийн орой миний дансанд 10.000.000 төгрөгийн орлого ороод буцаад зарлагаар Одончимэг гэх хүний данс руу автоматаар шилжүүлсэн мэдээлэл гар утсанд ирсэн. ...Одсүрэн намайг хуурч банкнаас миний нэр дээр зээл авсан. Энэ зээлийг нь би одоо болтол төлөөд явж байгаа, цаашид дахиад 3 жил төлнө. Иймд би гомдолтой байна. Би Р.Од өгсөн 10.000.000 төгрөгөө, энэ мөнгөний одоогийн хүү болох 3 сая төгрөг. Нийт 13.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. /1 дүгээр хавтаст хэргийн 26-30 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Цэрэнчимэдийн өгсөн: ...Би 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын хаан банкны салбараас цалингийн зээл аваад Төрийн банк руу зээлээ төлөхөөр байж байтал хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан Одсүрэн нь хагас сайн өдөр миний цалингийн зээлийг гаргаад гарын үсгээ зур гэж хэлсэн. Тэгээд бүтэн сайн өдөр миний данснаас зээлийн төлөлт гэж хийгдээд удалгүй буцаад ороод ирсэн. Тэгээд би энэ талаар асуухаар Одсүрэнтэй уулзахад би чиний дансны дугаарыг буруу бичсэн байна гэсэн. Тэгээд чи надад мөнгө зээлээч би удахгүй өгнө гээд надаас 4.500.000 төгрөг авсан. Одсүрэн одоо болтол ямар ч мөнгө надад өгөөгүй, би мөнгөө нэхэхээр худал хэлээд өдийг хүрсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-37 дахь тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Гэгээнцэцэгийн өгсөн: ...Надад анх 1 сая төгрөг хэрэг болохоор нь би Р.Огээс надад цалингийн зээл гарах болов уу, нэг сая төгрөгийн зээл авах гэсэн юм гэж асуухад өө бололгүй яахав, чи нэг мөсөн 6 сая төгрөг зээлээд надад өгөөч би 7 хоногийн дараа өгье шалгалт ирэх гээд мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Би Булган аймгийн Баяннуур сумын Хаан банкны салбараас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 6 сая төгрөгийн зээл авч бэлнээр 6 сая төгрөгийг Р.О-д өгсөн. Одсүрэн надад хэлэхдээ 7 хоногийн хугацаатай зээлээд эргүүлээд өгчихье гэж хэлсэн. Тэгээд мөнгө зээлснээс хойш 7 хоногийн дараа мөнгөө авах гэтэл одоохон удахгүй гэсээр байтал 1 сар болсон. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сард хүүхэдтэй болоод чөлөө аваад ажлаасаа гарсан. Тэр хооронд Одсүрэнгээс мөнгө асуухад мэдэж байгаа удахгүй гэж хэлдэг байсан. Тэгж байгаад улмаар Одсүрэн ажлаасаа халагдсан. 2020 оны 3 дугаар сард 200.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Бүрэндүүрэнгийн өгсөн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны Булган аймгийн Баяннуур сумын салбараас цалингийн зээл 1.500.000 төгрөг авахаар хандсан. Тус банкны эрхлэгчээр ажиллаж байсан О намайг нэмээд 10 сая төгрөг аваад өг, би өнөөдөр зээлийг чинь гаргаад өгнө, чамаас авсан 10.000.000 төгрөгийг удлаа гэхэд 1 сарын дотор өгнө гэсэн. Тэгээд нөхөр бид 2 ярилцаад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баяннуур сумын Хаан банкнаас 11.500.000 төгрөгийн зээлийг миний нэрээр гаргуулахаар материалаа өгсөн юм. Тэгээд тэр өдрийн орой Одсүрэнг зээл гарчихлаа гэхээр нь манай нөхөр Сүхбаатар очиж 1.500.000 төгрөгийг авсан. Миний нэр дээр зээл гаргасан. Нийт 11.500.000 төгрөгөөс Алтанцэцэг гэдэг хүний данс руу 7.000.000 төгрөг шилжүүлсэн, 3.000.000 төгрөгийг бэлнээр Р.Од өгсөн. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нь өөрөө авсан. Одоо би 2018 оны 12 сараас хойш сард 299.000 орчим төгрөгийг төлж байна. Энэ зээлийн хугацаа нь 2023 онд дуусна. Тухайн үед би Одсүрэнг хаан банкны эрхлэгч байсан болохоор итгэж өөрийнхөө нэр дээр зээл гаргуулсан боловч одоог болтол миний нэр дээрх зээлийн асуудлыг шийдэж өгөөгүй залилсан. Би өөрийнхөө авсан 1.500.000 төгрөгийг аль дээр төлөөд дууссан байх ёстой. Одоо хүний өмнөөс сар бүр зээл төлөөд яваад байгаа нь надад хохиролтой байна. Тухайн өдөр зээлийн мөнгө миний данс руу орох үед би зээлийн гэрээ болон гүйлгээний баримтуудад гарын үсэг зураагүй. Харин манай нөхөр Д.Сүхбаатар хамтран зээлдэгчээр байсан учраас гарын үсэг зурсан эсэхийг би мэдэхгүй байна. Тэгээд 3-4 хоногийн дараа ажлын өдөр, ажлын цагаар тухайн үед хаан банкинд теллерээр ажиллаж байсан Мөнхдэлгэр гар утсаар залгаад намайг ирж баримтад гарын үсэг зураарай гэсэн. Ингээд би хаан банкинд очиж мөнгөний баримт бас зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Намайг зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байхад мөнгө миний данс руу орсон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 198 дахь тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагч С.Гантогтохын өгсөн: ...Уг зээлийг банк нэр бүхий харилцагч нарт хуульд зааснаар зээлийн гэрээ байгуулж, зээлийг зээлдэгч нарт олгосон. Харин Р.О нь тухайн зээлдэгч нараас хувийн санхүүгийн хэрэгцээндээ зориулж харилцагчийн зээлийн дүнг нэмэгдүүлж авах, хугацаатай хадгаламж барьцаалсан зээл авхуулах, бусад банкны зээл хаах мөнгийг харилцагч нараас зээлэх байдлаар дээрх гэмт хэргийг үйлдсэн. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажилтны бусдад учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй болно. Эхлээд харилцагчаас зээл авах хүсэлтийг авдаг. Дараа нь хүсэлтийн дагуу тухайн зээлдэгчийн мэдээллийг шалгах буюу санхүүгийн эх үүсвэрийг судалдаг. Энэхүү судалгаагаар тухайн зээлдэгч нь тухайн авсан зээлийг эргэн төлөх эх үүсвэртэй тохиолдолд салбар руу дотоод сүлжээгээр явуулж зөвшөөрөл авч зээл олгох шийдвэр гарсан тохиолдолд зээлийн гэрээг байгуулж зээлдэгч гарын үсэг зурж баталгаажсаны дараа зээлийг зээлдэгчийн харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлж зээл олгодог бөгөөд зээлдэгч нь өөрийн харилцах данснаас тухайн зээлээ ашиглах эрхтэй болдог. Одсүрэнгийн хувьд банкинд ажилладаг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд харилцагч нарын зээлийн дүнг нэмэгдүүлж авах хугацаатай хадгаламж барьцаалсан зээл авхуулах, бусад банкны зээл хаах мөнгийг харилцагч нараас зээлэх байдлаар тухайн гэмт хэргийг үйлдсэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх боловч тухайн этгээдийн бусдад учруулсан гэм хорыг ажил олгогч буюу Хаан банк хариуцах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасанд хамаарахгүй болно. Хэрэв Р.О нь Хаан банкны ажилтан биш байсан бол зээлдэгч нарын зээл авах боломжтой мөнгөн дүн, мөн хадгаламж эзэмшдэг эсэх, тухайн хүмүүс мөнгөтэй байсан эсэх талаар огт мэдэх боломжгүй байсан гэж бодож байна гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 193-194 дэх тал/,

11. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Мөнхдэлгэрийн өгсөн: ...Намайг сумын Хаан банкинд теллерээр ажиллаж байх хугацаанд Р.О эрхлэгчээр ажиллаж байсан. Н.Бүрэндүүрэн нь 2018 оны 11 дүгээр сарын үед байх нөхөр Сүхбаатарын хамт хаан банкинд орж ирээд эрхлэгч Одсүрэнтэй уулзаад байсан. Тэгээд Н.Бүрэндүүрэнгийн нэр дээр цалингийн зээл гаргасан. Би яг хэдэн төгрөг авсныг нь одоо санахгүй байна. Тухайн үед хүмүүсийн зээлийн гэрээг эрхлэгч баталгаажуулсан тохиолдолд би зээлийг нь тухайн зээл авч байгаа хүний харилцах данс руу хийдэг байсан. Н.Бүрэндүүрэнгийн нэрээр Р.О мөнгийг нь авсан. Тэгээд хэрэг үүсээд шалгагдаж байгаа талаар сонссон. Тухайн үед би Р.Ог хүмүүсийн нэр дээр зээл гаргаад өөрөө мөнгийг нь авдаг. Зарим тохиолдолд нэг хүнээс зээл аваад нөгөө хүний өрийг дардаг гэдгийг нь мэдсэн. Тухайн үед би ажилд ороод удаагүй бас манай банканд ахлах теллер байгаагүй ганцаараа ажиллаж байсан. Тэгээд эрхлэгчийнхээ хий гэснийг л хийдэг байсан. Ер нь Одсүрэн эрхлэгчээр ажиллаж байхдаа ажлын бус цагаар зээл гаргадаг байсан. Ажлын цаг дууссаны дараа намайг зээл гаргана гүйлгээ хаахгүй байж байгаарай гэдэг байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 211-213 дахь тал/,

12. Мөрдөн шалгах ажиллагаанд Р.О-гийн яллагдагчаар өгсөн: Би Н.Бүрэндүүрэнгээс 2018 оны 10 дугаар сарын үеэр ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийгээгүй. Тухайн үед Бүрэндүүрэн нөхөр Сүхбаатарын хамт ирээд 1.500.000 төгрөгийн цалингийн зээл авах гээд ирэхээр нь би надад мөнгөний хэрэг байна 10 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй нь эргүүлж өгье гэж хэлээд амаар тохиролцоод Хаан банкнаас 11.500.000 төгрөгийн зээл гаргуулаад би 10 саяыг нь аваад 1.500.000 төгрөгийг Бүрэндүүрэн авсан. Тэгээд би 2018 оны 11 сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл сарын төлөлт болох 300.000 төгрөгийг сар бүр төлсөн. Тэгээд 10 хувийн хүүд 1 сая төгрөгийг 2018 оны 10 сарын үед төлсөн. Тэгээд сая 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөгийг төлсөн. Миний бодлоор одоо 7.500.000 төгрөгийг төлөх ёстой боловч Бүрэндүүрэнтэй харилцан тохиролцсоны дагуу 5 сая төгрөг өгөхөөр болсон. Г.Оюунчимэгийн хувьд болохоор 2018 оны 8 дугаар сарын 01-ний үеэр над дээр ирээд бизнесийн зээл 20 сая төгрөгийг авахаар ирсэн. Тухайн хүнд зээлийг нь гаргаж өгснийхөө маргааш нь Оюунчимэгт хандаж надад мөнгөний хэрэг гараад байна 10 сая төгрөгийг зээлээч сарын 10 хувийн хүүтэй бодоод эргүүлэн өгье гэж амаар тохиролцсоны дагуу Оюунчимэг зөвшөөрч 10 сая төгрөгийг надад зээлсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1 сая төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3 сая төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2 сая төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 сая төгрөгийг тус тус эргүүлэн өгсөн. Одоо үлдэгдэл 3 сая төгрөгийг өгөх ёстой. Тэгээд оны 3 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 132/ШЗ2019/00429 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээ байгуулж 3.612.000 төгрөгийг төлөхөөр эвлэрлийг баталгаажуулсан шийдвэр гарсан. Б.Өлзийсайханы хувьд бол 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 400.000 төгрөгийн цалингийн зээл авах гээд ирэхээр нь би өөрөөс нь гуйгаад 5 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж гуйж байгаад 10 сая төгрөгийн зээл гаргуулж байгаад 500.000 төгрөгийг тухайн үед нь өгчихсөн. Тэгээд түүнээс хойш сар бүрийн төлөлтийг нь би төлье гэж хэлээд гуйж авсан. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 сар хүртэл сар бүрийн төлөлт болох 300.000 төгрөгийг тус тус төлж байсан. Мөн 2019 оны зун манай аав, ээж хоёроос гурван тооны хонь авсан гэсэн. Тухайн хонийг 200.000 төгрөгөөр тус бүрээр үнэлж байна. Иймд 7.100.000 төлөх ёстой байгаа. Л.Цэрэнчимэдийн хувьд бол 2018 оны 5 дугаар сарын үед манай Хаан банкнаас 18 сая төгрөгийг зээлж авч байсан юм. Тэгээд надад мөнгөний хэрэг гарахаар нь 6 дугаар сарын 22-ны өдөр утсаар яриад надад мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч, би ойрын хугацаанд эргүүлэн өгье гэж хэлж байсан. Мөн сар бүрийн зээлийн төлөлтийг чинь хийж байя гэж хэлээд 4.500.000 төгрөгийг зээлж авсан. Тэгээд би 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл сард ойролцоогоор 80.000 төгрөгийг төлж байсан. Одоо би 4.100.000 төгрөгийг төлөх ёстой. Г.Гэгээнцэцэгийн хувьд бол 2018 оны 10 сард 1.500.000 төгрөгийн цалингийн зээл авах гэхээр нь би надад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд нэмээд зээл аваад өгчих гэж хэлээд 7.500.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тэгээд би 6.000.000 төгрөгийг нь зээлж аваад сар бүрийн төлөлтийг нь хийж байгаад боломж олдохоор бөөнөөр нь хийгээд төлөөд дуусгачихна гэж хэлсэн. Тэгээд би эргүүлж 2018 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын төлөлт болох тус бүр 280.000 төгрөгийг төлсөн. Тэгээд сая 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг төлсөн. Би 760.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Ингээд би 5.240.000 төгрөгийг төлөх ёстой байгаа гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал/,

13. Хаан банкны захирлын тушаалууд /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

14. Хаан банкны харилцагчтай байгуулсан зээлийн гэрээнүүд /1 дүгээр хавтаст хэргийн 109-132 дахь тал/,

15. Хаан банкны эрхлэгч, эдийн засагч нарын ажлын байрны тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

16. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 87-94, 96-113, 219-225, 228 / зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Р.О нь Булган аймгийн Баяннуур сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Б.Өлзийсайханаас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, Л.Цэрэнчимэдээс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, Г.Оюунчимэгээс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, Г.Гэгээнцэцэгээс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөг, Н.Бүрэндүүрэнгээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зээл гаргуулан авч залилж хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдлоо.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба гэмт хэрэг үйлдэх арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, төөрөгдүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Р.О нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг худал үгээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдаас мөнгө авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.О нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогчдыг залилсан үйл баримт гэрч, хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Р.О нь нэр бүхий хохирогч нараас албан тушаалын байдлаа ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж, мөнгийг өөртөө шилжүүлэн авснаар уг гэмт хэрэг төгссөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.О нь Булган аймгийн Баяннуур сумын Хаан банкны тооцооны төвийн эрхлэгчийн ажил хийдэг нь нэр бүхий хохирогч нарт мөнгийг маань залилахгүй байх, хэлсэн хугацаандаа эргүүлээд өгчих байх гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн байна. Мөн хохирогч нарын Хаан банкинд хандан зээл авах хүсэлт дээрх мөнгөн дүнг давуулж илүү хэмжээгээр бичүүлж, удахгүй буцаагаад өгнө, хүүтэй зээлээч гэх зэргээр бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулсан байна.

Тиймээс шүүгдэгч Р.О-г аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Р.О-гийн гэм буруугийн шууд санаа, шунахай сэдэлт нөлөөлсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Р.О-гийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.О-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчоор тогтоогдсон Б.Өлзийсайханд 10.000.000 төгрөгийн, Н.Бүрэндүүрэн 10.000.000 төгрөгийн, Г.Оюунчимэгт 10.000.000 төгрөгийн, Л.Цэрэнчимэдэд 4.500.000 төгрөгийн, Г.Гэгээнцэцэгт 6.000.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Р.О нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бүрэндүүрэнд 1.000.000 төгрөг, Г.Оюунчимэгт 7.000.000 төгрөг, Б.Өлзийсайханд 500.000 төгрөг, Г.Гэгээнцэцэгт 350.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул хохирлоос хасаж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Р.О-гээс нийт 31.650.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бүрэндүүрэнд 9.000.000 төгрөгийг, хохирогч Г.Оюунчимэгт 3.000.000 төгрөгийг, хохирогч Б.Өлзийсайханд 9.500.000 төгрөгийг, хохирогч Л.Цэрэнчимэдэд 4.500.000 төгрөгийг, хохирогч Г.Гэгээнцэцэгт 5.650.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.О-г албан тушаалын байдлаа ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Р.О-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 72-80 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, цагдаагийн газрын бүртгэл хяналтын нэгдсэн системийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр шүүгдэгч Р.О нь ам бүл 3, аав, ээжийн нарын хамт амьдардаг, Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн Нарангийн 5 дугаар гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор ....................... тоотод оршин сууж, .................... ажилладаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнцэж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол  төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн ар гэр болон эрүүл мэндийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдлыг харгалзан хохирогч нарын нэхэмжилсэн хохирол, төлбөрийг нөхөн төлөх боломжоор хангах үүднээс түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялаас торгох ялын төрлийг сонгож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-гийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 75 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг торгох ялаас хасаж, үлдэх 8.875.000 /найман сая найман зуун далан тав/ төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

Түүнчлэн торгох ялыг биелүүлэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Р.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................. овогт ..................ийн ...............-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлж оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.О-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.О-гийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 75 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг торгох ялаас хасаж, үлдэх 8.875.000 /найман сая найман зуун далан таван мянга/ төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-д оногдуулсан 8.875.000 /найман сая найман зуун далан таван мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Р.О-д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Р.О-гээс гэм хорын хохирол нийт 31.650.000 /гучин нэгэн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бүрэндүүрэнд 9.000.000 /есөн сая/ төгрөгийг, хохирогч Г.Оюунчимэгт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, хохирогч Б.Өлзийсайханд 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Л.Цэрэнчимэдэд 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Г.Гэгээнцэцэгт 5.650.000 /таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Шүүгдэгч Р.О-гээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР