Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч Д.Даваахүү нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Даваахүүд холбогдох эрүүгийн 2115001940006 дугаартай, 163/2022/0040/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Оймууд овогт Дамдиндоржийн Даваахүү, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотын 10 дугаар хороолол Тэмүүлэл хотхоны 101-87 тоотод түр оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 36 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД: .../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Даваахүү нь 2021 оны 4 дүгээр сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж П.Дорждэрэмийн 174 кг ноолуурыг зарж мөнгийг нь өгнө гэж хэлээд ноолуур зарсан мөнгөний үлдэгдэл 16.500.000 төгрөгийг залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Даваахүү, хохирогч П.Дорждэрэм нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115001940006 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багт оршин суух иргэн П.Дорждэрэм нь 2021 оны 4 дүгээр сард 174 кг ноолуурыг тухайн орон нутагт ирж ноолуур авдаг байсан урьдын харилцаатай байсан Д.Даваахүүд худалдсан, Д.Даваахүү нь ноолуурын үнэ 21.996.000 төгрөгийг 3 хоногийн дотор шилжүүлэхээр тохиролцож  худалдсан авсан боловч П.Дорждэрэмийн шахаж шаардсанаар  5.496.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 16.500.000 төгрөгийг шилжүүлэхгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Даваахүүгийн өгсөн: Гэм буруу дээр маргахгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

  2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Дорждэрэмийн өгсөн: 2021 оны 4 дүгээр сард ноолуураа өгснөөсөө хойш үлдэгдэл 16.500.000 төгрөгөө аваагүй байж байгаад шүүх дээр ирлээ. Энэ хүнийг шоронд хийчих юм бол мөнгөө авч чадахгүй гээд эвлэрлийн гэрээ хийсэн. Боломжтой бол 3 дугаар сарын 15, амжихгүй бол 5 сард өгнө гэсэн. 3 дугаар сарын 15-ны дотор махаа зараад мөнгөө өгнө гэж тохиролцсон. Өмнө нь манай суманд ноолуур авдаг байсан ба хөл хорио тогтоогоод үнэ ханш уначих байх гээд ноолуураа өгсөн. Өмнө нь бас ингэж зээлээр өгдөг байсан. Нийт 5.400.000 төгрөг авсан гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Дорждэрэмийн өгсөн: Би 2021 оны 4 дүгээр сард өөрийн ямааныхаа ноолуурыг Хөвсгөл аймгийн иргэн Даваахүү гэх залууд зарсан. Нийт 174 килограмм ноолуурыг 1 килограммыг нь 127.000 төгрөгөөр тооцон бодож нийт 22.980.000 төгрөг болсон ба миний ноолуурыг ачиж авч яваад 3 хоногийн дотор мөнгийг нь өгнө гэсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа надад дансаар 5.400.000 төгрөг өгсөн. Тэгээд дахин мөнгө өгөөгүй. Одоо Даваахүүгээс 16.500.000 төгрөг авах ёстой. Өмнөх жилүүдэд Даваахүү нь ноолуур авдаг байхдаа манайд ирж надаас ноолуур авч байсан. Түүнийг сайн танихгүй, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баян-Агт сумын цагдаагийн хэсэг дээр Даваахүүтэй уулзсан. Миний мөнгийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

4. Гэрч Б.Ууганжаргалын өгсөн: 2021 оны 4 дүгээр сарын эхээр гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байхад манай дүү Отгонпүрэв залгаад “корона өвчний улмаас зам хаах сурагтай байна. Та хоёр эртхэн ноолуураа зарахгүй бол болохгүй байх, манай нэгдүгээр багийн Ихэр гэх газарт Хөвсгөлийн хүн ноолуур авч байна гэнэ гэхээр нь бид хоёр явж очиход Д.Даваахүү гэж хүн байсан бөгөөд манай тэр хавиар олон жил ноолуур авдаг байсан Чулуун гэх хүн бас байж байсан. Тэгээд бид хоёр Даваахүү гэх хүнтэй уулзахад ноолуурыг чинь авч болно гэхдээ надад одоо мөнгө байхгүй, 2-3 хоногоос өгөх боломжтой гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр итгээд 173.6 кг ноолуур жинлүүлж өгөөд 21.996.000 төгрөг гэж бодуулсан. Тэгээд бид хоёр гэртээ хариад дөрөв хоногийн дараа Даваахүү гэх хүнтэй утсаар ярьж ноолуурын мөнгөө авъя гэж хэлтэл би ноолуурыг чинь зарчихсан байгаа, одоо Баян-Агт суманд ноолуур аваад явж байна. Би одоохон, ер нь мөнгөн дүнгээ тэгшилчихье гэж хэлээд манай 5271065542 дугаарын тоот данс руу 1.996.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр дахиад хэд хоногийн дараа залгаад үлдсэн мөнгөө авъя, бид нарт мөнгөний хэрэг гараад байна гэж хэлтэл би бас ноолуур аваад явж байна, таньд яг хэд хэрэгтэй байгаа юм, надад одоо бэлэн 3.500.000 төгрөг байна гэж хэлэхээр нь тэрийг нь авсан юм. Ингээд нийт тэр хүнээс 5.496.000 төгрөг л авсан. Үүнээс хойш утсаар холбогдоход удахгүй өгнө, одоо удахгүй шилжүүлчихье, дансаа өгчих гэх мэтээр утсаар ярьсаар байгаад өдийг хүрсэн. Заримдаа утас нь холбогдохгүй, нэг бол утсаа авдаггүй байсан. Тэгээд нөхөр бид хоёр аргаа бараад 2021 оны 9 дүгээр сард цагдаад хандсан. Одоо Даваахүү  бид хоёрт нийт 16.500.000 төгрөг өгөх дутуу байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

