| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00328/И |
| Дугаар | 130/ШШ2017/00426 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2017/00426
| 2017 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 130/ШШ2017/00426 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.М нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын *** дүгээр багт оршин суух, С овогт Б.Еын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын *** дүгээр багт оршин суух, Ж****** овогт М.Тд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б.Е, хариуцагч М.Т, иргэдийн төлөөлөгч Х.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, аймгийн радио болон хэвлэлээр няцаалт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг шаарджээ.
Нэхэмжлэгч Б.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1989 оноос Монгол Улсын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг зоотехникч мэргэжлээр төгсөж ирснээс хойш тус сумд Аптай оргил нэгдлийн ерөнхий зоотехникчээр 3 жил, Еликти хоршооны даргаар 5 жил, сумын Засаг даргаар 4 жил, Засаг даргын тамгын газрын даргаар 10 жил тус тус ажиллаж хариуцсан ажил, үүргээ хуулийн хүрээнд, хариуцлагатай, зохих ёсоор гүйцэтгэж, төрийн жинхэнэ удирдах албыг нэр төртэй хашиж байна.
Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 3 удаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 1 удаа сонгогдож иргэд, олон нийтийн итгэлийг хүлээж ирсэн.
Гэтэл иргэн М.Т нь сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е надыг: - Төсвийн хөрөнгө зөвхөн Б.Еын эрх ашигт үйлчилдэг,
-Төрийн хуулийг уландаа гишгэж дураараа авирласан,
-Төрийн хөрөнгө мөнгийг хувьдаа олон жил завшсан,
-Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг завшдаг
-Аливаа ажилд өөрийн үр хүүхэд, эхнэр, төрөл, хамаатан саднаа хууль зөрчиж томилдог
-Хүмүүсийг үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт үзүүлэн ажлаас халдаг зэргээр миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан гэж гомдолтой байна. Энэхүү гүтгэлгийн мэдээг сумын төвийн 3200 гаран иргэдийн хүрээнд бичгээр болон аман хэлбэрээр тараасан гэж үзэхээр байна.
Иймд миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан М.Т түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотлох үүрэгтэй бөгөөд нотолж чадахгүй бол тараасан уг хэлбэр болон аймгийн Үндэсний радио болон хэвлэлээр сэргээхэд тодорхой хугацаа тогтоож няцаалт хийхийг М.Тд үүрэг болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: М.Т гэдэг хүн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр сумын Засаг даргад хандаж мэдэгдэл өгсөн байна. Тэр мэдэгдэл дотор миний нэрийг оруулж, энэ хүн төрийн хуулийг уландаа гишгэж, төрийн мөнгийг хувьдаа олон жил завшсан завхай этгээд учраас ажлаас халахыг шаардаж байна. Мөн орон нутгийн болон сум хөгжүүлэх сангийн мөнгийг иддэг гэх мэтээр нэр төрд маань халдсанд гомдолтой байна. Энэ хүн мэдэгдэл гаргаж болно. Гэхдээ мэдэгдэлд хүний нэрийг оруулж, төрд халдаж болохгүй. Би бол төрийн албан хаагч хүн. Ажил хийснийхээ төлөө өргөдөл болгонд миний нэрийг оруулж заавал гүтгүүлж, доромжлох ямар шаардлага байгаа юм бэ. Би төрийн мөнгийг идэж байсан бол тэрнийг энэ хүн нотлох хэрэгтэй. Энэ хүн миний мөнгө идсэнийг цагдаа, шүүхэд өгөөд шалгуулсан байх ёстой.
Ер нь хавтаст хэрэгт хийсэн ажил, тайлан, акт зэргийг зохих хэмжээгээр оруулсан байгаа. Ингэж хүний нэрийг оруулж мэдэгдэл гаргаж байгаад нь гомдолтой байгаа. Тэрнээс биш М.Ттай ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Ингээд явуулаад байвал цаашид бусад хүмүүс бас ингэж болдог юм байна гэсэн замыг нээж өгөх гээд байна. Энэ хүний хэлж байгаа зүйлүүд нь бүгд худлаа зүйл байна. Иймээс өөрийгөө хамгаалахын тулд нэхэмжлэл гаргасан. Аливаа хүн өргөдөл, нэхэмжлэл гаргахдаа хэлсэн зүйлдээ эзэн болох хэрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар зохигчид өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, үгүйсгэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ хүн ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Зүгээр л хийсвэр тайлбар хэлээд байгаа. Засаг дарга гэдэг бол энгийн хүн биш. Засаг дарга нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг ганцаараа шийддэггүй. Тэрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийддэг. Уг зөвлөлд 7-10 хүн оролцдог. Энэ хүний хэлж байгаа асуудлыг Засаг дарга болон би шийддэггүй. Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэгдээд тэндээс захирамж нь гараад Төрийн сан нь мөнгөө шилжүүлдэг гэх мэт олон хүнийг хамаарч байж шийддэг асуудал байдаг. Тийм учраас М.Т нь мэдэгдэл гаргаснаар М.Ерболат нь ийм зүйл хийдэг, бүх зүйлийг өөрөө шийддэг юм байна гэсэн цуурхал мэдээж таарсан байгаа. Манай сумын төвд 3200 хүн оршин суудаг. 3200 хүнд биш ч гэсэн зохих хэмжээгээр таарсан байгаа. Ийм байж болохгүй. Энэ хүн өөр нэг хүний хэлснээр нэхэмжлэл гаргасан болов уу гэж ойлгуулсан чинь сая зөвшөөрөхгүй байлаа. Тэгэхээр энэ бол үнэн бодитой зүйл биш учраас Иргэний хуулийн 497, 228 дугаар зүйлийн зааснаар гэм хорыг арилгах ёстой. Би төрийн албан хаагч хүний хувьд доромжлуулж, бичиг цаасан дээр миний нэр яваад байх шаардлага байхгүй.
Хавтаст хэрэгт Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын аудитын тайлан нь байж байгаа. 2015 онд Улсын ерөнхий аудитороос итгэл хүлээсэн байгууллага гэж гэрчилгээ өгсөн. 2014, 2016 онуудад хангалттай үнэлгээ өгсөн. Би төрийн одон медаль хүртээгүй ч гэсэн хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, аймгийн Засаг даргын жуух бичиг, мөн ойн медалиудаар шагнагдаж байсан. Цэнгэл сумын Засаг даргыг 4 жил хийсэн. 10-аад жил Тамгын газрын даргын ажлыг хийж байна. Одоо энэ хүн радио болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйж, хэлсэн болгон нь худлаа гэдгийг хүлээх ёстой гэв.
Хариуцагч М.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай Б.Еын нэхэмжлэлтэй холбоотой асуудалд дараах тайлбарыг хийж байна.
Миний бие Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр бид хоёр төрд ямар ч ажил хийж, цалин авч байгаагүй. Өөрийн хүч хөдөлмөрөөр гэр бүлээ тэжээж, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжилж зохих шатны сургуульд сургаж боловсрол эзэмшүүлсэн. Миний 2 хүүхэд их, дээд сургуулийг дүүргэсэн, нэг нь дээд сургуульд, хоёр нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Хүүхдүүдээ өөрийн хөдөлмөрөөр олсон орлогоор өдий зэрэгт хүргэсэн. 1991 оноос МАН-д гишүүнээр элсэж, энэ нам шударга ёсыг тогтоон Монгол орныг миний болон бидний үр хүүхдийн ирээдүйг зөв авч явна гэж итгэж дэмжиж ирсэн. 2012 оноос хойш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхи болж сумыг удирдаж байгаа миний дэмжсэн, сонгож дарга болгосон нөхдүүд туйлын хариуцлагагүй ажиллаж олон түмний хүсэл итгэлийг үл тоож, хууль зөрчин дураараа авирлах болсныг би болон сумын олон иргэн маш их шүүмжилж, дургүйцэх болсон.
Иймээс миний бие сумын Засаг дарга Х.Мт жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхээр мэдэгдэл өгсөн юм. Уг мэдэгдлийг ганц хувь үйлдэж өөрийн биеэр Засаг дарга Х.Мт өгсөн бөгөөд өөр нэг ч хүнд өгөөгүй ба үзүүлээгүй. Уг мэдэгдлийг Засаг дарга Х.М олшруулж хүмүүст тараасан байна. Тухайлбал Б.Еад өгчээ. Засаг даргад мэдэгдлийг өгөхдөө шаардлага тавьсан бөгөөд энэ мэдэгдэлд бичсэн иргэдийн хэлж ярьж байгаа асуудлыг нягтлан шалгаж хариу өгөхийг шаардсан. Мөн орон нутгийн сонгуулийн үед амлаж байсан шударга ёсыг тогтооно, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцно, төрийн албыг төрлийн алба болгосныг таслан зогсооно гэсэн МАН-ын амлалтыг хэрэгжүүлэхийг шаардаж хэлсэн.
Гэтэл Х.М миний тавьсан асуудлыг шалгаж хариу өгөхийн оронд Б.Етай үгсэн тохиролцож, намайг Б.Еыг гүтгэсэн гэж шүүхэд өгч байгаад их гайхаж, харамсаж байна.
Иргэд сонгогч бид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон томилогдсон албан тушаалтнууд хэрхэн ажиллаж, ард түмний татварын мөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих, мэдэх эрхтэй бас хардах эрхтэй.
Нэг. Төсвийн хөрөнгө зөвхөн Б.Еын үйлчилдэг гэх талаар:
1. Тамгын газрын дарга Б.Е 2012 оноос хойш төсвийн мөнгийг маш буруу зарцуулдаг гэж иргэн би үздэг юм. Тухайлбал орон нутгийн хөгжлийн санд 2013 оноос хойш бидний таамаглаж байгаагаар нэг тэрбум гаруй төгрөг ирсэн. Гэтэл энэ мөнгөнөөс нүдэнд харагдах зүйл 150 сая төгрөгөөр баригдсан халуун ус, машин багтахгүй шахам 2 гүүрнээс өөр бүтээн байгуулалт байхгүй. Зам зассан гэдэг. Би жолооч хүн. Миний явсан замд тийм их мөнгөөр зассан зам байхгүй. 150 саяын халуун ус одоо хүртэл нэг ч хүнд үйлчлээгүй, одооноос эхлэн цонх нь хагарч тоногдоод эхэлсэн. Энэ барилга 150 сая болох ямар ч үндэслэлгүй.
2. 2013 онд өөрийн хувийн Еликт хоршоонд хадлангийн талбай бий болгоно гэж 40 сая төгрөг авсан. Иргэн бид энэ газраас ширхэг өвс авч үзээгүй.
3. Сумд 60 сая төгрөгөөр универсал трактор, 40 сая төгрөгөөр 9 тонны машин авахаар тендер зарлан мөнгөө авчхаад 3 тонны даацтай машин авсан. Ирээд эвдэрсэн. Үүнийг тус машин тракторыг ажиллуулж байгаа хүмүүс ч хэлдэг, иргэд ч мэдэж байгаа.
4. Сумын Засаг даргын тамгын газрын бензин, томилолтын зардлыг зөвхөн энэ хүн үзэмжээрээ зарцуулдаг. Үүнийг шүүх баримтаараа гаргуулж авахыг хүсэж байна. Учир нь Засаг даргын тамгын газрын санхүүгийн талаар энэ хүн ард түмэнд хэзээ ч тайлагнаж байгаагүй.
5. 2015 онд Цэнгэл сумын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Иргэд маш их хэмжээний хандив өгсөн. Сумд ойг угтсан ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Ганцхан СС Монголия компани өөрийн хөрөнгөөр спортын талбай байгуулсан. Энэ их хандивын хөрөнгийг юунд яаж зарцуулсныг одоо хүртэл тайлагнаагүй. Миний мэдэхээр хандивт цуглуулсан малыг 2015 оны 11 дүгээр сард нядалж, сумын Ахлах сургуульд Б.Е тушааж мөнгө болгосон ба тэр мөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй.
6. Орон нутгийн хөгжлийн сангаас арав гаруй сая төгрөгийг ямар ч баримтгүйгээр Ой хоршоонд шилжүүлсэн ба үүнийг төрийн сангийн нөхдүүдийн шахалтаар буцааж авсан нь санхүүгийн тайланд тодорхой байна. Энийг би мөнгө угаах зорилгоор хийсэн ажил гэж хардаж байна.
Б Ерболат нь төсвийн мөнгийг хууль зөрчин маш муу зарцуулсныг аймгийн Мэргэжлийн байгууллага шалгаж хариуцлага тооцохыг шаардаж байсан боловч хэнд ч хариуцлага тооцохгүй өнгөрсөн. /Аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1-01/2581 тоот албан бичигт тусгагдсан\
Хоёр:Төрийн хуулийг уландаа гишгэж дураар авирласан талаар:
Энэ хүн 2016 онд сумын сонгуулийн хорооны дарга байхдаа орон нутгийн сонгуулиар өөрийн төрсөн дүү Б.Байболатын нэр дэвшсэн 8 дугаар багт Ардчилсан намаас нэр дэвшсэн 2 хүнийг сонгуульд оруулалгүй хассан нь хууль зөрчсөн болохыг 3 шатны шүүхээс тогтоосон. Би үүнийг Үндсэн хууль болон бусад хуулийг уландаа гишгэн зөрчсөнийг шүүх тогтоосон баримт гэж үзэж байна.
Аливаа ажилд өөрийн төрөл төрөгсдийг томилдог талаар:
Мөн өөрийн төрсөн дүү Б.Н хүү Н.А ыг 2-р цэцэрлэгт сахиул-галчаар, түүний эхнэрийг ахлах сургуульд олон жил ажилласан Ж.Гэрэл багшийг ажлаас нь халуулж түүний оронд томилуулсан. Мөн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ө.Аг хууль бусаар ажлаас халуулж, оронд нь өөрийн ойрын хамаатны охин болох Т.Күлшатыг томилуулсан ба энэ нь дөнгөж хоёр дахь жилдээ багшилж байгаа төрийн байгууллагыг удирдах чадваргүй хүн юм.
Өөрийн эхнэр Р.Г ын нагац дүү болох Засаг дарга Х.М ийн охиныг ахлах сургуульд бичээчээр ажиллаж байсан Б.С ийг ажлаас халуулж түүний оронд томилуулсан. Эдгээрийн бүгд хууль зөрчсөнийг шүүх тогтоосон байгаа. Эдгээрийг сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е зохион байгуулж хийлгэсэн. Эдгээр ажилд амьдрал ядуу олон хүүхэдтэй хүний гэр бүлээс хүн ажиллуулж болохгүй ямар шалтгаан байгаа талаар Б.Е болон Засаг дарга Х.М нар сумын иргэдтэй тайлбарлах хэрэгтэй.
Хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт үзүүлж ажлаас халдаг талаар:
Энэ хүн ажил авснаас хойш Засаг даргын тамгын газрын ажилтан Х.С, Ш.Н нарыг ажлаас халсан нь Төрийн албаны зөвлөл, аймгийн Захиргааны хэргийн шүүхээр шийдэгдэж, хууль зөрчсөн нь тогтоогдсон баримттай зүйл.
Энэ хүн өндөр үнэтэй Ланд-80 машин, СС Монголия компаниас гадаадын өндөр үнэтэй КАТ /ковш/ тракторыг авсан зэрэг нь худалдаа бизнес хийж орлого олдоггүй, цалингаар амьдарч буй төрийн албан хаагчийн хувьд ямар эх үүсвэрээр авсныг иргэд хардах үндэслэлтэй гэж үзэж байна.
Энэ хүн гүтгэлгийн мэдээг сумын төвийн 3200 гаруй иргэдийн хүрээнд амаар болон бичгээр тараасан гэж маш ихээр сандарч бичжээ. Сумын төвд албан ёсны тооллогоор 2016 оны эцэст 0-оос дээш насны нийт 2356 хүн байдаг юм байна. Миний бие Засаг дарга Х.Мт жагсаал цуглаан хийх мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ганц хувь үйлдэж өгсөн. Энэ бичгийн агуулгын талаар сумын хэмжээнд бичсэн миний бие болон хүлээн авсан Засаг дарга Х.М гэсэн хоёрхон хүн мэдэж байгаа. Би хардах эрхийнхээ дагуу сумын Засаг даргад асуудал тавьсан. Түүнээс биш олон хувь бичиж хүмүүст тараасан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан явдал байхгүй. Бичгийг Б.Е өөрөө Засаг даргаас авч хуулбарлан өөрөө нотариат дарж гэрчилэн шүүхэд өгч байгаа юм байна.
Би хүн гүтгээгүй сумын нийт иргэдийн нүдэн дээр болсон бодит байдлаас үзэж харсан зүйлээ шалгуулж, үнэн зөвийг мэдэхийг хүсэж шаардлага тавьсан. Засаг дарга миний шаардлагад одоо хүртэл хариу ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Еын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэдийн мэдэх эрхийг хангаж өгөхийг сум дундын шүүхээс хүсэж байна гэжээ.
Хариуцагч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр сумын Засаг даргад гэр барьж, жагсаал хийх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд дараах шаардлагыг тавьсан.
Нэгдүгээрт хууль бус үйл ажиллагааг зогсоож, хүмүүсийг хууль бусаар ажлаас халахыг боль гэж шаардлага тавьсан.
Хоёрдугаарт Цэнгэл сумын хөрөнгөөр ганц халуун ус баригдсан. Бусад мөнгө төгрөг нь яасан юм бэ. Юунд зарцуулагдсан талаар мэдэгд.
Гуравдугаарт сумын бүх хөрөнгө, мөнгө Ерболатын зөвшөөрлөөр зарцуулагдаж байна. Үүнийг зогсоох шаардлагатай. Мөн Ерболат нь 40 пресс бэлдсэн байсан. Шалгалт ирэх болоход Хулжа гэдэг хүнээс 6 машин өвс аваад үүнийг пресс болгосон. Үүнийг 2 жилийн дараа зарсан. Гэхдээ зарсан мөнгө, төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхой бус байна гэсэн шаардлага тавьсан. Сумын 90 жилийн ойд хандиваараа цугларсан мөнгийг юунд зарцуулсан нь тодорхой бус байсан. Хятад улсад очиж бараа таваар авчирсан. Тэрний мөнгийг дансанд оруулсан байсан. Тэрийгээ дахиад буцааж авсан. Энэ мөнгө дансанд орох ёсгүй мөнгө байсан. Уг мөнгийг өөрөө ашиглахын тулд дансанд оруулсан гэж бодож байна.
Мөн төсвийг зөв зохистой зарцуулаагүй учраас аймгийн Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/2581 тоот албан бичгээр Ерболатад арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Гэхдээ ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй. Мөн ажилд ах, дүү хүмүүсээ аваад бусад хүмүүсийг ажлаас халж хохироосон. Жишээлбэл, Саулеш гэдэг хүнийг ажлаас халсан. Мөн 2 дугаар цэцэрлэгээс Жанарту, 3 дугаар цэцэрлэгийн Айнажай гэдэг хүмүүсийг ажлаас халж өөрийн дүү Гулшат гэдэг хүнийг ажилд авсан. Дүү нь болох Нухын хүүхдийг 4 сар чөлөө авсан хүний оронд ажиллуулсан. Мөн Балаубай гэдэг хүний хүүхдийг ажилд авсан. Үүнээс гадна сумын Засаг дарга Мейрамбекийн хүүхдийг ажилд авсан. Эдгээр ажлаас халагдсан хүмүүс иргэд шүүхээр ажилдаа тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа 3200 гаруй хүнд бичгээр болон амаар цуурхал тараасан гэсэн байна. Сумын төвд байрладаг 2 багт 2300 гаруй хүн байдаг. Мөн энэ тайлбартаа Толтайн мэдэгдлийг сумын Засаг даргын зөвлөл шийдвэрлэдэг. Эдгээр хүмүүс мэдээд хүмүүст тараасан гэж хэлсэн. Үүнийг миний бие тараагүйг нотолж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Б.Еын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Е нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасныг сэргээж, мэдээ тараасан хэлбэр болон аймгийн Үндэсний радио болон хэвлэлээр сэргээхэд тодорхой хугацаа тогтоож няцаалт хийхийг М.Тд үүрэг болгож өгөхийг хүссэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М.Т нь Б.Е надыг төсвийн хөрөнгө зөвхөн Б.Еын эрх ашигт үйлчилдэг, төрийн хуулийг уландаа гишгэж дураараа авирласан, төрийн хөрөнгө мөнгийг хувьдаа олон жил завшсан, аливаа ажилд өөрийн үр хүүхэд, эхнэр, төрөл, хамаатан саднаа хууль зөрчиж томилдог, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг завшдаг, хүмүүсийг үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт үзүүлэн ажлаас хадаг хэмээн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бөгөөд энэхүү гүтгэлгийн мэдээг сумын төвийн 3200 гаран иргэдийн хүрээнд бичгээр болон аман хэлбэрээр тараасан гэж үзэхээр байгаа гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн нэр төр алдар хүндийг гутаасан гэх М.Тн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад хүргүүлсэн мэдэгдэлд "Сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е гэдэг төрийн хуулийг уландаа гишгэсэн дураараа авирлаж төрийн хөрөнгө мөнгийг хувьдаа олон жил завшсан зальхай этгээдийг нэн даруй төрийн албанаас хөөхийг шаардаж байна. Энэ хүн Монгол улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчиж иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн нь бүх шатны шүүхээр тогтоогдоод байхад өмөөрч суугаа Засаг дарга таны бие яагаад чимээгүй сууж байна" гэж дурджээ.
Дээрх М.Тгийн Цэнгэл сумын Засаг даргад хүргүүлсэн мэдэгдлийг үндэслэн хариуцагчаас Б.Еын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээ тараасан гэж үзэх боломжгүй байна. Учир нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ, мөн зүйлийн 2-т Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана гэж тус тус заасан байх ба хуулийн тухайн заалтыг үндэслэн М.Тгаас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад жагсаал цуглаан хийхээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэхүү мэдэгдэлд жагсаал цуглаан хийх зорилгоо тусгасан байх тул ийнхүү мэдэгдэл хүргүүлснийг Б.Еын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээ тараасан гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
Хариуцагч М.Тгийн хүргүүлсэн мэдэгдлийг Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын үед Засаг дарга Х.Мээс танилцуулсныг хариуцагч М.Тгаас Б.Еын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээ тараасан гэж үзэх боломжгүй болно.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ М.Тгийн дээрх мэдээ нь сумын төвийн 3200 гаран иргэдийн хүрээнд бичгээр болон аман хэлбэрээр тараасан гэж үзэхээр байгаа гэж тайлбарласан боловч энэхүү байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа болно.
Мөн нэхэмжлэгч Б.Еын нэхэмжлэлдээ дурдсан Төсвийн хөрөнгө зөвхөн Б.Еад үйлчилдэг, Төрийн хуулийг уландаа гишгэж дураар авирладаг, Аливаа ажилд өөрийн төрөл төрөгсдийг томилдог, Хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт үзүүлж ажлаас халдаг гэж бичигдсэн үндэслэлүүд нь М.Тгийн Цэнгэл сумын Засаг даргад гаргасан мэдэгдлийн Б.Еын нэр зааж бичигдсэн хэсэгт дурдагдаагүй бөгөөд энэхүү байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Еын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасныг сэргээж, мэдээ тараасан хэлбэр болон аймгийн Үндэсний радио болон хэвлэлээр сэргээхэд тодорхой хугацаа тогтоож няцаалт хийхийг М.Тд үүрэг болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус баримтлан С овогт Б.Еын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасныг сэргээж, мэдээ тараасан хэлбэр болон аймгийн Үндэсний радио болон хэвлэлээр сэргээхэд тодорхой хугацаа тогтоож няцаалт хийхийг М.Тд үүрэг болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М