5. Шүүгдэгч Д.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2021 оны 4 дүгээр сарын дундуур байх би яг өдрийг нь сайн санахгүй байна. Тэр үед би Булган аймгийн Баян-Агт суманд хөдөө машиндаа хоноод айлуудаар явж ноолуур авч байсан. Тэгсэн өмнө нь таньдаг ноолуураа надад өгч байсан Дорждэрэм гэх Булган аймгийн Баян-Агт суманд оршин суудаг ах над дээр ирээд ноолуур өгөх гэсэн юм, хэдээр авч байгаа талаар надаас асуухаар нь ноолуурынхаа авч байгаа үнийг хэлэхэд надад ноолуураа өгнө гэхээр нь одоохондоо надад мөнгө байхгүй байна, ноолуурыг чинь зараад мөнгийг чинь өгье.  Тэгэхдээ би ноолуурыг чинь 127.000 мянган төгрөгөөр авна гэж хэлсэн чинь Дорждэрэм ах хүлээн зөвшөөрөөд ноолуураа миний байгаа газарт эхнэрийнхээ хамтаар авчирч жинлэхэд тухайн үед хэдэн шуудай ноолуур авчирсаныг мэдэхгүй байна ямар ч байсан 174 кг болсон. Ноолуурыг жинлэж байхад эхнэр нь цуг хараад байж байсан. Тэгээд би ноолуурыг нь хүлээж аваад тэр шөндөө худалдаж авсан ноолуураа машинд ачаад Улаанбаатар хотруу авч яваад маргааш нь Эмээлтийн зах дээр авсан бүх ноолуураа нэг килограммыг нь 127.000 төгрөгөөр авсан ноолуураа 122.500 төгрөгөөр өгсөн. Улаанбаатар хотод ноолуураа өгөх гээд  намайг ирэхэд ноолуурын үнэ уначихсан байсан. Тухайн үед би 5 тонн ноолуур авч яваад алдагдалд ороод 7 хоногийн дараа тушаасан ноолуурынхаа мөнгийг аваад Дорждэрэм ахад 5.400.000 мянган төгрөгийг нь өгөөд алдсан мөнгөө олох гээд Завхан аймгийн Сант сум руу дахин ноолуур авах гэж яваад тэндээс 7 тонн ноолуур аваад дахин Улаанбаатар хотын Эмээлт захад өгсөн чинь ноолуурын үнэ дахин унасан. Тэгээд би Дорждэрэм ахын үлдэгдэл мөнгийг нь өгч чадаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч П.Дорждэрэм, гэрч Б.Ууганжаргал нарын өгсөн Хөвсгөлийн хүн ноолуур авч байна гэнэ гэхээр нь бид хоёр явж очиход Д.Даваахүү гэж хүн байсан бөгөөд манай тэр хавиар олон жил ноолуур авдаг байсан Чулуун гэх хүн бас байж байсан. Тэгээд бид хоёр Даваахүү гэх хүнтэй уулзахад ноолуурыг чинь авж болно гэхдээ надад одоо мөнгө байхгүй, 2-3 хоногоос өгөх боломжтой гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр итгээд 173.6 кг ноолуур жинлүүлж өгөөд 21.996.000 төгрөг гэж бодуулсан. Тэгээд бид хоёр гэртээ хариад дөрөв хоногийн дараа Даваахүү гэх хүнтэй утсаар ярьж ноолуурын мөнгөө авъя гэж хэлтэл би ноолуурыг чинь зарчихсан байгаа, одоо Баян-Агт суманд ноолуур аваад явж байна. Би одоохон, ер нь мөнгөн дүнгээ тэгшилчихье гэж хэлээд манай 5271065542 дугаарын тоот данс руу 1.996.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр дахиад хэд хоногийн дараа залгаад үлдсэн мөнгөө авъя, бид нарт мөнгөний хэрэг гараад байна гэж хэлтэл би бас ноолуур аваад явж байна, таньд яг хэд хэрэгтэй байгаа юм, надад одоо бэлэн 3.500.000 төгрөг байна гэж хэлэхээр нь тэрийг нь авсан юм. Ингээд нийт тэр хүнээс 5.496.000 төгрөг л авсан. Үүнээс хойш утсаар холбогдоход удахгүй өгнө, одоо удахгүй шилжүүлчихье, дансаа өгчих гэх мэтээр утсаар ярьсаар байгаад өдийг хүрсэн. Заримдаа утас нь холбогдохгүй, нэг бол утсаа авдаггүй байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “Булган аймгийн Баян-Агт суманд хөдөө машиндаа хоноод айлуудаар явж ноолуур авч байсан. Тэгсэн өмнө нь таньдаг ноолуураа надад өгч байсан Дорждэрэм гэх Булган аймгийн Баян-Агт суманд оршин суудаг ах над дээр ирээд ноолуур өгөх гэсэн юм, хэдээр авч байгаа талаар надаас асуухаар нь ноолуурынхаа авч байгаа үнийг хэлэхэд надад ноолуураа өгнө гэхээр нь одоохондоо надад мөнгө байхгүй байна, ноолуурыг чинь зараад мөнгийг чинь өгье.  Тэгэхдээ би ноолуурыг чинь 127.000 мянган төгрөгөөр авна гэж хэлсэн чинь Дорждэрэм ах хүлээн зөвшөөрөөд ноолуураа миний байгаа газарт эхнэрийнхээ хамтаар авчирч жинлэхэд ...174 кг болсон. ...Улаанбаатар хотод ноолуураа өгөх гээд ирэхэд ноолуурын үнэ уначихсан байсан. Тухайн үед би 5 тонн ноолуур авч яваад алдагдалд ороод 7 хоногийн дараа тушаасан ноолуурынхаа мөнгийг аваад Дорждэрэм ахад 5.400.000 төгрөгийг нь өгөөд алдсан мөнгөө олох гээд Завхан аймгийн Сант сум руу дахин ноолуур авах гэж яваад тэндээс 7 тонн ноолуур авч дахин Улаанбаатар хотын Эмээлт захад өгсөн чинь ноолуурын үнэ дахин унасан. Тэгээд би Дорждэрэм ахын үлдэгдэл мөнгийг нь өгч чадаагүй” гэх мэдүүлэг зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Д.Даваахүү нь Булган аймгийн Баян-Агт сумын нутагт 2021 оны 4 дүгээр сард бусдаас ноолуур худалдан авах явцдаа  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж П.Дорждэрэмээс ноолуур худалдан авах хэлбэрээр эд хөрөнгийг шилжүүлэн авч  хариу төлбөрийн  заримыг хийхгүй байх гэмт санаагаар залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Даваахүүгийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж П.Дорждэрэмийн ноолуурыг авсан үйлдэл нь шунахайн сэдэлтэй, гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Даваахүүгийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Даваахүүг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Даваахүүгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Дорждэрэмд ноолуурын үнэ 16.500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь энэхүү хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Даваахүү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол 16.500.000 төгрөгийг хэсэгчлэн буюу 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийг, үлдэгдэл 6.500.000 төгрөгийг  2022 оны 5 дугаар сард багтаан төлөхөө илэрхийлж хохирогч П.Дорждэрэмтэй эвлэрлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж шүүхэд ирүүлсэн  байх тул түүнээс 16.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Дорждэрэмд олгож, хохирогч гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Даваахүүг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Даваахүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Даваахүүгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 47-53 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн талаарх лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Даваахүү нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, 25 дугаар гудамжны 16б тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотын 10 дугаар хорооллын Тэмүүлэл хотхоны 101-84 тоотод түр оршин сууж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Даваахүүгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Даваахүүгийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байна. 

Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваахүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу хоёр жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Даваахүү нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Д.Даваахүүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оймууд овогт Дамдиндоржийн Даваахүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Д.Даваахүүг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Даваахүүд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч гэрээнд заасан хугацаанд хохирлыг төлөх, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Даваахүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу хоёр жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Даваахүү нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Даваахүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Даваахүүгээс 16.500.000 /арван зургаан сая таван зуу мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багт оршин суух бүртгэлтэй Пүрэвсүрэнгийн Дорждэрэм /РД:ГН77122914/-д олгож, шүүгдэгч Д.Даваахүү нь 10.000.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 6.500.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сард багтаан хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн болохыг, хохирогч гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Д.Даваахүүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД